Христийн шашинтны хувьд намайг яагаад Христэд итгэдгийг та мэдэх үү?
Есүс Христ бүх хүн төрөлхтнийг бие махбодын үхлээс ангижруулж, Бурхантай мөнхөд хамт амьдрах боломжийг олгохын тулд зовж шаналж, амиа өгч бас амилах ёстой байсан.
Олон жилийн өмнө нэгэн орой би ажлаа тараад, Нью-Йорк хотоос Нью Жэрси рүү ердийн адил гэртээ харихаар автобусанд суулаа. Миний хажууд сууж явсан эмэгтэй компьютер дээр бичиж байсан зүйлийг минь анзаарчхаад, “Чи … Христэд итгэдэг юм уу?” гэж асуув. “Тийм ээ, би итгэдэг!” гэж би хариуллаа. Түүнтэй ярилцах зуураа би түүнийг Азийн сайхан орноо орхин, Нью-Йоркийн өрсөлдөөн ихтэй мэдээлэл технологийн салбарт ажиллахаар дөнгөж нүүж ирээд байгааг олж мэдсэн юм.
“Христийн шашинтны хувьд намайг яагаад Христэд итгэдгийг та мэдэх үү?” гэж би энгийнээр түүнээс асуулаа. Тэр мөн адил энгийнээр хариулж, намайг энэ талаар ярихыг хүссэн юм. Гэвч намайг ярьж эхлэх яг тэр мөчид үй түмэн бодол толгойд минь орж ирэв. Энэ бол Христийн шашны талаар ямар ч мэдлэггүй ч оюуны өндөр чадамжтай хүнд “яагаад” Христийн шашинтан гэдгээ тайлбарлах анхны тохиолдол минь байсан юм. Би зүгээр л “Есүс Христ миний гэм нүглийн төлөө өөрийн хүслээр зовж, амиа өгсөн болохоор Түүнийг дагадаг” гэж хэлж чадаагүй. “Есүс үхэх ёстой байсан уу? Хэрэв бид Бурханаас асуусан бол, Тэр биднийг нүглээс маань цэвэрлэж, зүгээр л уучилж чадахгүй байсан гэж үү?” гэж тэр гайхаж магадгүй.
Та хэдхэн минутад юу гэж хариулах байсан бэ? Та энэ талаар найздаа хэрхэн тайлбарлах байсан бэ? Хүүхэд, өсвөр үеийнхэнд хэлэхэд, та нар дараа нь эцэг эхээсээ болон удирдагчдаасаа “Есүс яагаад үхэх ёстой байсан бэ?” гэж асуугаарай. Ах эгч нар аа, та нарт үнэнээ л хэлье. Тухайн үед гадасны ерөнхийлөгч байсны хувьд Сүмийн сургаал, түүх, бодлого журмын талаар мэддэг гэж бодож байсан бүхнээс маань үл хамааран, бидний итгэлийн тухай энэхүү гол асуултын хариу санаанд минь тийм ч амархан орж ирээгүй. Тэр өдөр би мөнх амьдрал дахь хамгийн чухал зүйлст илүү их анхаарал хандуулахаар шийдсэн билээ.
Тэгээд би шинэ найздаа1 бидэнд бие махбодоос гадна сүнс байдаг ба Бурхан бол бидний сүнсний Эцэг гэдгийг хэлэв.2 Би түүнд энэ зуурдын дэлхийд төрөхөөсөө өмнө бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдарч байсныг мөн хэлсэн.3 Тэнгэрлэг Эцэг түүнд болон Өөрийн бүх хүүхдэд хайртай тул биднийг Өөрийнхөө алдар суут бие махбодтой адил бие махбодыг хүлээн авч,4 гэр бүлийнх нь нэгэн хэсэг байж,5 Өөртэй нь адилаар6 гэр бүлтэйгээ мөнх амьдралаар тааламжтай амьдрахын тулд Өөрийнх нь оршихуйд эргэн очих төлөвлөгөөг зохиосон юм.7 Гэвч бид энэ унасан дэлхийд хоёр том саадтай тулгардаг.8 (1) Бие махбодын үхэл буюу бидний бие махбодоос сүнс салах. Мэдээж, тэр эмэгтэй бид бүгд үхнэ гэдгийг мэдэж байсан. (2) Сүнслэг үхэл буюу Бурханаас тусгаарлагдах. Учир нь мөнх бус хүмүүний хувьд бидний гэм нүгэл, алдаа, дутагдал биднийг Түүний ариун оршихуйгаас хөндийрүүлдэг.9 Тэр үүнийг ч мөн ойлгож байсан.
Би энэ бол шударга ёсны хуулийн үр дүн гэдгийг түүнд тайлбарласан. Энэхүү мөнхийн хууль нь бидний гэм нүгэл бүрийн төлөө, Бурханы хууль болон үнэнийг зөрчсөний төлөө мөнхийн төлөөс төлсөн байхыг шаарддаг эсвээс бид хэзээ ч Түүний ариун оршихуйд эргэн очиж чадахгүй.10 Бурхан “шударга ёсыг үгүйсгэж чадахгүй,” ингэвэл шударга бус болно.11 Найз маань Бурхан нигүүлсэнгүй, хайраар дүүрэн бөгөөд бидэнд мөнх амьдралыг авчрахыг хүсдэг гэдгийг амархан ойлгож, хүлээж авсан.12 Би найздаа биднийг эсэргүүцэх муу муухай, худал хуурмагийн эх сурвалж болсон зальжин, хүчтэй дайсан байгааг ч хэлсэн.13 Тийм ч учраас хязгааргүй бурханлаг хүчит нэгэн биднийг энэ эсэргүүцэл, саад тотгороос аврах хэрэгтэй болсон юм.14
Тэгээд би “ … бүх ард түмнийг үлэмж баярлуулах”15 сайн мэдээг буюу “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан учраас цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм”16 гэсэн тэрхүү сайн мэдээг түүнтэй хуваалцсан. Би найздаа, Есүс Христ бол зовж шаналж, амиа өгч бас амилах ёстой байсан мөн Түүний хязгааргүй Цагаатгал нь бүх хүн төрөлхтнийг бие махбодын үхлээс ангижруулж,17 Түүнийг дагасан бүгдэд Бурхантай болон гэр бүлтэйгээ мөнхөд хамт амьдрах боломжийг олгосон тэрхүү Аврагч гэдгийг гэрчлэн хэлсэн ба та бүгдэд ч мөн адил үүнийг гэрчилж байна.18 Мормоны Номд “Мөн Бурхан … үхлийг даван ялалтыг олно; мөн тэрээр Хүүд хүмүүний үрсийн төлөө өмгөөлөл хийх хүчийг өгнө …; [нигүүлсэл ба] нинжин сэтгэлээр дүүргэгдсэн байна …; үхлийн хүлээсийг тасчиж, өөр дээрээ тэдний зөрчлүүдийг авч, тэднийг гэтэлгэн, мөн шударга ёсны шаардлагыг хангах буюу”19 хэмээн зарлан тунхагласан байдаг.
Есүсийг даган, мөнх амьдралыг хүлээн авахад шаардлагатай алхмуудыг Бурхан илчилсэн. Үүнийг Христийн сургаал гэж нэрлэдэг. Эдгээрт “Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэл, наманчлал, [Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм]-д хүртэх баптисм ба Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих зэрэг нь орно.”20 Найздаа би дээрх алхмуудыг хуваалцсан. Харин би Христийн сургаал Бурханы бүх хүүхдийг хэрхэн адисалдаг талаарх бошиглогч, дагалдагчдын заасан хэдэн аргыг энд хуваалцъя.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Христийн цэвэр сургаал бол хүчирхэг. Энэ нь үүнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг эрэлхийлдэг хүн бүрийн амьдралыг өөрчилдөг”21 гэж сургасан.
Ахлагч Дийтр Ф.Угдорф: “[Уг] Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол нь Христийн сургаалыг зоригтойгоор тунхагладаг [ба] [өсвөр үе]ийнхэн та нарыг [үүнд] үндэслэн сонгоход … урьдаг”22 гэж заажээ.
Ахлагч Дэйл Г.Рэнланд: “Бид номлогчдыг гэрээний зам дээр гарч мөн үлдэхийн тулд Христийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийг заадаг хүмүүсээсээ хүсдэгийн адил өөрсдөө ч мөн тийн үйлдэхэд урьж байна”23 гэж заасан.
Сүмийн нэгэн хэсэг болохоо мэдрэхгүй байгаа тэднийг Христийн сургаал хүчирхэгжүүлдэг. Яагаад гэвэл, энэ нь тэдэнд ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэнчлэн “Есүс Христ миний төлөө амиа өгсөн [мөн] намайг хайрладаг”24 гэдгийг баталдаг юм.
Эцэг эхчүүд ээ, хэрэв хүүхэд тань сургаалын зарчим эсвэл бошиглолын сургаалын талаар асуудалтай байдаг бол, Сүм эсвэл Сүмийн удирдагчдын эсрэг аливаа нэгэн хөдөлгөөн өрнүүлэх юм уу шүүмжлэхээс25 зайлсхийнэ үү. Эдгээр өчүүхэн, шашны бус хандлага нь та нарыг доош татаж, хүүхдийн тань урт хугацааны итгэлтэй байдалд хор хөнөөлтэй байж болно.26 Та эрхэм нандин хүүхдээ өмгөөлж, хамгаалан; хүү, охинтойгоо илүү ойр дотно байдаг мэт сайрхан ярьдаг. Гэхдээ эхнэр Жэйн, бид хоёр хувийн туршлагаасаа, яагаад бид бүгдэд Есүс Христ юунаас ч илүү хэрэгтэйг мөн Түүний баяр баясгалант сургаалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг хайртай үр хүүхдэдээ заах нь тэднийг эдгээж, хүчирхэгжүүлдэг гэдгийг мэддэг. Эцэгтэй хамт тэдний жинхэнэ өмгөөлөгч болох Есүс рүү тэднийг эргэж хандуулцгаая. Дагалдагч Иохан “Христийн сургаал дор … байгчдад Эцэг ч, Хүү ч байна” гэж заасан. Тэгээд тэрээр “Хэн нэгэн нь та нар дээр ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол”27 хэмээн биднийг сэрэмжлүүлдэг.
Израилын төөрөлдсөн ард түмний өмнө, Мосегийн хүрэл могой босгосон цөлд саяхан Жэйн бид хоёр зочилсон юм. Их Эзэн хорт могойд хатгуулсан хүн бүрд гуулин могойг харах аваас эдгэрнэ гэж амладаг.28 Христийн сургаалыг бидний өмнө өргөснөөр Их Эзэний бошиглогч “үндэстнүүдийг эдгээхийн тулд”29 мөн адил зүйлийг хийж байна. Мөнх бус аглаг буйдад бид хазуулж, хордож, ямар ч зовлон бэрхшээл туулсан бай, эрт болоод эдүгээ цагийн хүмүүсийн адил мөн эдгэрэх байсан ч харамсалтайгаар “энэ нь тэднийг эдгээнэ гэдэгт … итгээгүйгээс … хараагүй” тэдгээр хүмүүстэй адил байхгүйг хичээцгээе.30 Мормоны Номд “Болгоогтун, … зам нь энэ; мөн хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр тийм өгөгдсөн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй. Мөн эдүгээ болгоогтун, энэ нь Христийн сургаал”31 гэж батлан өгүүлдэг.
Нью Жэрсид тэр нэгэн орой, Есүс Христ болон Түүний сургаал яагаад бидэнд хэрэгтэй талаар хуваалцаж байхдаа би шинэ эгчтэй, найз маань шинэ ахтай болсон юм. Бид Ариун Сүнсний амар амгалан, баттай гэрчлэлийг мэдэрсэн. Би зүгээр л холбоо барих мэдээллээ хуваалцахыг бас энэ тухай номлогчидтой цааш үргэлжлүүлэн ярилцахыг түүнээс хүссэн. Тэр баяртайгаар хүлээн авсан.
“Иймийн тул, эдгээр зүйлийг газар дэлхийн оршин суугчдад мэдүүлэх нь хичнээн их чухал билээ”32 мөн ”Ариун Мессиагийн сайн үйл нигүүлсэл, мөн ач ивээлээр [мөн сургаалаар] биш болбоос нэг ч бие Бурханы дэргэд оршиж чадахгүй”33 хэмээн Мормоны номд тунхагладагчлан өөрийн гэр бүл, эргэн тойрныхонд Израилыг цуглуулахдаа бид хайрлаж, хуваалцаж мөн урьдаг. Есүс Христийн нэрээр, амен.