2023
Чуулганы үеэр олон орны дуучид Табэрнэклын найрал дуучидтай нэгдэв
2023 оны 5-р сар


Чуулганы үеэр олон орны дуучид Табэрнэклын найрал дуучидтай нэгдэв

Ерөнхий чуулганы үеэр АНУ-аас өөр оронд амьдардаг дуучид анх удаа ирж, Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучидтай нэгдэв.

Саяхан Табэрнэклын найрал дууны хамтлаг дэлхийн даяарх сонсогчдодоо хүрэх эрхэм зорилгоо өргөжүүлэн тэлсэн хэмээн найрал дууны хамтлагийн ерөнхийлөгч Майкл О.Лийвитт найрал дууны хамтлагийн хөгжлийн ахиц дэвшилд зориулсан туршилтын хөтөлбөрийн талаар тайлбарлахдаа хэлэв. Мөн тэрээр: “Манай найрал дууны хамтлагийн хөгжил нь алхам алхмаар буюу суралцах, сайжрах, Их Эзэнээс илүү олон удирдамж авах гэсэн бидний мэдэх цор ганц замаар замнаж байна. Бид зорилгодоо хүрч чадна гэсэн баталгааг алхам бүрдээ хүлээн авч байгаа билээ” хэмээн хэлсэн юм.

Найрал дууны хамтлагийн дадлага сургуулилтын шахуу хуваарийг мөрдөхийн тулд хамтлагийн гишүүд Солт Лэйк Сити дэх түүхэн Табэрнэклын барилгаас 160 км (100 бээр) хүртэлх бүс дотор амьдрах шаардлагатай байдаг. Лийвитт ах туршилтын энэхүү хөтөлбөр нь хүмүүст дуу хөгжмийн онцгой ур чадварынх нь үүд хаалгыг нээж өгөн, түр хугацаагаар ч болов дуу хөгжмийн нэг хэсэг болох боломжийг олгодог талаар хэлэв.

Сонгон шалгаруулалтын үед олон орны оролцогчдоос дуу хоолойны чадварын хажуугаар хөгжмийн онолын нэвтэрхий мэдлэг, англи хэлний чадвар зэргийг шаардсан ажээ.

Найрал дууны хамтлагт дуулахаар зургаан орны хүмүүс сонгогдсон аж.

  • Бразилын Натал хотоос ирсэн Алваро Хорхэ, баритон

  • Бразилын Күричиба хотоос ирсэн Родриго Домарэдзки, баритон

  • Бразилын Сан Пауло хотоос ирсэн Талита Дэ Карвало, хоёрдугаар сопран

  • Ганын Аккра хотоос ирсэн Тюбо-Орэриба Элиша, тенор

  • Малайзын Куала-Лумпур хотоос ирсэн Жонатан Хау, хоёрдугаар тенор

  • Мексикийн Тихуана хотоос ирсэн Дэнисс Элорза Авалос, хоёрдугаар сопран

  • Мексикийн Монтэррэй хотоос ирсэн Жиоржина Монтэмаёр Вонг, хоёрдугаар сопран

  • Филиппиний Кагаян-Дэ-Оро хотоос ирсэн Роналд Ба, тенор

  • Филиппиний Кагаян-Дэ-Оро хотоос ирсэн Сандэй Мэй Индино, нэгдүгээр сопран

  • Тайваний Тайпэй хотоос ирсэн Пэй-Шан Чунг (Кайли Жун), нэгдүгээр альт

Олон орноос ирсэн оролцогчид найрал дууны хамтлагтай хамт бэлтгэж хийж, найрал дууны сургууль, Сүмийн хэд хэдэн түүхэн газраар айлчилж, Сүмийн Халамжийн талбай, Ариун сүмийн талбай, бишопын төв агуулахаар тус тус аялжээ.

Ерөнхий чуулганы төгсгөлд Ютагийн найрал дууны гишүүд “Биднийг уулзтал Бурхан чамтай байг” дууллыг хамтлагийн зочин гишүүдэд үдэлт болгон дуулж өгсөн юм.

Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй олон орноос ирсэн оролцогчдод хандан хайр, талархлаа илэрхийлэв. Тэр: “Би та бүхэнд эх орондоо буцаж очоод, энд үзсэн зүйлсийнхээ талаар гэрчилж, дуучдын шинэ үеийг дэлхийн эргэн тойронд хаа сайгүй бий болгоно гэдэгт найдаж байна” гэж хэлсэн юм.

Хоёр долоо хоногийн турш үзэж мэдэрсэн зүйлс нь тэрхүү оролцогчдод Сүмийн гишүүдийн эв нэгдэл, холбоо хамаарлыг илүү ихээр мэдрэхэд тусалжээ. “Бид Сүмийн дуу хөгжмийн албатай удаан хамтарч ажилласан. Удирдагчидтай уулзах үеэр би тэднийг дэлхийн эргэн тойронд буй гишүүдийг дуу хөгжмөөр дамжуулан илүү гүн гүнзгий сүнслэг туршлага олж авч чадна гэдэгт найддаг гэдгийг үнэхээр мэдэрсэн” хэмээн ахлагч Пэй-Шан Чунг хэлэв.