Эр зоригийн үлгэр жишээнүүд
Испани хэлээр Их Эзэнд үйлчилсэн нь
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Найз тань уншиж байсан хамгийн сайн номоо танд өгч байна гэж төсөөлье. Та хавтсыг нээгээд, … номыг уншиж чадахгүйгээ мэдэв. Ном өөр хэл дээр бичигдсэн байлаа! Та юу хийх вэ?
Сүм байгуулагдсан эхний хэдэн жилд Мормоны Ном зөвхөн англи хэл дээр хэвлэгдсэн байв. Ерөнхийлөгч Бригам Янг сайн мэдээг Мексикт номлож, Мормоны Номыг испани хэл дээр орчуулах хоёр номлогчийг дуудсан юм. Гэвч тэдэнд үүнийг хийхэд их тусламж хэрэгтэй байв. Далайгаас цааш мэдэхгүй тэдэнд Бурхан яг хэрэгтэй тусламжийг өгч чадах хүнийг бэлтгэсэн байв.
Мэлитон Гонзалэз Трэхо Испанийн чинээлэг гэр бүлээс гаралтай. Тэр сургуульд хичээнгүйлэн суралцаж, Испанийн армийн офицер болсон юм. Тэр шашныг үргэлж сонирхдог байсан ч аль нь ч зөв санагддаггүй байжээ. Нэг өдөр тэр өөрсдийгөө “гэгээнтнүүд” гэж нэрлэдэг хэсэг хүний талаар өөр нэг офицерын ярьж байхыг сонсжээ. Тэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүмүүс байсан бөгөөд Бурханы бошиглогч тэднийг Нэгдсэн Улсын Роки Маунтайн руу удирдсан байв. Мэлитон тэдэнтэй уулзахыг маш их хүсэж байлаа. Тэр хэзээ нэг өдөр Нэгдсэн Улс руу очиход тусалж магад хэмээн Филиппин рүү явах цэргийн экспедицэд нэгдэв. Гэвч Мэлитон завгүй ажилтай болж, гэгээнтнүүд дээр очих нь тийм ч чухал биш юм шиг түүнд санагдах болжээ.
Дараа нь Мэлитон хүндээр өвдөв. Тэр яагаад Филиппинд ирснээ эргэн санасан бөгөөд юу хийх талаар Бурханд хандан залбирчээ. Тэр шөнө Мэлитон нэгэн онцгой зүүд зүүдлэв. Тэр Роки Маунтайн руу явах ёстойгоо ойлгосон юм.
Мэлитон өвчнөөсөө эдгэрсний дараа Нэгдсэн Улс руу явах аяллаа үргэлжлүүлжээ. Тэр 1874 оны 7-р сарын 4-нд Калифорнид ирж, Солт Лэйк Ситиг чиглэв.
Мэлитон Солт Лэйкэд ирээд нэг асуудалтай учрав. Тэр англиар уншдаг байсан ч хэзээ ч ярьж байсангүй. Тэр хэнтэй ч харилцан ярьж чадахгүй байв! Гэвч тэр хүмүүстэй ярьж чадахгүй ч гэсэн өөр аргаар анхаарлыг нь татья гэж боджээ. Мэлитон Испанийн армийн дүрэмт хувцсаа өмсөөд, хотын гудамжаар өгсөж, уруудан алхаж эхлэв. Түүний найдаж байснаар хүмүүс түүнийг анзаарав! Эцэст нь түүнийг Сүмийн гишүүн, испани хэлтэй их сургуулийн профессор Бланчард ах олж харжээ. Бланчард ах Мэлитонд Солт Лэйкт суурьшихад нь тусалж, түүнд сайн мэдээ заав. Удалгүй Мэлитон баптисм хүртсэн байна.
Бланчард ах бас Мэлитоныг ерөнхийлөгч Бригам Янгтай танилцуулжээ. Мэлитон ах юу юунаас илүү Мормоны Номыг испани хэл дээр орчуулахыг хүсэж байгаагаа ерөнхийлөгч Янгад хэлэв.
Ерөнхийлөгч Янг Мексик явах гэж байгаа номлогчдод зориулан Мормоны Номыг испаниар хэсэгчлэн орчуулахад туслахыг хүсжээ. Мэлитон англи үгнүүдийг испани руу орчуулахын тулд олон долоо хоног зарцуулсан байна. Тэр орой болгон өөрийн орчуулгыг номлогчидтой хамт хардаг байв. Тэд испаниар жаахан ярьдаг байсан ч энэ орчуулгад төрөлх испани хэлтэй хүн хэрэгтэй байсныг ойлгож байлаа. Мэлитон тэдний залбирлын хариу болохыг тэд мэдэж байв. 1875 онд орчуулга хэвлэгдэн гарчээ. Үүнийг Trozos Selectos del Libro de Mormon (Мормоны Номноос сонгож авсан хэсгүүд) гэж нэрлэсэн юм.
Одоо номлогчид Мексик руу явахад бэлэн болсон байлаа. Тэд орчуулсан судрынхаа 1500 хувийг морин дээр ачаад, аяллаа эхлүүлсэн юм. Ингэж анх удаа испани хэлтэй хүмүүс Мормоны Номыг төрөлх хэл дээрээ унших боломжтой болж билээ. Хэдийгээр Мэлитон олон зуун бээрийн цаана байх Испанид амьдардаг байсан ч Тэнгэрлэг Эцэг түүнийг яг хэрэгтэй газар луу нь удирдан авчирсан юм. Мэлитон өөрийн итгэл, эр зоригийн ачаар тоо томшгүй олон хүнд Бурханы үгийг авчрахад тусалсан.