Сайн мэдээний өнцгөөс харахын адислалууд
2017 оны 9-р сарын 19-нд Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн “A Gospel Perspective” үгээс авав.
Сайн мэдээний өнцгөөс харснаар амьдралын нэн чухал зүйлсийнхээ тухай хэрхэн бодож, асуудлыг шийдвэрлэж, хувийн уруу таталтаа ялан дийлэх талаар илүү тодорхой ойлголтыг танд өгөх болно.
Хаант улсын түлхүүрүүдийг сэргээж, бошиглол биелэн, “сайн мэдээ өвч дэлхийг дүүргэх хүртлээ гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу лугаа адил дэлхийн бүх хязгааруудад урагш түгэх[ийг]” (Сургаал ба Гэрээ 65:2) шууд харах боломжийг олгож буй энэ эрин үед Есүс Христийн Сүмийн гишүүд байгаа нь ямар агуу адислал вэ!
Өнөөдөр зохион байгуулагдаад байгаа Сүмийн 3300 гаруй гадсыг харахад Хуучин Гэрээний Даниелд өгөгдөн, дараа нь энэ эрин үед олонтоо давтагдсан энэ бошиглол бидний үед биелж байгаа нь лавтай. Сүүлийн 50 жилийн хугацаанд Сүмийн гишүүдийн тоо 2,1 саяас 16 сая гаруй болтлоо өсөн нэмэгджээ.1
Энэ их өсөлт, өөрчлөлт үр өгөөжтэйгээс гадна сайн мэдээний зарчим, зан үйлүүд, тэр дундаа Есүс Христийн Сүмд илчлэгдсэн тэнгэрлэг засаглалын загвар хэвээр үлдсэн явдал надад гайхалтай санагддаг. Энэ загвар нь “батлан хамгаалалтын тулд, мөн шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар” (Сургаал ба Гэрээ 115:6) болох зорилгоор гадаснуудыг зохион байгуулах боломжийг олгодог.
Ах, эгч нар аа, Их Эзэн бидэнд адислалуудаа өгөөмрөөр өгдөг. Адислал бол зарлигуудад дуулгавартай байсны маань үр дагавар бөгөөд зарлигуудыг дагах нь Их Эзэнд хайраа харуулж буй хэрэг гэдгийг ойлгох нь мэдэж авбал зохих үнэ цэнтэй сургаал юм. Энэ мэт сайн мэдээний зарчмууд бидэнд өөр чухал харах өнцгийг өгдөг.
Энэ нь миний онцлохыг хүсэж буй хоёр санаа руу хөтөлдөг. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс энэ хоёр санааг 2015 онд хуваалцаж байсныг би хэлмээр байна.
Үргэлж сайн мэдээний өнцгөөс харах
Ерөнхийлөгч Өүкс: “Харах өнцөг гэдэг нь бүх баримтыг ач холбогдол бүхий харилцаанд буюу бүхэлд нь авч үзнэ гэсэн үг юм”2 хэмээн хэлсэн. Сайн мэдээний өнцгөөс харснаар ойлгож болох зарим зүйлийг дурдав.
-
Та бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд юм (Сургаал ба Гэрээ 76:24-ийг үзнэ үү).
-
Та энэ дэлхийд зорилготой, сонголт хийх чадвартай ирсэн (2 Нифай 2:27; 10:23-ыг үзнэ үү).
-
“Учир юун хэмээвээс бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй” (2 Нифай 2:11).
-
Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд Эцэгийн өмнө биднийг өмгөөлдөг (1 Иохан 2:1; Сургаал ба Гэрээ 110:4-ийг үзнэ үү).
Та сайн мэдээний харах өнцгийг амьдралынхаа бүх зүйлийг хардаг линзээ болговол юу болохыг бодоод үз дээ. Сайн мэдээний өнцгөөс харах нь амьдралын нэн чухал зүйлсийнхээ талаар хэрхэн бодож үзэн, асуудлаа шийдвэрлэж, хувийн уруу таталтаа ялан дийлэх талаар илүү тодорхой ойлголтыг танд өгөх болно. Энэ нь бүхий л амьдралдаа хандах хандлагад мөн амьдралынхаа туршид гаргах янз бүрийн шийдвэрт тань үнэхээр нөлөөлж чадна.
Ийн харснаар бид Их Эзэн биднийг долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж, өдөр бүр судраас суралцан, Түүнд хандан залбирахыг хүсдэг гэдгийг мэдэж авдаг. Үүнээс гадна, Аврагчаа дагаж, Ариун Сүнсний намуухан өдөөлтийг сонсохгүй байхад Сатан биднийг уруу татдаг гэдгийг бид мэднэ. Ингэснээр дайсан хар тамхи, порнограф зэрэг донтолтоор дамжуулан сонгох эрхийг маань болон түүний хүч чармайлтыг эсэргүүцэх чадварыг маань булаан авахыг хичээдэг болохыг бид илүү сайн мэддэг болно.
Үүний эсрэг, сайн мэдээний линз нь гэр бүлтэй болох буюу гэрлэж, хүүхдүүдээ зөв шударга байдалд өсгөхийн ач холбогдлыг илүү тод харах харааг өгдөг. Энэ хараа нь мөн дайсан гэр бүлийн нэгжийг бүрмөсөн устгаж, хүйсийн үүргийг будлиулан, улмаар энэ нь гэр бүл үүсгэн, бий болгоход тавьдаг нийгмийн үнэ цэнийг бууруулахад хүргэдгийг нүдээ нээн олж харахад тусалдаг.
Сүнслэг байдлаа тэнцвэртэй байлгах
“Залуучууд өөр өнцгөөс хардаг, бүрэн ойлголттой болсон үед … амьдралдаа сүнслэг байдлаа тэнцвэртэй байлгах нь тэдний хувьд нэн чухал. Үүний тулд та дэлхийн анхаарлыг сатааруулдаг зарим зүйлээс зайлсхийж, түүнчлэн Аврагчид ойртохын тулд шаардлагатай зүйлсийг хийх ёстой”3 хэмээн ерөнхийлөгч Өүкс хэлсэн.
Нэг талаас, та нарт анхаарал хандуулах, төвлөрүүлэх, заавар чиглэл авах хэрэгтэй том, жижиг янз бүрийн тулгамдсан, чухал асуудал тулгардаг. Та нарын жагсаалт хувийн нөхцөл байдлаас тань шалтгаалан өөр өөр байж болох ч тэдгээрийн дунд боловсрол, ажил мэргэжилтэй болох, гэрлэх, сэтгэл санааны болон бие махбодын хувьд сайн сайхан байх зэрэг асуудлууд байх нь гарцаагүй. Харин амьдралын эдгээр чухал үүргийг сүнслэг байдалтай хослуулан авч явах нь таны хувьд сорилт болох нь мэдээж.
Түүнчлэн ерөнхийлөгч Өүкс та нарыг болгоомжтой байх талаар ийн зөвлөсөн. “Цагаа анхааралтай хуваарилснаар өөрийн гол хийдэг ажлуудаас гадна сүнслэг байдлын хувьд өөрийгөө өлсгөхгүй байлга. Энэ зарчим нь залуучуудад Сүмийн цуглаандаа оролцох, Сүмд үйлчлэх, өдөр бүр гэр бүлтэйгээ өвдөг сөгдөн залбирах, судраас суралцах, Сүмийн дуудлагад үйлчлэх зэрэг зөвлөгөөг дагах нь яагаад нэн чухал болохыг тайлбарладаг.”4
Та хувийн болон өөр бусад хэрэгцээнээс гадна амьдралын зорилго, саад бэрхшээлийг сүнслэг байдалтайгаа тэнцвэржүүлэх гэж хичээхдээ тэнцвэржүүлэх боломжтой юм байна гэдгээ ойлгох болно. Их Эзэн танаас хийж чадахгүй зүйлийг хийхийг шаарддаггүй. Би ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018) “Их Эзэн дуудсан хүнээ тэнцэхээр болгодог”5 гэж хэлж байхыг олон удаа сонсож байсан. Энэ нь ялангуяа Сүмийн гишүүдэд хамаатай гэж би боддог.
Энэ тэнцвэрийг хадгалан авч үлдэх нь боломжгүй мэт санагдаж болох ч мөнх бус амьдралын тань хамгийн агуу гайхамшгуудын нэг бол сүнслэг байдлаа амьдралын бусад чухал үүрэгтэй эн тэнцүү авч явах чадвар болохыг би амлаж байна. Энэ нь зөвхөн таны сүнслэг байдал, амьдралын чухал үүргүүдээ байгаа байдалд нь хэвээр хадгалахын зэрэгцээ энэ хоёр чухал талбарт хоёуланд нь өсөж, хөгжих боломжийг олгох болно.
Үүнийг боломжтой болгодог гол шалтгаан бол Их Эзэн тусалж байгаад оршино. Тэрээр тэнцвэрийн гол төв цэг юм. Та Түүний хүүхдүүдийн нэг учраас Тэр танд бурханлаг байдлаар анхаарал халамж тавьдаг. Гэхдээ энэхүү үр дүн тэнцвэрээ олохын тулд зохих анхаарал, хүч чармайлт гарсан эсэхээс тань шалтгаална.
Өөрийн ажиглалт, хувийн туршлагаас харахад, бид амьдралынхаа явцад аль нэг тал руу илүү их хазайдаг юм шиг надад санагддаг. Амьдралаа тэнцвэртэй авч явахын тулд байнгын хүчин чармайлт, анхаарал шаардаж байдаг. Тогтвортой байх сонголтыг идэвхийлэн хий.
Сонирхолтой нь, энэ хоёр талын аль алинд анхаарлаа хандуулах хэрэгтэй байж болно. Та “цаг зав гарган, Сүмд үйлчлэхийн”6 зэрэгцээ хичээл сургуульдаа эсвэл ажил мэргэжилдээ илүү их анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай болж болно. Гэвч та сүнслэг байдлын тэнцвэрээ олохын тулд Их Эзэнийг тулах цэгээ болгох хэрэгтэй гэдгээ мартаж болохгүй.
Их Эзэн танд туслах болно
Биднийг сайн мэдээний өнцгөөс харах үед Их Эзэн бидэнд туслах болно гэсэн үндсэн үнэнийг ойлгоход хялбар болох юм. Бид хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг Эхийн хүүхдүүд гэдэг нь сайн мэдээний үндсэн зарчим билээ. Тэдний хувьд биднийг Тэнгэрлэг гэртээ эргэн очиход бүхий л талаараа туслах явдал ердийн зүйл юм.
Их Эзэн танд хэрхэн тусалж чадах талаарх нэгэн жишээг би хуваалцмаар байна. Өсвөр насны удирдагчдын маань нэг Тад Карлсон олон жилийн өмнө энэ түүхийг надтай хуваалцсан юм. Тад саяхан өөд болсон ба тэр өсөх насанд минь надад асар их нөлөө үзүүлж билээ. Тэр Их хямралын үед 14 хүүхдийн 9 дэх нь болж өссөн байв. Гэр бүл нь фермийн аж ахуй эрхлэн, үхэр маллаж, амин зуулгаа залгуулдаг байлаа. Энэ бол санхүүгийн хувьд хүнд үе байсан ба үхэр сүрэг нь тэдний хамгийн том хөрөнгө байсан юм.
Тадын өсвөр насандаа хариуцан хийдэг байсан ажлуудын нэг нь үхрүүдээ харж хандан, шаардлагатай үед үхэртээ хамгийн сайн бэлчээр олохын тулд хариулан бэлчээх явдал байв. Энэ нь бага залуу хүүгийн хувьд том ажил байлаа. Тэр жаахан л чиглүүлэхэд үлдсэнийг нь өөрөө хийчихдэг ухаалаг одой мориныхоо тусламжтайгаар энэ бүхнийг хийдэг байв. Энэ одой морийг Хөгшин Смөүки гэдэг байлаа. Гэвч Хөгшин Смөүки барагтай бол баригддаггүй нэг том дутагдалтай байсан юм. Хэнийг ч дөхөж очиход тэр ажиллах нь гэдгээ мэдэн зугтдаг байв.
Нэг өдөр Хөгшин Смөүкийг барьж, хазаарлан, эмээллэснийхээ дараа залуу Тад үхрээ бэлчээж байсан газар луугаа давхилаа. Газар, бэлчээрийн аль аль нь хуурай байсан ч бэлчээрийн цаахна, төмөр зам дагуу зарим газрын өвс арай урт, ногоон байгааг Тад анзаарчээ. Тиймээс тэр үхрээ хашаалсан бэлчээрээс нь гарган хариулж, төмөр замын дагуух зүлэг ногоог сайхан идэг гэж боджээ.
Тад Хөгшин Смөүкигийн тусламжтайгаар үхрүүдээ бэлчээрээс нь гаргахад тэнд тэд төмөр зам дагуу нааш цааш бэлчиж, илүү сайхан, ногоон өвс идэж эхлэв. Үхрүүд тайван идээшилж, өөрсдийгөө болгож байгаа мэт санагдсан тул Тад мориноосоо бууж, цулбуур дээрээ суун, эргэн тойрноо харан баясан, тоглож, өөрийгөө саатуулж байлаа. Хөгшин Смөүкиг ногоон өвс идэхээр холдоход цулбуур нь Тадын доороос татагдан сугарсан байжээ.
Тадыг гэнэт холоос гарах чанга чимээг сонсох үед амар жимэр, тайван сайхан мөч замхран алга болох нь тэр. Энэ бол нүднийх нь өмнө төмөр зам дээгүүр таран, тайван идээшилж байсан үхэр сүрэг рүү нь уруудан ирж буй зүтгүүрийн дохио байлаа! Хэрэв тэр үхэр сүргээ ирж байгаа галт тэрэгнээс холдуулан, бэлчээрт нь хурдхан шиг эргүүлэн гаргахгүй бол үхэр сүрэгт төдийгүй гэр бүлд нь аймшигтай үр дагавар гарахыг ойлгож байв. Хариуцсан ажил үүргээ биелүүлээгүйдээ өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй мэт түүнд санагдаж байлаа.
Тад хөл дээрээ үсрэн босоод, Хөгшин Смөүкийн цулбуураас барихаар гүйв. Хөгшин Смөүки Тадын ирэхийг хараад, түүнээс дальдчин зугтаж, баригдахгүй байхыг хичээж байлаа. Амьсгаадан, аргаа барсан Тадын толгойд үхсэн үхэрнүүд болон гэр бүлийнх нь гашуудаж буй дүр зураг зурсхийн орж ирэхэд тэр хурдхан арга хэмжээ авах хэрэгтэйгээ ухаарав.
Тэр дараа нь юу болсныг ийн тэмдэглэжээ. “Хүүхдийн хэсгийн багш маань бидэнд залбирахыг зааж, ээжээсээ сурсан сургаалыг маань бататгасан юм. Надад үүнээс өөр ямар ч найдвар үлдээгүй тул би өвдөг сөгдөн, үхрүүдийг маань замаас холдуулж туслаач хэмээн залбирч эхэлсэн юм.”
Тадад ямар ч дуу хоолой сонсогдоогүй ч “Үхрүүд Хөгшин Смөүкийн хажуугаар өнгөрөхөд тэр хөдлөхгүй байгааг нь хар даа. Тиймээс …чи одоо өвдөг сөгдөн суусан чигээрээ гараа доош тулаад, дөрвөн мөчөөрөө хөллө. Үхэр шиг болж, Хөгшин Смөүки дээр мөлхөж оч” гэсэн бодол тодхон гэгч төрөв.
“Намайг хэлснээр нь хийхэд тэр хөдөлсөнгүй. Би цулбуураас нь барин, түүнийг хашаа руу дагуулан явж, дээр нь мордоод, үхрүүдийг бэлчээрт нь буцааж оруулахын тулд салхи мэт хурдалж билээ. Хөгшин Смөүки ч эргэж тойрох болгондоо ер бусын гайхамшигтай байсан” гэж Тад ярьсан юм.
Хожим нь Тад ахлах сургуульд байхдаа, шаардлагатай үед залбирлынхаа хариултыг тодорхой хүлээн авснаа бүрэн ойлгосон аж. Тэрээр “Тэнгэр элчүүд Хөгшин Смөүкиг надаас илүү сайн удирдан залсны улмаас гэр бүлийг маань хүнд асуудал тойрон гарсан юм” хэмээн хэлжээ. Тэрээр хожим нь “Энэ бол надад ирж [байсан] олон өдөөлтийн эхнийх нь байсан юм” хэмээн хэлсэн билээ. ‘Мөн та нар хүлээж авах болно гэж итгээд, миний нэрээр Эцэгээс гуйх, зөв болох юу боловч, болгоогтун энэ нь та нарт өгөгдөх болно’ (3 Нифай 18:20).”7
Галт тэрэг ойртон ирэхээс өмнө төмөр замаас холдуулах хэрэгтэй үхрүүд бидэнд бий. Бидэнд аюул занал олон янзын хэлбэр дүрс, хэм хэмжээгээр ирдэг. Зарим нь бүр Тадад тохиолдсон аюултай явдалтай адилхнаар бидэнд эсвэл бидний хайртай хүмүүсийн амь нас, бодгальд аюултай үр дагаврыг авчирч болно.
Бидэнд тулгардаг бусад нөхцөл байдлын үр дагавар ийм ноцтой биш байж болох ч оюун ухаан, зүрх сэтгэлд хүнд дарамт учруулдаг. Саад бэрхшээл, зовлон зүдгүүр нь бидний мөнх бус оршихуй дахь амьдралын нэгэн хэсэг учраас энэ бүхэн бидний амьдралд тохиолдох нь тодорхой. Гэвч Их Эзэн бидэнд тусална гэдгийг бүү март!
Би Мормоны Номын “Тэд аль ч нутагт байсан хүмүүс болгоныг Бурхан анхааран үздэгийг бид харлаа; тийм ээ, тэрээр өөрийн хүмүүсийг тоолж, мөн нигүүлслийнх нь зүрх сэтгэл бүх дэлхийг бүрхдэг билээ” (Алма 26:37) гэсэн үгсэд дуртай.
Энэ нь бид бүгдэд хамаатай. Их Эзэн бидэнд тусална гэдгийг мэдэх нь ямар агуу тайтгарал вэ!
Итгэл, найдвар ба сайн мэдээний өнцгөөс харах
Дүгнээд хэлэхэд, би та нарыг сайн мэдээний өнцгөөс харахаа бүү мартаарай хэмээн урамшуулж байна. Есүс Христийн сайн мэдээний линзээр эргэн тойрноо ажиглан хар.
Сүнслэг тэнцвэрээ хадгал. Амьдралын төрөл бүрийн үүргээ биелүүлэх явцад бидэнд сорилт бэрхшээл, боломж бололцоо гарч ирдэг бөгөөд тэдгээрийг Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийн хооронд тэнцвэржүүлэх үед бид тэдгээрийг хамгийн сайн туулж, ашиглаж чадна.
Эцэст нь Их Эзэн танд туслах болно гэдэгт итгэж, найд. Энэ мэдлэг мөнх бус амьдрал дахь үйл хэргийн тань салшгүй хэсэг болсон сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр нүүр тулахад тусалдаг тэр зүйл юм.