Иосеф Смит: Сул дорой байдлаас гарсан хүч
2013 оны 2-р сарын 10-нд АНУ-ын Юта мужийн Логанд болсон Иосеф Смитийн дурсгалд зориулсан 70 дахь удаагийн онцгой цугларалтын үеэр хэлсэн “Out of Weakness He Shall Be Made Strong” гэсэн үгээс авав.
Бид Иосеф Смитийн адил сул талаа танин мэдэж, итгэлээрээ Их Эзэнд хандвал биднийг хүчтэй болгоно.
Хэдэн мянган жилийн өмнө эртний Иосеф “Их Эзэн надад ийн хэллээ: Би чиний хэвлийн үрсээс сонгогдсон үзмэрчийг тодруулна; … миний үгийг авчрах хүчийг би түүнд өгнө … тэрээр сул доройгоос чадалтай болгогдох болно” хэмээн бошигложээ (2 Нифай 3:7, 11, 13).
“Тэрээр сул доройгоос чадалтай болгогдох болно” гэсэн бошиглол миний сонирхлыг татан, сүнслэг өдөөлт өгсөн. Их Эзэн агуу ажлаа гүйцэлдүүлэхээр сул доройчуудыг дуудна гэдэг нь уялдаа авцалдаагүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ сул талаа танин мэдсэн хүмүүст чухам энэ сул тал нь Их Эзэний хүчийг эрэлхийлэх сэтгэлийн дуудлага болдог байж болох юм. Өөрсдийгөө итгэлээр даруусгадаг хүмүүс тэнгэр газрын бүх хүч чадлыг эзэмшигч Түүгээр хүчирхэгжих болно (Maтай 28:18; Moзая 4:9-ийг үзнэ үү).1
Иосеф Смит бага залуу байхаасаа ийм шалтгаанаар Их Эзэнд хандсан. Иосеф 15 нас хүрсэн жилээ гэм нүглээс өршөөгдөхийг хүсэмжлэн, аль сүм нь зөв болохыг мэдэхийг маш их хүсжээ. Тэрээр “Хэдийгээр миний бодол санаа гүн гүнзгий хийгээд хурц байсан ч гэсэн, … хүмүүс болон юмстай төдийлөн танилцаж амжаагүй миний мэт залуу хүний хувьд, хэнийх нь зөв, бас хэнийх нь буруу байсан тухайд ямар нэг тодорхой дүгнэлт хийх боломжгүй байв” гэж бичсэн байдаг (Иосеф Смит—Түүх 1:8-ыг үзнэ үү).
Сул доройгоо бүрэн ухаарсан тэрээр Бурханы Сүмийг хаанаас олохоо мэдэхээр Ариун ойн цоорхой руу очив. Тэр сүмд нь нэгдэхийн тулд юу хийж болохоо мэдэхийг хүсжээ (Иосеф Смит - Түүх 1:18-ыг үзнэ үү). Иосефын даруу, чин сэтгэлийн гуйлтын хариуд Бурхан Эцэг болон Түүний Хүү, Есүс Христ хоёр түүнд үзэгдсэн. Тэд ийнхүү үзэгдэхдээ түүнийг чөтгөрийн хүчнээс гарган, Сэргээлтийн замыг бэлтгэж өгчээ (Иосеф Смит—Түүх 1:14–19-ийг үзнэ үү).
Иосеф Смит өөрийгөө “дэлхийн сул дорой зүйлүүд”-ийн нэг гэдэгтэй маргаагүй (С ба Г 1:19; 35:13). Олон жилийн хойно Их Эзэн түүнд хандан, “учир нь дэлхийн сул дорой зүйлүүдээр дамжуулан бибээр мэргэн ухаанаа үзүүлж болохын тулд би энэ төгсгөлд чамайг бэлтгэсэн билээ” хэмээн айлдсан (С ба Г 124:1).
Нэрд гараагүй хөвгүүн
Иосеф “өдөр тутмын хөдөлмөрөөрөө тарчигхан амьдралаа залгуулж яваа, нэрд гараагүй хөвгүүн” хэмээн өөрийгөө дүрслэн хэлжээ (Иосеф Смит—Түүх 1:23). Тэрээр албан боловсрол багатай нийгмийн доод давхаргын гэр бүлд төрсөн. Намтар түүхээ бичих гэсэн түүний анхны оролдлого түүнийг уг ажилд дуудагдахдаа сул дорой байсан гэдгийг онцлон харуулдаг.
“Бидний Их Эзэний нэг мянга найман зуун таван онд, арван хоёрдугаар сарын хорин гурав дахь өдөр Вермонт муж улсын Шарон хотхонд Христийн шашинд намайг оруулахаар ихэд хичээл зүтгэл гаргах сайн эцэг эхийн гэр бүлд би төрсөн. Намайг аравтай юм уу, тэр орчим настай байхад миний эцэг Ахмад Иосеф Смит Нью-Йорк муж улсын Онтарио гүнлэгийн Палмирад шилжсэн бөгөөд ядуу тарчиг нөхцөл байдлын улмаас есөн хүүхэдтэй өнөр бүлээ тэжээж дэмжихийн тулд хүнд хүчир хөдөлмөр хийх үүрэг хүлээсэн юм. Гэр бүлээ тэжээхэд тус нэмэр болж чадах бүх хүний хүчин чармайлт шаардлагатай байснаас бид боловсролын ашиг тусыг хүртэж чадаагүй бөгөөд би ердөө унших, бичих, тооны анхан шатны суурь заалгасан байлаа.”2
Иосеф боловсрол муутайгаа маш сайн мэддэг байсан ба “үзэг цаас бэх төгс бус хазгай хэлтгий хэлний бараг түнэр харанхуй мэт жижигхэн нарийхан шорон”-д хүлэгдсэн байгаадаа нэгэнтээ харуусчээ.3 Хэдий тийм ч Их Эзэн түүнийг Мормоны Номыг орчуулуулахаар дуудсан бөгөөд тэрээр анхны хэвлэгдсэн 588 хуудсыг бүгдийг нь ер хүрэхгүй хоногийн дотор орчуулсан юм.
Ямар ч хүн боловсрол нимгэн Иосеф ганцаараа ийм зүйл хийх боломжгүй гэсэн дүгнэлт хийх нь ойлгомжтой бөгөөд зарим хүний бодож олсон тайлбарууд нь тэр бол Бурханы бэлэг болоод хүчээр орчуулсан бошиглогч байсан хэмээх үнэн тайлбарт итгэхээс хавьгүй илүү хэцүү байдаг.
Эммагийн гэрчүүд
Эмма Смит амьдралынхаа хожуу үед, нөхөр нь алтан ялтсуудыг орчуулж байх үедээ “Мормоны Ном мэтийн ном байтугай ойлгомжтой, сайн найруулгатай захидал бичиж эсвэл хэлж бичүүлж чаддаггүй байсан. Энэ нь ямар ч хүний хувьд ер бусын гайхамшиг ба гайхалтай зүйл байдаг шиг уг үйл явдалд оролцсон надад ч бас гайхалтай санагддаг” хэмээн дурсан өгүүлжээ.4
Түүхийн энэ хэсгийг 1832 оны 11-р сарын 27-ны Иосефын анхны өдрийн тэмдэглэлийн нэг хуудастай харьцуулж харахад сонирхолтой байдаг (баруун талд харуулав). Тэрээр үүнийг Мормоны Номыг орчуулж дууссанаасаа хойш барагцаалбал гурван жил хагасын дараа бичжээ. Тэрээр доорх үгсийг бичээд, дараа нь дарж хассан байсныг анзаараарай.
“Бага Иосеф Смитийн ажигласан бүхий л жижиг сажиг нөхцөл байдлыг тэмдэглэхийн тулд худалдаж авсан тэмдэглэлийн дэвтэр.”
Би түүний тэмдэглэлийг гартаа бариад, хассан үгсийг уншиж байхдаа Иосефыг өмнөд Америкийн хөдөө тосгоны нэгэн газар суугаад, эхний өгүүлбэрийг бичсэнийхээ дараа “Энэ тийм ч зөв биш байна. Дахиад оролдоод үзье” хэмээн бодож байгаагаар төсөөлөн бодсон юм. Тэгээд тэрээр тэр өгүүлбэрийг дарж хасаад, “Бага Иосеф Смит 1832 оны 11-р сарын 27-нд ажигласан бүхий л зүйлээ цэдэглэн бичсэн товч тэмдэглэл ба — —” гэж бичжээ.
Эцэст нь дөнгөж сая бичсэн ядмаг, тааруухан зүйлдээ сэтгэл хангалуун байгаагүй байх магадлалтай тэрээр “Ай, Бурхан минь, бүхий л бодолдоо чиглүүлэгдэх боломж өгөөч. Үйлчлэгчээ адислаач. Aмен” хэмээн бичжээ.5 Би энэ өгүүлбэрээс Иосеф хангалтгүй байгаагаа болон сул доройгоо мэдрэн, хийдэг бүхий л зүйлд нь чиглүүлж өгөх Бурханыг итгэлээр дуудаж байгааг мэдэрдэг.
Одоо харин тэрхүү тэмдэглэлийг 1829 оны 4-өөс 6-р сарын хооронд бичсэн Мормоны Номын гар бичмэлийн эх хувьтай харьцуулан харна уу (дараагийн хуудсан дээр харуулав).
Таслалгүй, баллаж цохлоогүй бичвэр байгааг анхааралтай хар. Энэ нь зохион бичлэг байгаагүй. Иосеф Их Эзэний түүнд зориулан бэлдсэн зэмсгүүд болох Урим ба Туммим болоод үзмэрчийн чулуу руу харж байхдаа хурц тод гэрлээс нүдээ хамгаалж, гарч ирэх үгсийг тод харахын тулд нүдээ малгайгаар халхалж, үүнийг үг нэг бүрчлэн хэлж бичүүлжээ (2 Нифай 27:6, 19–22; Moзая 28:13-ыг үзнэ үү). Та нарын харж байгаачлан бошиглогч, үзмэрч, илчлэгч Иосеф Смитийн бүтээл болох Мормоны Номын орчуулга, Иосеф Смит хэмээх хүний тэмдэглэл хоёрын хооронд асар том ялгаа байна. Хэрэв та нар орчуулгын гар бичмэлийн эхийг сайн харах юм бол.
“Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, эцэгтээ хандаж хэлрүүн: Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” хэмээн Иосефт урам зориг өгсөн үгсийг унших болно (1 Нифай 3:7).
Эдгээр үгийг орчуулахын өмнөхөн тэрээр “Гэвч болгоогтун, итгэлийнх нь учир бүр тэднийг аюулаас ангижрах чадалтай болтол нь хүчтэй болгохоор сонгосон бүгдийн дээр Их Эзэний нигүүлсэл байдгийг би, Нифай та нарт үзүүлэх болно” хэмээн орчуулсан байжээ (1 Нифай 1:20).
Тиймдээ ч Мормоны Номын болон бошиглогч Иосефын амьдралын гол санаа бол Их Эзэнийг итгэлээр даруухан эрэлхийлдэг хүмүүс Их Эзэний ажилд хүчтэй, бүр агуу хүчтэй болдог гэсэн санаа юм. Энэхүү хүчирхэгжилт жижиг мэт санагдах зүйл дээр ч тохиолдоно.
Жишээлбэл, зөв бичихдээ муу Иосеф хувийн бичээч Оливер Каудерийн бичсэн Кориантумр гэсэн үгийг засаж байжээ (Хиламан 1:15-ыг үзнэ үү). Иосефыг эхлээд энэ үгийг Оливерт хэлж бичүүлэхэд тэрээр Кориантуммер гэж бичжээ. Англи хэлэнд “мр” гэсэн төгсгөлтэй үг байхгүй учраас энэ бол үндэслэлтэй байв. Гэтэл Их Эзэний өгсөн зөв бичих дүрмийг хүлээн авахдаа сул дорой Иосеф орчуулгын үеэр үүнийг хэлж зөв болгожээ. Бид энэ нь англи хэлэнд хэвийн бус ч, египет хэлэнд яг зөв буудаг, эртний хэл соёлтой тун сайн нийцдэг гэдгийг одоо мэдэж байна. Иосеф үүнийг зөвхөн илчлэлтээр л мэдсэн байв.6
Биднийг хүчтэй болгож чадна
Мормоны Номын орчуулгын гайхамшиг бол Иосефыг хэрхэн сул дорой байдлаас нь хүчтэй болгосны нэг жишээ юм. Бас нэг илүү хувийн гэмээр сургамж бол бид Иосеф Смитийн адил сул талаа танин мэдэж, итгэлээрээ Их Эзэнд хандаж, Түүний хүслээр үйлдэх шийдвэр төгс байвал биднийг сул доройгоос хүчтэй болгох явдал юм. Энэ нь мөнх бус амьдралд сул дорой байдал үгүй болно гэсэн үг биш ч ийм хувь хүнийг Бурхан хүчтэй болгоно гэсэн утгатай.
Иосеф төгс бус байдлаа даруухан хүлээн зөвшөөрсөн. Тэрээр залуу насандаа “залуу насны сул тал хийгээд хүмүүний төрөлхийн жижиг сажиг сул тал илрэн гарч байв” хэмээн онцлон хэлжээ (Иосеф Смит—Түүх 1:28). Хожим тэрээр Наувуд байсан гэгээнтнүүдэд хандан, өөрийгөө “хүмүүн байсан хэдий ч тэд [түүнээс] төгс байхыг хүсэн хүлээх ёсгүй; … гэхдээ тэд [түүний] болон ах нарын дутагдлуудыг тэвчих аваас [тэр] ч бас адилхан тэдний сул доройг тэвчих болно” хэмээн хэлжээ.7
Иосеф хэзээ ч төгс эсвэл алддаггүй мэт дүр эсгээгүй, харин “Би хүмүүний хувиар ярьж байхдаа Иосеф л ярьж байгаа мэт байдаг. Гэтэл Их Эзэнийг надаар дамжуулан ярих үед энэ нь Иосеф Смит биш харин Бурхан ярьж байдаг” хэмээн түүнийг бошиглогчийн хувиар үйлдэхэд нь Бурханы хүч эзэмддэг гэдгийг хүлээн зөвшөөрч байсан.8
Иймээс ч Иосеф сул дорой байдлаас мөн бүх цаг үеийн бошиглогчдоос “хүмүүний авралын тулд зөвхөн Есүс Христийг эс тооцвол … илүү ихийг” хийх хүчтэй болсон (С ба Г 135:3).
Хэрэв бид Бурханд Иосефын адил зүрх сэтгэлийн бүрэн зорилготойгоор итгэлээр хандвал хэзээ ч хувиршгүй Бурхан маань таныг, намайг сул дорой байдлаас маань хүчтэй нэгэн болгоно.
Залбирал ба даруу байдал
Их Эзэний селестиел хувилахуйн ухаанаар бол Тэрээр бидэнд сул дорой байдлыг өгдөг бөгөөд ийм сул доройг Түүгээр дамжуулан одоо болон үүрд мөнхөд хамаатай арга замаар хүчтэй болгоход тусалдаг. Тэрээр “Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” хэмээн хэлсэн (Ифер 12:27).
Судрын энэ хэсэгт өгүүлснээр, биднийг даруу байлгахын тулд сул дорой байдлыг өгдөг. Өөрсдийгөө даруусгаж, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхийг сонгодог хүмүүс хүчтэй болгогддог. Бурханы өмнө даруу байх нь амьдралд маань Бурханы хүч чадлыг нэмэгдүүлж харахад чухал хүчин зүйл юм.
“Аливааг сураад өөрсдийгөө ухаантай хэмээн санадаг, мөн тэд Бурханы зөвлөмжийг эс анхаардаг, учир нь тэд үл ойшоож, тэд өөрсдөө мэднэ гэж боддог, иймийн тул, тэдний мэргэн ухаан нь тэнэглэл байж мөн энэ нь тэдэнд ашгийг эс өгдөг” хүмүүс байдаг (2 Нифай 9:28). Ийм бардамналын эсрэг ерөндөг бол “Бурханы өмнө өөрсдийн мунхгийг мэдэж, мөн даруу байдлын гүнд доошлон ирэх” явдал юм (2 Нифай 9:42).
Иосеф өсвөр насандаа даруу зан чанарыг төлөвшүүлэх агуу түлхүүр бол чин сэтгэлээсээ, зүрхний угаас Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирах явдал гэдгийг ухаарчээ. Сүмийн эхэн үеийн нэгэн гишүүн Даниел Тайлер Көртландад олон хүн бошиглогчийн эсрэг эргэснийг дурсан бичсэн байдаг. Бошиглогчийн цугларагсадтай хамт Их Эзэний тусламжийг гуйн залбирсан нэгэн цуглаан дээр байлцсан Тайлер ах тэнд болсон үйл явдлыг дараах үгсээр дүрсэлжээ.
“Би эрэгтэй, эмэгтэй хүмүүс залбирч байхыг сонсож байсан … , гэхдээ тэр өдрийг хүртэл сайхан сэтгэлтэй эцэг хүн дуулгавартай хүүгийнхээ зовлон шаналлыг сонсон, яг тэнд байгаа мэт Бүтээгчдээ хандан залбирч байгаа хүнийг сонсож үзээгүй байв. Иосеф тэр үед эрдэм боловсролгүй байсан ч гэлээ … төөрөөд замаасаа холдсон хэмээн түүнийг буруутгасан олон хүний нэрийн өмнөөс тодорхой хэмжээнд хандсан түүний залбирал тэнгэрээс суралцчихсан, тэнгэрийн уран үг хэллэгтэй байлаа. … Хөшиг авагдах үед энэ нь Их Эзэн миний мэдэх хамгийн даруу үйлчлэгчтэйгээ нүүр нүүрээ харан зогсож байгаа мэт надад харагдсан.”9
Сул доройгоос хүчтэй болгогдов
Иосефыг 17-той байхад Моронай “Надад зориулан хийх нэгэн ажил Бурханд бий гэдгийг, мөн миний нэр бүх үндэстэн, ястан болон хэлтнүүдийн дунд сайнаар бас муугаар дурсагдаж, өөрөөр хэлбэл бүх хүмүүний дунд сайн болон муу аль алинаар нь яригдах болно” хэмээн хэлжээ (Иосеф Смит—Түүх 1:33).
Тухайн үед олон хүн энэхүү мэдэгдлийг хэзээ ч биелэхгүй зүйлийн нотолгоо хэмээн үзэж байсан ч өнөөдөр интернэт хөгжсөн дэлхийд, фермийн нэрд гараагүй тэрхүү хүүгийн нэр бөмбөрцгийн эргэн тойронд танигдсан бөгөөд түүнийг сайн болон муу аль алинаар нь ярьж байна.
Иосеф, Хайрум Смит хоёрыг Иллинойн Картейжид алуулахаас өмнө Хайрум Иосефт болон шоронд байсан бусад хүнд дараах үгс бүхий хуудсыг уншиж өгөөд, нугалжээ.
“Мөнхүү улиран тохиох дор тэд энэрлийг агуулж болохын тул, тэрээр харийнханд ач ивээлийг хайрлаасай хэмээн Их Эзэнд хандан би залбирсан буюу.
Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хэлэв: Хэрэв тэд энэрэл үгүй аваас, энэ нь танд хамаарах нь үгүй; чи итгэлтэй байсан; иймийн тул өмсгөл чинь цэвэр болгогдох болно. Мөн чи өөрийн сул доройг харсан учир чи, миний Эцэгийн эзэмшилд, миний бэлтгэсэн тэр байранд суух хүртэл хүчирхэг болгогдох болно” (Ифер 12:36–37).
Шууд утгаараа Иосеф сул дорой байдлаасаа хүчтэй болсон юм. Сул дорой байсан тэрээр урам зориг орж, Бурханы хүслийн дагуу үйлдэх шийдвэр төгс байж, итгэлээр Түүний тусламжийг эрэлхийлжээ. Тэрээр амьдралынхаа туршид Тэнгэр дэх Эцэгтээ ийм шалтгаанаар хандаж байсан. Үр дүнд нь тэрээр Анхны үзэгдлийг үзэж, Мормоны Номыг орчуулан, санваарын түлхүүрүүдийг хүлээн авч, Христийн сэргээгдсэн Сүмийг байгуулан, Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг дэлхий дээр авчирсан юм. Бошиглогч Иосеф Смит хүч чадалд өсөн өндийсөн. Гэхдээ тэрээр хормын төдийд хүчтэй болгогдоогүй. Энэ нь “алхам алхмаар, шат шатаар энд бяцхан мөн тэнд бяцхан”-аар түүнд өгөгдсөн ба та бидэнд ч ингэж өгөгдөх болно (С ба Г 128:21; мөн Исаиа 28:10; 2 Нифай 28:30-ийг үзнэ үү).
Тиймээс бүү урам хугараарай. Хүчтэй болгогдох үйл явц алгуур байх бөгөөд юу ч болсон бай Аврагчийг дагах, Түүний хүслийн дагуу байх хөдөлшгүй шийдвэр төгс тэвчээрийг шаардана.
Бэлэг эргэн ирсэн
XVI зуунд Библийг англи хэл дээр орчуулан, хэвлүүлсэн Виллиам Тиндейл Библийг жирийн хүний гарт өгөхийн эсрэг бодолтой байсан нэгэн мэдлэгтэй хүнд ‘Бурхан миний амийг хамгаалах юм бол би хэдхэн жилийн дотор анжсаа түрэгч тариачин хүүг судрын тухайд танаас дутуугүй мэдлэгтэй болгоно” хэмээн мэдэгджээ.10
Нэгэн сонирхолтой ижил төстэй үйл явдал 300 жилийн дараа болов. Нэнси Таул хэмээх нэгэн нэрт аялагч номлогч “мормончууд”-ыг судалж мэдэхээр Көртландад очжээ. Тэрээр Иосеф Смиттэй болон Сүмийн бусад удирдагчтай уулзсаныхаа дараа Сүмийг хурцаар шүүмжилж байв.
Таулын тэмдэглэн бичсэнээр, тэнгэр элч алтан ялтсуудыг хаанаас олохыг харуулсан хэмээн тангараглаж хэл гэж түүнийг шаардах хүртэл Иосеф юу ч хэлээгүй ажээ. Тэрээр тун эелдгээр хэзээ ч тангараглаж байгаагүй гэсэн хариу өгчээ. Уурыг нь хүргэж чадаагүй тэрээр Иосефыг басамжлах гэж оролдов. “Та ийм мэдэгдэл хийхээсээ ичихгүй байна уу? Та бол энэ дэлхийн жирийн л нэг анжис түрсэн хөвгүүнээс өөр хэн ч биш” гэж түүнийг хэлэхэд, Иосеф
“Эрт үед бичиг үсэгт тайлагдаагүй загасчдад тохиолдсоны адилаар бэлэг эргэн ирсэн” хэмээн тайван хариулжээ.11
Иймд Тиндейлийн хэлсэн үг үнэний ортой байжээ. Учир нь анжис түрсэн хүү Аврагчийг эс тооцвол энэ дэлхийд амьдарч байсан ямар ч хүнээс илүү судрыг мэддэг болж өссөн.
Сэргээгдсэн Сүм болон Есүс Христийн сайн мэдээ нь Америкийн зах хязгаарын нэгэн “анжис түрсэн хөвгүүн” Иосеф Смитийн ажил байгаагүй нь тодорхой. Харин энэ бол бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн, Их Эзэн Есүс Христийн ажил юм. Иосеф амьдралаа эргэцүүлэн бодож байхдаа Иаковын хэлсэн “Гэсэн хэдий ч, энэ нь түүний ач ивээл мөн хүмүүний үрсэд хандах түүний агуу их хүлцлээр бид эдгээр зүйлийг хийх хүчтэй гэдгийг бид мэдэж болохын тулд Их Эзэн Бурхан өөрсдийн маань сул доройг бидэнд үзүүлдэг болой” (Иаков 4:7) гэсэн сургамжийг ойлгосон байж магадгүй.
Иосеф Смит бол сул дорой байдлаас хүчтэй болгогдсон Бурханы бошиглогч байсан гэдгийг би мэднэ. Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877): “Би чинь бошиглогч Иосеф Смитийг таньдаг байсан шүү дээ гэж бодох бүрдээ Халлелуяа хэмээн хашхирмаар санагддаг” гэжээ.12 Хэдийгээр надад энэ мөнх бус байдалд ийм аз завшаан тохиогоогүй ч “сая сая хүн ‘Иосеф ах’-ыг мэдэцгээнэ” гэсэн яруу тод амлалтаас би тайвшрал олдог.13 Сул дорой байдлаас нь хүчтэй болгосон Бурханы өмнө даруу байсанд нь бошиглогчид би гүнээ талархдаг. Мөн хэрэв бид Түүний өмнө өөрсдийгөө даруусган, Их Эзэний хүслийн дагуу үйлдэх хувиршгүй бат шийдвэрээр Түүнд итгэх итгэлээ хөгжүүлбэл Их Эзэн биднийг сул дорой байдлаас маань хүчтэй болгоно гэсэн энэ түүх, сургаал надад урам зориг өгдөг юм.