Христийн мэндэлсний баярын магтуу дууны гайхамшиг
Эдгээр өсвөр үеийн хүүхэд хэдхэн энгийн дуугаар хэчнээн их баяр баясгалан авчрахаа төсөөлөөгүй байжээ.
Хуакинд зориулсан магтуу дуу
Аргентинд Христийн мэндэлсний баярын магтуу дууг дуулдаг уламжлал тийм ч их байдаггүй. Үнэнийг хэлэхэд, эндхийн Христийн мэндэлсний баяр та нарын төсөөлдөг цастай баярын уур амьсгалаас өөр юм. Бид дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст амьдардаг учраас Христийн мэндэлсний баяр надад үргэлж том савтай жимсний салатыг санагдуулдаг.
Аав, ээж маань магтуу дууг гэр бүлээрээ дуулаад үзэхийг зөвлөхөд хүүхдүүд бидний тэвдэх, догдлох зэрэгцэж билээ. Бид дуу хөгжмийн хэр их авьяастайгаа мэдэхгүй байсан учраас ядаж л хүмүүст инээмсэглэл бэлэглэх зорилгоор айлчилж буй хүмүүстээ жигнэмэг хийж очихоор шийдсэн юм.
Хуакин хэмээх нэгэн эрэгтэй ухаан орсон цагаас минь л тойрогт маань явдаг байв. Тэр арван хоёрдугаар сард хүндээр өвдөж, ариун ёслолд оролцох боломжгүй болсон юм. Аав, ах нар маань ням гарагт түүнд ариун ёслол хүртээхээр Сүмийн дараа эмнэлэг рүү явдаг байв.
Христийн мэндэлсний баярын өмнөх ням гарагт бид гэр бүлээрээ Христийн мэндэлсний баярын халуун дулаан уур амьсгалыг авчирна гэж найдан Хуакин руу очихоор машиндаа суусан юм. Биднийг очиход сувилагч түүний ор руу дагуулан явав. Тэр биднийг хүлээж байсан гэлтэй судруудаа дууллын номтой хамт орон дээрээ тавьсан байв.
Тэр биднийг ирсэнд баяртай байгаа нь илт байсан бөгөөд тэр даруй бид ч бас түүнийг гэсэн хайрыг мэдэрсэн. Ах нар маань ариун ёслолыг бэлтгэж, адислан, түгээв. Бид явахаасаа өмнө “Алс тэртээ хол Иудейн нутаг хээр талд” дууллыг дуулсан. “Дээдийн дээд Хаан Бурханыг магтъя, ертөнц хүмүүс амар байг” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 52).
Тэр биднийг “тэнгэр элчүүд” гэж дуудан, айлчилж ирсэнд маань талархахад бидний зүрх сэтгэлд амар амгалан, хайрын мэдрэмж төрсөн. Бид бүгд эдгээр мэдрэмжийг л түүнд авчрахыг хүссэн билээ.
Жулиа Г, Аргентин, Буэнос-Айрес
Тэр оройн хамгийн сүүлийн айл
Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр байсан бөгөөд би магтуу дуу дуулахаар гарахыг хүсэхгүй байв.
Гэсэн ч ээж маань гэр бүлээрээ хуучин машиндаа суугаад, эргэн тойрондоо мөсөөр хучигдсан замаар яван, тойргийнхоо гурван бэлэвсэн эмэгтэйд магтуу дуу дуулж өгвөл сайхан байх болно гэж бодож, аав маань ч түүний санааг баяртайгаар дэмжсэн юм.
Надад эвгүй санагдаж байв. Хэн биднийг сонсохыг хүсэх юм бэ? Хэрэв таньдаг хүн маань тааралдвал би ичиж үхнэ ээ. Уурлаж унтууцсан би ах, эгчтэйгээ хамт хойд талын суудал руу хөлөө зөөж ядан оров.
Очих хамгийн эхний байшин хэдхэн гудамжны цаана байв. Хэн ч гарч ирсэнгүй. Бид хоёр дахь айл руугаа явлаа. Дахиад хэн ч хариулсангүй. Би баярлаж эхлэв.
Бид хамгийн сүүлийн айлынхаа нарийн гудамжаар орох үед би “Гэртээ байхгүй байгаасай” гэж бодсон юм.
Гадаа харанхуй болсон байв. Ээж маань хаалга тогшин, хүлээх үед үүдний өрөө харанхуй хэвээрээ л байв. Сайн байна. Удахгүй бид гэртээ харьж, би ч унтлагын өрөө рүүгээ ухас хийнэ дээ.
Тэгтэл удалгүй үүдний өрөөний гэрэл асаж, хаалга онгойх нь тэр. Би маш их ичиж байв. Түүнд садаа болсон гэдэгтээ би итгэлтэй байв.
“Ороод ир. Алив ээ” гэж намхан, туранхай эмэгтэй хэлэв. Тэр хуучны босоо төгөлдөр хуур руугаа заагаад,
“Та тоголдог уу?” гэж ээжээс маань асуув. “Төгөлдөр хууртай хамт дуулцгаая.”
Түүний эелдэг байдал, урам зориг зүрх сэтгэлийг минь зөөллөв. Тэр биднийг тэнд байгаад тийм ч их дургүйцээгүй бололтой. Биднийг хэдэн дуу дуулах үед тэр халуун шоколадаар дайлав.
“Чи тусалж чадах уу?” гэж тэр надаас асуулаа. Биднийг түүний гал тогоо руу ороход, Христийн мэндэлсний баярт зориулан гайхалтай сайхан зассан гоёмсог ширээг хараад би гайхаж орхив. Үнэхээр баяр ёслолын байдалтай байлаа! Суудал бүрийн тоогоор анхааралтай боож багласан жижигхэн боодолтой зүйлс байв.
“Хэнд өгөх гэж байгаа юм бэ?” гэж би асуулаа. Тэр ганцаараа амьдардаг гэдгийг би мэдэж байв.
“Хөршүүддээ” гэж тэр хэллээ. “Христийн мэндэлсний баяр бүрээр би өөртэйгөө адил гэр бүлгүй хөрш айлын хүмүүсээ Христийн мэндэлсний баярын өглөөний унд, бяцхан зоогоор дайлдаг.”
Энэ санаа 13 настай миний сэтгэлийг догдлуулсан юм. Зөрүүд зүрх сэтгэл маань баяр бахдалаар дүүрэв. Тэр өрөө хэчнээн гоё байсан гээч! Тэр намхан настай эгч ямар үзэсгэлэнтэй байсан гэж санана! Биднийг тийшээ авч явсан ээж маань ямар хөөрхөн байсан гээч! Би ингэж нэг баярлав.
Дараагийн сар нь сүм дээр энэ эгч биднийг айлчлан ирсэнд дахин талархсан юм. Тэр жил түүнийг санасан цорын ганц хүмүүс бид байсныг тэр эгч бидэнд хэлж билээ. Хэдэн сарын дараа тэр гэнэт нас барав.
Би тэр нэгэн Христийн мэндэлсний баярыг эргэн санахдаа Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг бусдад авчрахыг хүссэн гайхамшигт эцэг эхдээ мөн тэр настай эгчид талархдаг юм.
Брүүк К., АНУ, Юта