2019
Порнографын асуудалд хандах нь: Хамгаал, хариул, эдгээ
2019 оны 10-р сар


Порнографт хандах нь: Хамгаал, хариул, эдгээ

2018 онд Ютагийн Солт Лэйк Ситид болсон Ютагийн Порнографтай Тэмцэх Эвслийн бага хурал дээр тавьсан үндсэн илтгэлээс эш татав.

Хайрын энэ гурван хэрэглээ бидний хүүхдүүдтэй тулгарч болох порнографын гурван үе шатад тусалж болно.

mother and daughter hugging

Гэрэл зургийг Getty Images-ээс авав. Зураг чимэглэлийг ҮЗҮҮЛЭНГИЙН зорилгоор, загвар үзүүлэгчдийн оролцоотой авсан болно.

Нийгмийн хамгийн залуу хэсэг болох хүүхдүүдэд хүртэл нүүрлээд байгаа порнографын нөлөөнд би үнэхээр зовниж байна. Гамшгийн хэмжээний тахал болох порнограф нь ичгүүр, хууран мэхлэлт, гаж буруу мэдрэмж төрүүлж, өөрийгөө хянах чадваргүй болгон, дийлдэшгүй донтолтод автуулж, бүх цаг зав, бодол санаа, эрч хүчийг нь эзэмдэж болно. Эцэг эх, гэр бүл, багш, удирдагч бидний хувьд хүүхдүүд, өсвөр үеийнхнийгээ үнэхээр харж хандан, нандигнан хайрлаж, хамгаалах хэрэгцээ асар их байна.

Хайр бол Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь. Бурханыг болон хөршөө хайрлах нь Есүс Христийн бидэнд өгсөн хамгийн агуу хоёр тушаал юм. Хайр бидний порнографтай тэмцэхэд туслах хамгийн агуу зэмсэг гэдэгт би итгэдэг.

“Порно хайрыг үгүй хийдэг ч, хайр ч бас порног үгүй хийдэг” гэсэн алдартай үг байдгийг санацгаая. Энэ нь бидний хэн нэгнийг хайрлах хайр тэдний донтолт, зан чанарыг өөрчилнө гэсэн үг биш юм. Харин хайр биднийг, ялангуяа хүүхдүүдээ бэлдэж, хариулж, сонсоход өдөөж чадна. Хэрэв бид энэ тахлыг газрын хөрснөөс арчиж чадна гэдэгт итгэж байгаа бол хайр бидний бүхий л хүчин чармайлтын эхэнд, тэр тусмаа бүр суурь нь байх ёстой.

Би та бүхэнд анхаарах, хүлээн авах, үйлдэх гэсэн хайрын гурван хэрэглээг санал болгомоор байна. Энэ гурван хэрэглээ нь бидний хүүхдүүдтэй тулгарч болох порнографын гурван үе шаттай холбоотой.

Нэгдүгээрт, “Би чамд хайртай” гэж хэлснээр бид тэднийг үнэхээр хамгаалдаг. Хоёрдугаарт, бид тэднийг санаатай болон санаандгүй байдлаар порнограф үзсэн тохиолдолд “Би чамд хайртай хэвээр” гэж хэлснээр үүнд хариулдаг. Гуравдугаарт, тэднийг үзэхээ больж чадахгүй эсвэл донтчихоод эдгэрэх гэж ажиллаж байгаа үед нь “Би чамайг үргэлж хайрлана” гэж хэлснээр тэдэнд хайраар дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Үе шат болгонд хайр түлхүүр нь байх юм.

1. Хамгаалалт: “Би чамд хайртай”

Хайртай хүүхдээ оюун санаандаа дүрсэл. Тэр хүүхдэд хэлсэн “Би чамд хайртай” гэх үг ямар утгатай вэ? Энэ нь үндсэндээ бид хайртай хүмүүстээ хамгийн сайнаараа байж, амьдралынхаа асуудлуудтай тэмцэхэд нь туслан хамгаална гэсэн үг юм. Хамгаалахын нэг хэсэг бол хүчтэй, итгэл хүлээсэн, тогтвортой харилцааг үүсгэх явдал юм. Ийм харилцаа нь хүүхдүүдээ ойр байлгахад тусалдаг. Бид итгэлцлийн хүчтэй харилцааг үүсгэж, өөрийн хүүхэд, ач, зээ нарыг эсвэл өөр ямар ч хүүхдийг хамгаалснаар тэдэнд эргэн ирэх аюулгүй газрыг бэлддэг. Энэ хамгаалалт нь хүүхдүүдэд өөрсдийгөө хэн болохыг болон Бурхантай харилцах харилцаагаа ойлгоход тусалдаг. Хүүхдүүд өөрийн үнэ цэнийг болон бусдын хайрыг мэдрэх нь аз жаргал руу чиглүүлдэг Тэнгэрлэг Эцэгээ төсөөлөн харж, Түүнд найдаж сурахад тусалдаг.

Олон эцэг эх порнограф үнэндээ хэчнээн их аюултай болохыг хараахан ойлгоогүй эсвэл энэ нь зөвхөн хөршийн хүүд л тохиолддог асуудал мэт үздэг байх вий гэхээс миний санаа их зовж байна. Үнэндээ энэ асуудал манай охид, хөвгүүдэд нөлөөлж байгаа ч бид үүний талаар хангалттай ярихгүй байна.

Олон жилийн өмнө нөхөр бид хоёр нэг ач холбогдолтой түүх олж сонссоноо хүүхдүүддээ байнга ярьж өгдөг байв. Энэ түүх бол нэгэн хөгшин хоржигнуурт могой хажуугаар өнгөрч явсан хүүгээс уулын орой дээр гаргаж, үхэхээс нь өмнө сүүлийн удаа нар жаргахыг харах боломж олгохыг гуйсан тухай түүх юм. Хүү тээнэгэлзсэн боловч хоржигнуурт могой хүргэж өгснийх нь хариуд түүнийг хазахгүй гэж амлажээ. Ингэж зөвшилцсөний дараа хүү могойг уулын оройд гаргасан ба тэнд тэд нар жаргахыг хамтдаа харсан аж.

Хүү могойг хөндийд буцаан авчирсны дараа хүү өөртөө хоол бэлтгэж, унтахаар ороо зэхэв. Өглөө нь могой “Бяцхан хүү минь, намайг гэрт минь буцаагаад аваачаач. Дэлхийг орхин явах цаг минь болжээ, би гэртээ харимаар байна” гэв. Бяцхан хүү найдаж болно гэж бодсон бөгөөд могой ч хэлсэн үгэндээ хүрсэн тул могойн хүслийг биелүүлэн гэрт нь хүргэж өгөхөөр шийджээ.

Тэр могойг болгоомжтой аваад, цээжиндээ наан, гэрт нь нүдийг нь аниулахаар цөл рүү эргүүлэн авч явав. Түүнийг хоржигнуурт могойг газарт тавихын өмнөхөн могой эргэж, түүнийг цээжин тус газар нь хазах нь тэр. Бяцхан хүү орилж, могойг газар шидэн, “Ноён Могой, та яаж байна аа? Би одоо үхэх нь!” гэв. Хоржигнуурт могой түүн рүү хараад жуумалзан, “Чи намайг дээш нь авахдаа миний хэн болохыг мэдэж байсан шүү дээ” гэжээ.

Өнөөгийн дэлхийд олон эцэг эх хүүхдэдээ могой бариулж байгааг би хардаг. Би ухаалаг утасны талаар ярьж байна. Бид интернэт оролттой гар утсыг хангалттай сайн заалгах насанд хүрээгүй, бодож, шийдвэр гаргах чадваргүй, өөрсдийг нь хамгаалахад туслах эцэг эхийн хараа хяналт болон бусад хэрэгсэл байхгүй бяцхан хүүхдүүдийн гарт ухаалаг утас өгч болохгүй. Бригам Янгийн Их Сургуулийн гэр бүлийн амьдралын профессор Жэйсон С.Карролл: “Бид хүүхдүүдээ өөрөө өөрийгөө хамгаалдаг болтол нь хамгаалах ёстой” гэжээ. Тархины аз жаргалын төв байрладаг тархины багана хамгийн түрүүнд хөгждөг. Үүний дараа л их тархины бодох, шийдвэр гаргах чадварууд бүрэн хөгждөг. “Тиймээс хүүхдүүд бүрэн ажилладаггүй тоормостой явж байна гэсэн үг.”1

Утас болгонд, тэр ч бүү хэл өсвөр үеийнхний утсанд хүртэл хамгаалалт суулгах хэрэгтэй. Энэ зөвлөгөө насанд хүрэгчдэд ч хамаатай. Хортой могойнд хазуулахаас хэн ч дархлагдаагүй. Зарим эцэг эх хүүхдийнхээ дуудлага, мессежний хэрэглээг хязгаарлаж, дэлгэгддэг утас авч өгдөг.

Ухаалаг утаснаас гадна интернэтээр дамжуулан хүсээгүй мэдээлэл рүү орж болох өөр тоо томшгүй олон хэрэгсэл бий. Хүсээгүй порнографын 79 хувийг гэртээ байхдаа үздэгийг нэгэн судалгаа харуулжээ.2 Зөвхөн хэдхэн хэрэгслийг дурдахад, хүүхдүүд порнографыг таблет, ухаалаг утас, тоглоомын консол, зөөврийн DVD тоглуулагч, ухаалаг зурагт зэргээс үзэж болно. Би гэрийнхээ хөл хөдөлгөөн ихтэй хэсгийг цахим төхөөрөмж ашигладаг тусгай газар болгосон гэр бүлүүдийг мэднэ. Тэр гэр бүлүүд энэ өрөөгөө “хэвлэл мэдээллийн өрөө” гэдэг ба бүх төхөөрөмж нь ил харагдах, гэрэлтэй газарт байрладаг байна. Энэ өрөөнд хэн нь ч зөөврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа байдаггүй.

Зарим гэр бүл унтлагын болон ариун цэврийн өрөөндөө утас ашиглахгүй байх дүрэмтэй. Зарим нь энгийнээр “Утастайгаа хэзээ ч битгий ганцаараа үлд” гэж хэлдэг. Зарим эцэг эх хүүхдийнхээ гар утсанд эцэг эхийн хараа хяналтад байлгадаг программ хангамж бүхий аппликэйшн суулган хэрэглүүлдэг. Энэ бол итгэлцэл төрүүлэх, утасны аюулгүй байдал чухал гэдгийг зааж буй арга зам юм.

Гэр бүлийн хэрэгцээ ямар байхаас үл хамааран гэр бүлийнхээ гишүүн болгонд технологийг эхнээс нь ухаалгаар, эергээр ашиглах, ёс суртахууны сэтгэлгээгээ хөгжүүлэхийг заацгаая. Технологийг үр дүнтэй ашиглах бүтээлч арга замыг хүүхдүүддээ заацгаая. “Үүнийг ашиглах нь сайн уу? гэж өөрөө өөрсдөөсөө асууж үзэн, дүгнэхийг бид тэдэнд зааж чадна. Бидний гэр бүлийнхэндээ одоо зааж буй сонголт ирээдүйн үе үеийнхэнд маань нөлөөлөх болно.

Эцэг эхийн хувьд бид хүүхдүүдтэй харилцах харилцааныхаа ач холбогдлыг болон тэднийг хамгаалахын тулд гаргаж буй онцгой хүчин чармайлтаа авч үзэх байх гэж найдаж байна. Биднийг эдгээр хайраар дүүрэн харилцаагаа бэхжүүлэх үед Бурхан яагаад порнографын хилэнцийн эсрэг сэрэмжлүүлдгийг хүүхдүүд илүү сайн ойлгож, үүнээс зайлсхийх арга замаа олж харж, порнографтай тулгарах үедээ үүнд бэлтгэгдсэн байх болно.

father talking with his son

Гэрэл зургийг Getty Images-ээс авав. Зураг чимэглэлийг ҮЗҮҮЛЭНГИЙН зорилгоор, загвар үзүүлэгчдийн оролцоотой авсан болно.

2. Хариулт: “Би чамд хайртай хэвээр”

Өөрсдийн бодол санаа, туршлага, асуултыг хуваалцахыг дэмждэг ойр дотно, нээлттэй, урам зориг өгдөг ярилцлагыг эцэг эхтэйгээ хийх амаргүй. Бид бүх насны хүүхдийг санаандгүй байдлаар өртөхөөс эхлээд, хааяа хааяа хэрэглэдэг, улмаар эрчимтэй хэрэглэдэг болж, дараа нь салж чадахаа больсон гээд ямар ч түвшний порнографын асуудалтай байлаа ч эртнээс энэ тухай ирж ярилцахад урьж чадна. Эрт ярилцах тусам сайн бөгөөд хүүхдүүд хэдий хэр хайрладгийг тань мэдэрдэг, юу ч хэлж эсвэл хийсэн байлаа ч гэсэн энэ нь тэдний хайрыг өөрчлөхгүй гэдгийг мэддэг бол төдий хэмжээгээр ирж ярилцах магадлал өндөр байх болно.

Гэхдээ хүүхэд сайн дураараа ирж ярих тохиолдол маш ховор байдаг. Гярхай эцэг эх хүүхдээсээ “Юу болов?” эсвэл “Чи нэг л биш байна даа?” гэж хэлэх үед л тэд ихэвчлэн илчилдэг. Хүүхэд хайр халамжийг хэдий чинээ их мэдэрнэ, түүнд нээлттэй ярихад төдий чинээ амар байх болно.

Хайрын энэ баталгаа ахин дахин давтагддаг шалихгүй жижиг туршлагуудаас нь үүдэн, оюун ухаанд нь хоногшин тогтдог. Хайраар авч ярьсан жижиг асуудлууд нь том асуудал үүсэх үед харилцааг нээлттэй байлгаж, эрүүл арга замаар хариулах үндэс суурийг тавьдаг. “Би чамд хайртай хэвээр. Юу ч тохиолдсон байсан би чамайг хайрлахаа болихгүй. Би чамайг үргэлж хайрлана” гэж хэлэхийг тань хүүхдүүд мэддэг байх нь хамгийн чухал.

Яагаад ч юм бэ бид өсвөр үеийнхэн болон хүүхдүүдэд тохиолдох хамгийн хүчтэй өдөөлт, хамгийн том уруу таталтуудын нэгний талаар тэдэнтэй тийм ч их ярьдаггүй. Бидний энэ назгай байдал тэднийг ихэвчлэн интернэт, бусад хүүхэд, бусад өсвөр насныхан, тэр бүү хэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр заалгуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Бидний зарим нь тэдний гэмгүй ариун байдлыг хадгалж авч үлдэхийн тулд порнограф гэсэн үгийг хүүхдийнхээ хажууд хэлэхээс ч эмээдэг. Энэ үгийг хэлэх нь эвгүй санагддаг. Бидний эцэг эх энэ талаар бидэнтэй нээлттэй ярилцаж байгаагүй байх л даа. Бидний яриа сониуч занг нь хөдөлгөвөл яах вэ? Тэд илүү ихийг мэдэхийг хүсвэл яах вэ? Хэрэв бид порнографын талаар хүүхдүүдтэйгээ ярихгүй бол тэд хэрхэн бидэнтэй ярьж чадах билээ дээ?

Эцэг эхчүүд ээ, бид хүүхдүүдээ өөрсөд дээр маань ирэхийг хүлээлгүй яриаг эхлүүлэх ёстой. Би нэг удаагийн үйл явдал болгоод орхихын оронд байнга, тогтмол, тухтай ярилцахыг санал болгож байна. Хайр халамжаар хөтлөгдсөн ярилцлагын гол ашиг тус бол Google биш, харин эцэг эх, итгэл даасан удирдагчид нь мэргэжилтнүүд болдогт оршино. Ярилцлага аюулгүй орчинд өрнөж, энэ нь хүүхдийн итгэлийг нэмэгдүүлдэг. Бид хүүхдүүдээ айлгахыг бус, харин бэлтгэх, урам зориг өгөхийг хүсдэг. Бид тэдэн рүү хандаж бус, харин тэдэнтэй харилцан ярилцахыг хүсдэг.

Эцэг эх, багш нарын хувьд бид өөрсдийн мэдлэгийг тэлэхгүйгээр хүүхдүүддээ тусалж чадахгүй. Юу, яагаад гэдгийг заах нь чухал. Бид өөрсдөө порнографын талаар суралцаж, хүүхдүүддээ энэ нь яагаад буруу, яагаад ийм аюултай, яагаад тэднийг үүнээс болж хохироохыг хүсэхгүй байгааг мөн порнографтай тулгарвал юу хийх ёстойг ойлгуулан тусалж чадна.

Бид яагаад гэсэн асуултад нь насанд тохирсон арга замаар хүүхдүүддээ хариулж байна уу? Хэрэв бид порнографаас зайлсхийх цорын ганц шалтгаанаа “Энэ бол муу зүйл” гэж тайлбарлах юм бол энэ нь хангалтгүй байж болох юм. Харин бид үүний оронд өсвөр үеийнхнийг урамшуулах ёс суртахууны хандлагыг суулгаж өгөхийн тулд “яагаад” гэсэн асуултад нь чадах чинээгээрээ хариулах ёстой.

Порнографаас зайлсхийх олон шалтгаан байж болох ч Fight the New Drug байгууллагаас гаргасан залуучуудын сонирхлыг татаж болох хэд хэдэн шалтгааныг дурдъя.

  • Порнограф тархийг тань өөрчилж, шинэ холбоосууд үүсгэж болох бөгөөд энэ нь тэр ч бүү хэл тархийг жижгэрүүлж, идэвхгүй болгодгийг судалгаа харуулсан байна.

  • Порнограф нь донтуулдаг.

  • Порнограф таны өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг.

  • Порнограф таныг ганцаардуулж болно.

  • Порнограф хайртай хүмүүсийг тань зовлонд унагаана.

  • Порнограф эрүүл бэлгийн харьцааг сүйтгэнэ.

  • Порнограф хүчирхийлэлтэй холбоотой.

  • Порнограф эцэст нь хүмүүсийг худал ярихад хүргэдэг.

  • Порнограф таны цаг зав, эрч хүчийг сорно.

  • Порнограф сэтгэлийн хямрал, санаа зовнил, ичгүүрт нөлөөлнө.

Порнограф Бурханы зарлигуудын эсрэг зүйл гэдгийг би нэмж хэлмээр байна. Энэ болон бусад олон шалтгааны улмаас бид порнографтай тэмцэхээр бэлдэж байгаа ч мөн мэддэг ч гэсэн ажил хэрэг болгохгүй бол үр дүнд хүрэхгүй. Бид боломжийн, ашиг тустай хил хязгаар, хязгаарлалт, шаардлагуудыг тогтоох ёстой. Хүүхдүүдээ порнографаас хол байх өөрийн гэсэн дотоод хүсэлтэй болгох нь юу юунаас илүү чухал юм. Хэрэв энэ асуудлаар ямар байр суурьтай байх шийдвэрээ хүүхэд өөрөө гаргахгүй бол өнөөгийн сэтгэл сэрдхийлгэм статистик мэдээний нэгэн хэсэг болох нь гарцаагүй.

3. Эдгэрэх: “Би үргэлж чамайг хайрласаар байх болно”

Хүүхдүүд порнографт өртөж, урхинд орсон бол хариу үйлдэл хийж, үүнээс салж, эдгэрэх гэж зовдог. Хүүхдүүдийг эдгэрэх хариуцлагаа өөрөө үүрч, бүхнийг ардаа орхин урагш алхах үед тэдэнд чин сэтгэлээсээ, үнэнчээр, тогтмол, тууштай, тэвчээртэй дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай. Хэн ч эцэг эхийг нь орлож, ийм дэмжлэгийг өгч чадахгүй. Бид үнэнийг нарийвчлан, ганцаарчлан зааж, итгэлийг нь бага багаар олж авч, харилцан ярилцдаг болсны дараа гаргасан алдаа, хийсэн сонголтоос нь үл хамааран “Юу ч болсон байсан чамайг хайрласаар байх болно” гэдгийг хүүхдүүд мэдэх ёстой.

Хэдэн жилийн өмнө манай гэр бүлд тохиолдсон нэгэн энгийн явдлыг би хуваалцъя. Нөхөр бид хоёрыг гэртээ байхгүй үеэр том хүү маань хүүхдүүдийг харж байлаа. Манай байшингийн гадаа галын машин ирснийг санаа зовсон хөрш маань утсаар бидэнд дуулгалаа. Бид гэртээ яаран ирж, 10 настай хүү маань арын хашаатай залгаа өндөр, хуурай өвстэй 6 акр талбайд тоглож байсныг олж мэдэв. Тэр очоор гал гаргаж чадах эсэхээ харахыг хүсжээ.

Мэдээж тэр чадсан байлаа! Биднийг ирэх үед гал командынхан гарсан галыг газар авхуулалгүй унтраасан байсан ба тэд хүүд маань сургаалаа хэлж, хөршүүд маань тарж байв. Хүү маань ичиж зовон, айсандаа уйлж байсан ба асуудалд орсноо ойлгосон байлаа.

Бид бүгдээрээ байшиндаа орцгоов. Хүү маань их айсан байсан бөгөөд хэдийгээр нөхцөл байдал ноцтой байсан ч бид хөөрхөн хүүгээ тэвэрч, түүнд хайртайгаа мөн гэмтэж бэртээгүйд нь баярлаж байгаагаа хэлэхээс өөр юу ч хийж чадаагүй юм.

Хүүхдүүд порнограф үзэж, ялангуяа үүний торонд баригдсан үед үүндээ ичиж зовон, айсандаа болж уйлж ч болно. Харанхуйд байгаа зүйлийг гэрэлд гаргаж ирэх хэцүү. Тэд ичиж, эмзэглэж болох юм. Эмчлүүлж, эдгэрэх явцдаа тэд бүтэлгүйтэл, сорилт бэрхшээлтэй учирч болно. Байнга хайрлуулж халамжлуулах гэдэг тэдний хэрэгцээ маш чухал. Гэхдээ хайр нь үргэлж тус болох боловч үүнд хайраас өөр олон зүйл шаардлагатай гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй.

Эдгэрэх явцад нь та үр хүүхдээ хайрлах хайрынхаа зарим хэсгийг тэдэнд туслах зөв эх сурвалжийг олоход чиглүүлэх хэрэгтэй. Таны хайр болгож бүтэхийн үндэс боловч хайртай хүн тань урхинд орсон бол түүнд болон өөрт тань тусалж чадах мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй байж болно. 

Та болон таны хайртай хүн эдгэрэхийг эрмэлзэхдээ бүх шархыг эдгээж, хүмүүсийг нэгтгэж, одоо төсөөлж чадахаас ч илүү харилцааг үүсгэх чадавхыг бий болгох Нэгэнээс хүч чадал олж авч чадна гэдэгт би итгэж байна. Бидний Аврагч, өр зөөлөн Эдгээгчид аврах хүч бий. Бид хүүхдүүддээ эцэг эх нь байж, тэднийг Түүн рүү чиглүүлж чадах ч зөвхөн Тэр л тэдний Аврагч байж чадна. Тэр юу ч болж байсан хүүхдүүдийг маань биднээс илүү хайрладаг нь үнэхээр гайхалтай сайхан билээ.

Jesus with children

Хүүхдүүдэд зөвшөөрч, Тэднийг Над дээр ирүүл, Карл Хэйнрих Блохын зургаас авав.

Эшлэлүүд

  1. Jason S. Carroll, in Lisa Ann Thomson, “Eight Strategies to Help Children Reject Pornography,” Liahona, Aug. 2017, 19.

  2. “The Facts about Online Threats,” Parents Television Council Watchdog (blog), June 21, 2017, w2.parentstv.org/blog.