Сүүлчийн үг
Итгэлийн маань булангийн тулгуур чулуу
1984 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.
Бид шинэ ариун сүм баригдах болгонд эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн ёс заншилтай уялдуулан шав тавих ёслол үйлддэг. Бетон хэрэглэж эхлэхээс өмнө барилгын суурь ханыг том чулуугаар тавьдаг байсан. Нүх ухаж, чулуунуудыг суурийн бэхэлгээ болгон тавьдаг байв. Суурь ханыг эхний цэгээс эхлэн тулгуурын чулууг дагуулан тавьдаг байжээ. Дараа нь буланг тойруулан ханыг дараагийн булан хүртэл тавин, өөр чулууг байрлуулах бөгөөд ханыг дараагийн булан хүртэл тавьж, харин тэндээсээ эхэлсэн цэгт нь хүртэл тавьдаг байж. Хамгийн сүүлийн чулууг булангийн тулгуур чулуу гэдэг байсан ба үүнийг байрлуулахдаа том баяр хийж тэмдэглэдэг байжээ. Энэ булангийн чулууг байрлуулснаар гайхалтай барилга баригдах суурь бэлэн болдог. Тиймээс Паул энэ зүйрлэлийг ашиглан, үнэн Сүмийг дүрсэлжээ.
“Тийм бол та нар цаашид гадныхан болон ирмэл хүн бус, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм.
Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.
Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна” (Ефес 2:19–21).
Бидэнд энэ агуу хожмын үед Их Эзэний зохион байгуулсан мөн “бүх барилга холбогдсон” үндсэн тулгуур чулуунууд бий. Эдгээр нь энэ ажлын үндэс, бүр гол суурь, оршин тогтнодог зангуу нь мөнөөс мөн. [Гэвч] би булангийн тулгуур чулуу бол бидний хүлээн зөвшөөрч, хүндэлдэг Их Эзэн Есүс Христ гэдгийг онцлон хэлмээр байна. …
Тэр бол Өөрийнх нь нэрийг авч явдаг, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн булангийн тулгуур чулуу юм. Бидний аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдсөн (Үйлс 4:12-ыг үзнэ үү). Тэр авралын зохиогч, мөнх амьдралын эх үндэс билээ (Еврей 5:9-ийг үзнэ үү). Түүнтэй эн зэрэгцэх хэн ч үгүй. Хэзээ ч байгаагүй. Хэзээ ч байх нь үгүй. Биднийг амьдарч болохын тулд амиа өгсөн, бидний итгэл болон Өөрийн Сүмийн хөдөлшгүй булангийн чулуу болсон Хайрт Хүүгээ бидэнд бэлэг болгон өгсөн Бурхандаа талархъя.