Дээдийн дээд Хаан Бурханыг магтъя
2016 оны 12-р сарын 13-нд АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Сити хотод БЯИС-ийн Менежментийн нийгэмлэгийн Солт Лэйк Сити хотын бүлэгт зориулан хэлсэн үгээс авав.
Бид Их Эзэнтэй хамт үйлдэж, Түүний хүссэнийг хийн,эргэн тойрон дахь хүмүүсээ өргөн дэмжих бүрдээ Тэрамьд мөн биднийг хайрладаг гэдгийн гэрч болдог.
Есүс Христийг Иудейн Бетлехемд төрөхөөс 700 жилийн өмнө бошиглогч Исаиа “Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ Иммануел гэж нэрлэнэ” (Исаиа 7:14) хэмээн тунхаглажээ.
Аврагчийг төрөхөөс 125 жилийн өмнө Хаан Бенжамин “тэрээр Есүс Христ, Бурханы Хүү, тэнгэр ба газрын Эцэг, эхлэлээс бүх зүйлийг Бүтээгч хэмээн нэрлэгдэх болно; мөн түүний эх Мариа гэгдэх болно” (Мозая 3:8) хэмээн бошигложээ.
Бяцхан Есүсийг төрөхөөс нэг өдрийн өмнө Нифайн хүү Нифай “маргааш бибээр дэлхийд ирэх болно” хэмээх дуу хоолойг сонсов (3 Нифай 1:13).
Дараагийн өдөр нь алс хол газар Христ хүү мэндэлсэн юм. Түүний эх Мариа дөнгөж төрсөн хүү рүүгээ, Эцэгийн маханбод дахь Төрсөн Ганц руу гайхан ширтэж байсан нь лавтай.
Бетлехемийг тойрон хүрээлсэн Иудейн толгодоор хоньчид хоноглож байлаа гэж Лук хэлсэн байдаг (Лук 2:8-ыг үзнэ үү). Эдгээр хоньчин Христийн төрөлтийн гэрч болох “шударга бөгөөд ариун хүмүүс” (Алма 13:26-г үзнэ үү) байсан юм.
“Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.
Тэнгэр элч тэдэнд—Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.
Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. …
Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан,—
Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв” (Лук 2:9–11, 13–14).
Иудейд энэхүү онцгой үйл явдлыг тэмдэглэж буй тэнгэрийг дүүргэх нэгэн гайхамшигт одны сүр жавхлан, тэнгэрээс найрал дуу эгшиглэж буй тэр мөчийг төсөөлөн бодоорой. Хоньчид тэжээлийн тэвшин дотор хэвтэж буй бяцхан хүүг харахаар “яаран” (Лук 2:16) явсан юм. Дараа нь тэд сонссон, үзсэн зүйлээ “мэдүүлсэн” (Лук 2:17) билээ.
Жил бүрийн Христийн мэндэлсний баяраар бид амьд Бурханы төрсөн Хүү Есүс Христ дэлхийн нэгэн өнцөгт буюу бидний нэрлэдгээр Ариун Газарт ирсэн гэдэг хоньчдын гэрчлэл дээр гэрчлэлээ нэмдэг.
Хоньчид хаадын Хааныг шүтэн бишрэхээр малын хашаа руу хүндэтгэлтэйгээр явсан билээ. Бид Түүнийг энэ цаг үед хэрхэн шүтэн бишрэх вэ? Зогсолтгүй дэлгүүр хэсэж үү? Гэр орноо чимэглэн, бэлэг боох гэж сандран тэвдэж үү? Ийм маягаар бид Аврагчийг магтан дуулах уу? Эсвэл зовсон зүрх сэтгэлийг тайтгаруулан, тусламж илүү их хэрэгтэй байгаа хүмүүст сайныг үйлдэж, Бурханы тааллыг биелүүлэх хүслээрээ Түүнийг алдаршуулах уу?
Есүс үүнийг “Ирж, Намайг дага” (Лук 18:22) хэмээн энгийнээр хэлсэн байдаг.
Бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн Есүс Христийн сайн мэдээ дэлхий даяарх итгэгчдийн сэтгэлийг татсаар ирсэн юм. Би Аврагчийн ариун нандин үгийг хүлээн авсан далайн арлуудаас Оросын өргөн уудам газар нутаг хүртэлх хүмүүсийн урам зоригийг нүдээрээ харсан.
Христийн мэндэлсний баярын захиас
Сионд цугларсан эртний гэгээнтнүүдийн дунд АНУ-ын Юта мужийн Спаниш Форкт суурьшсан Ханна Ласт Корнаби байлаа. Сэргээгдсэн Сүмийн эхэн үеийн хүнд хэцүү цагт Христийн мэндэлсний баярыг заримдаа амтат жүрж, сийлбэрлэсэн тоглоом эсвэл зөвхөн даавуун хүүхэлдэйгээр тэмдэглэдэг байлаа. Гэхдээ үргэлж тийм байгаагүй. Ханна 1856 оны 12-р сарын 25-ны талаар ингэж бичжээ.
“Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр болоход хонгорхон хүүхдүүд минь хүүхдийн гэнэн цайлган зангаараа оймсоо бэлгээр дүүрнэ гэж итгэн, хананд өлгөсөн юм. Сэтгэлийн гунигаа тэднээс нуун, тэд гар хоосон үлдэхгүй гэдгийг би тэдэнд баталж хэлсэн. Тэд маргаашийг тэсэн ядан хүлээн, баяр хөөртэйгөөр унтацгаав.
Өчүүхэн төдий ч амттан байгаагүй болохоор би юу хийхээ мэдэхгүй байлаа. Тэдний урмыг хугалж болохгүй байв. Би гэрт хулуу байгааг санаад буцалгаж, шүүсийг нь шахан, дахин хэдэн цаг буцалгасны дараа амттай шүүс бэлэн боллоо. Үүнийгээ бага зэрэг амтлагчтай холиод, цагаан гаатай жигнэмгийн зуурмаг бэлтгэн, байж болох бүх л хэвэнд оруулан, хайруулын тавганд жигнээд (надад зуух байгаагүй), тэдний оймсыг дүүргэсэн бөгөөд энэ тэдэнд хамгийн тансаг амттан шиг л таалагдаж билээ.” 1
Энэ түүхэнд ажил хөнгөвчлөх шарах зуух ч байхгүй байхад шөнөжин хөдөлмөрлөсөн ээжийн тухай гарч байна. Тэр хүүхдүүддээ баяр баясгаланг авчирч, тэдний итгэлийг хүчирхэгжүүлэн, “Жаргалтай өдөр! Бүх зүйл сайхан байна!”2 гэдгийг гэр орондоо батлан харуулсан юм. Энэ л Христийн мэндэлсний баярын захиас биш гэж үү?
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бидний өөрсдийгөө бусдад зориулах боломжууд хязгааргүй ч түр зуурынх байдаг. Баярлуулах зүрх олон байна. Хэлэх эелдэг үгс зөндөө байна. Өгөх бэлгүүд дүүрэн байна”3 гэж заасан.
Бид мөнх бус амьдралд тохиолдох бэрхшээлээсээ үл хамааран Их Эзэнтэй хамт үйлдэж, Түүний хүссэнийг хийн, эргэн тойрон дахь хүмүүсээ өргөн дэмжих бүрдээ Тэр амьд бөгөөд биднийг хайрладаг гэдгийн гэрч болдог.
Шотланд гаралтай хөрвөгч Жон Мэнзийс Макфарлэйн бэлэвсэн ээж, дүүгийнхээ хамт Сүмд нэгдсэний дараа бүгдээрээ 1852 онд Юта мужийн Солт Лэйк Сити хот руу аялжээ. Тэр 18 настай байсан. Тэр газар хэмжигч, барилгачин, бүр дүүргийн шүүгч хүртэл хийж байсан ч зохиосон хөгжим нь түүнийг алдар нэртэй болгосон юм.
Тэр Юта мужийн Сидар Ситид анхныхаа найрал дууны чуулгыг зохион байгуулсан бөгөөд чуулгаа Ютагийн өмнөд хэсэг рүү авч явжээ. Сэнт Жорж дахь тоглолтын дараа төлөөлөгч, суурингийн удирдагч, ахлагч Ирастус Снөү (1818–1888) Жоныг Сэнт Жоржид гэр бүл болон хөгжмийнхөө хамт нүүж ирэхэд урамшуулсан байна.
1869 онд цаг үе хүнд байсан учраас ахлагч Снөү Макфарлэйн ахаас хүмүүсийн сэтгэлийг сэргээх Христийн мэндэлсний баярын хөтөлбөр гаргахыг хүсжээ. Макфарлэйн ах үйл явдалд зориулан шинэ, сонирхолтой хөгжим зохиохыг хүсэв. Гэхдээ тэр хэчнээн хичээсэн ч ямар ч санаа төрсөнгүй. Тэр удирдамж хүсэн ахин дахин залбирчээ.
Нэг орой тэр эхнэрээ сэрээгээд, “Би дууны үгийг нь олчихлоо. Бас хөгжим нь ч болчих шиг боллоо” гэж хэлсэн юм. Тэр зочны өрөөний бишгүүр хөгжмийнхөө даруул руу яаран очоод, аяа тоглож эхэлсэн бөгөөд эхнэрийгээ шар тостой цөгцөнд хөвөн шатаж буй үслэг даавуутай анивчсан гэрэл барин зогсох үед үгийг нь бичиж байв. Үг, ая урсан гарсаар байлаа.
Алс тэртээ хол Иудейн нутаг, хээр талд
Эртний хоньчид баярын дууг сонсжээ.
Бурханыг магтъя
Бурханыг магтъя
Дээдийн дээд Хаан Бурханыг магтъя;
Ертөнц, хүмүүс амар байг!
Ертөнц, хүн бүгд амар байг!4
Макфарлэйн ах уулархаг нутагтай Иудей руу хэзээ ч явж байгаагүй ч хөгжмийнх нь сүнслэг өдөөлт бүхий захиас Бетлехем дэх Аврагчийн төрөлтийг гэрчлэхээр бодгалиас нь урсан гарсан бөгөөд энэ нь дэлхийг үүрд мөнхөд өөрчлөх эхлэл байсан юм.5
Жон Мэнзийс Макфарлэйн хөгжмөөрөө дамжуулан Есүс Христийг гэрчилсэн бол Ханна Ласт Корнаби хүүхдүүддээ хийсэн үйлчлэлээрээ дамжуулан Христийг гэрчилсэн. Үүнтэй адил бид амин хувиа үл хичээсэн энгийн жижиг үйлсээр дамжуулан Их Эзэнд үйлчилж, Түүнийг гэрчилж чадна. Мөн бид гэр бүл, тойрог, ажлын газартаа болон өөр бусад үүрэг хариуцлагын хүрээн дотроо өөрчлөлт хийж чадна.
Өөрчлөлт хий
Бидний өөрчлөлт авчирч болох энгийн нэгэн арга бол Сүмийн жил тутмын Христийн мэндэлсний баярын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аянд оролцох явдал юм. Энэхүү аян нь гэгээнтнүүдэд буюу дэлхий даяарх Бурханы хүүхдүүдэд Аврагчид төвлөрөхөд нь туслах зорилготой. Энэ жил Сүм Христийн төрөлтийг тэмдэглэн, хүмүүсийг Христийн мэндэлсний баяраар бусдад үйлчилснээр Түүнийг даган дуурайхад урамшуулахын тулд өөр нэгэн дэлхий дахины аяныг танилцуулж байна.
Сүм “Дэлхийг гэрэлтүүл” хэмээх өнгөрсөн жилийн амжилттай уриагаараа дахин уриалж байна (Mormon.org-ыг үзнэ үү). Уг уриа нь “Тэгээд Есүс тэдэнд дахин—Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав” хэмээх Иохан 8:12-оос гаралтай юм.
Энэ аян нь Христийн мэндэлсний баяраар хийх зүйлсийн хуанли, Христийн гэрлийг бусдад түгээн, үйлчлэл хийх гэж байгаа хүмүүст санаа өгөх холбогдох судрын шүлгүүдийг багтаадаг.
“Бидний хүн нэг бүрийг дэлхий дээр ирэхэд Христийн гэрэл өгөгдсөн. Бид Аврагчийн үлгэр жишээг дагаж, Түүний хэрхэн амьдарч, заасанчлан амьдрах юм бол тэрхүү гэрэл бидний дотор асаж, бусдын явах ёстой замыг гэрэлтүүлэх болно.”6
Бид Аврагчийн хийснийг хийснээр Түүнийг таньж мэддэг. Бид бусдад үйлчилснээр тэднийг төдийгүй өөрийгөө Түүнд ойртуулдаг.
“Бүхнээс дээд эрхэм нэр”
Христийн мэндэлсний баярын үеэр би ач хүү Пакстоноо маш их санадаг. Пакстон ховор тохиолддог генийн өөрчлөлттэй төрсөн учраас маш их эрүүл мэндийн асуудалтай байсан. Пакстон амьдралыг маань адисалсан гуравхан жилд Тэнгэрлэг Эцэг бидний гэр бүлд олон онцгой, сайхан сургамжуудыг өгсөн.
Нэнси Шиндлэр эгч маань Пакстоны дурсгалд зориулж гоёмсог хээтэй бүтээлэг хийв. Тэр үүнийгээ “Бүхнээс дээд эрхэм нэр” гэж нэрлэсэн. Уг бүтээлэг Есүс Христийн 26 нэрийг дүрсэлсэн бөгөөд эдгээр нь А-аас Я хүртэлх бүх үсгээр эхэлсэн нэрс юм. Энэ бүтээлэг надад Аврагчийн зовлон шаналал, золиослол, Амилалтаар дамжуулан Пакстонтойгоо нэгдэх боломжтой болсон ирээдүйн нэгэн гайхамшигт гэр бүлийн цугларалтын тухай сануулдаг.
Мөн судруудад илчлэгдсэн Есүс Христийн нэрсийг судлахад надад сүнслэгээр нөлөөлсөн. Түүний нэрийг судлах нь миний хувиараа судраас судлах үйл явцын нэг хэсэг болсон билээ. Одоогоор би Аврагчийн зуу зуун нэрийг олж тогтоогоод байна.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний хувьд мөн Сургаал ба Гэрээнд дурдсаны дагуу миний нэгэн үүрэг хариуцлага бол Есүс Христийг гэрчлэх явдал юм. Сургаал ба Гэрээнд “Аялагч арванхоёр зөвлөх нь Арванхоёр Төлөөлөгч, эсвээс бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүд байхаар дуудагддаг” гэж дурдсан байдаг (С ба Г 107:23; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
Саяхан намайг Солт Лэйк Ситигийн Хүүхдийн эмнэлэгт болсон ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхийг хүссэн юм. Би Есүс Христ, Түүний итгэл найдвар төрүүлсэн нэрсийн тухай ярих сүнслэг өдөөлтийг хүлээн авсан. Би Аврагчийг “гэрэлт үүрийн цолмон” (Илчлэлт 22:16), “ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч” (Еврей 9:11), “жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн” боссон “гайхамшгуудын Бурхан” (2 Нифай 27:23; 25:13), “Энхийн Жонон” (Исаиа 9:6; 2 Нифай 19:6), “амилалт ба амь” (Иохан 11:25) мөн хэмээн гэрчилсэн юм.
Би Христийн мэндэлсний баярын үеэр Ариун сүмийн талбайн Христийн мэндэлсний баярын гэрлүүдийн хажуугаар ажлынхаа өрөө рүү алхах мөн буцаж явах бүрдээ Аврагчийн өөр өөр нэрсийг хэлэх дуртай. Би А, “Альфа ба Омега” (Илчлэлт 1:8); “амар амгаланг үндэслэгч” (Мозая 15:18); Б, Бетлехемийн “нялх хүүхэд” (Лук 2:12, 16); З, “Зөвлөгч” (Исаиа 9:6; мөн 2 Нифай 19:6-г үзнэ үү); Ө, “Өргөмжилсөн [нэгэн]” (Дуулал 89:19); Ч, “Чөлөөлөгч” (Ром 11:26) гэх мэт дарааллаар эхэлдэг.
Христийн мэндэлсний баяраар би Түүний илүү олон нэрийг чээжлэхийг мөн Түүний нэрэнд хүндэтгэл үзүүлэх боломжуудыг эрж хайхыг тэсэн ядан хүлээдэг. Та энэ Христийн мэндэлсний баярын үеэр өөрчлөлт авчрахаар хичээхдээ Аврагчийг хичээл зүтгэлийнхээ төвд байлган, Түүний нэрээр бусдад үйлчилснээр Түүнийг алдаршуулна гэдэгт найдаж байна.
Мөнхийн Эцэг маань амьд гэдгийг би гэрчилж байна. Түүний аз жаргалын төлөвлөгөө бүх үеийн хүүхдүүдийнх нь амьдралыг арвин ихээр адисалдаг. Түүний Хайрт Хүү Есүс Христ Бетлехемд төрсөн бяцхан хүүхэд, дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би мэднэ.
Магтаалын энэ үгс миний сонорт үнэнийг өгүүлдэг. “Дээдийн дээд Хаан Бурханыг магтъя, ертөнц хүмүүс амар байг, ертөнц хүн бүгд амар байг.”7