2023
Их Эзэн Есүс Христ бидэнд тохинуулахыг заадаг
2023 оны 5-р сар


11:29

Их Эзэн Есүс Христ бидэнд тохинуулахыг заадаг

Бид Аврагчийнхаа тусламжтай Түүний эрхэм хоньдыг хайрлаж, тэдэнд Түүний адил тохинуулж чадна.

Их Эзэн Есүс Христ хэлэхдээ:

“Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.

Үүнчлэн Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө амиа өгнө”1 гэжээ.

Энэ судрын грек хувилбарт сайн гэдэг үг нь “гайхалтай, сүр жавхлантай” гэсэн утгыг бас агуулдаг. Тиймээс би өнөөдөр Сайн хоньчин, Гайхалтай хоньчин, Сүр жавхлант Хоньчин Есүс Христийн талаар ярихыг хүсэж байна.

Шинэ Гэрээнд Түүнийг “Хоньдын Хоньчин”2, “Тэргүүн Хоньчин”3, “Хоньчин буюу сэтгэлийн [маань] Харгалзагч”4 хэмээн нэрлэдэг.

Хуучин Гэрээнд Исаиа “Тэр хоньчны ёсоор сүргээ хариулна”5 гэж бичсэн.

Мормоны Номд Түүнийг “сайн хоньчин”6 ба “агуу их хийгээд жинхэнэ хоньчин”7 хэмээн нэрлэдэг.

Сургаал ба Гэрээнд Тэрээр “Иймийн тул, бибээр та нарын дунд байна, мөн бибээр сайн хоньчин”8 хэмээн тунхагладаг.

Бидний өдрүүдэд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Сайн Хоньчин сүргийнхээ бүх хонийг хайраар харж ханддаг ба бид Түүний жинхэнэ туслах хоньчид юм. Бид бол Аврагчийн биднээс хүссэний адил найз нөхөд, хөршүүдээ хооллож, хариулж, халамжлах замаар Түүний хайран дээр өөрсдийнхөө хайрыг нэмэн хуваалцах завшаантай хүмүүс билээ”9 гэж тунхагласан.

Мөн саяхан ерөнхийлөгч Нэлсон “Их Эзэний үнэн бөгөөд амьд Сүмийн таних тэмдэг үргэлж Бурханы хүүхэд тус бүрд болон тэдний гэр бүлүүдэд тохинуулах зохион байгуулалттай, чиглүүлсэн хүчин чармайлт байх болно. Энэ нь Түүний Сүм учраас бид Түүний үйлчлэгчдийн хувиар Түүний хийснээр тэрхүү нэгэнд тохинуулах болно. Бид Түүний нэрээр, Түүний хүч, эрх мэдэл, хайр, нинжин сэтгэлээр тохинуулах болно”10 хэмээн хэлсэн.

Фарисайчууд болон хуулийн багш нар Их Эзэний эсрэг дургүйцэн дүнгэнэлдэж “Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог”11 гэхэд Тэрээр алдагдсан хонь, гээгдсэн зоос, алдагдсан хүү хэмээх бидний мэдэх гурван гайхалтай сургаалт зүйрлэлээр хариулдаг.

Сайн мэдээний бичээч Лук энэ гурван түүхийг өгүүлэхдээ сургаалт зүйрлэл гэдэг үгийг олон тоон дээр бус ганц тоогоор ашигласан нь сонирхолтой юм.12 Энэ нь Их Эзэн 100 хонь, 10 зоос, 2 хүү гэсэн ялгаатай тоонуудыг агуулсан гурван түүхээр нэгэн өвөрмөц сургамжийг зааж байгааг харуулдаг.

Хэдий тийм ч, түүх бүрд гарч буй гол тоо бол нэг юм. Энэ тооноос бидний авч болох сургамж нь та ахлагчийн чуулгынхаа 100 ахыг хариуцсан туслах хоньчин ч бай, эсвэл 10 залуу эмэгтэйн зөвлөх ч бай, эсвэл хүүхдийн хэсгийн 2 хүүхдийн багш ч бай, та үргэлж тэдэнд нэг нэгээр нь, биечлэн тохинуулж, халамжилж, хайрлаж байх ёстой юм. Та нар “Ямар мунхаг хонь вэ”, эсвэл “Эцсийн дүнд надад тэр зоос хэрэггүй”, эсвэл “Ямар тэрслүү хүү вэ” гэж хэзээ ч хэлэх ёсгүй. Хэрэв танд болон надад “Христийн цэвэр хайр”13 агуулагдаж байгаа л бол уг түүхэд гардаг хоньчинтой адил “ерэн есөн хонио … орхин, алдагдсан нэгийг нь ол[он олтлоо бид] араас нь явах болно.”14 Эсвэл бид гээгдсэн зоосны түүхэд гардаг эмэгтэй шиг “дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэж өнөөхөө [олон] олтлоо ихэд шаргуу[гаас шаргуу] хайх болно.”15 Хэрэв бидэнд “Христийн цэвэр хайр” байх аваас алдагдсан хүүгийн түүхэд гардаг “холоос [хүүгээ] харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнс[сэн]” 16 эцгийн үлгэр жишээг дагах болно.

Бид ганцхан хонь алдсан эрийн зүрх сэтгэл дэх тэвдлийг, эсвэл нэг зоосоо гээсэн эмэгтэйн зүрх сэтгэл дэх сандралыг, эсвэл алдагдсан хүүгийн эцгийн зүрх сэтгэл дэх хэмжээлшгүй их хайр, өрөвдөх сэтгэлийг мэдэрч чаддаг уу?

Миний эхнэр Мариа Изабэл, бид хоёр Төв Америкийн Гватемал хотод үйлчилсэн юм. Тэнд надад Сүмийн итгэлтэй гишүүн Жүлиатай уулзах боломж тохиосон. Надад түүнээс гэр бүлийнх нь талаар асуух хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн юм. Түүний ээж хавдрын улмаас 2011 онд өөд болсон байлаа. Аав нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөхөөр, мөн бишопоор олон жил үйлчилсэн гадасны итгэлтэй удирдагч байжээ. Тэр бол Их Эзэний жинхэнэ туслах хоньчин байв. Түүнийг гишүүдэд уйгагүй айлчилж, тохинуулан, үйлчилдэг байсныг Жүлиа надад ярив. Их Эзэний эрхэм хоньдыг тэжээж, хариулахдаа тэр маш их баясдаг нэгэн байжээ. Тэрээр дахин гэрлээд, Сүмд идэвхтэй үлджээ.

Хэдэн жилийн дараа гэрлэлт нь салалтаар төгсөж, тэр Сүмд дахин ганцаар явах болжээ. Сүм түүний байх ёстой газар биш гэж, зарим хүн салалтаас нь болж өөрийг нь шүүмжилж байгаа гэсэн мэдрэмж төржээ. Зүрх сэтгэл нь сөрөг мэдрэмжүүдээр дүүрч тэрээр Сүмд явахаа больсон байна.

Жүлиа энэхүү хөдөлмөрч, өрөвч нинжин, хайраар дүүрэн гайхалтай туслах хоньчны талаар олон сайхан зүйлийг надад ярьсан. Түүнийг дүрслэн ярих үед надад түүнтэй хурдхан уулзах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрж байсныг би тод санаж байна. Энэ олон жилийн турш шаргуу хөдөлмөрлөсөн тэр хүний төлөө би ямар нэгэн зүйл хийхийг хүссэн юм.

Жүлиа надад аавынхаа гар утасны дугаарыг өгч, би түүнтэй биечлэн уулзах найдварыг тээн түүн рүү залгаж эхлэв. Хэдэн долоо хоногийн турш олон арван удаа залгасны эцэст тэрээр нэг өдөр утсаа авлаа.

Би түүнд охин Жүлиатай нь танилцсаныгаа, мөн олон жилийн турш Их Эзэний эрхэм хоньдод үйлчилж, тохинуулж, хайрлаж байсан үлгэр жишээ нь сэтгэлийг минь хөдөлгөснийг хэлсэн. Тэр намайг ийм үг хэлнэ гэж төсөөлөөгүй байв. Би түүнтэй нүүр нүүрээ харан биечлэн уулзахыг үнэхээр их хүсэж байгаагаа хэлтэл тэрээр ямар зорилгоор уулзах гэж байгааг маань асуусан. Би түүнд “Ийм гайхалтай эмэгтэйн аавтай уулзмаар байна” гэж хариулав. Дараа нь хэдэн хором утасны цаана чимээгүй болсон нь надад үүрд үргэлжлэх шиг удаан санагдаж билээ. Тэр зүгээр л “Хэзээ, хаана?” гэж асуусан.

Түүнтэй уулзсан тэр өдөр би түүнийг Их Эзэний эрхэм хоньдод айлчилж, тохинуулж, үйлчилж байсан туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм. Түүнийг сэтгэл хөдөлгөм түүхүүдийг ярьж байхад би дууных нь өнгө өөрчлөгдсөнийг, туслах хоньчин байхдаа олон удаа мэдэрсэн тэр сүнс түүнд эргэн ирснийг анзаарсан. Түүний нүд нулимсаар дүүрэв. Энэ бол миний ярих тохиромжтой мөч гэдгийг мэдэж байсан ч би юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Би дотроо “Аав аа, надад туслаач” хэмээн залбирсан.

Гэнэт би “Флориан ах аа, Их Эзэний үйлчлэгчийн хувьд би танаас бид танд тусалж чадаагүйн төлөө уучлалт гуйж байна. Биднийг уучлаарай. Танд хайртай гэдгээ харуулах дахин нэг боломжийг бидэнд олгооч. Та бидэнд хэрэгтэй! Та бидний хувьд чухал” хэмээн өөрийнхөө хэлэхийг сонсов.

Дараагийн ням гарагт тэр буцаж ирсэн юм. Тэр бишоптойгоо удаан ярилцсан ба Сүмд эргэн идэвхэжсэн. Хэдэн сарын дараа тэрээр нас барсан ч үүнээсээ өмнө Сүмд эргэж ирсэн юм. Тэр эргэж ирсэн. Бид Аврагчийнхаа тусламжтай Түүний эрхэм хоньдыг хайрлаж, тэдэнд Түүний адил тохинуулж чадна гэдгийг би гэрчилж байна. Ийн Их Эзэн Есүс Христ Гуатэмала хот дахь хонин сүрэгтээ нэг эрхэм хонио эргүүлэн авчирсан. Тэрээр мартагдашгүй нэгэн тохинууллын тухай хичээлийг надад заасан юм. Сайн Хоньчин, Гайхалтай Хоньчин, Сүр жавхлант Хоньчин, Их Эзэн Есүс Христийн нэрээр, амен.