2023
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь нэг зоосны хоёр тал юм
2023 оны 5-р сар


10:12

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь нэг зоосны хоёр тал юм

Энэ болон мөнх амьдралд гэр бүлүүдийг холбох нь Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөний гол хэсэг юм.

“Энэхүү цаг хугацааны бүрэн байдлын эрин үед” (Сургаал ба гэрээ 128:18) ариун сүмүүд баригдсаар байгаад би маш их талархдаг. Сэргээлтийн эхэн үеэс эхлээд итгэлтэй гэгээнтнүүд ариун сүмийн ёслол, гэрээнүүдийг хүлээн авахын тулд олон золиослол гаргасан. 1975 онд миний хайрт эхнэр Эвэлиа бид хоёр хайрт эцэг эхээ дагуулан гэгээнтнүүдийн агуу үлгэр жишээгээр санхүүгийн хувьд олон золиослол гарган байж Мехико хотоос аялан Аризонагийн Мэса ариун сүмд очин мөнхөд лацдан холбогдсон юм. Тэр өдөр бид Их Эзэний өргөөнд санваарын эрх мэдлээр нэгдэн нийлэхдээ үнэхээр тэнгэрийг зэрвэсхэн мэдэрсэн.

Ариун сүмийн ажил ба зорилго

Тэр үйл явдал надад Көртланд дахь гэгээнтнүүд гурван жил шаргуу зүтгэл, агуу золиослол гаргасны эцэст 1836 оны хавар энэ эрин үеийн анхны үзэсгэлэнт ариун сүмээ барьж дуусгасанд илүү их талархах боломжийг олгосон юм. Тухайн оны 3-р сард ариун сүмийн онцгойлон адислах ёслолд оролцохоор мянга гаруй хүн дотор болон үүдэнд нь цугларсан байлаа. Бошиглогч Иосеф Смит илчлэлтээр (Сургаал ба Гэрээ 109-ийг үзнэ үү) хүлээн авсан онцгойлон адислах залбирал хэлэхээр босов. Тэрээр залбиралдаа Их Эзэний ариун сүмд зохистойгоор ирсэн хүмүүст өгөгддөг ер бусын олон адислалыг дүрсэлжээ. Дараа нь найрал дуучид “Бурханы Сүнс” дууллыг дуулсны дараа цугларагсад босож, “ариун сүмийн дээвэр бараг л ховхормоор [тийм хүчтэйгээр]” Хозанна хэмээн хашхирав (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 347).

Долоо хоногийн дараа ариун сүмд Их Эзэн бошиглогчид үзэгдэж, ийн хэлжээ:

“Учрыг болгоогтун, би энэ өргөөг хүлээж авлаа, мөн миний нэр энд байх болно; мөн энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно. …

Мөн энэ өргөөний алдар нэр алс холын нутгуудад тархах болно; мөн энэ нь миний хүмүүсийн тэргүүн дээр юүлэгдэх адислалын эхлэл бөлгөө” (Сургаал ба Гэрээ 110:7, 10).

Энэ болон бусад олон үзэгдлийн дараа, үхлийг үзэлгүйгээр тэнгэрт аваачигдсан бошиглогч Елиа бошиглогч Иосеф Смит, Оливер Каудер нарын өмнө үзэгдэн, мөн ийн хэлжээ:

“Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө тэр [бошиглогч Елиа] илгээгдэх болно хэмээн нотолж—Малахийн амаар яригдсан тэрхүү цаг бүрнээрээ ирлээ—

Бүхэл дэлхий зүхлээр арчигдахгүйн тулд эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүлэх нь буюу.

Тиймийн тул, энэ эрин үеийн түлхүүрүүд та нарын гарт даатгагдлаа; мөн үүгээр та нар Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ойрхон, бүр хаалган дээр ирээд байгааг мэдэж болох бөлгөө” (Сургаал ба Гэрээ 110:14–16).

Ариун сүм ба гэр бүлийн түүх

Их Эзэн лацдан холболтын түлхүүрүүдийг Иосеф Смитэд сэргээн өгсний дараа бидний эрин үед хөшигний хоёр талд авралын ажил эхэлсэн юм (1 Коринт 15:22, 29; Сургаал ба Гэрээ 128:8–18-ыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Энэ дохиог өгсөн үйл явдал дэлхийд мэдэгдэлгүй өнгөрсөн ч өмнө нь амьдарч байсан болоод дараа нь амьдрах бүх л бодгалийн хувь заяанд нөлөөлөх юм. Үйл явдлууд чимээгүй өрнөж эхэлсэн. Сүм нь ариун сүм барьж байгуулдаг сүм болсон.

Дэлхийн энд тэндгүй угийн бичгийг хөтлөх сонирхолтой хүмүүс болон байгууллага, нийгэмлэгүүд гэнэт гарч ирэх болсон. Энэ бүхэн Көртландын ариун сүмд Елиаг үзэгдсэнээс хойш өрнөсөн юм.” (The Holy Temple [1980], 141).

1836 оны 4-р сарын 3-ны тэр өдрөөс эхлэн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэж эхэлсэн. Энэ үеэс эхлэн ёслолууд нь цаг зуурынх биш, харин үүрдийнх болов. Лацдан холбох хүч бидэнд байлаа. Энэ хүчнээс илүү эрх мэдэл гэж үгүй. Энэхүү хүч нь амьд ба нас барсан хүмүүсийн аль алиных нь төлөө зохих эрх мэдлийн дагуу гүйцэтгэдэг бүх ёслолыг гүн гүнзгий утга учиртай, мөнхийн чанартай болгодог билээ” гэж заасан (Preparing to Enter the Holy Temple [2002], 28).

Хайрт ах эгч нар аа, ариун сүмийг барьж босгох, зүй зохистой ашиглах явдал нь аль ч эрин үед Есүс Христийн үнэн сүмийн таних тэмдэг байсаар ирсэн. 1893 онд ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф Солт Лэйк Сити ариун сүмийг онцгойлон адисалсныхаа дараа сүмийн гишүүдийг ариун сүмд нэрс авчран аврал, өргөмжлөлийн ёслолуудыг гүйцэтгэхийн тулд өмнө амьдарч байсан олон өвөг дээдсийнхээ бүртгэлийг чадлынхаа хэрээр хайн олж, угийн бичгээ хөтлөхийг урамшуулсан (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 174).

Гэр бүлийн түүх ба ариун сүмийн ажил нь нэг ажил юм.

Үүнээс нэг жилийн дараа (1894 онд) мөн л ерөнхийлөгч Вүдрафф Юта мужийн Угийн бичгийн нийгэмлэгийг үүсгэн байгуулах ажлыг хариуцаж авсан юм. Зуун жилийн дараа буюу 1994 онд тухайн үед Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн байсан ахлагч Рассэлл М.Нэлсон “Тэрхүү түүхэн жил болсон үйл явдлууд нь гэр бүлийн түүхийн судалгаа, ариун сүмийн үйлчлэлийг Сүмийн хувьд нэг ажил байхаар зохион байгуулсан юм” гэж хэлсэн (“The Spirit of Elijah,” Ensign, Nov. 1994, 85).

Гэр бүлийн түүхийн ажил

Хүндэт ах эгч нар аа, Их Эзэн биднийг Сүмийнх нь гишүүдийн хувьд гэр бүлийн түүхээ хадгалан, өвөг дээдсээсээ суралцан, мөнхийн гэр бүлээр адислах гэрээний зам дээр өсөж хөгжихөд нь тэдэнд туслах сайн мэдээний адислалуудыг ариун сүмд хүлээж авахад шаардагдах арга хэмжээг авахыг урамшуулдаг. Энэ болон мөнх амьдралд гэр бүлүүдийг холбох нь Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөний гол хэсэг юм.

Энэ ажлыг хийж чадахгүй гэж бодож байгаа хүмүүст хандан хэлэхэд, та нар ганцаараа биш гэдгээ мэдэх хэрэгтэй. Бид бүгд өмнө нь Гэр бүлийн түүхийн төв гэж нэрлэдэг байсан FamilySearch төвүүд дэх Сүмийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой. Эдгээр FamilySearch төв нь бараг хүн бүр багахан тусламж авсныхаа дараа өвөг дээдсийнхээ мэдээллийг олж, зохих ёсоор эмхлэн цэгцэлж, Их Эзэний өргөө рүү авч явахад бэлэн болгосон байхаар зохион байгуулагдсан юм. Алхам бүрийг тань чиглүүлэх тойрог, салбарынхаа гэр бүлийн түүхийн зөвлөхүүдтэй холбоо бариарай.

Бид бошиглогчдын удирдамжийг даган, гэр бүлийн түүхээ хэрхэн хөтлөхөд суралцаж, өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэснээр энэ ажлыг тасралтгүй хийх хүсэлтэй болж асар их баяр баясгаланг мэдэрнэ. Биднийг өвөг дээдсийнхээ нэрсийг эрэн хайх үед Сүнс зүрх сэтгэлийг маань дүүргэж, үүнийг хийхэд бидний чадварыг хурцлан, чиглүүлэх болно. Гэр бүлийн түүхийн ажил нь зөвхөн нэр, огноо, газруудыг эрэн хайхаар хязгаарлагдахгүй гэдгийг санацгаая. Энэ бол гэр бүлүүдийг нэгтгэх, тэдэнд сайн мэдээний ёслолуудыг хийх боломжийг олгосноос хүлээн авах баяр баясгаланг мэдрэх явдал юм.

Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сүнсээр өдөөгдсөн сургаалуудад би дуртай. Тэр хэлэхдээ “Биднийг итгэл, сүнслэг хүч чадлаа бэхжүүлэхэд ариун сүм голлох байр суурьтай байдгийн учир нь ариун сүмийн амин зүрх бол Аврагч ба Түүний сургаал юм. Сүнсээр болон заавраар дамжуулан ариун сүмд заагддаг бүх зүйл Есүс Христийн талаарх бидний ойлголтыг тэлдэг. Түүний амин чухал ёслолууд ариун нандин санваарын гэрээнүүдээр дамжуулан биднийг Түүнтэй холбодог. Улмаар биднийг гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг бидэнд хүртээдэг” гэжээ (“Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь”, 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь гарцаагүй Сүм дэх нэг ижил ажил юм.

Би эдгээр үнэнийг гэрчилж байна. Энэ Сүм бол энэхүү Христийн амилсны баяраар бидний дурсан санаж, гүн хүндэтгэл үзүүлдэг Аврагч, Гэтэлгэгч Их Эзэн Есүс Христийн Сүм гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг хайрладаг бөгөөд Түүнд итгэж, гэрээнүүдээ сахих үед Өөрийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг бидэнд өгдөг гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.