2017
Христийн мэндэлсний баяраар Христийг хайх нь
December 2017


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Христийн мэндэлсний баяраар Христийг хайх нь

Nativity scene

Баяр баясгалан, нигүүлслийн өдөр, Сара Воддопс Морганы бүтээл, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв

Биднийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд ойлгохыг хүсдэг бүх хүнд хандан, “Бид Христийг хайдаг” гэсэн гурван үгээр илэрхийлж болох цэгээс эхлэхийг би санал болгож байна.

Бид Түүнээс суралцах, Түүнийг дагах, Түүнтэй адил болохыг эрэлхийлдэг.

Бид бүтэн жилийн турш өдөр бүр Түүнийг хайдаг. Гэхдээ ялангуяа жилийн энэ Христийн мэндэлсний баяраар хайрт Аврагчийнхаа төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа зүрх сэтгэл маань урьд урьдынхаас илүү Түүн рүү ханддаг.

Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх бэлтгэл ажлын маань нэг хэсэг болгон хоёр мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүс Аврагчийг ирэхэд хүлээн авахдаа хэр бэлтгэлтэй байсан тухай эргэцүүлэн бодоцгооё.

Хоньчид

Хоньчид “сүргээ манаад шөнө хээр хоноглож” байсан гэдгээс илүүг бид мэддэггүй.1 Тэрхүү хоньчид амьжиргаагаа залгуулах гэж өдөр хоногийг өнгөрөөдөг сайшаагдах бодгалиуд шиг энгийн хүмүүс байсан байх магадлал тун өндөр.

Тэд нэгэн үед Христийг эрж хайхдаа тийм ч их идэвхийлээгүй байж болох ч тэнгэр нээгдэн, тэдэнд Христийг зарлан тунхаглахад зүрх сэтгэл нь өөрчлөгдсөн хүмүүсийг төлөөлж болох юм.

Тэд бол тэнгэр элчүүдийн өгүүлэхийг сонсоод, үзэхийг хүсэн, тэр даруй Бетлехем рүү явсан хүмүүс юм.2

Мэргэн хүмүүс

Мэргэн хүмүүс Бурханы Хүү Мессиагийн ирэхийг судалж байсан эрдэмтэн мэргэд байсан. Тэд судлаад, Түүний мэндлэхийг илтгэсэн шинж тэмдгүүдийг танин мэджээ. Тэд тэмдгүүдийг таниад, гэр орноо орхин, Иерусалим руу аялж, “Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ?” гэж асууж явжээ.3

Христийн тухай тэдний мэдлэг цэвэр онолын мэдлэг төдий байгаагүй. Тэд Түүний төрөлтийг бэлгэдсэн тэмдгүүдийг хараад, үйлдсэн. Тэд Христийг олохоор замдаа гарсан.

Мэргэн хүмүүс Христийг судлахаар хайдаг, мэдлэгээр дамжуулан эрэлхийлдэг хүмүүсийг төлөөлж болох юм. Үнэний төлөө сэтгэл зүрхээ зориулсан нь тэднийг яваандаа Христийг хайж олон, Түүнийг Хаадын хаан, хүн төрөлхтний Аврагч хэмээн бишрэн шүтэхэд хүргэсэн.4

Симеон ба Анна

Симеон, Анна хоёр бол Ариун Сүнсээр дамжуулан Христийг эрэлхийлдэг хүмүүсийг төлөөлж болох юм. Энэ гайхамшигтай бодгалиуд чин сэтгэлээсээ шашин шүтдэг хүмүүс байсан бөгөөд мацаг барьж, залбирч, сүсэг бишрэлтэй, дуулгавартай амьдран, Бурханы Хүүгийн ирэх өдрийг хүсэн хүлээж байжээ.

Үнэнч, даруу, итгэлтэй тэд Аврагчийн ирэхийг тэвчээртэй ажиглаж байсан.

Яваандаа тэдний итгэлтэй байдал шагналаа хүртсэн юм. Мари, Иосеф хоёр хожим хүн төрөлхтний нүглийг Өөртөө авах хүүгээ тэдэнд танилцуулжээ.5

Нифайчууд болон леменчүүдийн дунд байсан итгэгчид

Шинэ Дэлхийн итгэгчид Аврагчийн төрөх шинж тэмдгүүдийг хэрхэн ажиглаж байсан тухай сэтгэл хөдөлгөм түүх Мормоны Номон дээр байдаг.

Христэд итгэж байсан хүмүүсийг элэглэн шоолж, хавчин хяхаж байсныг та нар санаж байгаа. Тэр үеийн хашир хүмүүс итгэгчдийг мунхаг мухар сүсэгт автсан хэмээн буруутгаж байсан. Үнэндээ, үл итгэгчид ил тод элэг доог хийснээс болж уг газар нутагт “aгуу самуун” дэгдсэн байв (3 Нифай 1:7). Аврагч төрөх болно хэмээн итгэдэг байсан хүмүүсийг тэд дооглон тохуурхаж байжээ.

Аврагчид итгэдэг хүмүүсийн итгэл найдварыг нэгмөсөн үгүй хийхээр уур хилэн нь буцалж байв. Ийнхүү нэгэн цочирдмоор шийдвэр гарсан тухай Мормоны Номонд цэдэглэгдсэн байдаг.6

Тэр үед амьдарч байсан итгэгчид хэдийгээр бусад хүн өөрсөд рүү нь харж инээлдэн, ад шоо үзэн, доромжилж байсан ч Христийг эрэлхийлдэг хүмүүсийг төлөөлж байж болох юм. Тэд өөрсдийг нь боловсроогүй, харанхуй бүдүүлэг, гэнэн итгэмтгий хэмээн шоолох үед ч Христийг эрэлхийлдэг.

Гэвч бусдын үзэн ядалт жинхэнэ итгэгчдэд Христийг эрэлхийлэхэд нь саад болдоггүй.

Бид Есүс Христийг эрэлхийлдэг

Жилийн туршид, ялангуяа Христийн мэндэлсний баярын үеэр “Би Христийг хэрхэн эрэлхийлж байна вэ?” хэмээн өөрсдөөсөө дахин нэг асуух нь бидэнд тустай байж магадгүй.

Давид хаан амьдралынхаа хүнд хэцүү үед “Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээсээ хайх болой. … сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг” хэмээн бичжээ.7

Бурханыг хайх ийм хандлага нь Давидыг Бурханы зүрх сэтгэлийг дагадаг хүн гэж дүрсэлдгийн нэг шалтгаан байж болох юм.8

Бид Христийн мэндэлсний баярын үеэр мөн бүтэн жилийн турш энх амгалангийн Ханхүү, Израилийн Ариун Нэгэн болох хайрт Аврагчаа зүрх сэтгэл, бодгалиараа эрэлхийлж байх болтугай. Ийм хүсэл эрмэлзэл биднийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд төдийгүй Христийн шавь нарын хувьд хэн гэдгийг маань тодорхойлж байдаг.