Байгаль орчны талаарх Сүмийн үзэл бодол юу вэ?
Байгаль орчны талаарх бидний үзэл бодлыг ойлгоход туслах түлхүүр үг бол эзний ёсоор хандах явдал юм. Энэ нь хүмүүс газар дэлхийг эзэмшиж, хүссэнээрээ ашиглаж болно гэсэн утгаар биш, харин бид байгалийн нөөц баялгийг хэрхэн ашиглаж байгаагийнхаа төлөө хариуцлага хүлээнэ гэсэн үг юм (Сургаал ба Гэрээ 104:13–15). Хэдийгээр “хангалттай бөгөөд нөөцлөхөөр буй” (Сургаал ба Гэрээ 104:17) ч Бурхан байгалийн нөөц баялгийг ухаалгаар ашиглаасай гэж биднээс хүсдэг (Сургаал ба Гэрээ 59:20-ийг үзнэ үү).
Бурхан тэнгэр газрыг бүтээж, Өөрийн бүтээсэн бүхнийг “нэн сайхан” (Эхлэл 1:1, 31-ийг үзнэ үү) байгааг тунхагласан. Энэ газар дэлхийг Бурханы хүүхдүүдийг байрлуулах зорилгоор Түүний авралын төлөвлөгөөний нэг хэсэг болгон бүтээсэн юм. Дэлхий өөрөө ариусгагдаж, селестиел алдар сууг хүлээн авна (Сургаал ба Гэрээ 88:18–19-ийг үзнэ үү).
Бурхан газар дэлхийг үр ашигтай байхын зэрэгцээ үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээсэн. Газар дэлхийн зүйлс “хүмүүний тусын тулд мөн ашиглалтын тулд, нүд баясгах хийгээд сэтгэл баярлуулах аль алиных нь тулд” мөн “сүнсэнд эрч хүч өгөхийн тулд” (Сургаал ба Гэрээ 59:18–19) бүтээгдсэн билээ.
Бид Бурханы бүтээлүүдийн үнэ цэнийг ойлгон, тэдгээрт талархаж байгаагаа илэрхийлж, сайхнаар нь хадгалж үлдэхийн төлөө хичээснээр Бурханыг хүндлэх хэрэгтэй. Бид нөөц баялгийг хадгалан, байгаль орчныг хамгаалж, бохирдол, хог хаягдлаас зайлсхийвэл зохино.