Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Тэд миний зүрх сэтгэлд үр суулгасан
Марта Алгарвэ
Бразил, Санта Катарина
Би хаанаас ирсэн бэ? Би энд юу хийж байгаа юм бэ? Би энэ амьдралын дараа хаашаа явах вэ?
Намайг 29-тэй байх үед ийм асуултууд надаас салахгүй байв. Эцэг эх маань нас барсан байв. Би ууган хүүгээ алдсандаа гашуудаж байлаа. Надад өсгөж өндийлгөх өөр гурван хүүхэд байсан ба амьдрал асуудлаар дүүрэн байв.
Их Эзэн хоёр залуу номлогчийг манай гэр лүү хөтлөн авчирснаар миний асуултуудын хариу ирэх болсон юм. Тэднийг гэртээ урьж оруулахад амьдралд маань ямар нэг зүйл дутуу байгаа эсэхийг тэд надаас асуув. Би тэдэнд эцэг эх, хүүгийнхээ талаар хэлсэн юм. Хэрэв бүх зүйл үхлээр төгсдөг юм бол хүүхэд төрүүлж, гэр бүлтэй болох нь утгагүй зүйл юм гэж бодож байгаагаа би тэдэнд хэлэв. Эцэг эх болон хүүтэйгээ дахин уулзаж чадах эсэх талаар намайг асуухад
“Марта, та гэр бүлтэйгээ мөнхөд хамт байж чадна” гэж тэд хэлсэн.
Сэтгэл минь баяр хөөрөөр дүүрэв. Би илүү ихийг мэдэхийг хүссэн. Тэд дараагийн удаа уулзахдаа Есүс Христийн сайн мэдээний талаар надад илүү ихийг заасан юм. Тэд надад Мормоны Номыг өгч, үүнийг уншиж мөн энэ нь Бурханы үг эсэхийг Түүнээс асуухыг хүсэв. Би тэдний урилгыг хүлээн авсан. Намайг залбирахад Бурханы хариулт нарны гэрэл мэт тов тодорхой ирсэн юм. Энэ нь үнэн болохыг би зүрх сэтгэлдээ мэдрэв.
Харамсалтай нь, би шинэ ажилд орсноор номлогчидтой холбоо тасарсан юм. Дараагийн хэдэн сард би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдтэйгээ хамт шинэ амьдрал зохиохыг хичээж байлаа.
Эцэст нь би дахин гэрлэв. Нэгэн өдөр нөхөр маань амьдралд нь Бурхан үгүйлэгдэж байгааг хэлсэн юм. Бид түүний явж байсан сүмд долоо хоногт нэг удаа явж байхаар болов. Сүмийн байр луу орохдоо би үүдний ширээн дээр Мормоны Ном байгааг олж харав. Энэ миний өмнө нь сонирхож байсан сүм мөн байлаа! Надад тэнд мэдрэгдсэн Сүнс таалагдаж байв. Гарч явахдаа би нөхрөөсөө баптисм хэрхэн хүртэж болохыг асуусан юм.
Тэр “Чи номлогчдоос хичээл авах хэрэгтэй” гэхэд нь
“Би таван жилийн өмнө хичээл авч байсан!” гэж би түүнд хариулав.
Би хүүхдүүдтэйгээ хамт хичээл авч, заалгууллаа. Бидний баптисм хүртсэн өдөр амьдралын маань хамгийн аз жаргалтай өдөр байв.
Хэдэн жилийн дараа би анх хичээл зааж байсан эмэгтэй номлогчдодоо Сүмд нэгдсэн талаараа хэлье гэж бодлоо. Тэгээд Фэйсбүк дээрээс Бразилын Санта Мариа номлолын эргэж ирсэн номлогчдын бүлгийг олов. Тэр бүлэгт надад зааж байсан номлогч эгч нарын нэг нь байсан юм. Би түүнд найзын хүсэлт илгээж, өөрийнхөө хэн болохыг болон хэрхэн Сүмийн гишүүн болсноо мөн гэр бүл маань ариун сүмд лацдан холбуулсныг мөн хүүгээ бүрэн цагийн номлолд үйлчилж байгааг хэлсэн. Тэрээр хамтрагчтайгаа хамт зүрх сэтгэлд маань сэргээгдсэн сайн мэдээний үрийг суулгасны ачаар энэ бүхэн болсон гэдгийг би түүнд хэлсэн юм.