Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Христийн мэндэлсний баяр охины минь нүдээр
Би гэр бүлийнхэнтэйгээ хамт Христийн төрөлтийг бодитоор харуулсан малын хашаа руу ороход ямар нэгэн тайван амгалан байдал биднийг нөмрөв. Мал амьтад хашаандаа байсан ба Иосеф, Мариа хоёр шиг хувцасласан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсны эмэгтэй нь нялх хүүхэд тэвэрчээ. Тэд бяцхан хүүхэд рүү харж, амгалан дөлгөөн байдалтай байв. Тэнд уур амьсгал бүхэлдээ нам тайван байсан юм.
Би эхнэр, том хүүхдүүдтэйгээ хамт зогсоод, хамгийн бага охин маань бидний урд бухал дээр сууж байв. Охин маань хөдөлгөөнгүй тайван, харц нь хүүхэд дээр тогтсон байлаа. Гэр бүлийнхэн маань явахаар зэхэх үед би охиныхоо мөрөн дээр гараа тавиад, явах цаг боллоо гэж шивнэв. Харин охин маань бяцхан Есүстэй хамт баймаар байна гэж хэлсэн юм. Охиныгоо тэгж хэлэхэд миний сэтгэл хөдөлж, түүнтэй хамт үлдэхээр шийдэв.
Хэдэн минутын дараа би охиныхоо гараас зөөлөн бариад, явах хэрэгтэйг хэлэхэд охин маань дахиад жаахан баймаар байна гэлээ. Би охиноо тэврээд, хажууд нь өвдөглөн суув.
Тун удалгүй надад цаг хугацаагаар аялж, Мариа, Иосеф хоёртой хамт байсан юм шиг санагдлаа. Тэгэхэд би хамт баймаар байна гэж хэлснийх нь учрыг ойлгож билээ. Сүнс намайг нөмрөн авсан мэт санагдав. Тэр газарт байхад Аврагчийн дэргэд байгаа мэт мэдрэмж төрж байсан. Нүд минь нулимсаар дүүрч, би Түүний хайрыг мэдэрч байлаа. Бидний явах цаг болж, би балчир охиноо дээш өргөн, гарах хаалга руу зүглэх зуур охиныгоо бяцхан Есүстэй салах ёс гүйцэтгэн, хэчнээн их хайртайгаа хэлж байхыг сонссон.
Би үлдсэн амьдралынхаа турш нандигнан дурсах үйл явдлыг тэр орой охинтойгоо хамт өнгөрүүлсэн бөгөөд тэрхүү сайхан боломжийг бараг алдахаа шахсан билээ. Тэр шөнө би бэлэг авсан. Би Бурхантай илүү ойр байж, Түүний хайрыг мэдэрсэн. Би Аврагчид болон Түүний мэндэлснийг дурсан санах болсон тэр боломжинд талархдаг. Аврагчийн амьдрал, үлгэр жишээ, Цагаатгал нь Бурханы бүх хүүхдээ гэсэн дуусашгүй хайрын гайхамшигтай бэлэг гэдгийг би мэднэ. Би тэрхүү бэлгийг зүрх сэтгэлийнхээ угт үргэлж нандигнах болно.