2017
Улаан тасалбар
December 2017


Улаан тасалбар

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Яана аа! Даниэл дахиад л нэг тасалбар алдчихлаа.

“Би сайн, эелдэг байх үедээ мөн тааралдсан хүндээ туслах үедээ маш их аз жаргалтай байдаг” (Children’s Songbook, 197).

The Red Ticket

Матэо самбар дээрх тооны бодлого руу хараад, дэвтэртээ хурдхан гэгч тэмдэглэн авч байв. Тооны хичээл түүний дуртай хичээл учраас тэр анхааралтай байхыг хүсэж байлаа. Гэвч найз Даниэл нь яриад байсан учраас хатагтай Сантосыг сайн сонсож чадахгүй байв.

“Чшшш! Даниэл би сонсож чадахгүй байна!” гэж Матэо шивнэлээ. Даниэл ярьсаар л байв. Эцэст нь хатагтай Сантос түүнийг сонсоод,

“Даниэл, чи дахиад л саад боллоо” гэж хэллээ. “Чи аль хэдийн анхааруулга авсан байгаа. Одоо тасалбараа надад өгөх болж дээ.”

Даниэл аажуухан түүний ширээ рүү очоод, тасалбараа өгөв. Тэр мөрөө унжуулан, шал ширтэв. Хатагтай Сантос дуулгавартай байж, дүрэм журам дагасан сурагчдад тасалбар өгдөг байв. Сурагчид өдөр бүр тасалбар дээр нэрээ бичээд, шилэнд хийдэг байлаа. Гэхдээ хэрэв чи дуулгаваргүй байвал тасалбараа буцаагаад өгнө. Баасан гараг бүр хатагтай Сантос шилнээс тасалбарыг гаргаж ирдэг бөгөөд ялагч ангийн шагналын хайрцагнаас шагналаа сонгож авдаг байсан. Даниэл ярьсныхаа төлөө олон удаа тасалбараа буцааж өгч байсан учраас нэр нь бараг л сонгогддоггүй байв. Даниэл дахиад нэг тасалбараа алдаж байгаад Матэо сэтгэл дундуур байв.

Матэо завсарлагааны цагаар хөл бөмбөг тоглохоор талбай руу гүйлээ. Даниэл савлуурын хажууд ганцаараа зогсож байгааг тэр харав. Даниэл уйлж байгаа нь илт байлаа. Матэо түүнд тайтгарахад нь туслахыг хүсэв.

“Чи хөл бөмбөг тоглохыг хүсэж байна уу?” гэж Матэо асуухад,

Даниэл юу ч хэлсэнгүй. Матэо дахиад яриа өдөхийг оролдсон ч Даниэл буруу харав.

“За за, бодлоо өөрчилбөл хүрээд ирээрэй. Би хөл бөмбөг тоглож байя.”

Матэо өөр найзуудтайгаа тоглохоор явсан ч Даниэлийн тухай бодсоор байв. Матэо удахгүй найман нас хүрч, баптисм хүртэх гэж байлаа. Тэр Есүстэй адил байж, сайн найз байхыг хүсэж байв. Тэр Даниэлд асуудалд орохгүй байхад нь туслах ямар нэгэн зүйлийг хийж чадах болов уу?

Дараагийн өдөр нь анги жижиг бүлгүүдэд хуваагдан, түүх уншиж байв. Даниэл уншихын оронд номоо дээшээ шидлэв.

Матэо түүнийг болиулахыг оролдлоо. “Даниэл, бид номоо унших хэрэгтэй. Тоглож болохгүй.”

Даниэл дахиад л номоо шидэв. Хатагтай Сантос түүний ном бараг л таазанд хүрэх гэж байгааг хараад, Даниэл руу очин, тасалбарыг нь авах гэж гараа сунгав. Даниэл ширээн дээрээ очив. Тэр тасалбараа хайх зуур маш их айж сандарсан байлаа.

“Үгүй байлгүй дээ! Түүний тасалбарууд дуусах нь!” гэж Матэо бодлоо. Тасалбаргүй болно гэдэг нь Даниэл завсарлагаанаар гарахгүй гэсэн үг. Матэогийн толгой маш хурдан ажиллаж эхлэв. Тэр юу хийж чадах вэ? Түүнд нэгэн сайхан санаа төрөв.

Хатагтай Сантос “Даниэл, надад тасалбараа өгөхгүй бол” гэж хэлэхэд

Матэо гүнзгий амьсгаа аван, “Би түүний өмнөөс өгч болох уу, хатагтай Сантос” гэж асуулаа.

Анги чимээгүй болов. Хэн ч урьд нь түүнээс ингэж асууж байсангүй. Матэо түүнийг юу гэж хариулахыг мэдэхгүй байлаа.

Хатагтай Сантос гайхсан байдалтай харагдсан ч инээмсэглээд, “Чи маш сайн найз байна. Тийм ээ, чи Даниэлийн өмнөөс тасалбараа өгч болно” гэж хэлэв. Матэо хатагтай Сантост нэг тасалбараа өглөө.

Даниэл “Баярлалаа, Матэо” гэхэд,

“Зүгээрээ” гэж Матэо хэллээ. “Чи одоо хамт уншмаар байна уу?”

Даниэл толгой дохин, номоо авав.

Даниэлийг уншиж эхлэхэд Матэод халуун дулаан, сайхан мэдрэмж төрөв. Энэ сайхан санаа Ариун Сүнснээс ирсэн юм. Есүс Даниэлд хайртай учраас өөрөөс нь Даниэлд туслахыг хүссэн гэдгийг Матэо мэдэж байв. Матэо ч мөн адил Есүсийн хайрыг мэдэрлээ.