2017
Бидний орон зай
December 2017


Бидний орон зай

Шинэ найзуудтай болох нь

making friends at lunch

Гэр бүлээрээ нүүх гэж байгаа гэж эцэг эхийгээ дуулгахад шинэ найз нөхөдтэй болох нь гээд сэтгэл минь маш их догдолж билээ. Бид шинэ хотод нүүж ирээд, Сүмдээ явав. Би тэнд Сүнсийг маш хүчтэй мэдэрсэн бөгөөд бүх зүйл сайхан болно гэдгийг мэдсэн.

Удалгүй шинэ сургуульд явж эхлэв. Би сургууль дээрээ ганцаараа мормон байсан юм. Сургуульд явж ороход л тэнд байх ёсгүй юм шиг санагдаж билээ. Би бусад хүүхдээс өөр байсан.

Эхний долоо хоног, дараа нь ч гэсэн би найз нөхөдтэй болох гэж хичээв. Гэтэл надад тун эвгүй санагдав. Хичээл бүр дээр өөр хүмүүсийн хажууд сууж, өдөр болгон өөр өөр ширээн дээр үдийн хоолоо идэж байх гэж хичээсэн ч нэг их өөрчлөлт гарахгүй байгаа мэт байлаа.

Тэгээд үеийнхэндээ сайн үлгэр жишээ байхаар хичээж чармайя гэж шийдсэн юм. Би Хувийн хөгжил дэвшил болоод судраа шаргуу судлахад анхаарлаа төвлөрүүлэв. Би хичээх тусам өөрийгөө Бурханы охин гэдгийг мөн Түүнийг надад хайртай гэдгийг илүү сайн ойлгож ухаарч байлаа.

Цаг хугацаа өнгөрч, хийе гэж бодсон зүйлээ үргэлжлүүлэн хийж байтал сургууль дээрээ найз нөхөдтэй болж байгаагаа анзаарч эхэлсэн юм. Хүмүүс надад татагдаж байгаа юм шиг санагдав. Намайг бусдаас огт өөр гэдгийг тэд хэлж байв. Энэ нь гэрлээ гэрэлтүүлснээс болсон гэдгийг би ойлгосон. Би ангийнхнаасаа өөр байдлаар биеэ авч явж, даруухан хувцаслан, зөв үгээр ярьж, бусдад сайхан сэтгэлээр хандаж байсан.

Бид бүгд Бурханы хүүхэд. Надад хэдий тэнд байхад тохирохгүй мэт санагддаг байсан ч гэрлээ гэрэлтүүлсэндээ маш их талархаж явдаг. Бид Их Эзэний талд байвал хэзээ ч ганцаардахгүй гэдгийг би мэднэ.

Рэбэка К., Принц Эдвард арал, Канад

Би Мормоны Номыг хуваалцаж чадах болов уу?

Мючелийн арга хэмжээний үеэр бидэнд нэг хамтрагч олоод, Сүмийн гишүүн бус хүнд гэрчлэлээ хуваалцах, гишүүн бус найздаа Мормоны Номын нэг хувийг өгөх зэргээр номлогч болох даалгавар өгсөн.

Тэр арга хэмжээний дараа би ээжээсээ зөвлөгөө авав. Хэрэв би итгэлээр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирвал Тэр миний залбиралд заавал хариулна гэж ээж маань амласан юм.

Мормоны Ном хүлээн авах хүн олоход хоёр долоо хоног болов. Эхлээд хүмүүс олон удаа татгалздаг байв. Би гомдохоос залхаж байсан бөгөөд бараг л бууж өгөх гэж байлаа.

Нэг шөнө би манай гэр бүлийн дотны найз нэг эмэгтэйг зүүдэлж, зүүдэндээ түүнийг хамтрагч бид хоёрын очих ёстой хүн гэж ойлгов. Би сэрэнгүүт надад тусалсных нь төлөө Их Эзэнд талархаж билээ.

Дараагийн Мючелийн арга хэмжээний үеэр хамтрагч бид хоёр Мормоны Номын эхний хуудсан дээр гэрчлэлээ бичээд, тэр эмэгтэйд зориулан жимсний сагс хийв. Бид эмэгтэйн гэр рүү очоод, хаалгыг нь тогшин, хүлээж байлаа. Татгалзах байх даа гэж дотроо айж байсан ч бага ч гэсэн итгэлтэй байх хэрэгтэй гэж өөртөө хэлсэн юм. Эцэст нь эмэгтэй инээмсэглэсээр гарч ирээд, Мормоны Номыг хүлээн авав.

Бага ч гэсэн итгэлтэй байж, Тэнгэрлэг Эцэг бидний төлөө байдаг гэдгийг мэдэх үед боломжгүй зүйл ч боломжтой болдог гэсэн мэдрэмжийг хялбархан мэдэрч чадна гэдгийг би энэ туршлагаас ойлгож авсан.

Америкийн Самоа, Рапунзэл Л.,

Төгөлдөр хуурын сургалтаасаа амралт авсан минь

vacation from piano lessons

Би нэг долоо хоног төгөлдөр хуур давтахгүй амралтаа авна гэдгээ зарлая гэж шийдэв. Намайг ингэж амарна гэдгийг төгөлдөр хуурын багш ч, ээж ч зөвшөөрсөнгүй. Бүтэн долоо хоногийн турш давтлага хийсэнгүй өнгөрөв. Надад амрах, өөр бас бус зүйл хийх цаг гарсан учраас сайхан байна гэж би бодож байлаа.

Маргааш өглөө нь төгөлдөр хуурын давтлагатай гэж ээжийг сануулахад миний тэр сайхан баяр пүрэв гаргийн орой дуусгавар болов. Цагийн өмнө эрт босоод, давтах арга байна гэж би бодлоо. Гэтэл миний гаргасан хичээл зүтгэл тун өчүүхэн бас оройтсон гэдгийг би ухаарав. Би сонгох эрх чөлөөгөө эдэлж байсан ч гарах үр дагаврын талаар эргэцүүлж бодоогүй байжээ.

Маргааш өглөө нь төгөлдөр хуурынхаа багштай уулзахад үр дагавар нь гарч эхэллээ. Би давтаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон бөгөөд багш тогтмол хийдэг давтлагаас гадна хийгээгүй давтлагаа нөхөж хийх хэрэгтэй хэмээн хэлэв.

Сонгох эрх, үүрэг хариуцлага, үүрэг хүлээх зэргийн талаар ойлгож авах болсон тэрхүү сургамжинд би талархдаг. Сонголт болгонд үр дагавар байдаг бөгөөд хэрэв би цаг гарган үр дагаврынх нь талаар эхлээд эргэцүүлэн бодвол илүү сайн шийдвэр гаргах болно гэдгийг ойлгож авсан.

Блэйк Х., АНУ, Юта