Авьяаслаг монголчууд
Нийтлэлийг бичигчид нь АНУ-ын Юта болон Монголын Улаанбаатарт амьдардаг.
Монголд харьцангуй цөөн хүн Сүмийг мэддэг боловч найрал дуучид энэ байдлыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулжээ.
Өнгөрсөн оны 12-р сард Монгол Улаанбаатар Баруун, Зүүн гадасны найрал дуучид үндэсний хэмжээний телевизийн Авьяаслаг монголчууд шоуны хагас шигшээд шалгаран үлджээ. Найрал дуучид нь институт, семинарын суралцагчид, зарим нь буцаж ирсэн номлогчид байв. Тэд итгэл үнэмшлээ хуваалцах ийм боломж гарч ирнэ гэдгийг төсөөлөө ч үгүй байсан.
2015 онд Бүсийн далын ахлагч Монголд айлчлан очихдоо Сүмийн олон нийттэй харилцах хүчин чармайлтын тал дээр сургалт явуулжээ. Улаанбаатар Баруун гадасны ерөнхийлөгч Очиржавын Одгэрэл тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ сайн мэдэхгүй байв. 2016 оны 1-р сард хүргэн ах нь түүн рүү утасдаад, “би Авьяаслаг монголчууд шоуг үзэж байна. … Танай Сүмийн найрал дуу шоунд оролцох хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж төрлөө” гэж хэлжээ.
Ерөнхийлөгч Одгэрэл найрал дууны удирдаач Пүрэвийн Өнөржаргал эгчтэй энэ санааныхаа талаар ярилцсан байна. Өнөржаргал эгч ч, найрал дуучид ч гэсэн энэ боломжийн талаар сэтгэл өөдрөг байв. Найрал дуучид Сион буюу монгол хэл дээр сэтгэл, итгэл, оюун, нэгдмэл гэсэн үгсийн товчлолоос бүрдсэн нэрээрээ олонд танигдсан.
Эхний шат
2016 оны 3-р сард болсон шоуны эхний шатанд “Сион” хамтлаг хоёр дуу дуулсан юм. Шоуны нэг шүүгч нь “Та нарын царайнаас гэрэл цацарч байгааг би харлаа. … Бид та нарын видео бичлэгийг дэлхий даяар үзүүлэхийн тулд YouTube дээр тавих хэрэгтэй юм байна” гэж хэлэв.
Өөр нэг шүүгч тэднээс шоуны ялагч болоод, 50 000 ам.доллар хожвол юу хийх вэ гэж асуув. Бүгдийг нь Христийн мэндэлсний баярын онцгой бэлэг болгон өнчин хүүхдийн асрах газар хандивлана гэж хариулсан нь шүүгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлжээ.
Хоёрдугаар шат
Шоунд 400 оролцогч оролцсоноос Сион хоёрдугаар шатанд үлдсэн 200 оролцогчийн нэг болсон ч тоглолт найрал дууны 35 гишүүний тэн хагас нь оролцох байсан гадаснуудын хамтарсан өсвөр үеийнхний чуулгантай давхацжээ. Найрал дуучид хоёрдугаар шатанд оролцохоор шийдсэн учраас тоглолтынхоо дараа өсвөр үеийнхний чуулган руу автобус хөлслөн найман цаг явав.
Хоёрдугаар шатны 200 үзүүлбэрээс Сион хагас шигшээд шалгарсан 32 оролцогчийн нэг болов. Найрал дууныхан Авьяаслаг монголчууд шоутой холбоотойгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн юм.
Хагас шигшээ
Найрал дуучид хагас шигшээд оролцохоор 6 сараас 9 сар хүртэл бэлтгэл хийв. Тоглолт болох өдөр тэд хасах 34 хэмийн хүйтэн цаг агаартай үед өглөөний дөрвөн цагт босжээ. Найрал дууны гишүүн Энхтүвшингийн Номуунгэрэл эгч “Хамтлагийн олон гишүүн ханиад хүрсэн байсан. Гэвч бид тэдний төлөө залбирсан учраас тэд эдгэрч байлаа” гэж хэлэв.
Монгол орон даяар хүмүүс шоуг үзэн, мессэжээр саналаа өгч байв.
Пүрэвдоржийн Шижир ах “Телевизийн энэ шоуны дараа олон хүн Сүмийн талаар эерэг хандлагатай болж байна” гэж хэлсэн.
Адислалууд
Найрал дууны гишүүд өөрсдөө бас адислал хүлээн авсан юм. Төмөрсүхийн Одгэрэл ах “Бид жилийн туршид ажил, амьдралдаа тулгарч байсан саад бэрхшээлээ зохицуулж, цаг заваа зориулан, анхаарал тавьж ирсэн. Хэчнээн хэцүү байсан ч бид олон адислал хүлээн авсан. Би Их Эзэнд зориулан цаг гаргах, золиослол хийх талаар их зүйл ойлгож сурсан юм” гэж хэлэв.
Найрал дууны гишүүдийн итгэл өсөж хөгжсөнөөс гадна тэд өөртөө итгэх итгэл, найз нөхөрлөл, нэгдмэл байдлыг олж авчээ. “Найрал дуунд дуулсан нь хэрхэн бусдыг уучлах, нэг нэгнээ дэмжих талаар суралцахад маань тусалсан. Бид илүү нэгдмэл болсон” хэмээн Өлзийдүүрэнгийн Ганбаатар ах хэлэв. Тунгалагтуулын Билгүүнзаяа эгч “өөртөө эргэлзэж, хийж чадахгүй нь гэж бодох хэрэггүй юм байна” гэдгийг ойлгож ухаарчээ.
Лхагважавын Баярцогт ах “Найрал дуунд дуулсан минь манай гэр бүлд олон адислал авчирсан. Бас тодорхой хугацаанд хайж байсан асуултуудынхаа хариултыг олж авахад надад тусалсан. Удирдагчид маань гарц шийдэл санал болгож байв. … Мөн удирдагчид маань Бурханаар дуудагддаг гэсэн гэрчлэлийг минь баттай болгосон” гэж хэлэв.
“Би Авъяаслаг монголчууд шоунд оролцоод, нэг нэгэндээ урам зориг өгч, дэмжиж байх нь [бидний] амжилтын түлхүүр юм байна гэдгийг ойлгосон” хэмээн Далайхүүгийн Онон эгч ярилаа. Онон эгч олон үүрэг хүлээж байсны нэг нь найрал дууны гишүүдийг зохион байгуулах үүрэг байсан бөгөөд энэ нь түүний удирдагч байх чадвараа хөгжүүлэхэд тус болжээ. Тэрээр “Бид Их Эзэн биднийг удирдан, сүнслэгээр нөлөөлж байсан гэдгийг мэдэрч байсан. Бидэнд заримдаа өвдөх, завгүй байх, ядрах, сэтгэл санаагаар унах зэрэг явдал тохиолддог байсан. Гэсэн ч бид хамтдаа залбирсан үедээ илүү хүч чадалтай, тэсэж тэвчих хүсэлтэй болдог байсан” хэмээн өгүүлэв.
Хэдий найрал дуучид эцсийн шатанд үлдэх хангалттай санал аваагүй ч тэдний үзүүлбэр Монгол улс даяар Сүмийг таниулахад чухал ач холбогдолтой болсон. Ерөнхийлөгч Одгэрэл “Бид санваарын удирдагчдынхаа даалгаварт дуулгавартай байсан ба Их Эзэн замыг бэлтгэсэн. … Одоо бүхэл хотоороо [Улаанбаатар] Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон Мормон найрал дуучдын тухай ярьж байна” хэмээн ярьсан юм.