2023
Дөрөв дэх өдрийн дараа
2023 оны 5-р сар


10:43

Дөрөв дэх өдрийн дараа

Бид Есүс Христэд итгэх итгэлээр урагшилснаар дөрөв дэх өдөр үргэлж тохиох болно. Тэр үргэлж бидэнд туслахаар ирэх болно.

Өнөө өглөө бидэнд сануулснаар, өнөөдөр Далдуу модны ням гараг бөгөөд Аврагчийн Иерусалим руу сүр жавхлантайгаар орсныг болон Түүний зовлон зүдгүүр, Цовдлолт, Амилуулалтыг багтаасан Түүний агуу Цагаатгалын өмнөх ариун долоо хоног эхэлж буйг тэмдэглэдэг.

Эш үзүүлэгдсэний дагуу хот руу орохынхоо өмнө, Есүс Христ Өөрийнх нь эрхэм нөхөд болох Мариа, Марта хоёроос ах Лазарыг нь өвдсөн гэдгийг сонсох үедээ тохинууллын ажилдаа тун завгүй байв.1

Лазар хүнд өвдсөн байсан хэдий ч Их Эзэн “байсан газраа дахин хоёр хонов. Дараа нь Тэр шавь нартаа —Иудей уруу дахин явцгаая гэжээ.2 Есүс Бетан дахь нөхдийнхөө гэрт очихоор аянаа эхлэхээсээ өмнө “[Өөрийн шавь нарт] шуудхан Лазар үхсэн”3 гэв.

Есүс Бетанд ирээд, эхлээд Мартатай, дараа нь Мариатай уулзав. Тэд Түүнийг оройтож ирсэнд сэтгэлээр унасан байдлаар хоёул Түүнтэй “Эзэн, Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан”4 хэмээн хэлж мэндлэв. Марта цааш нь “Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхийрсөн байгаа” гэж хэлэв.”5

Энэ дөрөв хоног Мариа, Марта хоёрын хувьд чухал байв. Зарим иудей шашны үзэл баримтлалаар нас барсан хүмүүсийн сүнс гурван хоногийн турш амьдрах найдвар тээн биедээ байсаар байдаг гэж итгэдэг байв. Гэвч бие ялзарч, өмхийрч эхэлдэг байсан тул дөрөв дэх өдөр гэхэд найдвар тасардаг байв.6

Мариа, Марта хоёр ийн цөхөрсөн байдалтай байв. “Есүс [Мариагийн] … уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, дотроо үймрэн,

Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэхэд тэд Түүнд “Эзэн, ирээд, үз гэлээ.”7

Энэ үед бид Түүний мөнх бус тохинууллын хамгийн агуу гайхамшгуудын нэгийг олж хардаг. Эхлээд Их Эзэн “Хадыг зайлуул”8 гэв. Тэр Тэнгэрлэг Эцэгтээ талархал илэрхийлснийхээ дараа, “чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав.

“Талийгаач гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд —Тайлж, түүнийг явуул”9 гэв.

Бид Мариа, Марта хоёртой адил уй гашуу10, сул дорой байдал11 гээд мөнх бус амьдралын бүхий л зүйлийг туулдаг. Бид бүгдээрээ хайртай хүнээ алдсаны дараах сэтгэлийн шаналлыг туулах болно. Мөнх бус амьдралын аялалд бид өөрсдөө өвдөх юм уу хайртай хүмүүс маань хүнд өвдөх, сэтгэл гутрах, түгшүүрт автах, эсвэл бусад сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд, санхүүгийн хүндрэл, урвалт, гэм нүгэл зэрэг нь тохиож болох юм. Заримдаа ийм зүйлс тохиолдоход бид найдвараа алдсан мэдрэмжийг мэдэрдэг. Би ч мөн ялгаагүй. Би та нартай адил энэ амьдралд тохиолдох нь гарцаагүй олон сорилт бэрхшээлтэй тулгарсан. Аврагчийн тухай гардаг энэ түүхэд болон энэ нь Түүнтэй харилцах бидний харилцааны талаар надад юу зааж байгаа нь миний анхаарлыг татдаг.

Бид Мариа, Марта хоёртой адил их санаа зовсон үедээ Аврагчийг эрэлхийлж мөн Эцэгийг дээрээс нөлөөлөн оролцохыг хүсдэг. Лазарын түүх бидэнд хувийн сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ амьдралдаа хэрэгжүүлж болох зарчмуудыг заадаг.

Аврагчийг Бетанд ирэхэд Лазар үхээд дөрөв хоносон байсан тул бүгд түүнийг аврагдана гэж найдахаа больсон байв. Заримдаа биднийг өөр өөрсдийн сорилт бэрхшээлийг даван туулж байхад Христ хэтэрхий оройтож байгаа юм шиг, бидний итгэл, найдвар соригдож байгаа юм шиг санагдаж болох юм. Бид Есүс Христэд итгэх итгэлээр урагшилснаар дөрөв дэх өдөр үргэлж тохиох болно гэдгийг би гэрчилж байна. Тэр үргэлж бидэнд туслахаар эсвээс бидний найдварыг сэргээхээр ирэх болно. Тэр дараах зүйлсийг амласан:

“Зүрхээ бүү шаналга.”12

“Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ”13 хэмээн Тэр амласан.

Тэр заримдаа хамаг найдвар тасартал, зүйрлэсэн дөрөв дэх өдрийг хүртэл ирэхгүй байгаа мэт санагдаж байж магадгүй. Гэхдээ Тэр яагаад ингэж оройтдог вэ? Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Бидэнд хязгааргүй баяр баяслыг өгдөг Тэнгэрлэг Эцэг маань биднийг ирэх зовлон бэрхшээлтэйгээ нүүр тулан, тэдгээрийг ялан дийлснээр илүү ихийг сурч, хөгжиж, улам хүчирхэг болдог гэдгийг маань мэддэг”14 хэмээн заасан.

Бошиглогч Иосеф Смит хүртэл дөрөв дэх өдрийн хүнд туршлагыг туулсан. Түүний гуйлтыг санаж байна уу? “Ай Бурхан минь, Та хаана байна вэ? Мөн таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ?”15 Бид Түүнд итгэлтэй байснаар “Хүү минь, [охин минь] сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно”16 хэмээх адил хариултыг авч чадна.

Лазарын түүхээс өөр нэг сурч мэдэж болох зүйл бол дээрээс ирэх бурханлаг нөлөөнд бид ямар үүрэг хүлээдэг тухай юм. Есүс булшин дээр дөхөж ирээд, эхлээд тэнд байсан хүмүүст “Хадыг зайлуул”17 хэмээн хэлсэн. Аврагч Өөрийн хүчээр ямар ч хүчин чармайлт гаргалгүйгээр хадыг гайхалтайгаар хөдөлгөж чадахгүй байсан гэж үү? Энэ нь харахад сэтгэл хөдлөм, мартагдашгүй тохиолдол болж болох байсан ч Тэр бусдад “Хадыг зайлуул” гэж хэлсэн.

Хоёрдугаарт, Их Эзэн “чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашгирав.”18 Хэрэв Их Эзэн Өөрөө Лазарыг агуйн аман дээр гайхамшигтайгаар гаргаж ирсэн бол илүү сэтгэл хөдлөм байхгүй байсан гэж үү? Ингэснээр тэр хадыг зайлуулмагц цугласан олонд тэр даруй харагдаж болох байв.

Гуравдугаарт, Лазар гарч ирэхдээ гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой байв. Есүс тэдэнд —Тайлж, түүнийг явуул”19 гэв. Их Эзэн Лазарыг аль хэдийн цэвэрхэн болгоод, булшны даавууг нь нямбайлан эвхээд, түүнийг агуйн аман дээр зогсоож чадах байсанд би итгэлтэй байна.

Эдгээр талыг онцолж буй учир нь юу вэ? Энэ гуравт нийтлэг зүйл байсан нь аль нь ч Христийн бурханлаг хүчийг ашиглах шаардлагагүй байв. Тэр шавь нарынхаа хийж чадах зүйлсийг л хийх заавар өгсөн. Шавь нар мэдээж хадыг өөрсдөө зайлуулж чадах байсан; Лазар амилуулагдсаныхаа дараа өөрөө агуйн аман дээр зогсоод, бусдад харагдаж чадах байсан; Лазарт хайртай хүмүүс түүнд булшны даавуугаа тайлахад нь тусалж чадах байсан.

Гэхдээ Лазарыг үхлээс босгох эрх мэдэл, хүчтэй хүн нь зөвхөн Христ байв. Аврагч биднээс чадах бүхнээ хийхийг хүсдэг бөгөөд Тэр зөвхөн Өөрөөс нь өөр хүнхийж чадахгүй зүйлийг хийх болно гэдгийг би хэлмээр байна.20

“[Есүс Христэд итгэх] итгэл нь үйлдлийн зарчим”21 бөгөөд “гайхамшгууд нь итгэлийг төрүүлэхгүй ч гэсэн, хүчтэй итгэл нь Есүс Христийн сайн мэдээнд дуулгавартай байх явдлаар хөгждөг. Өөрөөр хэлбэл, итгэл зөв шударга байдлаас ирдэг.”22 Бид ариун гэрээнд орж, тэдгээрийг дагаж, Христийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлж, зөв шударгаар үйлдэхийг хичээснээр итгэл маань биднийг зөвхөн дөрөв дэх өдөрт аваачихад хангалттай байгаад зогсохгүй бид Их Эзэний тусламжтайгаар зам дээрээ байгаа чулуунуудыг зайлуулж, цөхрөлөөсөө өндийж мөн биднийг хүлсэн хүлээс болгоноос өөрийгөө чөлөөлөх боломжтой байх болно. Их Эзэн биднийг “өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хийхийг”23 хүсдэг ч Түүнд итгэлтэй байснаар Тэр энэ бүх зүйлд шаардлагатай тусламжаар хангана гэдгийг санаарай.

Бид хэрхэн чулууг нүүлгэж, Түүний хадан дээр барьж чадах вэ?24 Бид бошиглогчдын зөвлөгөөг дагаж чадна.

Жишээлбэл: Өнгөрсөн 10-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагчийн тухай, мөн Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ өөрийн болгох, үүний төлөө зүтгэж мөн үүнийг тэтгэж,, үүнийг үнэнээр тэжээж, мөн үл итгэгчдийн худал хуурамч гүн ухаанаар үүнийг булингартуулахаас зайлсхийхийг хүссэн. Тэрээр бид бүгдэд “Та Есүс Христийн талаарх гэрчлэлээ тасралтгүй бэхжүүлэхийг эн тэргүүнд тавихдаа амьдралд тань тохиолдож буй гайхамшгийг олж хараарай”25 хэмээн амласан.

Бид үүнийг хийж чадна!

Бид уг түүхтэй адил амьдрал дээрээ хэрхэн амилж мөн гарч ирэх вэ? Бид баяр хөөртэйгөөр наманчилж мөн зарлигуудыг дагахыг сонгож чадна. “Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ”26 хэмээн Их Эзэн хэлсэн. Бид өдөр бүр наманчлахыг хичээж мөн Их Эзэнийг бүрэн дүүрнээр хайрлах чин сэтгэл, баяр хөөртэйгөөр урагшилж чадна.

Бид үүнийг хийж чадна!

Бид Их Эзэний тусламжтайгаар, биднийг хүлсэн болгоноос өөрсдийгөө хэрхэн чөлөөлж чадах вэ? Бид юун түрүүнд өөрсдийгөө гэрээгээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг мөн Түүний Хүү, Есүс Христтэй холбож чадна. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан. “[Бидний] ёс суртахууны болон сүнслэг байдлын хүч чадлын эх сурвалж юу вэ? Бид тэдгээрийг хэрхэн олж авдаг вэ? “Үүний эх үүсвэр нь Бурхан юм. Бид энэ хүчийг Түүнтэй байгуулсан гэрээнүүдээрээ дамжуулан олж авч чадна. … Эдгээр бурханлаг гэрээнд Түүнд үйлчилж, Түүний зарлигуудыг сахисны хариуд Бурхан Өөрөө биднийг дэмжиж, ариусган, өргөмжлөхөөр үүрэг хүлээсэн билээ.”27 Бид ариун гэрээнүүд байгуулж мөн сахиж чадна.

Бид үүнийг хийж чадна!

“Хадыг зайлуул.” “Гараад ир.” “Тайлж, түүнийг явуул.”

Зөвлөгөө, зарлигууд ба гэрээнүүд. Бид үүнийг хийж чадна!

Ахлагч Жэффри Р.Холланд “Зарим адислал удалгүй ирдэг, зарим нь оройтож ирдэг, зарим нь тэнгэрт очих хүртэл ирдэггүй хэдий ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн хувьд бол заавал ирнэ28 гэж амласан.

Мөн эцэст нь “Иймийн тул, зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно”29 хэмээн амласан.

Үргэлж ирэх Түүний, бүр Есүс Христийн ариун нэрээр би гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Иохан 11:3-ыг үзнэ үү.

  2. Иохан 11:6–7

  3. Иохан 11:14

  4. Иохан 11:21, 32

  5. Иохан 11:39

  6. “Иудейчүүд хүний сүнс үхлийн дараах гурав хоногт биеийнхээ ойр орчим байдаг гэж үздэг. Иймээс иудейчүүдийн итгэл үнэмшлийн дагуу сүнс нэгэнт байраа сольсон биед дахин орох боломжгүй тул нас барсан хүн дөрөв дэх өдрөө дахин амилах боломжгүй байв. Есүс Лазарыг дөрөв дэх өдөр нь амилуулж буй гайхамшгийг нүдээр харах нь илүү гайхалтай хэрэг байв. Тиймээс дөрөв дэх өдөр энд онцгой утга илэрхийлж буй бөгөөд өгүүлэгч нь үүнийг амилалтын бүх боломжтой гайхамшгуудаас хамгийн агуу амилалттай холбож ашиглахын тулд зориудаар авсан” (Ernst Haenchen, John 2: A Commentary on the Gospel of John, Chapters 7–21, ed. Robert W. Funk and Ulrich Busse, trans. Robert W. Funk [1984], 60–61).

  7. Иохан 11:33-34

  8. Иохан 11:39

  9. Иохан 11:43–44

  10. Moсе 4:22–25-ыг үзнэ үү.

  11. Ифер 12:27-г үзнэ үү.

  12. Иохан 14:1

  13. Иохан 14:18

  14. Томас С.Монсон, “Би чамайг хаяхгүй мөн орхихгүй2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 99. Ерөнхийлөгч Монсон ийн тайлбарласан: “Биднийг гансруулан, хамаг тэвчээрийг маань барж, зүрхийг маань үхүүлэх уй гашууг мэдрэх үе ирнэ гэдгийг бид мэддэг. Гэхдээ ийм бэрхшээлүүд биднийг илүү чадварлаг болгож, бидэнд Тэнгэрлэг Эцэгийн заасны дагуу амьдралаа өөрчлөх боломжийг олгон, биднийг өөрчилдөг. Бид өмнө байснаасаа хамаагүй илүү болж, бидний ойлголт тэлж, бусдыг илүү их хайрлах чадвартай, өмнөхөөсөө илүү хүчтэй гэрчлэлтэй болцгоодог” (“Би чамайг хаяхгүй мөн орхихгүй,” 97). Мөн Сургаал ба Гэрээ 84:119: “Учир нь Их Эзэн бибээр тэнгэрийн хүчийг үзүүлэхээр гараа тавьсан билээ; та нар үүнийг эдүгээ харж чадахгүй, хэсэгхэн хугацаа болоод мөн та нар үүнийг харах болно, мөн би байдгийг мэдэх болно, мөн би ирнэ.

    Moзая 23:21–24-ийг үзнэ үү.

    Гэсэн хэдий ч Их Эзэн өөрийн хүмүүсийг зэмлэх нь зүйд нийцэх бөлгөө; тийм ээ, тэрээр тэдний тэвчээр мөн тэдний итгэлийг сорьдог билээ.

    Гэсэн хэдий ч—түүнд найдлага тавих хэн боловч мөнхүү тэр нь эцсийн өдөр өргөмжлөгдөх болно. Тийм ээ, мөн энэ хүмүүсийн хувьд тийн байв.

    Учир нь болгоогтун, тэд боолчлолд оруулагдсан байв, мөн Их Эзэн тэдний Бурхан, тийм ээ, бүр Абрахамын Исаакийн мөн Иаковын Бурханаас өөр хэн ч тэднийг чөлөөлж чадахгүйг би та нарт үзүүлэх болно.

    Мөнхүү улиран тохиох дор тэрээр тэднийг чөлөөлсөн, мөн өөрийн их хүчийг тэрээр тэдэнд үзүүлсэн билээ, мөн тэдний баясал агуу их байв.”

  15. Сургаал ба Гэрээ 121:1

  16. Сургаал ба Гэрээ 121:7

  17. Иохан 11:39

  18. Иохан 11:43

  19. Иохан 11:44

  20. “Ихэнх тохиолдолд намайг зөвлөхүүдтэйгээ чадах бүхнээ хийсний дараа, цаашид юу ч хийж чадахгүй болсон үед Тэрээр туйлын хүнд бэрх нөхцөл байдалд асуудлыг зохицуулахыг бид нулимстай нүдээр хардаг. Бид үнэхээр гайхширдаг” хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тэмдэглэн хэлсэн (“Нээлтийн захиас,” Лиахона, 2021 оны 5-р сар).

  21. Bible Dictionary, “Faith.”

  22. Судруудын удирдамж, “Итгэл,” scriptures.ChurchofJesusChrist.org.

  23. Сургаал ба Гэрээ 123:17

  24. 3 Нифай 11:32–39-ийг үзнэ үү.

  25. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,”Лиахона 2022 оны 11-р сар.

  26. Иохан 14:21

  27. Д.Тодд Кристоффэрсон, “Гэрээнүүдийн хүч,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 20.

  28. Jeffrey R. Holland, “An High Priest of Good Things to Come,” Liahona, Jan. 2000, 45.

  29. Сургаал ба Гэрээ 68:6