Есүс Христийн сайн мэдээ: Хоргодох газар ба хамгаалалт
Зохиогч нь Бразилийн Куритибад амьдардаг.
Сургаал ба Гэрээн дэх сургаалууд биднийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх үедээ туулах сорилт бэрхшээлээс хамгаалдаг.
Их Эзэн хүмүүсээ хамгаалахыг хүсдэг. Сүм дэх их хавчлагын үед Тэрээр “батлан хамгаалалтын тулд, мөн шуурганаас, хоргодох газар байж болохын тулд” (С ба Г 115:6; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) Сионд цугларахын ач холбогдлыг онцолсон билээ.
“Эдгээр зарлигуудыг судалснаар” Есүс Христийн сайн мэдээгээр амьдрах үед энэ хоргодох газар, хамгаалалтыг хүлээн авдаг (С ба Г 1:37). Иймээс Сургаал ба Гэрээн дэх хэд хэдэн зарчмыг авч үзэцгээе. Эдгээрийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлбэл бидэнд хамгаалалт болж, өнөөдөр бидэнд тулгарч буй уруу таталт, хилэнц, бусад аюулыг сөрөх хоргодох газар байх болно.
Бид Ариун Сүнсийг эрэлхийлснээр хамгаалагддаг
Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах нь дэлхийгээс хоргодох байр, хамгаалалт болдог. Хэрэв Оливер Каудериг илчлэлтийн бэлгийг “ашиглавал” “энэ нь чамайг дайснуудын чинь гараас чөлөөлөх болно, хэрэв энэ нь ийм бус байсан аваас, тэд чамайг алж мөн сүнсийг чинь устгалд авчрах байсан биз ээ” (С ба Г 8:4) хэмээн Их Эзэн амласан байдаг. Оливер Каудери Сүнсний дуу хоолойгоор дамжуулан үхэл, нүглээс хамгаалагдах боломжтой байсан гэдгийг санаарай.
Ариун Сүнсний хүчээр дамжуулан үнэнийг хүлээн авах нь биднийг хүмүүний дүрэм журам, Сатаны худал хуурмаг, хууран мэхлэлтээс хамгаална. Их Эзэн “мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд—үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно” (С ба Г 45:57; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн амласан билээ. Ариун Сүнсний хүч зүрх сэтгэлд маань үнэнийг бичиж, хууран мэхлэлтээс биднийг хамгаалдаг.
Гэхдээ Сүнсний өдөөлтүүдийг анхааралтай сонсох нь биднийг бүхий л бэрхшээлээс хамгаална гэсэн үг биш. Сургаал ба Гэрээ 122-р хэсэгт хэчнээн зохистой байсан ч бид уй гашуу, сорилт бэрхшээлтэй тулгарна гэдгийг харуулдаг. “Бүх зүйлийг мэддэг” (С ба Г 127:2) Бурханы бодол санаа, мэргэн ухаанд “эдгээр бүх зүйл [бидэнд] туршлага суулгах болно, мөн [бидний] сайн сайхны төлөө байх болно” (С ба Г 122:7).
Бид амьд бошиглогчдыг дагаснаар хамгаалагддаг
Сүм зохион байгуулагдсан өдөр Их Эзэн гэгээнтнүүддээ бошиглогчдыг анхааран сонсохыг зарлигласан байдаг.
“Та нар миний өмнө бүхий л цэвэр ариун байдалд алхан, та нарт түүний өгөх түүний бүх үгсэд хийгээд зарлигуудад анхаарал тавигтун;
Учир нь [Сүмийн ерөнхийлөгчдийн] үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой.
Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” (С ба Г 21:4–6).
Их Эзэн Сургаал ба Гэрээнд “Их Эзэний дуу хоолойг, бас түүний үйлчлэгчдийн дуу хоолойг эс сонсож, бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн үгсэд анхаарал эс тавих тэд хүмүүсийн дундаас тусгаарлагдах өдөр ирнэ” (С ба Г 1:14; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) гэж хэлсэн билээ.
Амьд бошиглогчдын сургаалууд өнөөдөр бидэнд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар байдаг бөгөөд эдгээрийг даван туулахын тулд юу хийх хэрэгтэйг хэлдэг учраас эдгээрийг сонсож, хэрэгжүүлэх нь бидэнд хамгаалалт, аюулгүй байдлыг авчирдаг. Их Эзэний амьд бошиглогчид байгаа нь ямар гайхамшигтай адислал вэ!
Их Эзэн Сургаал ба Гэрээ 101:43–62-т амьд бошиглогчдыг сонсохын ач холбогдлыг харуулахын тулд чидун жимсний цэцэрлэгийн тухай сургаалт зүйрлэлийг ашигладаг. Уг сургаалт зүйрлэл нь бошиглогчийг цамхаг дээрх харуултай зүйрлэсэн байдаг. Эрт үед хүмүүс хотын гаднахыг харж, дайснууд ирэх үед хүмүүст анхааруулах харуулд зориулан цамхаг барьдаг байжээ.
Сургаалт зүйрлэл ийнхүү эхэлдэг. “Мөн эргэн тойрны газрыг хэн нэг нь хянаж болохын тулд, миний чидуны моднуудыг гэмтээхээр дайсан ирж мөн жимсний цэцэрлэгийн минь жимсийг өөрсөд дээрээ авахад хугарахгүйн тулд, мөн цамхаг дээр харуул байхын тулд, тэдгээрийн эргэн тойронд харуулуудыг тавьж, цамхаг барь” (45-р шүлэг; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард амьд бошиглогчдын зөвлөгөөг дагаснаар ирдэг хамгаалалт, адислалын талаар заасан байдаг. “Бидний дунд Бурханы бошиглогч байна гэдэг өчүүхэн зүйл биш шүү, ах эгч нар аа. … Бид Сүмийн ерөнхийлөгчийн үгээр дамжин ирсэн Их Эзэний зөвлөгөөг эергээр хүлээн авч мөн хурдан шаламгай хариу үйлдэл хийх ёстой. Бошиглолоор ирсэн зөвлөгөөг дагаснаар аюулгүй байдал, амар амгалан, хөгжил дэвшил, аз жаргал ирнэ гэдгийг түүх харуулдаг.”1
Бошиглогчдыг сонссоноор ирдэг бие махбодын хамгаалалтаас илүү чухал нь сүнслэг хамгаалалт юм. “Та нарыг унагааж болохын тулд Сатан та нарыг мэхлэхээр эрэлхийлсээр” байгаа учир энэ нь тун хэрэгтэй (С ба Г 50:3). Бошиглогчдыг сонсох нь биднийг дэлхийн гүн ухаанаас мөн “үүгээр тэд мэхлэхийг хүлээн худал хэлдэг хүмүүний овжин заль мэх”-нээс биднийг хамгаалдаг (С ба Г 123:12).
Бид гэрлэлтэндээ үнэнч шударга байснаар хамгаалагддаг
Их Эзэн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ мөнх байх болно гэж бидэнд амласан билээ (С ба Г 132:19-ийг үзнэ үү). Өргөмжлөлийн энэхүү сургаал нь дэлхийд газар авсан гэр бүлийн харилцааны талаарх худал хуурмагаас хамгаалах хоргодох байр юм. Хэдийгээр дэлхийн олон дуу хоолой гэрлэлт нь үеэ өнгөрөөсөн, түвэгтэй, шаардлагагүй зүйл гэж тунхаглаж байгаа ч Их Эзэний дуу хоолой “гэрлэхийг хориглодог хэн боловч Бурханаас томилогдоогүй болой, учир нь гэрлэлт нь Бурханаас хүмүүнд томилогдсон билээ” гэж тунхагладаг (С ба Г 49:15).
Их Эзэн гэрлэлтээ хэрхэн хамгаалах талаар “Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой” (С ба Г 42:22) хэмээн заадаг.
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) энэ зарлигийн бүхнийг хамарсан шинж чанарын талаар тайлбарлажээ.
“Их Эзэн бүх зүрх сэтгэлээрээ гэж хэлэхдээ зүрх сэтгэлээ хуваалцахгүй, хуваахгүй, салгаж авахгүй байхыг хэлсэн. Харин эмэгтэйчүүдийн хувьд энэ нь ‘Чи нөхрөө бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой’ гэсэн үг юм.
Өөр хэнтэй ч биш гэдэг үгс бүх хүнийг, бүх зүйлийг хэлж байна. Энэ нь хань ижлийнхээ амьдралд хамгийн чухал хүн болно гэсэн үг. Нийгмийн амьдрал, ажил мэргэжил, улс төрийн амьдрал эсвэл өөр аль ч хүсэл сонирхол ба хувь хүн хамтрагч болох хань ижлээс маань илүү байр суурь эзлэхгүй.”2
Бидний харж байгаа зүйлс бидэнд сайнаар эсвэл муугаар асар их нөлөөлдөг. Иймээс л Их Эзэн дараах шүлгэн дээрх сэрэмжлүүлгийг өгсөн гэж би боддог. “Мөн эмэгтэй хүнийг тачаангуйгаар хардаг тэрээр итгэлийг үгүйсгэнэ, мөн Сүнстэй байх нь үгүй болно; мөн хэрэв тэрээр үл наманчилбаас тэрээр зайлуулагдах ёстой” (С ба Г 42:23; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
Дайсны дайралтаас хамгаалагдахын тулд бидний нүд, зүрх сэтгэл зөвхөн бидний хань ижил, Их Эзэн рүү харсан байх ёстой. Бид хань ижлээсээ өөр хүн рүү харц чулуудах эсвэл өөр хүнийг хүсэх ёсгүй. Бид уг уруу таталтаас хамгаалагдахын тулд зүрх сэтгэл, оюун санаагаа түгжих хэрэгтэй. Энэ бол амжилттай гэрлэлттэй байх Их Эзэний жор юм.
Бид номлолд үйлчилснээр хамгаалагддаг
Бидэнд Сүмд үйлчлэх олон боломж байдаг бөгөөд Их Эзэн “[өөрт нь] үйлчилдэг тэднийг хүндэтгэхдээ баяртай байдаг” (С ба Г 76:5). Номлолд үйлчлэх талаар агуу зарчмуудыг Сургаал ба Гэрээнд заасан байдаг.
Их Эзэн “Мөн явж хаант улсын энэхүү сайн мэдээг тунхаглах, мөн бүх зүйлд итгэлтэйгээр үргэлжлүүлэхэд бүтэлгүйтэхгүй аль ч хүмүүн оюундаа харанхуйлагдах нь үгүй, мөн биендээ ч, үендээ ч, мөчиндөө ч тэр ядарсан байх нь үгүй; мөн толгойнх нь нэг ширхэг үс ч газарт ажиглагдахааргүй унах нь үгүй билээ. Мөн тэр өлсгөлөн явах нь ч, мөн цангах нь ч үгүй байх болно” хэмээн амласан (С ба Г 84:80). Их Эзэн биднийг бэрхшээлээс чөлөөлдөггүй ч биднийг Түүний тэнгэрлэг халамжинд байх болно гэж амладаг гэдгийг санаарай.
Тэрээр “Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88) гэж нэмсэн билээ. Хэрэв бид Түүнд үйлчилбэл “мөнхүү улиран тохиох дор чам дээр хүч байх болно; чамд агуу итгэл байх болно, мөн бибээр чамтай хамт байж мөн нүүрний чинь өмнө явах болно” (С ба Г 39:12). Номлолд бүх зүрх сэтгэлээрээ үйлчилдэг хүмүүс “сүнсний мөн биеийн талаар аль алинаар нь адислагдах болно” гэсэн амлалт хүлээн авдаг (С ба Г 14:11).
Их Эзэн мөн энэ хамгаалалтыг үйлчилж буй хүмүүсийн гэр бүлүүдэд өгдөг. “Тэдний гэр бүлүүдийг би хангах болно хэмээх амлалтыг Их Эзэн бибээр тэдэнд өгч байна; мөн үүнээс хойш үр дүнтэй хаалга тэдний төлөө нээгдэх болно” (С ба Г 118:3).
Мөн итгэлтэй номлогчдод “нүглүүд чинь чамд өршөөгдсөн авай, мөн чи нуруун дээрээ боодлуудыг үүрэх болно” гэж амладаг (С ба Г 31:5). Энэ адислал бол бидний бодгалийн хоргодох газар юм.
Бид аравны нэгийн хуулийг дагаснаар хамгаалагддаг
Бид Сургаал ба Гэрээнээс аравны нэгийн талаар дурдсан дараах сургаалыг олж мэддэг. “Болгоогтун, Хүний Хүүгийн ирэлтийг хүртэл эдүгээ энэ нь өнөөдөр хэмээн нэрлэгдэх бөлгөө, мөн үнэнээр энэ нь золиослолын өдөр, мөн миний хүмүүсийн аравны нэгийг төлүүлэх өдөр бөлгөө” (С ба Г 64:23).
90 нь 100-аас илүү агуу учраас аравны нэгийн хууль нь математиктай зөрчилддөг гэж би хэлэх дуртай. Бид орлогынхоо 10 хувийг Их Эзэнд өгөх үед Тэрээр “тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах” болно хэмээн амладаг (Малахи 3:10; мөн 3 Нифай 24:10-ыг үзнэ үү).
Бид итгэлээ хэр хүчтэй байгааг үнэлж цэгнэхийн тулд аравны нэгийн хуульд хэрхэн хандаж байгаагаа анзаарах хэрэгтэй. Аравны нэгээ төлөх нь мөнгөний асуудал биш бөгөөд итгэлийн асуудал юм.
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Бид аравны нэгийн бүрэн төлөгч байх болон үүнийг дагах хичээл зүтгэлдээ гуйвшгүй байх шийдвэрийг одоо гаргаснаар итгэлдээ хүчирхэгжиж, цагийн явцад бидний зүрх сэтгэл зөөлөрнө. Энэ нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидний зүрх сэтгэлд ирж байгаа өөрчлөлт бөгөөд энэ нь бидний өгөх мөнгө эсвэл эд хөрөнгөнөөс илүү хожмын өдрүүдэд Их Эзэний аравны нэгийг бүрэн төлөгчдийг хамгаалах амлалтыг боломжтой болгож өгдөг [С ба Г 64:23-ыг үзнэ үү]. Хэрэв бид одоо аравны нэгийг бүрэн төлж, үүнийг хийхдээ гуйвшгүй байх үүрэг хүлээвэл өөрсдийгөө энэ хамгаалалтын адислалд тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байж болно.”3
Бид мэргэн ухааны үгийг дуулгавартай дагаснаар хамгаалагддаг
Бид олон хор хөнөөлтэй бодис эрүүл мэндийг маань заналхийлж буй цаг үед амьдарч байна. Их Эзэн бидэнд юу тулгарч байгааг мэдэж байсан учраас 1833 онд бошиглогч Иосеф Смитэд “хуйвалдагч хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа мөн эцсийн өдрүүдэд байх хилэнц хийгээд бодлуудын улмаас энэхүү мэргэн ухааны үгийг илчлэлтээр та нарт өгснөөр би та нарыг сэрэмжлүүлсэн билээ, мөн урьдаас сэрэмжлүүлж байна” (С ба Г 89:4) хэмээн заажээ.
Их Эзэний эрүүл мэндийн хуулийг дагадаг хүмүүс “хүйсэндээ эрүүл энхийг хийгээд яснууддаа чөмөг хүлээн авах болно [бие махбодын эрүүл мэнд]; мөн мэргэн ухаан хийгээд мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг, бүр нуугдмал сан хөмрөгүүдийг олж авах болно [оюун санааны мөн сүнслэг адислалууд]; мөн гүйхэд мөн ядрах нь үгүй, мөн алхахад мөн цуцах нь үгүй байх болно [бие махбодын эрүүл мэнд]” хэмээх амлалтыг хүлээн авдаг.
Мөн Их Эзэн энэ хуулийг дагадаг хүмүүст аюулгүй байдлыг амласан. “Мөн устгагч тэнгэр элч, Израилын хүүхдүүдийн дэргэдүүр өнгөрсний адил тэдний дэргэдүүр өнгөрч, мөн тэднийг хөнөөхгүй байх болно хэмээх амлалтыг Их Эзэн бибээр тэдэнд өгч байна” (С ба Г 89:18–21).
Үхэл бол мөнхийн төлөвлөгөөний нэг хэсэг учраас энэ амлалт нь бид үхэхгүй байх болно гэсэн үг биш юм. Гэхдээ “нүглүүдийнх нь төлөө зөв шударга бус хүмүүсийг шийтгэхээр ирдэг мөн эрт цагт ёс бус египетчүүдийг ёс бус явдлынх нь төлөө цохиж байсан устгагч тэнгэр элч [Египетээс гарсан нь 12:23, 29] гэгээнтнүүдийн дээгүүр өнгөрөх болно.”4
Бид ариун газруудад зогссоноор хамгаалагддаг
Их Эзэн бидэнд ахин дахин “ариун газруудад зогсогтун” (С ба Г 45:32; 87:8; 101:22-ыг үзнэ үү) хэмээн зарлигласан байдаг. Мэдээж хэрэг, бидний ариун сүмүүд бол ариун газар юм. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит (1876–1972):
“Хэрэв бид тэр үедээ юу хийж байгаагаа ойлгох юм бол хишиг хүртэх ёслол нь бидний насан туршийн, ариун сүмд очдоггүй хүнд олдохгүй хамгаалалт болох юм.
Би аавынхаа [ерөнхийлөгч Жозеф Ф.Смит] хүнд хэцүү цагт, уруу татагдах үедээ Их Эзэний Өргөөнд хийсэн гэрээ, өгсөн амлалтаа боддог байсан мөн тэдгээр нь түүний хамгаалалт байсан гэж ярьж байхыг сонссон”5 хэмээн заасан юм.
Ариун сүмүүдээс гадна Сүмийн байр, анги болон бидний гэр орон ариун газрууд хэмээн онцгойлон адислагдсан байдаг. Хэрэв амьдардаг хүмүүс нь зүрх сэтгэлдээ цэвэр ариун, Бурханы зарлигуудыг дагадаг бол эдгээр газар нь ариун байх болно. Бид зарлигуудыг сахих үедээ Ариун Сүнсний нөхөрлөл, удирдамж, тайтгарлыг хүлээн авдаг. Хэрэв Тэр бидний байнгын хамтрагч болж чадах юм бол бид ариун газруудад зогсох нь тодорхой.
Дүгнэлт
Бид эдгээр зарчмаас суралцаж, дагах үедээ Есүс Христийн сайн мэдээний өгдөг олон төрлийн хамгаалалтыг Сургаал ба Гэрээнээс олж мэддэг. Бид энэ хамгаалалтыг хаанаас олж болохоо лавлаж болно.
Гэгээнтнүүдэд хайр, нигүүлслээ үзүүлдэг Их Эзэн бидэнтэй хамт байх болно хэмээн амласан. “Зоригтой байгтун, бяцхан хүүхдүүд минь; учир нь бибээр та нарын дунд байна, мөн бибээр та нарыг орхих нь үгүй” (С ба Г 61:36). “Анхаарагтун, … та нарын Бурхан Их Эзэн, бүр Есүс Христ, хүмүүний сул талыг хийгээд уруу татагдсан тэдэнд хэрхэн туслахыг мэддэг, та нарын өмгөөлөгч тэрээр хэлж байна” (С ба Г 62:1).
Бид Аврагч Есүс Христийн Цагаатгал, сургаалыг амьдралдаа хэрэгжүүлснээр ачаагаа хөнгөлөх мөн нүгэл, бэрхшээлүүдээ даван гарах хүч чадлыг өгч, биднийг гэгээнтнүүд болгодог хамгаалалт, хоргодох газрыг хүлээн авч чадна.