Айлчлагч багшийн захиас бичиг
Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэх хүсэлтэй байх нь
Энэ материалыг залбирч судлаад, юу хуваалцахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийл. Халамжийн нийгэмлэгийн зорилгыг ойлгох нь Бурханы охидыг мөнх амьдралын адислалуудад хэрхэн бэлтгэх вэ?
“Бидний анхаарал халамж, урам дэм, тусламж дэмжлэг, тайтгаруулал, нинжин сэтгэл хэрэгтэй байгаа хамаатан садан, найз нөхөд, таньдаг, таньдаггүй хүмүүс эргэн тойронд чинь хаа сайгүй байгаа. Бид бол дэлхий дээрх Их Эзэний хүүхдүүдэд үйлчилж, тэднийг өргөх үүрэгтэй Түүний мутар болсон хүмүүс юм. Тэрээр бидний хүн нэг бүрд найдлага тавьдаг” хэмээн ерөнхийлөгч Томас С.Монсон хэлсэн.1
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Таныг Түүний Сүмд элсэх үед зүрх сэтгэлд тань маш том өөрчлөлт гарч эхэлсэн юм. Та гэрээ хийсэн, та мөн чанарыг тань өөрчилж эхлэх амлалт хүлээн авсан. …
… Та [бусдын] ачаа дарамт хөнгөн байж, тэднийг тайвшруулахад нь Их Эзэнд тусална хэмээн амласан. Та Ариун Сүнсний бэлэг хүлээн авахдаа тэдгээр ачааг хөнгөлөхөд туслах хүчийг хүлээн авсан билээ” хэмээн хэлсэн.2
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам “Бусдыг Аврагчийн адил өрөвч сэтгэл, итгэл найдвар, хайр энэрлээр харахын тулд бидэнд сайн мэдээний гэрэл хэрэгтэй. Бид бусдын зүрх сэтгэлийг бүрэн ойлгодог болж, энэ амьдралын туршид тэдний талаар энэрэнгүй сэтгэлээр бодож, ярьсныхаа хариуд нигүүлслийг хүлээн авсандаа талархах өдөр ирэх болно. …
Бид Аврагч Есүс Христтэй илүү адил болох гэж хичээж байх үедээ бүх хүний сайжирч дээшилсэн байдлыг хүлээн зөвшөөрөх нь бидний үүрэг хариуцлага хийгээд давуу эрх юм” хэмээн хэлсэн.3
Бид нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэж, гэрээнүүдээ сахих үедээ Есүс Христийн эдгээх хүч чадлыг илүү их ухамсарлан ойлгодог. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Цовдлолт ба Цагаатгалын төсөөлшгүй үнэ цэнийг авч үзэхэд, Тэр биднээс нүүр буруулахгүй гэдгийг би амлаж байна. Тэр гарах арга замыг төдийгүй өөдлөх арга замыг ч мэддэг учраас сүнсэндээ ядуу тэдэнд “Надад ирэгтүн” гэж хэлсэн. Тэр энэ замаар алхсан учраас үүнийг мэддэг. Тэрээр зам нь учраас замыг мэддэг” хэмээн хэлсэн билээ.4