“Майкл Т.Нэлсон ах”, 2023 оны 5-р сарын Лиахона
Майкл Т.Нэлсон ах
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөх
Майкл Т.Нэлсон ахыг номлолын ерөнхийлөгч байх хугацаанд өсөж буй үеийнхэнд зөв зарчмуудыг зааж, итгэл хүлээлгэх нь тэдний номлогчийн ажил төдийгүй хувийн амьдралд хамгийн сайн үр дүнг авчирна гэдэг нь батлагдсан юм.
Тэрээр: “Энэ бол тэдэнд итгэл хүлээлгэх явдал юм. Бид тэдэнд итгэл хүлээлгэж сурсан” гэж 1998-2001 оны хооронд номлолын удирдагчаар нь үйлчлэн, хамтран ажиллаж байсан Калифорниагийн Сан Бэрнадино номлолын бүрэн цагийн номлогчдын талаар хэлэв.
Нэлсон ах залуу хүмүүст удирдах боломж олгохыг сурах нь Сүм дэх түүний үйлчлэлийн салшгүй хэсэг байсаар ирсэн бөгөөд Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл дэх шинэ дуудлагад нь энэ нь мөн адил байх болно гэж хэлэв. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нэлсон ах Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн гүйцэтгэх нарийн бичгээр үйлчилж байсан аж. Өмнө нь тэрээр одоогийн Залуу эрэгтэйчүүдэд зөвлөх ерөнхий зөвлөлийн гишүүнээр хоёр жилийн хугацаанд үйлчилсэн.
Майкл Тэрри Нэлсон нь 1956 оны 6-р сарын 10-нд АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид Монтэ Кэннон болон Виола Элайза Нэлсоны гэр бүлд мэндэлж, Солт Лэйкийн ойролцоо өсөж торнижээ. Чили улсын Сантиаго номлолд үйлчилснийхээ дараа тэрээр Бригам Янгийн болон Ютагийн Их Сургуульд байгууллагын харилцаа холбооны чиглэлээр суралцсан. 1982 онд тэр Барбара Флүкигэртэй Жордан Ривэр ариун сүмд гэрлэсэн. Нэлсоны гэр бүл Ютагийн Воллсбүрг хотод нүүж ирэхийнхээ өмнө Ютагийн Сэнди хотод амьдарч байв. Тэд есөн хүүхэдтэй.
Нэлсон ах оффис, үйлдвэрлэл үйлчилгээ, орон сууц худалдаа, хөрөнгө оруулалтын компанийн санхүүгийн албаны захирлаар ажилладаг. Нэлсоны гэр бүл хамт амьдардаг хоёр хүүхдийнхээ хамт эзэмшил газартаа жижиг фермийн аж ахуй эрхэлдэг. Гадна орчинд цагийг идэвхтэй өнгөрүүлэх нь Сүмийн өсвөр үеийнхэнд чухал бөгөөд манай гэр бүл ийм байсаар ирсэн гэж Нэлсон ах хэлэв.
Нэлсон ах гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны гүйцэтгэх нарийн бичиг, бишоп, тойрог мөн салбарын Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилж байсан. 1997 онд тэрээр Солт Лэйкийн хөндий рүү анхдагчдын хийсэн анхны аяллын 150 жилийн ойд зориулсан гар тэрэгний аялалд хандив босгох, бүртгэл хөтлөх, төлөвлөлт зохион байгуулалт хийх ажилд дэмжлэг үзүүлж байжээ.