Залбирахад л хариулдаг
Проди унтахаасаа айж байлаа. Тэр дахиад хар даран зүүдэлбэл яах вэ?
“Залбир, Тэр тэнд байдаг” (Хүүхдийн дууны ном, 6).
Проди орон дээрээ дургүйхэн гарч суув. Зүрх нь хүчтэй цохилно.
Харанхуйд сууж байх хооронд дээвэр дээр бороо дуслан орох чимээ сонсдоно. Тэр цонхны цаана байх Африкийн инжрийн модноос ус дуслан орохыг сонсож, агаар бүгчим, дулаан байгааг мэдрэв. Проди гүнзгий амьсгал аваад, тайвшрахыг хичээлээ. Энэ чинь зүүд төдий зүйл шүү дээ.
Тэр орноосоо шурган бууж, аав ээжийнхээ өрөө рүү шагайв. Аав, ээж нь тайван унтаж байлаа. Эмэгтэй дүү Сэлиа ч бас орон дээрээ эвхрэн унтаж байв. Бүх зүйл зүгээр. Гэр бүл нь аюулгүй байлаа.
Проди орондоо буцаж ороод, унтах гэж оролдов. Тэр орондоо хэсэгтээ л хөрвөөв. Зүүд нь жинхэнэ биш гэдгийг мэдэж байсан ч маш аймшигтай байлаа! Тэр ядарч байсан ч эргэж унтахаасаа айж байв. Тэр дахиад хар даран зүүдэлбэл яах вэ?
Проди дээш харан, таазаа ширтэнэ. Тэр сайхан зүйл бодохыг хичээж байв. “Тэнгэрлэг Эцэг минь, та үнэхээр тэнд байна уу? Та хүүхэд бүрийн залбирлыг сонсож бас хариулдаг уу?” Продиг Хүүхдийн хэсгийн дуртай дууныхаа үгийг бодох үед дулаахан таатай мэдрэмж төрлөө. Киоска эгч Тэнгэрлэг Эцэг үргэлж тэднийг харж ханддаг тухай заасан байв. Тэд хаана ч хэзээ ч Түүнд хандан залбирч болно.
Проди юу хийхээ мэдэв. Тэр орноосоо босоод, залбирахаар өвдөг сөгдөв.
“Хайрт Тэнгэрлэг Эцэг минь ээ, би үнэхээр их айж байна. Гэр бүлийг минь хамгаалаач. Унтаж, дахин муухай зүүд зүүдлэхгүй байхад туслаач” гэж тэр залбирлаа.
Проди залбирч дуусаад, орондоо буцаж оров. Түүний бие тайвширч, оюун санаандаа амар амгаланг мэдэрч, удалгүй унтсан байлаа.
Өглөө болоход Проди цонхоор нарны дулаахан гэрэл тусаж байхад сэрэв. Тэр гал тогоонд сав суулга хангинахыг сонсон, ээжийгээ олохоор бослоо. Сэлиа ширээн дээр суугаад, үлдсэн кассавагаас идэж байв. Ээж нь түүнд бас зориулан идэх зүйл халааж байлаа.
“Бонжур, сайхан амарч чадсан уу? гэж ээж асуув.
“Би аймшигтай хар дарсан зүүд зүүдэлсэн. Гэхдээ дараа нь залбирсан чинь Тэнгэрлэг Эцэг тайвшрахад тусалсан” гэж Проди хэлэв.
“Муухай зүүд зүүдэлсэн чинь ямар харамсалтай юм бэ” гэж ээж нь хэллээ. Тэр Продиг энгэртээ удаан гэгч тэврэв. “Гэвч чамайг залбирсанд би их баяртай байна. Тэнгэрлэг Эцэг үнэхээр чамд тусалсан бололтой.”
“Тэр тусалсан. Би дахин унтаж, муухай зүүд зүүдлээгүй” гэж Проди хэлэв. Проди ээжийгээ чанга тэвэрлээ. Тэр хэчнээн их айж байсан ч Тэнгэрлэг Эцэг залбирахад л хариулдаг гэдгийг мэдсэндээ баяртай байв.