Итгэлийн хөрөг
Вилсон Ди Паула
Уругвай, Сан Хосе
Мотоциклын ослын улмаас Вилсон босож явж чадахаа больжээ. Жилийн дараа түүний эхнэр нас барав. Бага насны хоёр охинтойгоо бэлэвсрэн үлдсэн Вилсон юу хийхээ мэдэхгүй байлаа. Амьдрал нь зорилготой байсан эсэхийг тэр мэдэхгүй байв. Вилсон хорсон уурлаж болох байсан. Гэвч үүний оронд тэр үнэний эрэлд гарсан юм.
Коди Бэлл, гэрэл зурагчин
Би мотоциклын осолд орж бас эхнэрээ алдсаны дараа өсгөн хүмүүжүүлэх хоёр бяцхан охинтойгоо хамт үлдэв. Тэргэнцэртэй үлдсэн би охидоо хэрхэн өсгөхөө үнэхээр мэдэхгүй байлаа. Энэ осол амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн юм.
Надад олон асуулт байв. Яагаад золгүй явдал тохиолддог вэ? Би зөв зүйл хийхийг хичээдэг байтал эхнэрийг минь надаас салган авч мөн би тэргэнцэртэй үлдсэн байтал эмч нар охины минь толгойноос хавдар авахын тулд мэс засал хийх шаардлагатай болсон юм. Амьдрал ямар ч зорилгогүй гэж би бодох болов.
Гэвч би үнэнийг олох хэрэгтэй гэдгээ ухаарсан. Би янз бүрийн шашныг судалсан ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг олсон юм. Би энэ Сүм үнэн гэдгийг мэдэрсэн.
Би энэ амьдралын дараа амьдрал байдгийг мөн бид нас барсныхаа дараа хайртай хүмүүстэйгээ хамт байх боломжтой гэдгийг олж мэдсэн. Би эхнэртэйгээ хамт 10 жил сайхан амьдарсан тул энэ мэдээ намайг баярлуулсан юм.
Сайн мэдээг олсон явдал миний амьдралыг бүхий л талаар өөрчилсөн. Миний сэтгэл санаа, оюун ухаан тайвширч амарсан. Манай гэр бүл ням гараг бүр сүмд очих бүрдээ аз жаргалыг мэдэрч, гэртээ илүү хүчирхэгжин ирэх болсон юм. Бид баптисм хүртэж, эцэст нь Аргентины ариун сүмд үүрд мөнхөд лацдан холбуулсан.
Би одоо ч гэсэн Сүмдээ явсаар л байгаа. Би бишопын зөвлөлд зөвлөхөөр үйлчилж, олж авсан бүх туршлагаасаа мөн амьдралын бүх сорилт бэрхшээлээс суралцахыг хичээдэг. Энэ нь намайг хүчирхэгжүүлдэг. Би хорь гаруй жил тэргэнцэр дээр сууж байгаа хүний хувьд аз жаргал хүний дотроос ирдгийг мэддэг болсон. Хүн өдөр бүр илүү их зүйлийг мэдэж авдаг. Үүнд би талархдаг.
Би дэлхий дээр амьдрах нь зорилготой гэдгийг мэддэг болсон. Бид Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөний нэгэн хэсэг учраас энд байгаа. Бидэнд үхлийг ялан дийлсэн, амилсан Аврагч бий. Үүнийг мэдэх нь намайг хүчирхэгжүүлдэг. Би одоо цөхрөлтгүй зүтгэж, үргэлжлүүлэн урагшилсаар байх болно. Надад өөрийн гэсэн зорилго байгаа бөгөөд зохистой амьдрахыг хичээх юм бол мөнхийн гэр бүлтэй болж чадна гэдгийг би мэднэ.