“Ахлагч Алан Т.Филлипс”, Лиахона, 2023 оны 5-р сар.
Ахлагч Алан Т.Филлипс
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Алан Т.Филлипс залуу байхаасаа Сүм үнэн гэдгийг мэддэг байсан ч номлогчийн бүрэн цагийн үйлчлэлийг эхлэхээсээ өмнө Аврагчийн талаар илүү хувийн шинж чанартай гэрчлэл хүлээн авна гэж найдаж байв.
Тэр “Би мацаг барьж, залбирч, ой руу явсан. Би жинтэй хариулт хайж байлаа” гэж хуваалцав.
Нэг долоо хоног гэр бүлийнхэн нь ажлаар гэрээсээ хол явсан үеэр тэр ариун ёслолын цуглаанд ганцаараа оролцсон аж.
“Би хариулт хүлээлгүй, зүгээр л тэнд ариун ёслолд бэлдэн, цугларагсдын дунд дуулж байлаа. ‘Гараа хадуулж, цусаа урсган, төлөөсийг төлсөн’1 гэсэн шүлгийн утга санаа, үгс анх удаа миний зүрх сэтгэлийг шатах мэт болгож, үнэн гэсэн мэдрэмжийг төрүүлсэн юм. Миний Бурхантай хамаатай байдал зүгээр нэг ойлголт, хийсвэр үзэл байхаа больж, би Түүний бодит байдлыг мэдэрсэн юм. Тухайн мөчид Тэр миний Аврагч болсон байлаа” гэж тэр хуваалцсан юм.
Үүний дараа ахлагч Филлипс Тэнгэрлэг Эцэгт талархан залбирч, өөрт нь Түүний өгсөн шинэ мэдлэгт амьдралынхаа туршид үнэнч байх болно гэдгээ хэлсэн аж.
Энэ нь түүнд Аврагчийн бодит байдлыг баталсан явдал юм. Тэр түүний гэрчлэл дэх бүх зүйл тэрхүү “бат бөх сууринаас” (Хиламан 5:12) бий болсон гэж хэлжээ.
Алан Томас Филлипс нь 1970 оны 6-р сард Английн Кэнт мужид мэндэлж, Бакингхэмшир хотод өсжээ. Тэрээр 2005 онд Аризона Мэса ариун сүмд Линзи Иоргтой гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхэдтэй бөгөөд Сүмийн түүхэнд нэрээ үлдээсэн Английн Лондон хотын Хайд Парк гадасны гишүүд юм.
Ахлагч Филлипс бакалаврын болон магистрын зэргээ Лондоны Эдийн засаг, улс төр судлалын Сургуульд хамгаалсан. Тэрээр бизнес, санхүү, боловсролын олон байгууллагад ажиллаж байсны дотор Бригам Янгийн Их Сургуулийн Лондон хот дахь төвийн боловсролын алба хариуцсан захирлаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан.
Ахлагч Филлипс Английн Манчэстэр номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн юм. Түүнчлэн тэр Европын зүүн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөх, бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, дээд зөвлөлийн гишүүн, бишопын зөвлөхөөр тус тус үйлчилж байсан.