2019
Болзоо ба порнограф
2019 оны 10-р сар


Залуучуудад зориулав

Болзоо ба порнограф

Болзож байгаа хүнтэйгээ порнографын талаар нүүр тулан ярилцахад үзүүлэх тусламж ба найдвар

young man speaking to a young woman

Гэрэл зураг болон шигтгээ зургийг Getty Images-ээс, үзүүлэн харуулах зорилгоор загвар үзүүлэгчдийн оролцоотой авсан болно.

Залуучуудын хувьд болзох нь сэтгэл хөдлөм, аймшигтай, тааламжтай сайхан, түгшүүртэй зэргийн аль нь ч байж болохыг бид бүгдээрээ мэднэ. Биднийг бие биенээ харилцан нээж, таньж эхлэхэд нэг нэгнийхээ талаар илүү ихийг мэдэхийг хүсэх нь хэвийн үзэгдэл бөгөөд өсөн нэмэгдэж буй эмзэг байдал нь харилцаагаа гүнзгийрүүлэн хүчирхэгжүүлэхэд чухал байдаг. Бидний мөрөөдөл, айдас, итгэл үнэмшил юу вэ? Бид гэрлэлт, гэр бүлийн талаар ямар бодолтой байдаг вэ? Өмнө нь тулгарч байсан төдийгүй одоо ч тулгарч байгаа ямар сорилт, асуудлыг бид бие биетэйгээ ярилцах хэрэгтэй вэ?

Порнографын асуудлын талаар ярих нь (асуух нь) аймшигтай ч ярихгүй байх нь илүү хор уршигтай үр дагаварт хожим хүргэж болзошгүй. Порнографын асуудал болгон өөр өөрийн өвөрмөц онцлогтой, хүч чадал сорьсон байдаг бөгөөд та ийм асуудалтай эсэхийг нь мэдэхгүйгээс гадна болзож байгаа хүндээ энэ тухай хэрхэн хэлэхээ ч мэдэхгүй байж магадгүй. Тиймээс Сүнсний удирдамжийг эрэлхийлэх нь үнэхээр чухал юм. Нөхцөл байдал болгоны шийдэл нэг байх нь үгүй. Гэхдээ бид энэ өгүүлэлдээ энэ талаар бодож байгаа хүмүүст дараах хэдэн зүйлийг санал болгож байна. Үүнд:

  • Би болзож байгаа хүнтэйгээ порнографын талаар хэрхэн ярих вэ? Хэзээ энэ талаар асууж, ярилцвал тохиромжтой вэ?

  • Би порнографын асуудалтай байсан хүнтэй харилцаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй эсэхээ яаж мэдэх вэ?

  • Порнографын асуудлаас салахын тулд бид хэрхэн хамтран ажиллаж болох вэ?

Асуудалтай байсан эсвэл одоо асуудалтай байгаа хүмүүст зориулав

Та өмнө нь порнографын асуудалтай байсан эсвэл одоо ийм асуудалтай байгаа бол бусадтай болзох тухай бодол танд найдваргүй гэсэн бодлыг юм уу тавгүй мэдрэмжийг төрүүлж магадгүй. Гэхдээ та өөрийн амьдралыг порнографаас салгахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол (эсвэл аль хэдийн салгасан бол) өөрийн хичээл зүтгэлээр мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тусламжтайгаар эрүүл саруул, мөнхөд үргэлжлэх харилцааг үүсгэх боломжтой гэдгийг ойлгоорой. Та харилцаагаа цааш үргэлжлүүлэхдээ дараах зүйлийг анхаар. Үүнд:

1. Би энэ талаар үнэхээр ярих хэрэгтэй юү?

“Би аль хэдийн наманчилсан тул порнографын асуудалтай байсан түүхээ болзож байгаа хүнтэйгээ хуваалцах үнэхээр хэрэгтэй гэж үү?” аль эсвэл “Би болзож байгаа хүнтэйгээ одоогийн порнографын асуудлаа ярих хэрэгтэй юү?” гэсэн нийтлэг асуултыг ихэнх нь тавьдаг. Ерөнхийдөө энэ талаар зөв цагт нь мөн соргог мэдрэмжтэй байж, эвтэйхэн ярих хэрэгтэй. Энэ талаар ярьж байхдаа дараах хэдэн чухал зарчмыг бодож үзэх хэрэгтэй.

  • Цаг хугацаа товлох—Энэ талаар харилцаа тань гүнзгийрч, улмаар гэрлэх тухай бодож эхлэх үед аяндаа ярих хэрэгтэй болно.

  • Шударга байх—Харилцаа тань итгэл, зөв шударга байдал дээр үндэслэгдсэн байх ёстой. Хэдийгээр таны болзож буй хүн тантай харилцахаа больж болох ч таны асуудал юу болох, энэ тал дээр ямар ахиц гаргаж байгаа зэргийг болон ирээдүйд дахин асуудал үүсвэл үүнд хэрхэн хандах талаарх төлөвлөгөөг тань ойлгох хэрэгтэй.

  • Өршөөж уучлах—Болзож байгаа хүнтэйгээ порнограф үздэг талаараа нууж хаалгүй ярих гэдэг нь та энэ талаар дэлгэрэнгүй дүрслэн ярих хэрэгтэй гэсэн үг биш юм. Хэрвээ та наманчилж, уучлагдсан гэдгээ мэдэрч байвал цаашид өөрийгөө гэм буруутай гэж бодож болохгүй. Биднийг нүглээ наманчлахад Их Эзэн нүглүүдийг маань санадаггүй (Сургаал ба Гэрээ 58:42-ыг үзнэ үү). Тиймээс та нар болзож байгаа хүнтэйгээ ярилцахдаа буруугаа үнэнээр нь хэлж хүлээх тухайд биш, харин бие биедээ итгэх итгэлээ хөгжүүлэх, буруу үйлдлээсээ хэрхэн салах төлөвлөгөөгөө хуваалцах, тэдний тусламж дэмжлэгийг хүлээн авах зэргийн талаар илүү их ярилцах хэрэгтэй.

  • Эдгэрэх—Та наманчилсан байсан ч порнографыг урт хугацааны турш идэвхтэй үздэг байсан явдал бие бялдар, сэтгэл санаа, нийгмийн болон сүнслэг байдалд тань урт удаан хугацаанд сөргөөр нөлөөлж болно. Эдгэрэх үйл явц хэцүү бөгөөд урт хугацаа шаардах хэдий ч бүрэн бөгөөд жинхэнэ ёсоор эдгэрэх боломжтой. Тэр үйл явцын туршид танд зохих тусламж, дэмжлэг хэрэгтэй бөгөөд үүнд та ирээдүйд гэр бүл болох гэж байгаа хүнээ татан оролцуулах хэрэгтэй.

2. Би илүү дотно харилцаанд ороход бэлэн үү?

Ойр дотно харилцаанд ороход бэлэн эсвэл бэлэн бус байгаа хоёр хүний хоорондын хамгийн том ялгаа бол болзож байгаа хүнтэйгээ илэн далангүй байх хүсэлтэй байх эсэх явдал юм. Хэрэв та порнографын асуудалтай бол айдаст автаж, харилцаандаа үл итгэлцэл үүсгэх эсвэл асуудлыг хамтдаа итгэлээр даван туулах гэсэн хоёр арга зам танд бий.

Хэдийгээр порнографын түүхээ хуваалцах нь эвгүй, аймшигтай санагдаж болох ч үүнийг ярихаас зайлсхийх нь зөвхөн айдас, ичгүүрийн мэдрэмжийг тань л гүнзгийрүүлэх болно. Та тухайн хүнээ алдахаас айснаас болж түүхээ бүхэлд нь хуваалцахыг хүсэхгүй юм уу хуваалцахаас зайлсхийж болох ч энэ нь ирээдүйд бие биедээ итгэл алдрахад хүргэж, улмаар харилцааг тань сэвтүүлж болох юм.

Нөгөөтээгүүр, та болзож байгаа хүнийхээ сонгох эрх чөлөөг хүндлэх юм бол сайн, муу хоёрын аль алиныг нь мэдүүлэх замаар харилцаагаа үргэлжлүүлэх сонголтыг түүнд өгнө. Та гарах үр дүнгээс нь айж байж болно. Гэвч бүх мэдээллийг өгөх юм бол нөгөө хүн тань таны амьдралаа порнографаас салгахын төлөө гаргаж буй хүчин чармайлт, хүсэлд тусалж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Энэ харилцаа бүтсэн ч, эс бүтсэн ч Бурханы тусламжтайгаар та эдгэрэх зам дээрээ цааш үргэлжлүүлж чадна.

Порнографын асуудалтай хүнтэй болзож байгаа залуучуудад зориулав

Порнографт анх нэрвэгддэг насыг ойролцоогоор 11 гэж үздэг тул ихэнх залуучууд 18 нас хүрэхдээ порнографыг ямар нэгэн байдлаар олж үзсэн байдаг гэдгийг тооцоолж гаргахад амархан. Болзоход энэ нь асуудал болж болох юм. Гэхдээ нэрвэгдэх гэдэг нь донтохтой адил биш бөгөөд порнографтай өөр өөр түвшинд холбогддог (Даллин Х.Өүкс, “Порнографын урхинаас мултрах нь,” Лиахона, 2015 оны 10-р сар, 50-ийг үзнэ үү). Есүс Христийн Цагаатгал эрэлхийлж байгаа бүх хүнд хүч чадал өгч, эдгээдэг болохоор хамгийн сайхан мэдээ юм. Харилцаа тань гүнзгийрэх тусам бодож үзэх зарим асуултыг доор өгөв. Үүнд:

1. Би хэзээ яаж порнографын тухай асуух вэ?

Болзож байгаа хүнтэйгээ энэ талаар хэзээ хэрхэн ярихаа эцэг эх, ах, эгч, Сүмийн удирдагчидтайгаа эсвэл сайн зөвлөгөө өгнө гэж итгэж байгаа өөр хэн нэгэнтэй ярилцах нь зүйтэй байж болно. Та тохиромжтой гэж үзсэн арга замыг олж, дараа нь харилцаа тань илүү гүнзгийрч, дотноссон үед тохирсон цагт нь энэ талаар яриарай.

Энэ нь таныг анхныхаа болзоон дээр өнгөрсөн үеийнх нь талаар байцааж шалгаа гэж байгаа юм биш, харин харилцаа тань улам ойр дотно болох үед порнографын асуудлынх нь талаар хэзээ хэрхэн асуухаа Сүнсний удирдамжийг эрэлхийлэн олж мэд гэсэн утгатай юм.

hands holding two torn pieces of a photograph

2. Би хэрхэн хариулах ёстой вэ?

Өөртөө мэдэрдэг зүйлээ болзож буй хүнтэйгээ нээлттэй хуваалцах нь эдгэрэхэд тус болдог. Порнограф үздэг талаар дэлгэхэд та өөрийн бодол санаа, мэдрэмжид анхаарах нь чухал. Энэ нь таныг шүүмжтэй хандах, бухимдах, цочролд ороход хүргэх эсвэл хуурч мэхлүүлсэн мэт мэдрэмжийг танд төрүүлж болно. Гэхдээ тэдний ингэж илчлэх нь та хоёрын хоорондын итгэл, энэрэл, хайр, өрөвдөж хайрлах сэтгэлийг улам бүр нэмэгдүүлж ч болно. Хариулахдаа тэдний болон өөрийн мэдрэмжийг бодолцож үзээрэй.

3. Би хэрхэн бүхнийг ардаа орхин урагшилж болох вэ?

Таны болзож буй хүн порнографын асуудалтай болохыг олж мэдэх нь асуудал мөн. Гэхдээ тэдний хувийн асуудлыг бусадтай хуваалцаж, итгэлийг нь бүү алдаарай. Бишоптой эсвэл сэтгэл зүйчтэй ганцаарчлан ярих эсвэл болзож байгаа хүнийхээ зөвшөөрөлтэйгөөр найзтайгаа эсвэл итгэлтэй удирдагчтайгаа ярих нь тус болж болно.

Харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг байнга эрэлхийлбэл зохино. Гэхдээ дараах зөвлөмж мөн тус болж болох юм. Үүнд:

  • Порнограф амьдралд нь ямар нөлөө үзүүлснийг мөн эдгэрэх явцынхаа аль түвшинд явж байгааг нь асуу. Тэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах замаар амьдралдаа порнографаас салах хүсэлтэй байгаагаа харуулах хэрэгтэй.

  • Порнограф үзэх зарим хэлбэр (жишээлбэл, хүүхдийн порнограф) нь тухайн хүнд мэргэжлийн тусламж хэрэгтэйгээс гадна аюултай байж болохыг харуулдаг гол үзүүлэлт гэдгийг ойлго.

  • Аврагчийн Цагаатгалын хүч бодит гэдгийг ойлго. Бид уучилж чадна, тэд ч эдгэрч чадна.

  • Харилцаандаа үнэнч байх, ариун сүмд гэрлэхуйц зохистой байх зэргээс өөр юу ч чухал биш гэдгийг хамтдаа шийд.

  • Эдгэрэхэд мөн асуудлаасаа салахад цаг хугацаа шаарддагийг ойлго. Муу зуршилдаа эргэж автаж магадгүй гэдгийг мөн тэдний цэвэр байх гэсэн хүчин чармайлтыг дэмжих хэрэг гарч болзошгүй гэдгийг та ойлгоорой. Үүнд тэднийг чухам юу муу зүйл рүү түлхдэгийг (порнограф үзэхэд хүргэж болзошгүй зүйл) ойлгох мөн зохих хамгаалалтыг тавихад нь тусалж дэмжих зэрэг нь орж болно.

  • Хэрвээ харилцаа тань гэрлэх хүртэл гүнзгийрч байгаа бол порнографыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь эрүүл саруул бэлгийн харьцааг харуулдаггүй гэдэгтэй хоёул санал нийлсэн байхад анхаар.

Бүхнийг ардаа орхиж, урагш явахын хамгийн чухал хэсэг бол Ариун Сүнсний зааварт итгэх явдал юм. Энэ нь порнографыг ашиглахаа больсон цагт харилцаагаа үргэлжлүүлнэ гэсэн ойлголтыг өгөхөөс эхлээд, харилцахаа больсон ч гэсэн өөрчлөгдөхийн тулд гаргаж буй хүчин чармайлтыг нь үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ ойлгуулах явдал ч байж болно. Та юу ч гэж шийдсэн байлаа гэсэн порнографаас салахын тулд түүний ахиц гаргаж байгаа эсвэл үгүй гэдгээс шалтгаалан нөхцөл байдал өөрчлөгдөж болно гэдгийг болзож байгаа хүн тань ойлгосон байх ёстой.

Порнографаас салахын тулд хамтран ажиллах

Порнографаас салахад их цаг хугацаа шаардагддаг бөгөөд энэ нь хүнд хэцүү ч гэлээ боломжтой зүйл гэдгийг мэдэж ав. Үүнээс салахын тулд хамтарч ажилласны эцэст та хоёрын Есүс Христийн Цагаатгалын тухай ойлголт илүү гүнзгийрч, саад бэрхшээлтэй тулгарах үед бие биенээ дэмжиж суран, харилцаа тань хүчирхэгжих болно. Энэ асуудал дээр хамтарч ажиллахдаа дараах зүйлийг бодож үзээрэй.

  • Сүмийн вэб хуудас болох overcomingingpornography.ChurchofJesusChrist.org-д та хоёрын энэхүү эдгэрэх үйл явцад удирдамж заавар өгч тус болох олон эх сурвалж (үүний дотор Сүмийн донтолтоос ангижрах хөтөлбөрийн талаарх мэдээлэл) бий.

  • Порнографыг харилцааныхаа төвд байлгахгүйн тулд энэ талаар ярилцах тодорхой газар, цаг товлохыг бод. Та энэ талаар ярихдаа басамжилсан байдалтай мөн дээрэнгүй хандаж болохгүй. Та хоёрын харилцаа байцаан шалгадаг эсвэл нэр төрийг нь гутаан доромжилдог биш, харин хайр, дэмжлэг туслалцааг мэдрүүлдэг тийм зүйл байх ёстой.

  • Сүнслэг зан үйлүүд нь уруу таталтыг эсэргүүцэн хамгаалахад тусалж чадна. Сүнслэг дадал хэвшлийг суулгаж, хүчирхэгжүүлэх, тухайлбал бүрэн утгаар нь судраас суралцах, ариун сүмд шүтэн бишрэх (боломжтой бол), Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, бусдад үйлчлэх, байнга мацаг барих, чин сэтгэлээсээ залбирах зэргээс гадна Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёртой харилцаагаа бэхжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байхад бие биенээ урамшуул. Ийм харилцаа та нарын амьдрал дахь порнографын нөлөөг багасгахад тусална. Шавь байх нь насан туршдаа мөрдөх зүйл бөгөөд Христийн дагалдагчийн хувьд олж авах бидний хүч чадал порнографаас гадна амьдралын бүхий л сорилтыг даван гарахад бидэнд туслах болно.

  • Хэрэв та өөрийн хичээл зүтгэлээр амжилтад хүрэхгүй бол бэлгийн донтолтын асуудлаар мэргэшсэн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтний тусламжийг авахаас айж, ичих хэрэггүй. Тэд таны порнографын асуудлыг эмчлэх, үндсэн шалтгааныг нь тогтоох тал дээр илүү сайн ойлголт өгч, тусалж болох юм.

  • Биднийг нүгэл үйлдэхэд уруу татдаг зохисгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүрээлж байгааг санаарай. Хэрэв болзож байгаа хүн тань муу зуршилдаа эргэж автсан хүн байвал засрах замдаа хэр хурдан орж байгаа нь амьдралаа порнографаас салгах шийдэл төгс байгааг нь харуулдаг. Гэвч та илүү их өөрчлөлтийг харахыг тэднээс улам их хүсэж эхлэх юм бол болзохоо больж, харилцаагаа таслах талаар эргэцүүлэн бодох хэрэгтэй.

  • Та болзож байгаа хүндээ маш хүчтэй нөлөөлж чадах ч энэ нь тэдний зан байдал өөрчлөгдөх болсон үндсэн шалтгаан байх ёсгүй. Тэдний өөрчлөгдөх хүсэл танаас биш, харин тэдний дотроос гарах ёстой.

Хамгийн чухал нь, Тэнгэрлэг Эцэгээс удирдамж эрэлхийлж, Аврагчийн ачаар найдвар үргэлж байдгийг санаарай. Түүний ач ивээл биднийг өөрчлөн, эдгээхэд хангалттай. Түүний Цагаатгалаас та хоёр хоёул хүртэх боломжтой ба хүч чадал өгч, уучилж өршөөхөд тань туслах болно. Гэхдээ порнографын асуудалтай хүн үүнээсээ салахын тулд Аврагчийн тусламжийг идэвхтэй эрэлхийлэх хэрэгтэй. Өөр хэн ч үүнийг тэдний төлөө хийж чадахгүй. Итгэлтэй байж, Тэнгэрлэг Эцэгт найд. Тэрээр таныг энэхүү онцгой нөхцөл байдалд тань хөтлөн чиглүүлэх болно.