Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Талархлаар дүүрэн хоёр хуудас
Элис Далэн
АНУ, Юта
Аав маань өөртөө итгэлгүй, үнэ цэнгүй болсон мэт мэдрэмжээсээ болж амьдралынхаа турш зовж шаналсан байв. Өөрийг нь байнга үнэ цэнгүй гэж хэлдэг архичин эцэг нь түүнийг өсгөсөн байж. Аз болоход аав маань архичин болоогүй ч биднээр бахархаж эсвэл бидний хийсэн сайн зүйлсийг сайшааж байгаагаа надад ч мөн ах дүүст маань ч хэлж байгаагүй юм. Том болоод би түүнийг баярлуулахыг хичээдэг байсан ч баярлуулж чадахгүй байгаа мэт үргэлж санагддаг байв. Энэ нь бидний харилцааг ээдрээтэй болгодог байлаа.
Тэр нэгэн жил би энэ талаар ухаалаг бишоптойгоо ярилцсан юм. Тэр надад аавдаа талархаж явдаг бүх шалтгаанаа тоочсон захидал бичихийг зөвлөж билээ. Энэ нь миний хувьд хэцүү зүйл байв. Миний шарх гүн байсан ба би талархлын захидалдаа дургүйцлээ илэрхийлэхийг хүсэхгүй байлаа. Тиймээс би залбирлаа. Сүнс намайг удирдаж, аавдаа талархаж явдаг шалтгаанууд ар араасаа ундарч эхлэв. Үүнд цаг их орсон ч эцэст нь би хоёр нүүр дүүртэл бичсэн байлаа.
Аав хэрхэн хандахыг мэдэхгүй байсан ч би захидлаа өгөв. Гэхдээ би түүний ямар хариу өгөхийг сонгож чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Би зүгээр л өөрийнхөө зүрх сэтгэл рүү өнгийж, захидал бичих учир шалтгаанаа санах хэрэгтэй байсан юм.
Маргааш нь хойд эх маань над руу залгав. Тэр уйлж байлаа. Аав маань захидлыг ахин дахин уншсан гэдгийг мөн маш их уйлж байсан учраас надтай ярьж чадахгүй байгааг тэр хэлэв.
“Баярлалаа! Аавд чинь энэ л хэрэгтэй байсан юм” гэж тэр хэлсэн юм.
Тэр өдрийн орой аав над руу утасдан, талархлаа илэрхийлэв. Энэ захидал түүний хувьд ямар их утга учиртай болохыг хэлэхээр тэр хэд хэдэн удаа өдөр алгасалгүй залгасан юм.
Харилцаа маань гайхамшигтай байдлаар эдгэрсэн гэж би хэлэхийг хүсэж байгаа ч бидэнд хийх зүйл маш их байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зүрх сэтгэл маань эдгэрч, бидний харилцаа сайжирсан юм. Эцэст нь би түүнийг уучилж чадсан.
Хэдэн жилийн дараа аав маань хорт хавдартайгаа ихэд тэмцсэний эцэст өөд болов. Аврагч олон жилийн хүчирхийллээс эдгэрэхэд нь түүнд тусалсан учраас тэр асар их баяр баясгаланг мэдэрч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Би Есүс Христийн Цагаатгалын хүчээр дамжуулан эдгэрснээ мэднэ. Аврагч бидний хэрэгцээг ойлгодог бөгөөд биднийг гомдол, хорслын хороос ангижрахад тусалж чадна. Талархал, өршөөл, хайр нь хүчирхэг эм гэдгийг би мэднэ.