Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Аврагчид өгөх гэр бүлийн бэлэг
Арван хоёрдугаар сар айлчлан ирэхэд би Христийн мэндэлсний баярын улиралд бэлдээд завгүй байв. Бид 4 жилийн турш Христийн мэндэлсний баярыг гэртээ тэмдэглэсэн ч энэ жил би халгаж байлаа. Би нөхөртэйгөө бэлэг худалдаж авах, хоол бэлтгэх зэрэг хийх ёстой бүх зүйлийнхээ талаар ярилцаж байхдаа энэ жилийн Христийн мэндэлсний баярын үдэшлэгийг цуцлаад, арай өөр зүйл хийхээр шийдсэн юм. Бид Аврагчид бэлэг болгон өгөх ямар нэгэн зүйл хийхийг хүссэн.
Арван хоёрдугаар сарын турш бид гэр бүлийн үдшүүдээ Есүс Христийн амьдралын тухай болгож, ариун сүм рүү явж, гэр бүлээрээ хийх үйлчлэлийг төлөвлөв. Нөхөр маань бишоп байсан бөгөөд Христийн мэндэлсний баярын өдөр бид тойргийнхоо бэлэвсэн эмэгтэйчүүдэд дуу дуулж өгөхөөр шийдэж, гэр бүлээрээ хэд хэдэн дуу бэлдэж эхлэв. Хүүхдүүд маань “Тэжээлийн тэвшинд” (Hymns, д. 206) дууг дуулах дуртай.
Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр бид айлуудаар зочлохдоо авч явах Христийн мэндэлсний баярын зурвастай ил захидал, зууш бэлдсэн юм. Гэр бүл маань эв нэгдэлтэй байж, бусдад хайраар туслахдаа баяртай байгааг харахад сайхан байсан. Би Христийн мэндэлсний баярын сүнсийг мэдэрч чадсан.
Христийн мэндэлсний баярын өдөр хүүхдүүд маань айлуудаар зочлохыг тэсэн ядан хүлээж байв. Бид айлчлан очсон айл бүрдээ аз жаргалтай байсан бөгөөд дуулах бүрд дууллууд илүү сайхан болж байгаа мэт санагдсан. Биднийг хамгийн сүүлийн айлдаа ирэхэд хэн ч байхгүй юм шиг байлаа. Хэдэн минут хүлээсний дараа хүүхдүүдийн тэвчээр алдагдаж эхлэв. Тэгтэл ням гаргийн хувцсаа өмсөж, үсээ сайхан янзалсан нэгэн бэлэвсэн настай эмэгтэй бидэнтэй уулзахаар гарч ирлээ. Тэр биднийг хараад, нүдэнд нь нулимс цийлэгнэв. Миний ч бас сэтгэл хөдөлж, арай ядан дуулж дууслаа.
Биднийг гэр рүүгээ явах үед таван настай охин маань гэр рүүгээ явахгүй, дуулаад л баймаар байгаагаа хэлсэн юм. Намайг хариу хэлэхээс өмнө есөн настай хүүхэд маань “Бид дараа жил үүнийг дахин хийнэ шүү дээ!” гэж хэлэв.
Бид бусдыг өргөн дэмжиж, Есүс Христэд хайраа харуулсан учраас энэ Христийн мэндэлсний баяр гэр бүлийн маань хувьд үнэхээр мартахааргүй сайхан байсан. Би тэр өдрийн үйл явдлын талаар бодохдоо Их Эзэний хайрыг мэдрэн, Түүний “Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” (Матай 25:40) гэх үгсийг санасан билээ.