2019
Үнэнийг хуваалцахаас айхгүй байх
2019 оны 10-р сар


Үнэнийг хуваалцахаас айхгүй байх

Сайн мэдээ, үүний адислалуудын талаарх гэрчлэлээр зэвсэглэсэн Фабианыг хүчтэй, зоригтой гишүүн номлогч болоход бага залуу нас нь саад болоогүй юм.

Fabian with missionaries

Антофагаста руу харсан элсэрхэг уулын энгэрт баригдсан Лас Томас дүүрэгт нар жаргаж байна. Орой болох алдад Чилийн хойд хэсэгт байрлах энэ боомтын хотын гэрлүүд асаж эхэлнэ.

Бямба гаргийн орой 13 настай Фабиан Х. найзуудтайгаа гадуур зугаалж болохоор байлаа. Гэвч Сүмийн шинэ гишүүн Фабиан оройг бүрэн цагийн номлогчидтой хамт өнгөрүүлэхээр шийджээ. “Израилыг цуглуулахад туслах”1 цаг ирлээ!

Кэллэн Ваннаттэр, Йордан Шэлтон нарыг Чилид бүрэн цагийн номлогчоор үйлчлэх хугацаанд хамт ажиллаж байсан бүх итгэлтэй гишүүн номлогч дундаас Фабиан онцгой байсан.

“Тэр завтай л бол бидэнтэй номлолын ажил хийхээр гадуур хамт явдаг байв. Зуны амралт дуусахад тэр сургуульдаа буцаж орох гэж байгаадаа биш, харин бидэнтэй явах хангалттай цаг үлдэхгүй болсонд гуниглаж байсан” гэж Кэллэн хэлсэн юм.

Кэллэний хамтрагчаар хэдэн сар үйлчилсэн Жордан “Фабиан биднийг Антофагастад үйлчилж байхад долоо хоног бүр дөрвөөс таван удаа бидэнтэй хамт явдаг байсан. Тэр бидэнтэй ажиллаж байсан хамгийн сайн гишүүн номлогч” гэж нэмж хэлсэн юм.

Чухам юу энэ залуу эрэгтэйг ангийнхан нь доорд үзэж, танихгүй хүмүүс доромжлохыг ч үл хайхран номлолын ажил хийх ийм хүсэл эрмэлзэлтэй болгосон юм бол? Фабианы хувьд энэ нь түүнийг болон гэр бүлийнхнийг нь сайн мэдээг хүлээн авснаас хойш авсан адислалууд бөгөөд тэр адислалуудаа бусадтай хуваалцахыг хүссэн байлаа.

Fabian teaching with missionaries

“Дүрслэхийн аргагүй баяр баясгалан”

Бүрэн цагийн номлогчид хаалгыг нь тогшсон цагаас хойш Фабиан номлогчдоос хичээл авч эхэлжээ. Тэр анх ариун ёслолын цуглаанд очиж байснаа одоо ч санадаг.

“Ариун ёслолын танхимд орохдоо хэнийг ч таньдаггүй байсан тул би бага зэрэг сандарч байлаа. Гэвч ямар нэгэн гайхалтай зүйлийг мэдэрсэн. Сүмд олон сар, жилээр байсан юм шиг сэтгэгдэл надад төрсөн” гэж тэр хэлсэн.

Хэдхэн долоо хоногийн дараа, баптисмынхаа үеэр тэр “Би усанд умбан гарч ирэхдээ дүрслэхийн аргагүй баяр баясгаланг мэдэрсэн. Есүс Христийг дагаж, Түүний зарлигуудыг чадлынхаа хэрээр сахихыг хичээнэ гэдгээ мэдсэнээр цоо шинэ хүн болсон мэт надад санагдаж байв” гэж хэлсэн юм.

Фабианы эцэг эх Леонардо, Анжэла хоёр гэрлээгүй байсан бөгөөд тэд номлогчдын хичээлд хүүтэйгээ хамт сууж, ариун сүмийн гэрлэлт, мөнхийн гэр бүлийн талаар мэдэж авчээ. Фабиан “Долоо хоногийн дараа аав гэрлэх өдрөө товлосон. Ээж ч үүнд нь их баярласан даа” гэж хэлэв.

Фабианыг Сүмд нэгдсэнээс хойш дөрвөн сарын дараа Анжэла хүүгээ даган баптисм хүртжээ. Түүний хэлснээр “Энэ бол гайхалтай адислал байв.”

Өөр адислалууд ч гэсэн ар араасаа ирсэн юм. Багадаа баптисм хүртсэн Леонардо сүмдээ идэвхтэй болов. Сайн мэдээнээс суралцах нь тэдний гэр бүлд чухал зүйл болжээ. Гэр бүлийн гишүүд хоорондоо улам дотносож, Леонардо ч тогтвортой ажилтай болсон юм. Харин Фабиан Аароны санваар хүртэв.

“Тойргийн гишүүддээ ариун ёслол түгээж, гэрээнүүдээ шинэчлэхэд нь тусалдаг тул би Аароны санваар атгаж байгаадаа баярладаг. Ялангуяа гэрийнхэндээ болон надад зааж байсан ахлагчдад ариун ёслол түгээхдээ би бүр их баярладаг. Намайг ариун ёслол түгээхийг хараад аав маань хэрхэн баярлаж байгааг харах нь надад аз жаргал мэдрүүлдэг” гэж Фабиан хэлсэн.

Fabian with missionaries talking to a young man

“Тэгвэл ч ёстой гоё доо”

Фабиан баптисм хүртэхээсээ өмнө гишүүн номлогчийн ажлыг хийж эхэлжээ.

“Би баптисм хүртэх гэж байгаагаа гурван найздаа хэлсэн. Тэдний хоёр нь ирсэн” гээд, “Би найзууддаа бид юунд итгэдэг, сүм дээр юу хийдгээ ойлгуулж, тэдэнд сайн мэдээнээс суралцаж, баптисм хүртэж, илүү жаргалтай амьдрахад нь туслахын тулд сайн мэдээг хуваалцах дуртай. Тэдний нэг нь баптисм хүртэж, манай чуулгын гишүүн болбол би их баярлах болно. Тэгвэл ч ёстой гоё доо” гэж хэлэв.

Фабиан сургуульдаа Мормоны Номоо авч явдаг мөн номлогчийн товхимлыг найзууддаа өгөхөөр авч явдаг. Тэр Сүмийн талаарх асуултад хариулахдаа баяртай байдаг бөгөөд найзуудаа Ням гаргийн цуглаанд болон өсвөр үеийнхний үйл ажиллагааны үдэшт урьдаг. Тэр бас гудамжинд яваа хүмүүс дээр очиж, номлогчдын түүнд зааснаар тэднийг Сүмийн талаар сурч, баптисм хүртэхэд бэлтгэхэд урихаасаа айдаггүй.

“Фабиан хэн нэгнийг өөрийг нь гэрчлэлээ хуваалцахад гайхах вий гэж ер санаа зовдоггүй. Тэр өөрийгөө зөв зүйл хийж байгааг мэддэг. Сүнслэг зүйлс юу юунаас ч илүү чухал болохыг тэр мэддэг” гэж Кэллэн хэлсэн юм.

Фабианыг гэрчлэлээ хуваалцахад түүний хөрвөлт, сайн мэдээг хайрлах хайр, адислалаас нь хүч авдгаа Жордан хэлсэн.

“Тэр гэр бүлд нь ирсэн адислалуудыг харсан бөгөөд энэ нь түүнийг найзуудтайгаа сайн мэдээг ийм зоригтой, шууд хуваалцахад нөлөөлдөг. Тэр нэг удаа эцэг эх нь гэрлэсэн явдал том адислал байсан ч баптисм хүртсэнийхээ дараа ээжийгээ баптисм хүртэхийг дөрвөн сар хүлээх ямар хэцүү байсан тухай гэрчилсэн юм. Тэр сэтгэлээ барьж дийлэлгүй, уйлж билээ. Дараа нь тэр хэрэв бид зарлигуудыг сахивал Бурхан биднийг харж хандана хэмээн гэрчлэлээ хуваалцсан” гэж Жордан ярив.

Фабианы гэрчлэл түүнийг хүчирхэг гишүүн номлогч болгодог хэмээн Кэллэн нэмж хэлэв.

“Тэр ‘Сүм дээр хэн нэгэн ингэж хэлэхийг би сонссон’ гэдэггүй, харин анх удаа сүмд ирэхдээ юу мэдэрсэн, Мормоны Номыг уншихад ямар мэдрэмж төрдөг зэргээр өөрийн хувийн туршлагаас байнга хуваалцдаг. Тэдгээр нь бүгд жинхэнэ, бодит байдаг” хэмээн хэлсэн юм.

“Миний сэтгэл санаа үргэлж сэргэдэг”

Фабианы хувьд сайн мэдээг хуваалцах нь өөр нэгэн адислалыг авчирдаг.

“Заримдаа сургууль дээр надад таагүй зүйл тохиолддог ч номлогчид манай хаалган дээр ирээд тогшиж, заахад маань туслах уу гэж асуудаг. Тэдэнтэй явсны дараа надад ямар ч асуудал байхгүй мэт санагддаг. Тэдэнтэй хамт гадуур явж, судраас уншиж мөн сайн мэдээг хуваалцахад нь тусалсны дараа миний сэтгэл санаа үргэлж сэргэдэг. Сайн мэдээг болон хөрвөсөн түүхээ хуваалцах нь миний гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг. Харин сайн мэдээг заах нь бусдад, ялангуяа эмэгтэй дүүдээ үлгэр дуурайл үзүүлэх боломжийг надад олгодог” гэж тэр хэлсэн юм.

Фабианы том зорилгуудын нэг бол ахлах сургуулиа төгссөнийхөө дараа бүрэн цагийн номлогч болох явдал гэхэд гайхах хэрэггүй биз ээ.

“Би үнэнийг мэдэхгүй хүмүүстэй үнэнийг хуваалцахыг хүсэж байна. Би тэднийг гэм нүглээ угаахад урихыг хүсэж байна. Би тэдэнд хэрхэн мөнхийн гэр бүлтэй болох арга замыг заахыг хүсэж байна. Би тэдэнд одоо аз жаргалтай байж мөн энэ амьдралын дараа ч гэсэн төгсөшгүй аз жаргалтай амьдралаар амьдрахад урихыг хүсэж байна” гэж тэр хэлсэн юм.

Эшлэл

  1. Рассэлл M.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (Өсвөр үеийнхний дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.