2023
Ерөнхий чуулганы захиаснаас суралцаж, зааж, амьдралдаа хэрэгжүүлэх нь
2023 оны 5-р сар


Ирээд, Намайг дага

Ерөнхий чуулганы захиаснаас суралцаж, зааж, амьдралдаа хэрэгжүүлэх нь

Ахлагчийн чуулга болон Халамжийн нийгэмлэг аврал, өргөмжлөлийн ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд энэ ажилд хичээл зүтгэл гаргахын тулд, ням гаргийн цуглааны үеэр сүүлийн Ерөнхий чуулганы захиас дахь сургаалыг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцдаг. Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид сүнсний удирдамж болон гишүүдийн хэрэгцээнд үндэслэн ням гараг бүрийн цуглаан дээр суралцах чуулганы захиасыг сонгодог. Зарим тохиолдолд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч захиасыг санал болгож болно. Ерөнхийдөө удирдагчид Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн захиасыг сонгох нь зүйтэй хэдий ч хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы ямар ч захиасыг ярилцаж болно.

Багш нар Ерөнхий чуулганы захиас дахь сургаалыг гишүүдэд амьдралдаа хэрэгжүүлэхэд нь хэрхэн туслах дээр анхаардаг. Удирдагч, багш нар сонгосон захиасыг цуглаанаас өмнө урьдчилан судалж ирэхэд гишүүдийг урамшуулах арга замыг олдог.

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн уулзалтын талаар илүү их мэдээллийг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 8.2.1.2, 9.2.1.2, ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).

Заахаар төлөвлөх

Ерөнхий чуулганы захиасыг ашиглан заахаар төлөвлөхөд нь багш нарт дараах асуултууд тусална. Шаардлагатай бол багш нар эдгээр асуултын талаар тунгаан бодож, ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөж болно.

  • Яагаад ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл энэ захиасыг ярилцахаар сонгосон бэ? Энэ захиасыг ярилцсаны дараа гишүүдийг ямар зүйлсийг сурч мэдэн, юуг хэрэгжүүлнэ гэж тэд найдаж байгаа вэ?

  • Үг хэлэгч гишүүдэд юу ойлгуулахыг хүсэж байна вэ? Энэ хүн сайн мэдээний ямар зарчмыг зааж байна вэ? Эдгээр зарчим миний заадаг ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгт хэрхэн хэрэгжих вэ?

  • Үг хэлэгч хэлж байгаа захиасаа бататгахын тулд ямар ямар судар ашигласан бэ? Гишүүдийн ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслах уншиж болох өөр судрууд байна уу? (Та захиасны сүүлд байрлах тайлбар, судрын удирдамжаас [scriptures.ChurchofJesusChrist.org] зарим судрыг олж болно.)

  • Та захиас дахь сургаалыг тунгаан бодож, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь гишүүдэд туслах ямар асуултуудыг тавьж болох вэ? Амьдралдаа болон гэр бүлдээ мөн Их Эзэний ажилд эдгээр сургаалын ач холбогдлыг олж харахад тэдэнд ямар ямар асуулт туслах вэ?

  • Цуглаанд Сүнсийг урихын тулд би юу хийж болох вэ? Би хэлэлцүүлгээ баяжуулахын тулд түүх, зүйрлэл, дуу хөгжим, зураг гэх мэт ямар зүйлсийг ашиглаж болох вэ? Үг хэлэгч хэлж байгаа захиасаа гишүүдэд ойлгуулахын тулд юу хийсэн бэ?

  • Үг хэлэгч ямар нэгэн урилга өгсөн үү? Эдгээр урилгын дагуу үйлдэх хүслийг гишүүдэд төрүүлэхийн тулд би хэрхэн тусалж чадах вэ?

Үйл ажиллагааны санаа

Ерөнхий чуулганы захиаснаас суралцаж, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь гишүүдэд туслах олон арга зам байдаг. Цөөн жишээ дурдъя. Aхлагчийн чуулгад эсвэл Халамжийн нийгэмлэгт илүү сайн тохирох өөр санаанууд багш нарт байж болно.

  • Үнэнийг амьдралдаа хэрэгжүүл. Хувь хүн, ахлагчийн чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн хувьд Бурханы өгсөн ажлыг гүйцэлдүүлэхэд тусалж болох үнэнийг чуулганы захиаснаас олж хайхад гишүүдийг урь. Жишээлбэл, бид тохинуулагч, эцэг, эх, гишүүн номлогчийн хувьд бидэнд тусалж болох юуг сурдаг вэ? Энэ захиас бидний бодол санаа, сэтгэл хөдлөл, үйлдэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Бүлгээрээ ярилц. Гишүүдийг жижиг бүлгүүдэд хувааж, бүлэг тус бүрд чуулганы захиасны өөр өөр хэсгийг уншиж, ярилцахаар хуваарил. Дараа нь олж мэдсэн үнэнээ болон энэ үнэн амьдралд нь хэрхэн нөлөөлөх тухай хуваалцахыг бүлэг тус бүрээс хүс. Эсвэл захиасны өөр өөр хэсгээс судалсан гишүүдийг нэгтгэн нэг бүлэг болгоод, олж мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцах боломжийг тэдэнд олгож болно.

  • Асуултуудын хариултыг эрж хай. Чуулганы захиасны талаар дараах асуултуудад хариулахыг гишүүдээс хүс. Бид сайн мэдээний ямар үнэнүүдийг энэ захиаснаас олж мэдсэн бэ? Бид эдгээр үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар урилга болон амлагдсан адислалууд өгөгдсөн байсан бэ? Энэ захиас нь Бурханы биднээс хийхийг хүсдэг ажлын талаар бидэнд юу зааж байна вэ? Эсвэл гишүүдийг захиасны талаар гүнзгий эргэцүүлэн бодоход эсвэл сургаалын үнэнийг хэрэгжүүлэхэд урамшуулах хэд хэдэн асуулт зохио. Дараа нь гишүүдэд эдгээр асуултаас сонгож, захиаснаас асуултынхаа хариултыг олох боломжийг олго.

  • Захиасны мэдэгдлүүдээс хуваалц. Аврал, өргөмжлөлийн ажилд өөрийн үүргийг биелүүлэхэд нь сүнслэгээр нөлөөлж буй чуулганы захиасны мэдэгдлүүдийг хуваалцахад гишүүдийг урь. Хэн нэгнийг, үүний дотор хайртай болон тохинуулах хүмүүсээ адислахын тулд эдгээр мэдэгдлийг хэрхэн хуваалцаж болох талаар бодоход тэднийг урамшуул.

  • Үзүүлэн ашиглан хичээл заа. Чуулганы захиасыг заахад ашиглаж болох ямар нэг үзүүлэнг гэрээсээ авчрахыг цөөн гишүүнээс урьдчилан хүс. Цуглааны үеэр тэдгээр үзүүлэн материал захиастай ямар холбоотой болохыг мөн энэ захиас тэдний амьдралд хэрхэн хэрэгждэг тухай тайлбарлахыг гишүүдээс хүс.

  • Гэртээ хичээл заахад бэлтгэ. Гишүүдээс хоёр хоёроороо чуулганы захиас дээр тулгуурласан гэр бүлийн үдшийн хичээл төлөвлөхийг хүс. Дараахтай адилхан асуултыг тэдэнд тавьж болно. Үүнд: Бид эдгээр захиасыг гэр бүлтэйгээ хэрхэн хамаатуулж болох вэ? Бид энэ захиасыг тохинуулдаг хүмүүстэйгээ хэрхэн хуваалцаж болох вэ?

  • Туршлагаа хуваалцах. Чуулганы захиас дээр гарсан зарим мэдэгдлийг хамтдаа унш. Эдгээр мэдэгдэлд заасан сургаалыг харуулж, бататгасан судар эсвэл амьдралдаа тохиолдсон жишээнүүдээс хуваалцахыг гишүүдээс хүс.

  • Үг хэллэг ол. Чуулганы захиаснаас өөрсдөд утга учиртай санагдсан үг хэллэгүүдийг олж мэдэхэд гишүүдийг урь. Тэднээс олж мэдсэн үг хэллэгээ төдийгүй тэдгээрээс юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүс. Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхэд эдгээр сургаал тэдэнд хэрхэн туслах талаар хуваалцахыг тэднээс хүс.

Ерөнхий чуулганы захиаснаас хэрхэн судлах, заах илүү их санааг “Ерөнхий чуулганаас заах ба суралцах санаанууд”-аас авна уу. (Gospel Library дахь “Ерөнхий чуулган” гэдгийн доор буй “Судлах санаанууд” дээр дарна уу.)