2023
Тохинуулал
2023 оны 5-р сар


14:31

Тохинуулал

Аврагчийн адил гараа сунгаж, хайр, тохинууллаараа бусдад анхаарал тавьж, халамжилцгаая.

Хайрт ах эгч, найзууд аа Ерөнхий чуулгандаа тавтай морилно уу!

Өнгөрсөн 10-р сарын Ерөнхий чуулганы дараа Гонг эгч бид хоёр чуулганы төвөөр явж, та бүхэнтэй мэндчилж, сайн мэдээний түүхүүдийг тань сонсож байсан билээ.

Мексикийн гишүүд маань “Өнөөдөр Мексикийн цаг ирлээ” гэцгээж билээ.

Жилли, Мэри хоёр Ахлагч Гонг, Гонг эгч хоёртой хамт

Бид Англиас ирсэн найзууд болох Жилли, Мэри хоёртой танилцсан бөгөөд Мэри сүмд нэгдсэнээр амьдрах газаргүй болоход Жилли өгөөмөр сэтгэл гарган, түүнийг гэртээ хамт амьдрах санал тавьсан гэдгийг сонссон юм. Жилли “Их Эзэн надтай хамт гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй” хэмээн итгэл дүүрэн хэлж билээ. Мөн чуулганы үеэр тэр 47 жилийн өмнө өөрт нь зааж байсан номлогч эгчтэйгээ баяртайгаар дахин уулзжээ.

Жэфф, Мэлисса хоёр Ахлагч Гонг, Гонг эгч хоёртой хамт

Жэфф, эхнэр Мэлиссатайгаа хамт ерөнхий чуулганд оролцсон нь анхных нь байлаа. Тэр мэргэжлийн бейсболд бөмбөг хүлээн авагчаар тоглодог байсан бөгөөд одоо мэдээгүйжүүлэгч эмчээр ажилладаг. Жэфф надад “Энэ зам амьдралын хамгийн үнэн зөв, шударга зам мэт санагдаж байгаа болохоор би баптисм хүртэхээр хичээж байгаа. Би өөрөө ч үүнийг гайхаж байна” гэж хэлсэн юм.

Мэлисса өмнө нь Жэффийн тохинуулагч ахад “Жэфф ‘цагаан цамцтай хүмүүс’-ийг гэртээ оруулмааргүй байна гэсэн” гэж хэлээд уучлал гуйхад тохинуулагч ах “Би нэг арга олно оо” гэжээ. Одоо Жэфф тэр хоёр сайн найзууд болсон. Жэффийн баптисм дээр Мэлисса, охин Шарлотт болон тэдний хайртай олон хожмын үеийн гэгээнтэнтэй би уулзсан.

Өөрчлөх амьдрал олон байгаа учраас бид Есүс Христийн дагалдагчдын хувьд Түүнтэй адил бусдад тохинуулахыг эрэлхийлдэг.

Пэгги надад нөхөр нь гэрлэснээсээ хойш 31 жилийн дараа баптисм хүртэх гэж байгааг хэлэхэд юунаас болж санаагаа өөрчилснийг нь би асуусан юм.

Пэгги хэлэхдээ, “Жон бид хоёр Шинэ Гэрээний Ирээд, Намайг дага гарын авлагаас судалж байтал Жон Сүмийн сургаалын талаар асуусан”.

Тэгэхэд нь би “Номлогчдыг урья” гэхэд,

Жон “миний найз ирэхгүй л бол нэг ч номлогчийг урихгүй шүү” гэжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Жоны тохинуулагч ах түүний итгэлтэй найз нь болж чадсан. (Би дотроо Жоны тохинуулагч ах нэг, хоёр эсвэл есөн жилийн дараа ирэхээ больсон бол яах байсан бол? гэж бодсон.)

Жон сонсож, Мормоны Номыг үнэн хүсэлтэй уншсан. Номлогчид Жоныг баптисм хүртэх үү хэмээн урихад түүний тэгье гэж хэлэхийг сонсоод, Пэгги “суудлаасаа унатлаа баярлан, уйлж эхэлсэн шүү” гэв.

Жон “Би Их Эзэнд ойртох тусмаа өөрчлөгдөж байсан” гэж хэлсэн. Дараа нь тэд ариун сүмд лацдан холбуулсан бөгөөд өнгөрсөн 12-р сард Жон 92 насандаа нас барсан юм. “Жон угийн л сайн хүн байсан. Гэхдээ баптисм хүртсэнээсээ хойш үнэхээр гайхалтай өөрчлөгдсөн” гэж Пэгги ярьсан.

Жэнни, Мэб хоёр

Гонг эгч бид хоёр КОВИД цар тахлын үеэр Мэб, Жэнни хоёртой видеогоор танилцсан юм. (Бид КОВИД-ын үед олон гайхалтай хос, хувь хүмүүстэй видеогоор уулзаж танилцсан бөгөөд тэднийг гадасны ерөнхийлөгч нь залбиралтайгаар бидэнд танилцуулсан юм.)

Мэб, Жэнни хоёр амьдрал дахь асуудлуудаасаа болж ариун сүмийн гэрлэлтээ аварч үлдэж чадах эсэх, хэрвээ чадах бол яаж аврах талаар бодож байгаагаа даруухан хуваалцсан юм. Тэд Есүс Христийн Цагаатгал мөн тэдний гэрээний амлалтууд тэдэнд тусалж чадна гэдэгт итгэж байлаа.

Мэб, Жэнни хоёр ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ шинээр авч, Их Эзэний өргөөнд хамтдаа эргэн очиход нь ямар их баярлаж байсныг минь та нар төсөөл дөө. Үүний дараа Мэб өвчний улмаас өнгөрөх шахсан юм. Мэб, Жэнни хоёр Их Эзэнтэй болон бие биетэйгээ байгуулсан гэрээний харилцаагаа сэргээж, эргэн тойрныхоо олон хүний тохинууллын хайрыг мэдэрч байгаа нь үнэхээр гайхалтай адислал билээ.

Би очсон газар болгондоо Аврагч шиг анхаарал тавьж, тохинуулдаг хүмүүсээс талархан суралцдаг.

Салвадор Ахлагч Гонг, Гонг эгч хоёртой хамт

Гонг эгч бид хоёр Перуд явж байхдаа Салвадор ба түүний ах дүү нартай танилцсан.1 Тэд өнчин хүүхдүүд юм. Тэр өдөр Салвадорын төрсөн өдөр болж байлаа. Энэ гэр бүлд итгэлтэйгээр тохинуулдаг Сүмийн удирдагчид, гишүүд надад урам зоригийг өгдөг. “Цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон,”2 “сул доройчуудад тусалж, доош унжсан гарнуудыг өргөж, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгодог.”3

Хонконгд нэгэн ахлагчийн чуулгын ерөнхийлөгч чуулга нь тохинууллын ярилцлагаа тогтмол 100 хувьтай явуулдаг тухай даруухан хуваалцсан юм. “Бүгд хэн нэгэнд анхаарал халамж үзүүлж мөн хүн бүр халамжлуулж болохын тулд бид хамтралуудыг залбирч томилдог”. “Бид хамтрал бүрээс тохинуулдаг хүмүүсийнх нь талаар тогтмол асуудаг. Бид үүнийг хийх ёстой ажил гэж хардаггүй, харин хүмүүст маань анхаарал тавьдаг тохинуулагчдадаа тохинуулдаг юм” гэж тэр хэлсэн.

Бокологийн гэр бүл

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киншаса хотод ерөнхийлөгч Боколо гэр бүлийнхээ хамт Франц дахь Сүмд хэрхэн нэгдсэн талаараа хуваалцсан. Нэгэн өдөр Боколо ах патриархын адислалаа уншиж байхдаа Конго руу гэр бүлтэйгээ эргэн оч гэсэн сүнслэг өдөөлтийг мэдэрчээ. Эргэж очвол олон сорилттой тулгарна гэж Боколо ах мэдэж байв. Мөн тэдний сүм болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Киншасад хараахан байгуулагдаагүй байв.

Гэсэн ч Бокологийн гэр бүл бусад олон хүний адил Их Эзэний сүнсийг итгэлтэй дагасан юм. Киншасад тэд эргэн тойрныхоо хүмүүст тохинуулж, адисалсан бөгөөд сорилтуудыг даван гарч, сүнслэг болон материаллаг адислалуудыг хүлээн авсан билээ. Өнөөдөр тэд эх орондоо Их Эзэний өргөөтэй байгаадаа баяртай байгаа.4

Нэгэн шинэ хөрвөгч бусдын үлгэр жишээгээр тохинуулагдсан юм. Залуу хүний хувьд тэрээр өдрийг далайн эрэг дээр амарч өнгөрүүлдэг байсан гэнэ. Нэг өдөр тэр “Би даруухан усны хувцастай дур булаам охиныг харсан” гэж хэлэв. Гайхширсан тэрээр ийм дур булаам охин яагаад ийм даруухан усны хувцас өмсөж байгаа юм бэ гэж асуухаар охин дээр очжээ. Тэр охин Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байсан ба “Ням гарагт сүмд ирэх үү?” гэж инээмсэглэн асуухад өнөөх залуу тэгье гэжээ.

Олон жилийн өмнө, би ахлагч Л.Том Пэрритэй үүрэгт ажлаар явж байхад тэр надад хамтрагчтайгаа Бостоны нэгэн аюултай хороололд ганцаараа амьдардаг эгч дээр тогтмол очиж тохинуулдаг байсан тухайгаа хуваалцсан юм. Ахлагч Пэрриг хамтрагчтайгаа ирэхэд эгч болгоомжлон “Ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ хаалган доогуур шургуул” гэдэг байв. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг нь харсныхаа дараа л тэр олон давхар цоожоо тайлж хаалгаа нээдэг байжээ.5 Мэдээж би тохинууллын хамтрагчид ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байх хэрэгтэй гээгүй. Гэхдээ гэрээнүүдээ хүндэлдэг хүмүүс тохинуулахад айл гэрийн хаалга онгойж, зүрх сэтгэл нээгддэг гэдэг нь надад сайхан санагддаг.

Ахлагч Пэрри бас нэгэн тустай зөвлөгөө өгсөн юм. Тэрээр “Ирж очиход хугацаа их зарцуулахгүйг бодолцож, нэг дор ойрхон байрлалтай, боломжийн тооны хүмүүсийг залбиран сонгож, хамтралуудад хариуцуулж өг. Айлчлал хамгийн хэрэгтэй хүмүүсээс эхэл. Айлчилж очиход уриалагхан байх тэднээс эхлэн харилцаа тогтоо. Итгэлтэйгээр тууштай үргэлжлүүлэх нь гайхамшгийг авчирдаг” гэж хэлсэн.

Илүү дээд түвшний, илүү ариун тохинуулал нь6 “Есүс Христийн цэвэр хайр”7-ын төлөө залбирч, Сүнсийг дагахад бий болдог. Энэ нь бас ахлагчийн чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд бишопын удирдлага доор тохинуулах хамтралыг оноох зэрэг тохинууллын ажилд хяналт тавьснаар бий болдог. Туршлагатай тохинуулагч ах эгч нарыг даган явж тэднээс суралцах боломжийг залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүддээ олгоорой. Өсөж буй залуу үеийнхнийгээ тохинуулагч ах эгч нарын хамтралд сүнслэгээр нөлөөлөхийг нь зөвшөөрөөрэй.

Сүмд зарим газарт тохинууллын ялгаа бий. Олон хүн тохинуулал хүлээж авахаас илүүтэй тохинуулж байна гэж хэлдэг. Хариуцуулсан болохоор л санаа тавиасай гэж бид хүсэхгүй байна. Гэхдээ ихэвчлэн бидэнд гадуур тааралдаад чин сэтгэлээсээ сайн уу гэх эсвэл машины зогсоол дээр “Танд туслах уу” гэж асуухаас илүү зүйл хэрэгтэй байдаг. Олон газарт бид гишүүдийн гэрт нь тогтмол айлчилснаар тэдэн рүү гараа сунгаж, ямар байгааг нь ойлгож, харилцаа холбоог бий болгож чадна. Сүнсээр өдөөгдсөн урилга амьдралыг өөрчилдөг. Урилга бидэнд ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад туслах үед бид Их Эзэнд болон бие биедээ илүү ойртдог.

Тохинууллын жинхэнэ утга учрыг ойлгодог хүмүүс өмнөхөөсөө илүү ихийг хийдэг бол ойлгодоггүй тэд илүү багыг хийдэг гэсэн яриа байдаг. Аврагчийн адил илүү ихийг хийцгээе. Сүмийн дуулалд хэлснээр, тохинуулал нь “хайр болон үүрэг хариуцлагын адислал юм.”8

Тойргийн зөвлөл, ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ах эгч нар аа, Сайн Хоньчиныг сонсож, “төөрснийг нь хайн, туугдсаныг нь буцааж, гэмтсэнийг боож, өвчтэйг тэнхрүүлэхэд” нь Түүнд туслаарай.9 Түүний дэн буудалд зай гаргаснаар11 бид “тэнгэр элчүүдийг мэдэлгүй зочилсон”10 байж болох юм.

Сүнсээр өдөөгдсөн тохинуулал нь гэр бүл, хувь хүмүүсийг адислахаас гадна тойрог, салбаруудыг түүнчлэн хүчирхэгжүүлдэг. Тойрог эсвэл салбараа сүнслэг экосистем гэж бодоорой. Мормоны Номын чидун модны ёгтлол дээр усан үзмийн талбайн эзэн мөн түүний зарц нар бүх модны давуу болон сул хэсгүүдийг хамтад нь авчирч хүлснээр мод бүрийг хүчирхэгжүүлж сайн үр жимс авчирдаг билээ.12 Усан үзмийн талбайн эзэн болон түүний зарц нар “Би өөр юу хийж чадах сан билээ?”13 гэж дахин дахин асуудаг. Хамтдаа тэд сүнсээр өдөөгдсөн тууштай тохинууллаар дамжуулан зүрх сэтгэл, айл гэр, тойрог, салбаруудыг адисалдаг билээ.14

Мушгиралдсан үндэс, мөчрүүд

Тохинуулах буюу сайн хоньчин байх нь бидний усан үзмийн талбайг “нэгэн бие”15 ариун төгөл болгодог. Бидний төгөл дэх мод бүр амьд гэр бүлийн мод юм. Үндэс, мөчрүүд хоорондоо холбогддог. Тохинуулал нь үе удмыг адисалдаг. Үйлчлэлийн хэрэгцээ гарахад ухаалаг бишоп, ахлагчийн чуулга мөн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд “Тохинуулагч ах эгч нь хэн билээ?” гэж асуудаг. Тойргийн зөвлөл болон тохинуулах ярилцлагууд зөвхөн сорилт бэрхшээл эсвэл асуудлуудын талаар асуугаад зогсохгүй Аврагчийн адил тохинуулахдаа ойлгох нүдээр харж, бидний амьдрал дахь Их Эзэний олон нигүүлсэлд баясдаг.

Аврагч бол бидний төгс үлгэр жишээ юм.16 Тэр сайн учраас сайныг хийхээр урагш явж чаддаг.17 Тэр нэгийг болон 99-ийг адисалдаг. Тэр бол тохинууллын үлгэр жишээ. Бид “хамгийн дорд нэгэнд” Түүнд хандах байсан шиг хандсанаар,18 хөршөө өөрийн адил хайрласнаар,19 мөн “Би та нарыг яаж хайрласны адил бие биенээ хайрлагтун”20 мөн “та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын тохинуулагч болог”21 гэсэн сургаалыг дагаснаар Есүс Христтэй илүү адил болдог.

Есүс Христ тохинуулдаг. Тэнгэр элч нар тохинуулдаг.22 Есүс Христийн дагалдагчид “нэг нэгэндээ зааж мөн тохинуулж”23 “Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярлаж, уйлж буй хүмүүстэй хамт уйлж”24 “хүмүүсийг харж хандан, мөн тэднийг зөв шударгад хамаарах зүйлүүд дээр дэмжин асарч”25 “ядуус хийгээд гачигдагсад, өвчтөнүүд хийгээд зовж шаналагсдыг бүх зүйлд санаж”26 тохинууллаараа дамжуулан Түүний нэрийг дэлхийд үүрд мэдэгддэг.27 Түүнтэй адил тохинуулснаар бид Түүний адислалууд болон гайхамшгуудын гэрч болдог.28 Бид “гойд сайн тохинуулал”29-ыг олж авдаг.

Бид бие махбодоор ядарч болно. Гэвч бид Түүний үйлчлэлд “сайныг үйлдэхдээ ядардаггүй.”30 Бид зүтгэлтэйгээр хамгийн сайнаараа хийж, өөрт буй хүчнээс илүү хурдан гүйдэггүй31 боловч төлөөлөгч Паулын зааснаар “Бурхан дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгдөг тэдэнд хайртай байдаг”32 гэдэгт итгэдэг. Бурхан “тариачинд үр, идэх талхыг ханган өгдөг Тэрээр тарих үрийг чинь хангаж, үржүүлнэ”33 Өөрөөр хэлбэл, Бурхан “их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд”34 баяжуулдаг. “Өгөөмөр таригч нь өгөөмөр хураана.”35

Бид энэхүү Христийн амилсны баяраар хаана ч байлаа гэсэн ялангуяа хайраар болон томилолтоор тохинуулах хүмүүстээ Аврагчийн адилаар гараа сунгаж, анхаарал тавих болтугай. Ингэснээр бидний хүн нэг бүр Есүс Христэд болон бие биедээ илүү ойртож, Түүнтэй илүү адил болж Түүний хүсдэг Есүс Христийн шавь нар болох болтугай. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Гонг эгч бид хоёр энэ айлчлалдаа ахлагч Энрикэ болон Рут Фалабэлла эгч нартай хамт явсан юм. Салвадор болон түүний дүү нар одоо энэ зурагт харагдаж байгаагаасаа том болсон бөгөөд тэдэнд итгэлтэй ах эгч нар сайхан сэтгэлээр тохинуулсан хэвээрээ байгаа.

  2. Иаков 1:27

  3. Сургаал ба Гэрээ 81:5

  4. Гонг эгч бид хоёр ерөнхийлөгч Бокологийн гэр бүлтэй уулзах үед авхуулсан зураг.

  5. L. Tom Perry, “Strive to Be Temple Worthy” (Ricks College devotional, Sept. 19, 1989), byui.edu/devotionalsandspeeches-ийг үзнэ үү.

  6. Рассэлл M.Нэлсон, “Тохинуулах нь2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 125-ыг үзнэ үү.

  7. Moронай 7:47-48-г мөн 4–8-р шүлгийг үзнэ үү.

  8. “Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү?,” Дуулал, 118

  9. Езекиел 34:16 Езекиел 34-д Их Эзэн Израилын хоньчдод хониндоо анхаарал тавьж, хонио тэжээгээгүй үед гарч болох үр дагавруудын талаар анхааруулдаг.

  10. Еврей 13:2

  11. Лук 2:7; Лук 10:33–34-ийг үзнэ үү.

  12. Энэ сэдэв Иаков 5-д буюу 17–18, 20, 24, 75-р шүлгүүдэд гардаг. 28-р шүлэг бидэнд “Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн, мөн талбайн Эзэний зарц талбайн бүх жимсийг арчилсан бөлгөө” гэж сануулдаг (тодотгол нэмсэн).

  13. Талбайн Эзэн, “Талбайнхаа төлөө би өөр юу хийж чадах сан билээ?” гэж хоёр удаа асуудаг. Иаков 5:41, 49; тодотгол нэмсэн) харин нэг удаа “Би талбайнхаа төлөө өөр юу хийж чадах байсан билээ?” гэж асуудаг. (Иаков 5:47; тодотгол нэмсэн).

  14. Мозая 18:21 болон Матай 25:40.

  15. Иаков 5:74-ийг үзнэ үү. “Мөн тэдгээр нь нэгэн биеийн адил болов; мөн үр жимс нь адил тэгш болов”; мөн жишээ болгож 1 Коринт 12:12-ыг үзнэ үү. “Бие нь нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ.”

  16. Судрууд Аврагчийн хэрхэн тохинуулдаг жишээгээр дүүрэн байдаг. Жишээ нь: Хурсан олны дунд нэгэн эмэгтэй Есүсийн хувцсанд хүрэхэд Тэрээр Өөрөөс нь хүч гарсныг тэр даруй мэдээд тэр эмэгтэйд тохинуулахаар эргэн хардаг.(Марк 5:24–34-г үз) Эсвэл “тэдэнд юм идэх ч зав байгаагүй” (Марк 6:31) тул Есүс болон түүний дагалдагчид ядарч, амрах газар хайж байв. Гэсэн ч хоньчингүй цугласан олныг хараад бидний Аврагч эдгээж, зааж мөн хооллож байсан юм. Дараа нь Тэр сагс дүүрэн талх болон загас цуглуулдаг (Марк 6:31–44-ийг үзнэ үү).

  17. Үйлс 10:38-ыг үзнэ үү.

  18. Матай 25:35–40-ийг үзнэ үү.

  19. Maрк 12:31-ийг үзнэ үү.

  20. Иохан 13:34

  21. Матай 20:26 мөн Матай 22:26–27-г үзнэ үү.

  22. Жишээ болгож: Матай 4:11; Лук 22:42–44; Үйлс 10:1–7; 12:5–11; 2 Нифай 32:3; Моронай 7:22, 29–30-ийг үзнэ үү.

  23. 3 Нифай 26:19

  24. Ром 12:15-ыг мөн Мозая 18:9-ийг үзнэ үү.

  25. Мозая 23:18

  26. Сургаал ба Гэрээ 52:40

  27. Абрахам 1:19-ийг үзнэ үү.

  28. Үйлс 26:16 дээр Их Эзэний зүйлүүдийн талаар “үйлчлэгч ба гэрч” болох талаар дурддаг.

  29. Еврей 8:6

  30. Сургаал ба Гэрээ 64:33; мөн Алма 37:34-ийг үзнэ үү.

  31. Мозая 4:27-г үзнэ үү.

  32. 2 Коринт 9:7

  33. 2 Коринт 9:10

  34. 2 Коринт 9:11

  35. 2 Коринт 9:6