2017
Бид илүү сайн байж чадна, 2-р хэсэг: Есүс Христийн Сүмд байр сууриа олох нь
December 2017


Бид илүү сайн байж чадна, 2-р хэсэг: Есүс Христийн Сүмд байр сууриа олох нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Христийн Сүмийн гишүүн байснаар ирэх адислалуудыг эдлэхэд саад болох боломжийг бусдад бүү олго.

woman at church

8 жилийн турш сүмд яваагүй Пауло руу (бүх нэрийг өөрчилсөн болно) Бразил дахь бишоп нь хэр байгааг нь асуух гэж залгажээ. Пауло эргэж очихыг хүссэн боловч санаа зовоосон олон асуудал бүрэн идэвхтэй байхад нь саад болсон байна. Тэр өдийг хүртэл ганц бие байгаа өөрийгөө гэрлэж, хүүхдүүдтэй болсон хүмүүстэй харьцуулахгүй байж яаж чадах билээ? Тэр ийм урт хугацаа өнгөрсний дараа сүм дээр найзтай болж чадах болов уу? Чадсан ч тэд өөрийнх нь талаар юу гэж бодох бол? Тэр хөрвөгдөж мөн номлолд үйлчилж байсан үеийнх шигээ Сүнсийг мэдрэх болов уу? Дуудлагат ажлуудыг хүлээн авах итгэлтэй байх болов уу?

Утсаар дуудлага хүлээн авснаасаа хойш 1 сарын дараа Пауло Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Ирж, бидэнтэй нэгд” гэсэн үгийг уншжээ.1 “Энэ үг надад маш хүчтэй нөлөөлсөн” гэж тэр дурссан юм. Хэдэн долоо хоногийн дараа тэр сүмийн машины зогсоол дээр чичирсхийн суух зуураа машинаасаа гарч сүмийн байр руу орох хүч чадал гуйн залбирч байлаа.

“Бүх зүйл төгс сайн байгаагүй” гэж тэр эргэж очсон анхны жилийнхээ талаар дурсжээ. Байр сууриа олоход амар байгаагүй юм. Гэвч Аврагчтай холбоотой гэдэг мэдрэмж, ариун сүмийн эрхийн бичигтэй болох гүн их хүсэл түүнд эргэлзээ айдсаа даван гарахад тусалжээ. Тэр судруудаа уншиж, залбирч эхэлсэн байна. Тэр хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа юм шиг санагдаж байгаа хүмүүст “Хэрэв та шантрахгүй л бол хүч чадал хүлээн авч, Их Эзэн адисалж байгааг мэдэрч чадна” гэж зөвлөв. “Энэ бол Христийн Сүм гэдэг гэрчлэл надад бий. Гэхдээ та нар жинхэнэ холбоо хамааралтай гэдэг мэдрэмжийг гагцхүү Их Эзэнээс л олох болно.”

Паулогийн түүх Сүмийн удирдагчдын Unity in Diversity цуврал видео бичлэг дээр тайлбарласан хэд хэдэн санааг илэрхийлж байна. Тэдний захиас өөрсдийгөө хамааралтай гэж мэдрэхгүй байгаа хүмүүст найдвар, зөвлөмж болж байна. Бид заримдаа сүм дээр хүртэл ганцаарддаг ч эдгээр удирдагч, гишүүдийн онцлон тэмдэглэснээр үл зөвшөөрөгдөх буюу үл тоогдох бэрхшээлийг даван гарахын тулд өөрсдийн зүгээс хийж болох зүйлс гэж бий. Бид харьцуулахаас зайлсхийж, эргэлзэж байсан ч урагшилж, эргэж ирэх боломж үргэлж байдаг гэдгийг мэдэн, хамгийн чухал нь Аврагчид итгэж чадна.

Харьцуулахаас зайлсхий: Эцэст нь бид бүгд адислагдах болно

members at church

“Та нар өөрийгөө бусадтай харьцуулж эхлэхэд нэг бол сэтгэл гутрал руу, эсвэл бардамнал руу хөтлөгддөг. … Адислал хурдан ирэх нь бий. Удаан ч ирэх нь бий. Заримдаа биднийг хөшигний ард талд адислалууд хүлээж байдаг гэдэгт би итгэдэг. … Эцэст нь бид бүгд мөнх амьдралын амлалт нь хүн бүрд зориулагдсан гэдэгт итгэлтэй байж болно.

—Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гари И.Стивэнсон

Рошэл орон гэргүй хүмүүсийн байранд хэсэг хугацаанд амьдарсныхаа дараа Нэгдсэн Улсын баруун хэсгийн баячуудын хороолол дахь хоёр давхар байшинд нүүж оржээ. Нөхрөөсөө салсан, хэдэн хүүхдээ харж асардаг тэрээр хоёр, заримдаа гурван ажил хийж, хоол унд, түрээсээ төлөх боломжтой болж байв. Тэрээр хөрвөгдсөнөөсөө хойш идэвх султай байсан байна.

“Манай тойргийн бүх хүн надаас хамаагүй дээр амьдралтай ч надад тусалж, миний хувцасласан байдлыг хүлээн зөвшөөрдөг байлаа. Хүн бүр л үнэхээр санаа тавьдаг байсан” гэж тэр тайлбарласан юм.

Рошэл санхүүгийн хувьд маш их дарамттай нөхцөл байдалд байсан ч илүү амар хялбар байдалд байгаа тэднийг үзэн яддаггүй байв. “Мэдээж, би илүү аюулгүй байхыг хүсдэг. Гэхдээ л би хөршийнхөө байшин руу хэзээ ч харж байгаагүй, Бурхан намайг орхисон гэж хэзээ ч бодож байгаагүй. Би Түүнийг миний дэргэд байгааг, тэр бүү хэл намайг муу сонголт хийсэн ч хажууд хамт алхаж байдгийг мэдэрч байдаг” гэж тэрээр дурсан ярив.

Рошэлын ажлын цагийн хуваарь заримдаа хэцүү түвэгтэй байсан ч тойргийн удирдагчид, найз нөхөд нь ариун сүмд очих хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд нь түүнд тусалжээ.

“Ариун сүм рүү байнга очдог байх нь энэ хүртэл яваад ирсэндээ талархдаг байхад маань тусалдаг. Би өмнө минь байх юуны ч төлөө санаа зовдоггүй” гэж тэр санаа бодлоо хэлжээ.

Рошэл өөрт нь болон охидод нь амар хялбар байдаггүйг мөн өөрсдийгөө “ХҮГ төгс гишүүн биш” гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэрээр “Бүх хүнд асуудал байдаг. Төгс гэр бүл гэж байхгүй. Ийм үзэл бодол бусад руу харахын оронд Бурхантай харилцах харилцаандаа илүү төвлөрөхөд нөлөөлдөг” гэдгийг ухаарсан юм.

“Охид маань сайн мэдээ миний амьдралд ямар өөрчлөлт авчирсныг хардаг. Би ч бас ямар өөрчлөлт гарч байгааг мэдэрдэг. Би ажил, гэр бүл, Сүм гээд завгүй байдаг учраас надад харьцуулалт хийх зав байдаггүй. Би зөв зам дээр байгаадаа л аз жаргалтай байна” гэж тэр хэлэв.

Хүчтэй бай: Христ таныг өөрчилж чадна

members at church 2

“Миний хажууд сууж байгаа хүн намайг үл тоомсорлож, тэр бүү хэл холдохыг хүсэж байгаа нь … бодит байдал дээр Христ миний талаар юу гэж бодож байгааг мөн Христийн ач ивээлээр хийж чадах бүх зүйлийг маань өөрчилж чадахгүй. … Хүн бүр Бурханы хаант улсад, Христийн бие дотор байртай байх болно гэдэгт мөн бодлогогүй, хайхрамжгүй, бүр тэрнээс ч дор хүмүүс үүнд садаа болж чадахгүй гэдэгт бат итгэлтэй байх ёстой.

—Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Мэттью сүмийн жижиг салбаруудад явдаг байв. Тэр эхнэрийн хамт Украйнаас ирсэн хөрвөгч байсан бөгөөд хэд хэдэн дуудлага, олон орны хүмүүсээс бүрдсэн ХҮГ орчинд дасан зохицсон ч хожим Нэгдсэн Улс руу нүүжээ. Том тойргуудын болон соёлын ялгаа өөрсдийгөө “хэрэгцээгүй, зорилгогүй” гэж бодоход тэднийг хүргэсэн байна. “Бидэнд байр сууриа олох боломжгүй юм шиг санагдсан. Бид ням гарагт үл тоомсорлогдож, өргөн дэмжсэн туршлага болон харилцаа холбоогоор дутагдаж байлаа.”

Өөр хот руу нүүснийхээ дараа Мэттью эхнэрийн хамт орон нутгийн санваарын удирдагчаа айлчлан ирэхийг хүлээж байсан ч түүнийг ариун ёслолын цуглааны үеэр хөдөлгөөнтэй хүүхдэдээ хараа хяналт тавьж байхыг хүсэх зорилготой ирснийг мэдээд, бухимдал нь дээд цэгтээ хүрчээ. Сэтгэл нь гүн шархалсан Мэттью орон нутгийн цуглааны байр руу хэзээ ч дахиж явахгүй гэж бодсон байна. “Энэ бол Их Эзэний Сүм бөгөөд Аврагч намайг ирээсэй гэж хүсэж байгаа гэсэн гэрчлэл маань намайг зогсоосон доо” гэж тэр тайлбарлав. Сайн мэдээнд оролцох нь амьдралд маань байх ямар ч гомдлын мэдрэмж, хувийн сорилтоос давж гарсан үр дагаврыг авчирдаг.”

Сүмийн нөхцөл байдал заримдаа биднийг ганцаардсан, үл тоомсорлогдсон, хэрэгцээгүй мэт санагдуулдаг нь хожмын үеийн гэгээнтнүүдэд нийтлэг тохиолддог зүйл юм. Католик шашинтай зохиолч Дэвид Миллс сүмд явдаг хүмүүст “өөрсдөөс нь баян эсвэл ядуу, илүү эсвэл бага боловсролтой хүмүүстэй эсвэл өөр үндэстэн ястны, өөр өөр насны хүнтэй харьцах үед” тулгардаг бэрхшээлийг тайлбарлажээ. Бид тэдний хэнийг нь ч олон нийтийн сүлжээндээ нэмэхгүй байж магадгүй гэж тэр тайлбарлалаа. Гэвч шашны үүрэг хариуцлага нь өөрсдийнхөө сонгоогүй хүмүүстэй харилцахыг хэлдэг бөгөөд сүлжээнээс илүүтэй нийгэмлэгийн шинжтэй цөөхөн хэдэн үлдсэн газруудын нэг юм. … Та энэ хүмүүсийг хайрлаж сурах хэрэгтэй. Хайрлахыг хүсэхгүй байвал ядаж эелдэг байх хэрэгтэй.”2 Шашны тойрон хүрээлэлд бусдыг блоколж эсвэл дагахгүй байж болохгүй учраас Бурханд итгэж найдах нь заримдаа асуудлаас гарах цорын ганц арга зам байдаг.

Мэттью ийнхүү Бурханд итгэж найдах нь Сүмд идэвхтэй үлдэхэд амин чухал гэдгийг мэджээ. “Зарим үед намайг Христийн тухай гэрчлэл маань л үргэлжлүүлэн цааш явахад тусалж байв” гэж тэр тайлбарлав. “Сайн мэдээ бид бүгдээс илүү чухал. Христ бидний харахгүй байгаа зүйлсийг хардаг бөгөөд биднийг хэн болж чадахыг мэддэг мөн бидэнд зориулсан орон зай түүнд бий.”

АНУ-ын өмнөд хэсэг дэх гишүүн Жасмин “Амьдралд маань хэт их хөндлөнгөөс оролцдог тойргийнхоо нэгэн эгчтэй сайн харилцаатай байхад надад хэцүү байсан бөгөөд энэ нь надад сүмд эргээд очиход саад болж байсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч түүний бяцхан хүүд санаа зовох сэтгэл нь эргээд очиход ямар байх бол гэсэн эргэлзээг давах тэр үед Жасмин “хэн нэгэн намайг дорд үзэж байгаа эсэхээс үл шалтгаалан бусдын санаа бодолд өөрийгөө Христээс нүүр буруулах боломж олгохоо болих” цаг ирсэн гэдгийг мэдэв.

Төд удалгүй найз нөхөд нь бяцхан гэр бүлийг нь бүрэн дүүрэн хүлээн авч, Есүс Христийн Сүмд өсөж хөгжихөд нь туслах газар руу хүчтэй шуурганаар ч гараад очих хангалттай зоригийг тэр нэгэн ням гарагт олжээ. “Би Сүмийг орхисондоо харамсаж байсан” гэж тэр хэллээ. “Сайн мэдээ бусдын тухай биш, бүр миний тухай ч биш, харин Аврагчийн тухай учраас би бууж өгөөгүйдээ мөн урагш алхсандаа баяртай байдаг.”

Харанхуй руу алх: Гэрэл гарч ирнэ

members of the Church

“Эгэл эмэгтэй, эрэгтэйчүүд ‘Гэрэл замыг минь заан, урдах замаа харах хүртэл харанхуй руу алхаж орно гэдэг бүтэшгүй хэрэг’ гэж хэлдэг. Биднээс хөлөө газарт тавих үед гэрэл асна гэдэгт найдан урагш алхахыг шаарддаг.”

—Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар

Зарим үед ирээдүйд юу хүлээж байгааг бүрэн дүүрэн мэдэхгүй байгаа учраас сайн мэдээн дээр сууриа тавих нь шинэ гишүүдэд хэцүү байдаг. Тайваний гэрийн эзэгтэй Мэй-Синий хувьд итгэлийн энэхүү хэсгээс суралцах нь хүүхдүүдийг дэлхийд авчрах сайн мэдээний зөвлөмжийг багтаадаг. “Манай соёлд ихэнх гэр бүл нэг хүүхэдтэй эсвэл хүүхдийн оронд тэжээвэр амьтантай байдаг” учраас энэ бол хэцүүхэн алхам гэдгийг тэр ажигласан байна. Бие давхар болох бүрдээ тэр үл мэдэгдэх ирээдүйд хөл тавин, зарим үед хамаатан садан, нийтлэг соёл уламжлалаас ирэх хурц шүүмжлэлийг үл тоомсорлох итгэлтэй байх шаардлагатай байлаа.

Ихэнхдээ урагш алхахын тулд үл мэдэгдэх ирээдүйд хөл тавих шаардлагатай болдог бөгөөд энэ нь шинэ итгэлтнүүдэд айдас төрүүлж байдаг. Энэ нь Их Эзэн аян замд нь тусална гэдэгт итгэх итгэлийг хөгжүүлэхийг шаарддаг юм. Айдас түгшүүр, эргэлзээтэй байх нь суралцах, өсөж хөгжих үйл явцын энгийн нэгэн хэсэг боловч заримдаа үл мэдэгдэх ирээдүй рүү хийх алхмууд нь гэр бүлтэй болох эсвэл Сүмд эргэж ирэх аль нь ч байсан гэсэн айдас төрүүлэм байх нь тодорхой. Учир нь итгэлийн сорилтын дараа гэрчийг хүлээн авдаг юм (Ифер 12:6-г үзнэ үү). Мэй-Син нөхрийн хамт ийм нэгэн гэрчийг гэр бүлээ зохиосны дараа хүлээн авчээ. “Бид хүүхдүүдтэй байгаадаа маш их баярлаж, талархдаг” гэж тэр хэллээ. “Бид арвич хямгач амьдарч, нэг нэгэндээ тусалж, бие биенээ хайрлаж сурсан. Бид тэднийг дэлхийд авчирсандаа талархаж байна.”

Ихэнхдээ анхны алхмуудыг хийх хамгийн хэцүү байдаг. Ахлагч Бэднарын хэлснээр “Хамгийн анх [харанхуйд хөл тавих] үед эргэлзээ биш бага зэрэг тодорхой бус байдал, бүр багахан айдас байдаг. Эдгээр нь байдаг л зүйл юм”. Урагш алхах үйл явц үргэлж дардан биш байх боловч (“хэзээ ч тасалдахгүй үргэлжлэх мөчлөг биш” гэж тэр тайлбарлав) бид “шат шатаар” өсөж хөгжин, итгэлээ алхам алхмаар өсгөдөг.

Урагш алхахад дадлага шаардлагатай гэж Орос, Европтой хил залгаа Гүрж улсын хөрвөгч Лазар зөвлөлөө. ХҮГ найзууддаа итгэж сурах нь түүний хамгийн анхны алхам байсан бөгөөд тэр санваарын адислал хүлээн авахыг зөвшөөрчээ. “Үүний дараа би номлогчдоос хичээл авах боломжтой болсон” гэж тэр тайлбарлав. Лазарын Есүс Христэд итгэх итгэл өссөн бөгөөд “Би 100% итгэлтэй биш байсан ч гэсэн баптисм хэмээх нэгэн том алхмыг хийсэн. Их Эзэн алхам бүрд минь урам зориг хайрлаж байсан бөгөөд одоо би үүнийг хийсэндээ маш их баяртай байна” гэжээ.

Бүү бууж өг

church scenes

“Өөрсдийгөө хэт их нүгэл үйлдсэн эсвэл хэт хол явсан эсвэл хэт удаан явсан мөн ямар нэгэн байдлаар хүмүүсийн дунд эргэн ирэх боломжгүй гэж бодож байгаа хүмүүст хандан хэлэхэд: Хэн ч Христийн гэрлийн тусгал хүрэх зайнаас хол унана гэж байдаггүй юм шүү. Ийм байх ч боломжгүй.”

—Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд

АНУ-ын Юта мужийн итгэлтэй ХҮГ гэр бүлд өсөж торнисон Брайн Сүм өөрт нь тохирох зүйл биш гэж үзжээ. “Би уран зөгнөлт тоглоом, кино, рок хөгжимд дуртай байсан бөгөөд скаут, судар, семинар, спортод дургүй байсан” гэж тэр хэллээ. Тэр гэрээсээ явмагц орон сууцанд амьдрах болсон бөгөөд “өөрийгөө бэлгийн харьцаа, хар тамхи зэрэг дэлхийн зүйлст зориулжээ.” Брайн хэсэг хугацааны турш “дур зоргоороо амьдарч, хэрэн тэнүүчилсний” дараа санхүүгийн асуудалд орж, эцэг эх нь буцаад түүнийг өөрсөд дээрээ авсан ч тэр сүмд эргэж ирээгүй юм.

Охин дүүтэй болсон нь түүнд үзэл бодлоо дахин үнэлж цэгнэхэд хүргэсэн байна. Тэр анх удаа түүнийг тэврэхдээ “тэр зүгээр л нэг амьтан биш гэдгийг би мэдсэн” гэж дурслаа. Тэр бага зэрэг сандарсан байдалтай дүүгийнхээ адислалд оролцсон бөгөөд ариун ёслолын талх, ус ирэх үед “би хүртэлгүйгээр өнгөрүүлсэн ч өөрийгөө сүнслэг байдлаараа цангаж байгааг мэдэрсэн” гэжээ.

Зөрчилдөөнтэй мэдрэмжүүдийнхээ учрыг олох гэж хичээхдээ Брайн тэмдэглэл хөтөлж эхэлсэн байна. “Би нэг өдөр нэлээд орой сүнслэг асуудлуудаа бичиж тэмдэглэн суулаа. Би анхныхаа сүнслэг туршлагыг олж авсан ч энэ нь эерэг зүйл байсангүй.” Тэр бодгалийг нь авахыг оролдож буй хилэнцэт, үзэн ядалт, уур уцаараар дүүрэн хүчийг мэдэрчээ. “Энэ бүхний дараа надад Их Эзэн хэрэгтэй гэдгийг би мэдэрсэн” гэж тэр тайлбарлалаа. Гэвч замаасаа дэндүү холдсон Брайн “Би Түүний тусламж, хамгаалалтыг хүртэх эрхтэй гэж үү?” хэмээн боджээ. Тэр дахиад ариун ёслолоос хүртэж чадах эсэхтээ эргэлзэв.

Буцаж ирэх зам саад тотгортой байсан. Тамхиа хаяхад хэцүү байсан бөгөөд бишоптоо нүглээ хүлээхэд зориг шаардаж, хуучин найз нөхөд, дадал зуршлаасаа салахад хүндрэлтэй байсан. Түүний гэр бүл, найз охин, бишоп гээд бүгдээрээ түүнийг дэмжсэн ч Брайн хүч чадлын хамгийн гол эх сурвалж нь Есүс Христ болохыг ойлгожээ.

“Их Эзэн надад туслахыг хүсэж байгааг би мэдсэн” гэж тэр дурслаа. “Хуучин хүсэл эрмэлзлүүд шинэ боломжуудаар солигдов. Сайн мэдээний дагуу амьдрахаар хэдий чинээ хичээж зүтгэнэ, төдий чинээ зам маань тодорхой болж байлаа.” Брайныг Их Эзэнд итгэж найдан, Түүний өршөөн, эдгээх хүслийг мэдсэний дараа ариун ёслол түүний хувьд илүү агуу утга учиртай болж, Аврагчид илүү ойртоход нь тусалжээ. “Би хүүхэд байхдаа сүм дээр талх, уснаас олон зуун удаа хүртэж байсан ч эцэст нь ийм мэдрэмжтэйгээр анх удаагаа хүртэж чадсан юм.”

Хэн ч таныг орлож чадахгүй

members at church

Машинаасаа гараад, сүм рүү орох, бусад гишүүнд туслах, гомдлын мэдрэмжээ давж гарах, ирээдүйд юу болох талаар бүрэн дүүрэн мэдэхгүй ч сайн мэдээний дагуу амьдрах, нүглээ хүлээх зэргээр бид бүгд амьдралын модонд хүрэх замдаа хүнд хэцүү, тодорхой бус замаар аялдаг (1 Нифай 8-ыг үзнэ үү).

Аврагчийг дагах хувийн үүрэг амлалт маань эсэн мэнд ирэхэд нэн чухал билээ. Сүмийн гишүүд, удирдагчид бидэнд урам зориг өгч, хайраа үзүүлэн, хүлээн авах нь чухал хэдий ч, бидний хүн нэг бүр ганцаараа гэдгээ мэдэж байсан ч Аврагчийг дагахад бэлэн байх ёстой цаг үетэй тулгардаг.

Есүс Христийн Сүмд байр сууриа ол. Битгий харьцуул, харин Христэд өөрийг тань өөрчлөх боломжийг олго. Шагнал авах итгэлийн алхмуудыг хий, эргэж ирэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг сана. “Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20).

Эшлэлүүд

  1. Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23–27-г үзнэ үү.

  2. Дэвид Миллс, “Go to Church, Meet Annoying People,” 2017 оны 2-р сарын 1, aleteia.org/2017/02/01/go-to-church-meet-annoying-people.