2023
Гэртээ аюулгүй цуглах нь
2023 оны 5-р сар


14:48

Гэртээ аюулгүй цуглах нь

Бид хөшигний хоёр талд Израилыг цуглуулах урьд өмнө байгаагүй онцгой боломжтой билээ.

Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, бид тараагдсан Израилыг цуглуулахад тусалж, Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх онцгой үүрэг хариуцлагатайг онцолсон билээ.1 Бидний сүнсний Эцэг Өөрийн хүүхдүүдийг гэртээ аюулгүй цуглаасай гэж хүсдэг.

Хүүхдүүдээ тэнгэрлэг гэртээ аюулгүй цуглуулах гэсэн Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө нь дэлхийн амжилт, нийгмийн давхарга, боловсрол, арьсны өнгө, эсвэл хүйс дээр үндэслэгдээгүй. Эцгийн төлөвлөгөө нь зөв шударга байх, зарлигуудыг нь дагах, ариун нандин ёслолуудыг хүлээн авах, гэрээнүүдээ хүндэтгэх зэрэгт үндэслэгддэг.2

Бид бүгд ах эгч дүүс бөгөөд “Бурханд бүгд адил” гэсэн тэнгэрлэг сургаал энэхүү цуглуулах агуу ажлын үндэс суурь болдог юм. Энэ сургаал эдийн засаг, арьс өнгөөр ялгаатай хүмүүсийг сайн сайхан амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүсийн үзэлтэй нийцдэг. Бид ийм хичээл зүтгэлийг сайшаан дэмжиж, үүнд нэгддэг. Түүнчлэн бид Бурханы бүх хүүхдийг Түүнд ирж, Түүний сайн мэдээгээр дамжин ирэх мөнхийн адислалуудыг хүлээн аваасай гэж хүсдэг.3 Сургаал ба Гэрээний эхэнд Их Эзэн “Холын хүмүүс та нар анхаарагтун; мөн тэнгис далайн арлууд дээрх та нар хамтдаа дуулагтун”4 хэмээн тунхагласан.

Сургаал ба Гэрээний хамгийн эхний шүлэгт “тэнгис далайн арлууд” дээрх хүмүүсийг дурдсан нь надад таалагддаг. Би тэнгис далайн арлуудад үйлчлэх, амьдрах гурван онцгой дуудлагатай байсан. Эхлээд би Британийн арлуудад залуу номлогчоор, дараа нь Филиппиний арлуудад шинэхэн ерөнхий эрх мэдэлтнээр, үүний дараа олон Полинезийн арлыг багтаасан Номхон далайн арлуудад бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн.

Энэ гурван бүс Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд итгэгчдийг амжилттай цуглуулсан байв. Номлогчид Британийн арлуудад анх 1837 онд иржээ. Энэ нь Мосе “умардын нутгаас арван овгийг удирдан мөн дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түлхүүрүүдийг”5 сэргээсэн тэрхүү Көртландын ариун сүмийг Иосеф Смит онцгойлон адисалснаас нэг жилийн дараа болсон. Британийн арлууд дахь эхэн үеийн амжилтууд ер бусын юм. 1851 он гэхэд Сүмийн гишүүдийн талаас илүү нь Британийн арлуудад дахь баптисм хүртэж хөрвөгдсөн хүмүүс байлаа.6

1961 онд ахлагч Гордон Б.Хинкли Филиппиний арлуудад зочилж, бүрэн цагийн номлогчийн ажлыг эхлүүлжээ. Тухайн үед ердөө ганцхан филиппин Мелкизедек санваартан байв. Гайхалтай нь, өнөөдөр Филиппиний арлуудад 850 мянган Сүмийн гишүүн байгаа билээ. Би филиппинчүүдийг хүндэлдэг. Тэд Аврагчийг чин сэтгэлээсээ, гуйвшгүй хайрладаг.

Полинезийн арлууд дээрх номлогчийн ажил олон нийтэд тийм ч их танигдаагүй байх. 1844 онд Аддисон Праттыг одоогийн Францын Полинези руу илгээснээр үүний эхлэл тавигдсан юм.7 Олон полинези хүн аль хэдийн мөнхийн гэр бүлд итгэж, Есүс Христийг өөрсдийн Аврагчаар хүлээн зөвшөөрсөн байв. Өнөөдөр Полинезийн арлууд дээрх полинези хүмүүсийн бараг 25 хувь нь Сүмийн гишүүн юм.8

Би өмнө нь Тахитигийн алслагдсан арал дээрх 17 настай, 7 дахь үеийн гишүүн охины яриаг сонссон. Тэр охин Сүмийн эхэн үеийн гишүүдийг Солт Лэйкийн хөндийд ирэхээс хоёр жилийн өмнө9 буюу 1845 онд Тубуайд хөрвөгдсөн өвөг дээдэстээ талархан, хүндлэл үзүүлж байв.

Сайн мэдээний захиасыг хүлээн авч, хариулах тогтсон хугацаа, цаг үе бүх хүнд байдаг гэдгийг манай сургаал тодорхой заадаг. Эдгээр жишээ нь илүү агуу үйлийн нэгээхэн хэсэг юм. Ерөнхийлөгч Нэлсон “Израилын цугларалт бол өнөө цагт энэ дэлхий дээрх хамгийн агуу сорилт бэрхшээл, … учир шалтгаан, … үйл хэрэг”10 гэж байнга онцолдог.

Есүс Христийн Сүм сэргээгдэхээс өмнө, тэр дундаа Мормоны Ном гарч ирж, бошиглогч Иосеф Смитэд илчлэлт, санваарын түлхүүрүүд өгөгдөх хүртэл “Израилын цугларалтын” талаарх ойлголт дутуу дулимаг, хязгаарлагдмал байв.11

“Израил” гэх өвөрмөц нэрийг Иаковт өгчээ.12 Энэ нь Исаак, Иаковаар дамжсан Абрахамын үр удмыг төлөөлдөг болсон юм. Эцэг Абрахамд өгсөн анхны амлалт болон гэрээ Абрахам 2:9–10 дээр байдаг бөгөөд үүнд:

“Мөн би чамаас агуу үндэстнийг бий болгох болно …

Мөн чиний нэрээр дамжуулан би [бүх үндэстнийг] адислах болно; учир нь энэ Сайн мэдээг хүлээн авах болгон нь чиний нэрээр дуудагддаг байх болно, мөн чиний үр удам хэмээн тооцогддог байх болно, мөн босож зогсоод, тэдний эцгийн хувьд, чамайг магтан дуулах болно” гэсэн байдаг.

Мөнх бус байдлын өмнөх оршихуйд Тэнгэр дэх зөвлөгөөний үеэр авралын төлөвлөгөөний талаар ярилцаж, үүнийг дэмжжээ. Энэ нь дэлхийн үүслээс өмнө тогтоосон тодорхой хуулиуд болон санваарын ёслолуудыг багтаадаг бөгөөд цугларалтад суурилагдсан байдаг.13 Үүнд мөн сонгох эрхийн тухай нэн чухал зарчим агуулагддаг.

Саул, Давид, Соломон зэрэг хүчирхэг хүмүүсийн хаанчлал хэдэн зуун жил үргэлжилсний дараа Израил хуваагдсан. Иудагийн овог болон Бенжамины овгийн нэг хэсэг нь Иудагийн хаант улс болжээ. Үлдсэн арван овог нь Израилын хаант улс болсон.14 200 жилийн турш ийнхүү тусдаа байсны дараа, МЭӨ 721 онд буюу Ассирийн хаан Израилын арван овгийг олзлон авч явахад Израилын анхны тараалт тохиосон байна.15 Хожим нь тэд хойд улс орнууд руу явсан.16

МЭӨ 600 онд буюу Мормоны Номын эхэнд эцэг Лихай хэсэг бүлэг израилчуудыг Америк тив рүү дагуулан явжээ. Нэг хэсэг нь байсны хувьд Лихай Израилын тараалтыг ойлгож байлаа. Түүний үгийг Нифай дурдахдаа, Израилын угсаа “мөчрүүд нь хугаран бүх дэлхийн гадаргуугаар тараагдах тэр, чидуны модтой адилтгам байх буюу”17 гэсэн байдаг.

Мормоны Номд гардаг Шинэ дэлхий гэх нутаг дахь нифайчууд болон леменчүүдийн түүх ойролцоогоор МЭ 400 онд төгсдөг. Эцэг Лихайн үр удам Америк тив даяар тархсан.18

Энэ талаар Мормон 3 Нифай 5:20 дээр “Би бол Мормон, мөн Лихайн шууд удам билээ. Тэрбээр эцэг өвгөдийг маань Иерусалимын нутгаас гарган [авчирсан тул] Бурханаа мөн өөрийн Аврагч Есүс Христийг алдаршуулах шалтгаан надад буй”19 хэмээн тодорхой гэгч дүрсэлжээ.

Израилын он тооллын түүхэн дэх хамгийн чухал үйл явдлууд бол бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн төрөлт, захиас, тохинуулал болон номлол юм.20

Аврагчийн мөнхийн нөлөө бүхий үхэл болон Амилалтын дараа МЭ 70-аас 135 оны хооронд, Ромын дарлал, хавчлагын улмаас еврейчүүд дэлхий даяар тархсан нь олны мэдэх Иудагийн хоёр дахь тараалт билээ.

Ерөнхийлөгч Нэлсон “Мормоны Номын ирэлт нь Их Эзэн гэрээний хүүхдүүдээ цуглуулж эхэлсний тэмдэг юм”21 гэж заасан. Тиймээс Бурханы бэлэг, хүчээр бошиглогч Иосеф Смитийн орчуулсан Мормоны Номыг Лихайн үр удамд төдийгүй тараагдсан Израилд мөн Израилын овогт өргүүлсэн харийнханд зориулсан байдаг. 1 Нифай 22-ын гарчиг хэсэгт “Израил газар дэлхийн гадаргуугаар нэг энгүй тараагдах болно—Харийнхан эцсийн өдрүүдэд сайн мэдээгээр Израилыг асран тэжээх болно” гэсэн байдаг. Мормоны Номын эхний хуудаснаас уг номын нэг зорилго нь “Есүс бол Христ хэмээн Иудей болон харийнханд итгүүлэх” гэдгийг уншиж болно. Сэргээлт болон Мормоны Номын ачаар “Израилын цугларалтын” тухай ойлголт илүү өргөн цар хүрээтэй болсон.22

Есүс Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн хүмүүс удам угсаанаасаа хамаарахгүйгээр, цугларсан Израилын нэг хэсэг болно.23 Тэрхүү цугларалт ба олон ариун сүмийг барьж мөн барихаар зарласан байгаа нь бидэнд Эцэгийн төлөвлөгөөний дагуу, хөшигний хоёр талд Израилыг цуглуулах урьд өмнө байгаагүй онцгой боломжийг олгож байна.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Израилын цугларалт нь үнэн сүмд нэгдэх, тэдний үнэн Бурханы тухай мэдлэгт ирэх гэсэн хоёр зүйлээс бүрддэг. … Тиймээс сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авч, Их Эзэнийг амьдардаг газрынхаа улс үндэстнүүдийн гэгээнтнүүдтэй хамт өөрсдийн хэл дээр шүтэн бишрэхийг эрэлхийлж байгаа аливаа хүн Израилын цугларалтын хуулиудыг дагадаг төдийгүй хожмын өдрүүдэд гэгээнтнүүдэд амласан бүх адислалыг өвлөж авдаг юм.”24

“Израилын цугларалт одоо хөрвөлттэй холбоотой.”25

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд Их Эзэний гэрээний адислалуудын бүрэн байдлыг хүлээн авахын тулд хайрлах, хуваалцах, урих, Израилыг цуглуулах агуу боломж байгаа нь тодорхой харагдаж байна. Энэ нь Африк, Европ, Өмнөд ба Хойд Америк, Ази, Австрали болон тэнгис далайн арлуудын хүмүүст хамаатай. “Учир нь үнэхээр Их Эзэний дуу хоолой бүх хүмүүнд хандсан болой.”26 “Энэхүү цугларалт дэлхийн улс үндэстнүүд дэх гэгээнтнүүдийн цуглаанд зөв шударга хүмүүс цуглах хүртэл үргэлжлэх болно.”27

Цугларалтын талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноос илүү шулуухан ярьдаг хүн байхгүй. Тэрээр “Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар нэг алхам урагшлахдаа та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. Энэ бол ийм л энгийн зүйл”28 гэжээ.

Одоо Сүм ямар болсон бэ? Намайг 1960 онд номлолд үйлчилж эхэлснээс хойших 62 жилийн хугацаанд, бошиглогчийн дуудлагын дагуу үйлчилж буй бүрэн цагийн номлогчийн тоо 7683-аас 62544 болж нэмэгджээ. Номлолын тоо 58-аас 411 болж өссөн байна. Гишүүдийн тоо ойролцоогоор 1.7 сая байсан бол одоо 17 сая болсон.

Ковид-19 цар тахал бидний сайн мэдээг хуваалцах зарим боломжид хэсэг хугацаанд нөлөөлсөн. Энэ нь мөн цугларалтыг ихээхэн хурдасгах шинэ технологийг ашиглах туршлагыг өгсөн юм. Тараагдсан Израилыг цуглуулахын тулд гишүүд, номлогчид одоо илүү их хүчин чармайлт гаргаж байгаад бид талархаж байна. Өсөлт хөгжил хаа сайгүй, ялангуяа Өмнөд Америк болон Африк тивд үргэлжлэн явагдсаар байна. Түүнчлэн бид дэлхий даяарх олон хүн номлолын үйлчлэлийг нэмэгдүүлэх тухай ерөнхийлөгч Нэлсоны хүчирхэг урилгыг хүлээн авсанд талархаж байна. Гэсэн хэдий ч Сүмийн гишүүд бидний хайрлах, хуваалцах, урих амлалт улам илүү сайжрах боломжтой.

Энэхүү номлогчийн ажлын нэг чухал хэсэг бол гишүүд чиглүүлэгч гэрлийн жишээ29 болж амьдрах явдал юм.30 Бид нуугдаж болохгүй. Бидний Христийнхтэй адил сайхан сэтгэл, зөв шударга байдал, аз жаргал, бүх хүнийг чин сэтгэлээсээ хайрлах үлгэр жишээ бусдыг чиглүүлэх гэрлийг төдийгүй Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний аврал, өргөмжлөлийн ёслолуудад аюулгүй боомт байдаг гэдгийг тэдэнд ойлгуулна.

Есүс Христийн сайн мэдээг хуваалцсанаар гайхалтай адислалууд ирдгийг ойлгоорой. Судруудад баяр хөөр, нүглүүдийн өршөөл, уруу таталтаас хамгаалах хамгаалалт, Бурханы дэмжигч хүчний талаар гардаг.31 Энэ мөнх бус амьдралын цаадхыг эргэцүүлснээр бид “харанхуйд байгаа болон нас барагсдын сүнснүүдийн агуу дэлхийд нүглийн боолчлол дор буй”32 хүмүүстэй сайн мэдээг хуваалцахад бэлтгэгдсэн байх болно.

Израилыг цуглуулахад туслах тухай Их Эзэний болон бидний хайрт бошиглогчийн өгсөн гайхалтай зөвлөмжийг бид хувиараа болон хамтдаа хэрхэн хүлээн авахаа бүх хүүхэд, залуу эрэгтэй, залуу эмэгтэй, гэр бүл, чуулга, Халамжийн нийгэмлэг, ангийг нягталж үзээсэй хэмээн би өнөөдөр онцгойлон залбирч байна.

Бид сонгох эрхийг хүндэтгэдэг. Бурхангүйн үзэл зонхилсон энэ нийгэмд олон хүн Израилын цугларалтад хариу үзүүлэхгүй, оролцохгүй байх болно. Гэхдээ олон хүн оролцоно. Их Эзэн Өөрийнх нь сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийг бусдад Бурхан руу ирэхэд нь туслах чиглүүлэгч гэрлийн жишээ болохоор яаравчлан зүтгэнэ гэж найддаг. Үүний ачаар дэлхий даяарх ах, эгч, дүүс маань Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тэнгэрлэг адислал, ёслолуудыг хүртэж, гэртээ аюулгүй цуглуулагдана.

Би Есүс Христийн болон Тэнгэр дэх Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний бурханлаг байдлыг төлөөлөгчийн хувьд баттай бөгөөд тодорхой гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн захиас,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3-ыг үзнэ үү.

  2. Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү.

  3. 2 Нифай 26:33-ыг үзнэ үү.

  4. Сургаал ба Гэрээ 1:1 Сургаал ба Гэрээ 1:4 дээр Их Эзэн үргэлжлүүлэн хэлэхдээ, “Мөнхүү эдгээр эцсийн өдрүүдэд миний сонгосон шавь нарын минь амаар, сэрэмжлүүлгийн дуу хоолой бүх хүмүүст хүрэх болно” гэжээ.

  5. Сургаал ба Гэрээ 110:11

  6. 1851 онд Сүм нийт 52165 гишүүнтэй байсан. Сүмийн бүртгэлүүдээр, мөн Англи болон, Вэйлсийн “1851 оны Шашны тооллогын” дагуу 28 мянга гаруй гишүүн байв. (Robert L. Lively Jr., “Some Sociological Reflections on the Nineteenth-Century British Mission,” in Mormons in Early Victorian Britain. Richard L. Jensen and Malcolm R. Thorp [1989], 19–20).

  7. Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, боть 1, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 494–95, 514–15, 573-ыг үзнэ үү.

  8. Тонга—45 хувь; Самоа—31 хувь; Америкийн Самоа—22.5 хувь; Францын Полинези —7 хувь.

  9. Гэгээнтнүүд, 573–574-ийг үзнэ үү.

  10. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3).

  11. Энэхүү онцгой бөгөөд хүчирхэг сургаалыг Мормоны Номд болон “Израил жинхэнэ ёсоор нэгдэж, мөн Арван овог дахин сэргэж” гэж эхэлдэг Итгэлийн тунхгийн аравдугаарт товчхон дурдсан байдаг (James E. Talmage, The Articles of Faith, 12th ed. [1924], 314–44).

  12. Эхлэл 32:28 дээр “Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израил гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв” хэмээн цэдэглэжээ.

  13. Joseph Smith, in “History, 1838–1856, volume D-1,” 1572, josephsmithpapers.org; Joseph Smith, “Discourse, 11 June 1843–A, as Reported by Wilford Woodruff,” [42–43], josephsmithpapers.org; Joseph Smith, “Discourse, 11 June 1843–A, as Reported by Willard Richards,” [241], josephsmithpapers.org.

  14. Bible Dictionary, “Israel, Kingdom of”; James E. Talmage, The Articles of Faith, 315-ыг үзнэ үү. Иеробоам болон түүний албатууд Иудагийн хаант улсынх гэгддэг байсан бөгөөд орчин цагийн Израилын өмнөд хэсэгт байрладаг байв.

  15. 2 Хаад 17:23-ыг үзнэ үү.

  16. Сургаал ба Гэрээ 133:26-г үзнэ үү; мөн Сургаал ба Гэрээ 110:11-ийг үзнэ үү.

  17. 1 Нифай 10:12 Хожим нь Аммон “харь нутагт биеэсээ гээгдсэн Израилын модны мөчир болох энэ хүмүүст анхааран хандсан Бурханы минь нэр алдаршсан болой” (Алма 26:36) хэмээн хэлжээ.

  18. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Израилын леменчүүдийн талаар ярьж, Америк тивийг бүхэлдээ Сион хэмээн заасан. Ерөнхийлөгч Кимбалл “Бид Израилд байгаа бөгөөд цуглуулагдаж байна” гэж хэлсэн (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 439).

  19. Эцэг Лихайн гэр бүлээ аглаг буйд тийш авчрах заавар авах болсон нэг шалтгаан нь Иерусалим устгагдах гэж байсан явдал юм (1 Нифай 2-ыг үзнэ үү). МЭӨ 586 онд Соломоны ариун сүмийг устгаж, Иерусалим сүйрч, Иуда овог олзлогджээ.

    “МЭӨ 720-иод оны үед Израил эзлэгдэж, 10 овог цөлөгдөж, Иерусалимд … Соломоны ариун сүм рүү өөр улсын хүчнийхэн хэд хэдэн удаа довтолсон бөгөөд эцэст нь түүнийг МЭӨ 586 онд Вавилоны хаан Небухаднезарын арми бүрэн устгажээ” (David B. Green, “The History of the Jewish Temple in Jerusalem,” Haaretz, Aug. 11, 2014, haaretz.com/jewish/.premium-history-of-the-temple-in-jerusalem-1.5256337). Мөн 2 Хаад 25:8–9-ийг үзнэ үү.

  20. Тad R. Callister, The Infinite Atonement (2000)-ыг үзнэ үү.

  21. Рассэлл М.Нэлсон, “Children of the Covenant,” Ensign, May 1995, 33; мөн “Гэрээнүүд,” 2011 оны 10-р сарын ерөнхий чуулган.

  22. Russell M. Nelson, in R. Scott Lloyd, “Seminar for New Mission Presidents: ‘Swift Messengers’ to Scattered Israel,” Church News, July 13, 2013, thechurchnews.com. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “цуглуулах гэдэг нь зөвхөн бодгалиудын байрлалыг хэлээгүй, энэ нь хувь хүмүүсийн амлалтыг хэлдэг. Хүмүүс өөрсдийн амьдарч буй орон нутгийг орхилгүй “Их Эзэн Бурханыхаа мэдлэгт авчрагдах боломжтой.” гэж хэлсэн [3 Нифай 20:13], (“The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, 81). Мөн 3 Нифай 21:1–2-ыг үзнэ үү.

  23. Бидний сургаал тодорхой юм. Их Эзэн Израилын овгуудыг тэдний ёсон бус болон эсэргүүцлийн улмаас тараасан. Гэсэн хэдий ч Их Эзэн дэлхийн үндэстнүүдийн дундаас сонгосон өөрийн хүмүүсийг тараасан нь тэдгээр үндэстнийг адислахын тулд байсан билээ. Судруудын удирдамж дахь “Израил—Израилын тараагдалт”-ыг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

  24. Spencer W. Kimball, The Teachings of Spencer W. Kimball, 439.

  25. Spencer W. Kimball, The Teachings of Spencer W. Kimball, 438. “All Are Alike unto God,”-ыг үзнэ үү. Э.Дэйл Лэбарон (1990), Африкын хожмын үеийн гэгээнтнүүдийн 23 хөрвөлтийн түүх. Жүлиа Н.Мавимбла эгч Сүмд нэгдэхээсээ өмнө, Израил гэдэг үгийг харах бүрдээ номыг холдуулж, “Сүм цагаан арьстнуудад зориулагдсан, бидэнд зориулагдаагүй. Үүнийг зөвхөн ням гарагт зориулаагүй. Бид сонгогдоогүй” гэж хэлдэг байв. Тэрээр “Өнөөдөр би зөв шударга амьдарвал хааны гэр бүлийн гишүүн байна гэдгээ мэднэ. Би израил хүн. Ариун сүмд ёслолуудаа гүйцэтгэж байхад надад бид энэ дэлхий дээр нэг гэр бүл гэсэн мэдрэмж төрсөн” гэв (“All Are Alike unto God,” 151)

  26. Сургаал ба Гэрээ 1:2

  27. Spencer W. Kimball, The Teachings of Spencer W. Kimball, 438.

  28. Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар.”

  29. Төлөөлөгч Паул өөрийн залуу найз Тимотод “итгэгчдэд… үлгэр дуурайл бол” гэж хэлжээ (1 Тимот 4:12).

  30. 3 Нифай 18:24-ийг үзнэ үү.

  31. 3 Нифай 18:25; Мозая 18:8–13; Сургаал ба Гэрээ 18:10–16; 31:5; 62:3-ыг үзнэ үү.

  32. Сургаал ба Гэрээ 138:57