2023
Ахлагч Ж.Кимо Эсплин
2023 оны 5-р сар


“Ж.Кимо Эсплин”, Лиахона, 2023 оны 5-р сар.

Ахлагч Ж.Кимо Эсплин

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Номлолоосоо буугаад хэдхэн сарын дараа ахлагч Ж.Кимо Эсплин аавынх нь амийг авсан зам тээврийн осолд орсон юм. Ослын үед ээж нь хажууд нь сууж байсан ба өөр нэг машин араас нь мөргөөд зогссон байв. Машин нь өнхөрч, түүний ээж, зээ дүү нь өөд болсон аж.

Өөрийн туулсан эмгэнэлт явдал, уй гашууг үл харгалзан ахлагч Эсплин өөрийгөө адислагдсан нэгэн гэж үздэг. Тэр Их Эзэнийг болон Түүний гайхамшиг, нигүүлслийг мэдэрдэг бөгөөд

“Амьдрал сайхан” гэж хэлдэг аж.

Түүний дуртай хэллэгүүдийн нэг нь “Их Эзэн чамд аливаа зүйлийг чиний эсрэг бус чиний төлөө хийдэг” гэжээ.

Эцэг эх нь нас барсны дараа эгч нь түүнийг хилийн чанад дахь Бригам Янгийн Их Сургуулийн Иерусалим төв рүү суралцуулахаар явуулсан аж. Тэр тэнд очоод Кэй Дэвистэй танилцжээ.

Тэдний оюутны бүлгэм Синайн цөлд хамт байрладаг байсан бөгөөд тэд гадил жимсний талбайд хамтдаа ажиллаж, Шинэ болон Хуучин гэрээг хамт судалдаг байсан учир сайн найзууд болжээ.

Юта мужийн Прово хотод буцаж ирснийхээ дараа тэд болзож эхлэн, 1985 оны 12-р сард Солт Лэйк ариун сүмд гэрлэсэн бөгөөд өдгөө найман хүүхэдтэй.

Жон Росс Кимо Эсплин нь 1962 оны 8-р сарын 18-нд АНУ-ын Хавай мужийн Кахүкүд мэндэлсэн. Тэрээр Росс С, Олив Ора Мүүди Эсплин нарын найман хүүхдийн хамгийн бага нь бөгөөд цорын ганц хүү нь байсан юм.

Ахлагч Эсплин 1987 онд Бригам Янгийн Их Сургуулийг нягтлан бодохын зэрэгтэй төгссөн. Гэр бүлээ Иллиной мужийн Шикаго хот руу нүүсний дараа тэрээр банкны хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Ахлагч Эсплин Хантсмэн корпорацын санхүүгийн албаны захирал, гүйцэтгэх дэд ерөнхийлөгч болох үедээ гэр бүлээрээ Юта мужийн Коттонвүд Хайтсд суурьшихын өмнө Бельгид богино хугацаанд амьдарч байсан аж.

Ахлагч Эсплин Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах үедээ бүсийн далын гишүүн байсан бөгөөд өмнө нь Японы Токио, Токио өмнөд бүсийн номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан. Тэрээр залуудаа Японы Кобэ номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн. Мөн тэрээр гадасны ерөнхийлөгч, дээд зөвлөлийн гишүүн, бишопоор тус тус үйлчилж байсан.