Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Надад Христийн мэндэлсний баярын бэлэг өглөө гэж үү?
Би 2003 оны Христийн мэндэлсний баярын үеэр Калифорнийн Сакраменто номлолд үйлчилж байсан юм. Миний хамтрагч болон байранд хамт амьдардаг байсан өөр хоёр эмэгтэй номлогч хамаатан садан, найзуудаасаа бэлэг, захидал авч эхлэв. Гэхдээ миний хувьд ийм зүйл байхгүй гэдгийг би мэдэж байсан.
Аргентинд байдаг гэр бүл маань бага орлоготой, бичсэн захидал нь хоёр, гурван сарын дараа ирдэг байв. Би хэдий гэр бүлээсээ хол байсан ч Христийн мэндэлсний баярыг Есүс Христэд үйлчлэн өнгөрүүлэхдээ тун баяртай байлаа.
Баярын өмнөх орой биднийг орондоо орох гэж байтал номлогчдын нэг нь хэн нэгэн хүн миний нэрийг бичсэн боодолтой зүйлс үлдээснийг хэлэв.
“Надад уу? Тийм байх учиргүй дээ” гэж би гайхан хэллээ.
Хоёр том хайрцган дээр миний нэрийг бичсэн хэрнээ буцах хаяггүй байв. Би маш их баярлаж, бас нөгөө номлогчид ч миний өмнөөс баяртай байсан юм. Боодолтой зүйлсийг задалтал дотор нь бэлэг сэлт, амттан, хүүхдийн зурсан зураг, бас бус зүйл байв. Би нулимсаа барьж дийлсэнгүй.
“Хэн над руу энэ боодолтой бэлгийг явуулсан байж болох вэ?” гэж би гайхав. Бидний хэн нь ч мэдэхгүй байсан ч ийм өгөөмөр зангийн төлөө бид дөрвүүлээ баясаж билээ.
Христийн мэндэлсний баяраас хойш хэд хоног өнгөрсөн ч хэн надад бэлэг илгээснийг би мэдэхгүй л байв. Тэгээд би номлолын алба руу утасдаад, номлолын ерөнхийлөгчийн нарийн бичгээс хэн надад ийм гайхамшигтай бэлэг явуулсныг асуув. Тэрээр нэг тойргийн нэрээ нууцлахыг хүссэн гишүүн Христийн мэндэлсний баяраар надад бэлэг илгээхээр шийдсэн гэдгийг хэлсэн юм. Христийн мэндэлсний баярын өмнөх орой тийм их хайр авчирсан тойргийн өгөөмөр сэтгэлд болон номлолын минь үеэр үзүүлсэн дэмжлэгт би үргэлж талархах болно.
Сүмийн гишүүн бүр урмын үг, үйлчлэлээрээ дамжуулан гэрээсээ хол байгаа номлогчдод гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлэх боломжтойг би ухаарсан. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан баяруудын нэг байсан юм. Би Аврагчид үйлчилсэн бөгөөд Түүний Сүмийн гишүүдээр дамжуулан Түүний хайрыг мэдэрсэн билээ.