Гэрлээсээ хуваалцсан найзууд минь
Зохиогч нь Мексикийн Баяа Калифорнид амьдардаг.
Би айж бас ганцаардаж байв. Тэгээд би өөр улс руу нүүж, удаан хугацааны дараа сүмд очсон юм.
Би хүн бүр бие биенээ сайн мэддэг Мексикийн нэгэн жижигхэн тосгонд ээжтэйгээ хамт амьдардаг байв. Би зөв бурууг сайн мэддэг байсан ч эргэлзэх болсон ба тосгоныхоо цорын ганц идэвхтэй залуу эмэгтэй байлаа.
Би бусадтай нийцтэй байхыг хүсэж байсан тул тэр үед зөв гэж бодож байсан нэг зүйлийг хийсэн буюу найз залуутай болсон юм. Энэ нь миний гаргасан алдаануудын эхлэл байв. Би үе тэнгийнхнийхээ нөлөөнд автаж, өөрийнхөө толгойгоор бодох цаг болсон гэж итгэж, улмаар харанхуйд амьдардаг идэвхгүй залуу эмэгтэй болж хувирсан.
Би өдөр ирэх тусам улам бүр харанхуйд амьдарсаар жил орчим хугацаа өнгөрөв. Хийсэн муу сонголтууд маань гэрийнхэнтэйгээ маргалдахад хүргэж, тэдэнтэй амьдрах боломжгүй болсныг би ойлгосон. Гэвч хожмын үеийн гэгээнтэн дотнын найзаасаа хагацах хүртлээ ямар нэг зүйл дутаж байгааг би ойлголгүй явсан юм. Харамсалтай нь би Бурханыг болон сайн мэдээг буруутгаж байлаа. Би дуулгавартай байснаар адислал ирдэгт итгэхээ болив. Хэрэв би сайн мэдээний дагуу амьдрах шийдвэр гаргаагүй бол Сүмтэй холбоогоо тасалж, дэлхийн замаар амьдрахаа мэдэж байлаа.
Би харанхуй өрөөндөө уйлан, өөрийгөө өрөвдөн орон дээрээ сууж байхдаа айж байгаагаа, тухайлбал ярих ч хүнгүй ганцаардахаас болон хийсэн бүх алдаагаа засах боломжгүй гэхээс мөн намайг хэн ч, ялангуяа Бурхан өршөөхгүй байх вий хэмээн айж байгаагаа ухааран ойлгосон юм.
Эцэст нь би Сүмийн гишүүн бус эмээ, өвөөтэйгөө хамт АНУ-ын Миннесота руу нүүв. Хойд эцэг маань надтай хамт ниссэн ба тэнд очсоны дараах хамгийн эхний ням гарагт бид зөвхөн ариун ёслолд суухаар сүм рүү явцгаалаа. Цуглаан дуусах үеэр би аль хэдийн Сүмийг орхих шийдвэр гаргачихсан байсан ч биднийг машин руугаа явах үед бишоп бидэнтэй уулзахаар гүйн ирэхийг гайхан харав. Тэр биднээс хэдэн юм асуугаад, биднийг ирэх ням гарагт дахин ирэхийг урьсан ба бид ч ирсэн.
Дараагийн ням гарагт нь ариун ёслолын цуглаан өндөрлөх үеэр, намайг яг босох гэж байхад тойргийн залуу эмэгтэйчүүд намайг хүрээлэн авсан юм. Тэд надад амьдралаа өөрчлөхөд тусалсан.
Би гэнэт тэс өөр ертөнцөд оров. Энэ нь намайг харж хандах бишоп, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, хамгийн гол нь сайн мэдээний болон өндөр жишгийн дагуу өдөр бүр амьдарч, зөв зүйлийн төлөө зогсохыг хичээдэг залуу эмэгтэйчүүд бүхий ертөнц байлаа. Тэд миний өмнөх замыг гэрэлтүүлж чадахаар тийм их гэрэлтэж байв.
Энэ үед л би юу хийх ёстойгоо ойлгосон юм. “Хүмүүс [миний] сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг [минь] алдаршуулахын тулд [миний] гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Матай 5:16-г үзнэ үү). Тиймээс би сүмд болон Мючелд долоо хоног болгон явж, өдөр бүр Мормоны Номоос уншиж, залбирч, даруухан хувцаслаж, муухай үг хэллэг хэрэглэхээ больж мөн ариун сүмд очиж, патриархын адислалаа авахад бэлтгэж эхэлсэн.
Би тэс өөр хүн болсон ч Залуу эмэгтэйчүүдийн аялалд явж, Ариун Сүнсийг мэдэрч, гэрчлэлтэй болсноо, тухайлбал Бурхан надад хайртай, Түүнд надад зориулсан төлөвлөгөө бий мөн Тэр намайг ганцаар байлгахыг хүсдэггүй гэсэн гэрчлэлтэй болсноо олж мэдэх хүртлээ өөрийнхөө өөрчлөгдсөнийг мэдээгүй юм. Гэрчлэл асар хурц, хүчтэй байсан тул намайг өөрчилсөн байв. Энэ нь зөвхөн өөрийнхөө бус, бусдын замыг гэрэлтүүлж, хуваалцах гэрчлэл байлаа. Энэ нь харанхуйд ч гэрэлтэхээс айдаггүй гэрчлэл байв.