2023
Есүс Христ бол эцэг эхчүүдийн хүч чадал юм
2023 оны 5-р сар


15:13

Есүс Христ бол эцэг эхчүүдийн хүч чадал юм

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүний сайн мэдээг болон Сүмийг хайрлаж, амьдралынхаа турш зөв шударга сонголт хийхэд нь хүүхдүүддээ тусал.

Эрт урьд цагт нэгэн аав орой болох бишопын хуралдаа явахаар зэхэж байлаа. Түүний дөрвөн настай охин унтлагын хувцастай, гартаа Мормоны номын түүхүүд ном барьсаар өмнө нь хөндөлдөөд,

“Та яагаад хуралд явах ёстой юм бэ?” гэж асуув.

“Яагаад гэвэл би бишопын зөвлөх” гэж түүнийг хариулахад,

“Гэхдээ та бол миний аав шүү дээ!” гэж охин нь эсэргүүцлээ.

Тэр охиныхоо өмнө өвдөглөөд, “Хонгор минь, чамд үүнийг уншиж өгөөд, унтуулж өгөхийг хүсэж байгааг чинь мэдэж байна л даа, гэхдээ би өнөө орой бишопт туслах хэрэгтэй байна” гэв.

“Бишопыг унтуулж өгөх аав нь байхгүй юм уу?” гэж охин нь хариулав.

Есүс Христийн Сүмд өдөр бүр хичээнгүйлэн үйлчилдэг тоо томшгүй олон гишүүнд бид үүрд талархаж явдаг. Та нарын золиослол туйлын ариун нандин билээ.

Гэвч энэхүү бяцхан охины ойлгосон шиг хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй эцэг эхэд юугаар ч орлуулшгүй, эн тэнцүү ариун нандин үүрэг бий. Энэ нь тэнгэрийн загварыг харуулдаг.1 Бидний Тэнгэр дэх Эцэг, бидний Тэнгэрлэг Эцэг Эх дэлхий дээрх хүүхдүүдэд нь зааж, хүмүүжүүлж буй эцэг эхийг хараад гарцаагүй баясдаг.2

Эцэг эхчүүд ээ, хүүхдүүдээ өсгөхийн тулд хийж буй бүх зүйлд тань баярлалаа. Хүүхдүүд ээ, эцэг эхээ өсгөхийн тулд хийж буй бүх зүйлд тань баярлалаа. Учир нь эцэг эх бүрийн мэддэгчлэн, хүүхдүүд биднээс сурдагтай адил бид хүүхдүүдээсээ итгэл, найдвар, энэрлийн тухай суралцдаг!3

Эцэг эхчүүдэд нандин үүрэг бий

Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдийг дэлхий рүү илгээх бүрдээ асар их эрсдэл үүрдэг талаар та бодож үзсэн үү? Эдгээр нь Түүний сүнсэн хөвгүүд, охид билээ. Тэдэнд хязгааргүй их чадамж бий. Тэд сайн сайхан, ач ивээл, мөн үнэний алдар суут биес болох хувь тавилантай. Гэсэн хэдий ч тэд дэлхийд тусламж эрэн уйлахаас өөр юу ч хийж чадахгүй, бүрэн чадамжгүй ирдэг. Бурханы оршихуйд байсан үеийн дурсамж нь тэдний хэн болох мөн хэн болж чадах мэдлэгийн хамт хөшигний ард үлддэг. Тэд амьдрал, хайр, Бурхан ба Түүний төлөвлөгөө зэрэг ойлголтыг тэдний эргэн тойрон дахь хүмүүс, ялангуяа эцэг эхээсээ ажигласан зүйл дээрээ түшиглэн бий болгодог. Үнэндээ эцэг эхчүүд нь ч мөн адил учраа олох гэж хичээсээр л байгаа.

Дөнгөж төрсөн хүүхэд

Бурхан эцэг эхчүүдэд “хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж, бие бялдар болон оюун санааных нь хэрэгцээг хангаж … Бурханы зарлигуудыг дагахыг … зааж сургах нандин үүрэг … [өгсөн].” …4

Энэ нь хамгийн сайн эцэг эхийг ч шөнө сэрүүн байлгахад хангалттай юм.

Бүх эцэг эхэд өгөх миний захиас бол:

Их Эзэн та нарт хайртай.

Тэр та нартай хамт байдаг.

Тэр та нарын хажууд зогсож байдаг.

Тэр бол таны хүүхдүүдээ зөв сонголт хийхэд нь хөтлөх хүч чадал билээ.

Энэхүү давуу эрх болон үүрэг хариуцлагаа зоригтойгоор, баяртайгаар хүлээн аваарай. Тэнгэрлэг адислалын энэ эх үүсвэрээ өөр хэн нэгэнд бүү даатгаарай. Сайн мэдээний үнэ цэн ба зарчмуудын хүрээнд та үр хүүхдээ өдөр тутмын нарийн ширийн шийдвэрүүдэд чиглүүлэх үүрэгтэй. Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүний сайн мэдээг болон Сүмийг хайрлаж, амьдралынхаа турш зөв шударга сонголт хийхэд нь хүүхдүүддээ тусал. Үнэндээ энэ бол эцэг эхчүүдэд зориулсан Бурханы төлөвлөгөө билээ.

Сатан таныг эсэргүүцэж, танд саад болж, таны урмыг мохоохыг оролдох болно.

Гэвч хүүхэд бүр тэнгэртэй шууд холбогдох Христийн гэрлийг хүлээн авдаг. Мөн Аврагч танд тусалж, таныг хөтөлж, танд урам зориг өгөх болно. Түүний тусламжийг эрэлхийл. Их Эзэнээс асуу!

Их Эзэн Есүс Христ

Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөний адил Есүс Христ түүнчлэн эцэг эхчүүдийн хүч чадал юм.

Тэрээр хайрыг өсөн нэмэгдүүлдэг

Заримдаа бид хүүхдүүдийг маань чиглүүлж, зааж сургах илүү чадварлаг хэн нэгэн байгаа гэж боддог. Өөрийгөө ямар дутуу дулимаг гэж мэдэрч байгаагаас үл хамааран таныг онцгойлон энэ ажилд тэнцүүлдэг зүйл нь хүүхдээ гэх таны хайр юм.

Хүүхдээ гэх эцэг эхийн хайр бол орчлон ертөнцийн хамгийн хүчтэй хүчнүүдийн нэг юм. Хайр бол дэлхий дээрх мөнхийн чанартай цөөн зүйлийн нэг юм.

Одоо таны хүүхэдтэйгээ харилцах харилцааг өв тэгш биш гэж та мэдэрч байж магадгүй. Энэ үед л Аврагчийн хүч орж ирдэг юм. Тэр өвдсөнийг анагааж, харилцааг эдгээж чадна. Тэр талх, загасыг үржүүлсэн шигээ гэрийн тань баяр баясгалан, хайрыг ч үржүүлж чадна.

Таны хүүхдээ хайрлах хайр үнэнийг заах, итгэлийг өсгөх тааламжтай орчныг бүрдүүлдэг. Гэр орноо баяр жаргалтай туршлагуудын өргөө, харьяалагдах газар, Бурханы өргөө болох залбирлын, суралцахын, итгэлийн өргөө болго.5 Мөн “… түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө … зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун.”6

Тэрээр өчүүхэн мөн энгийн хичээл зүтгэлийг томруулдаг

Эцэг эхийн хувьд танд буй өөр нэгэн хүч чадал бол өдөр тутмын, байнгын нөлөөг үзүүлэх боломж юм. Үе тэнгийнхэн, багш нар, медиа инфлүйнсэрүүд ирээд буцдаг. Харин та хүүхдийнхээ амьдралд тогтмол, хамгийн бат бөх нөлөөг үзүүлж чадна.

Таны хичээл зүтгэл хүүхдүүдийн тань сонсдог дэлхийн чанга дуу хоолойнуудтай харьцуулахад өчүүхэн санагдаж болно. Танд тийм ч их амжилт олохгүй байгаа мэт санагдах ч үе тохионо. Гэвч “өчүүхэн арга замаар Их Эзэн агуу үйл хэргүүдийг тохиох болгож чадахыг” санаарай.7 Борооны нэг дусал ургамлыг шууд ургуулж чадахгүйтэй адил нэг гэр бүлийн үдэш, нэг сайн мэдээний тухай яриа, эсвэл нэг сайн үлгэр жишээ хормын дотор хүүхдийн тань амьдралыг өөрчлөхгүй байж болно. Харин өдөр бүрийн өчүүхэн мөн энгийн зүйлсийг тууштай хийх нь үе үе буух үерээс хавь илүү хүүхдүүдийг тань тэтгэдэг.8

Энэ л Их Эзэний зам билээ. Тэрээр тантай аянга цахилгаан мэт дуу хоолойгоор бус намуухан зөөлөн дуугаар ярьдаг.9 Тэр Нааманыг “илүү бэрх зүйл”-ээр бус харин энгийн бөгөөд давтамжтай угаалтаар эдгээсэн.10 Израилын хүүхдүүд цөлд бөднө шувуун дээр найрласан ч тэдний өдөр тутмын талх болох маннагийн өчүүхэн мөн энгийн гайхамшгаар тэд амьд үлдсэн.11

Ах эгч нар аа, өдөр тутмын сүнслэг талхыг гэрт л бэлтгэж, түгээх нь хамгийн сайн юм шүү. Итгэл мөн гэрчлэл нь өдөр тутам өчүүхэн мөн энгийн цаг мөчид бага багаар, энгийн бөгөөд ердийн байдлаар хамгийн ихээр тэтгэгддэг.12

Хором бүр заах боломжтой мөч юм. Үг, үйлдэл бүр сонголт хийхэд туслах хөтөч байж чадна.13

Таны хүчин чармайлтын үр дүн тэр даруй харагдахгүй байж болно. Гэвч бүү бууж өг. “Бүх зүйл өөрсдийн цаг үед тохиохоор ирэх ёстой” хэмээн Их Эзэн хэлсэн. “Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна.”14 Бурханы эрхэм хүүхдүүдэд тэдний хэн болохыг мөн Есүс Христэд, Түүний сайн мэдээнд болон Түүний Сүмд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь туслахаас илүү ямар агуу ажил байж болох вэ? Есүс Христ таны байнгын хичээл зүтгэлийг адисалж, үнэлэх болно.

Тэр илчлэлтийг өгдөг

Их Эзэний эцэг эхчүүдийг дэмждэг өөр нэгэн хүчит арга зам бол хувийн илчлэлтийн бэлэг юм. Бурхан эцэг эхчүүдийг удирдан чиглүүлэх Сүнсээ цутгахыг эрмэлздэг.

Та залбиралтай байж, Сүнсийг сонсох аваас Тэрээр нуугдсан аюулыг танд сэрэмжлүүлэх болно.15 Тэрээр хүүхдүүдийн тань бэлэг, хүч чадал, нуугдмал шаналлыг танд илчлэх болно.16 Бурхан хүүхдүүдийн тань гаднах төрхөөс илүү тэдний зүрх сэтгэлийг хардаг шигээ тэднийг харахад танд туслах болно.17

Бурханы тусламжтайгаар та цэвэр ариун, тэнгэрлэг арга замаар хүүхдүүдийнхээ тухай мэдэж авч чадна. Би таныг хувийн илчлэлтээр дамжуулан гэр бүлээ удирдан чиглүүлэх Бурханы саналыг хүлээн авахыг урьж байна. Түүний удирдамжийг залбирлаараа эрэлхийл.18

Хүчит өөрчлөлт

Магадгүй Есүс Христийн эцэг эхчүүдэд туслахаар тавьдаг хамгийн чухал санал нь тэдний зүрх сэтгэлийн “хүчит өөрчлөлт” юм.19 Энэ нь бидний хүн нэг бүрд хэрэгтэй гайхамшиг юм.

Энэхүү нөхцөл байдлыг хоромхон хугацаанд төсөөлөөд үзээрэй. Та Сүм дээр гэр бүлийн тухай яриа сонсож байна. Үг хэлж буй хүн төгс гэр орныг бүр төгс гэр бүлийг дүрсэлж байна. Эхнэр, нөхөр хоёр хэзээ ч маргалддаггүй. Хүүхдүүд нь гэрийн даалгавраа хийх цаг болоход л судраа уншихаа больдог. Мөн “Бие биенээ хайрлаач”20 дуу намуухан эгшиглэж байдаг. Үг хэлэгч ариун цэврийн өрөөгөө цэвэрлэхээр бүгд баяр хөөртэйгөөр нэгддэг тухай ярьж эхлэхээс өмнө та аль хэдийн “Манай гэр бүлд найдвар алга” гэж бодож байгаа байх.

Хүндэт ах эгч нар аа, тайвшир! Цуглаанд ирсэн хүн бүр яг ижил зүйл бодож байгаа! Үнэндээ бүх эцэг эх хангалттай сайн биш байгаадаа санаа нь зовдог.

Аз болоход, эцэг эхчүүдэд туслах тэнгэрлэг эх сурвалж байдаг ба тэр нь Есүс Христ билээ. Тэр бол бидний зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийн эх сурвалж юм.

Аврагчид болон Түүний сургаалд зүрх сэтгэлээ нээхэд Тэр таны сул талыг танд харуулах болно. Хэрэв та дарууссан зүрх сэтгэлээр Есүс Христэд найдах юм бол Тэр тэдгээр сул талыг хүчтэй болгох болно.21 Тэр бол гайхамшгийн Бурхан.

Энэ нь та болон танай гэр бүл өндөг шиг өөгүй болно гэсэн үг үү? Үгүй. Гэхдээ та нар илүү сайн болох болно. Аврагчийн ач ивээлээр, бага багаар та нар эцэг эхчүүдэд хэрэгтэй Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлах хайр, тэвчээртэй байдал, аминч бус байдал, Христэд итгэх итгэл, мөн зөв сонголт хийх зориг зэрэг зан чанаруудыг хөгжүүлэх болно.

Есүс Христ Өөрийн Сүмээр дамжуулан дэмжлэг үзүүлдэг

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх бидний хичээл зүтгэл нь гэрт төвлөрсөн, хувь хүнд чиглэсэн байдаг. Мөн үүнийг Сүмээс дэмждэг. Эцэг эхчүүд, хүүхдүүдэд зөв шударга сонголт хийхэд нь туслах ариун судрууд болон бошиглогчдын үгсээс гадна өөр олон эх сурвалж Аврагчийн Сүмд байдаг.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч
  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч нь бидний хийж болох, болохгүй зүйлсийн жагсаалт биш юм. Энэ нь Есүс Христийн амьдрал, сургаалд төвлөрсөн сонголт хийхэд тань туслах мөнхийн үнэнийг заадаг. Үүнийг хүүхдүүдтэйгээ хамт унш. Тэднээр үүний тухай яриул. Эдгээр мөнхийн бурханлаг үнэнээр сонголтуудаа хөтлүүлэхэд нь тэдэнд тусал.22

  • FSY чуулган нь өөр нэгэн гайхалтай эх сурвалж билээ. Өсвөр үеийнхэн бүр үүнд оролцоно гэж найдаж байна. Би ганц бие залуучуудыг эдгээр чуулганд зөвлөгч, зөвлөхөөр оролцохыг урьж байна. Би эцэг эхчүүдийг өсвөр үеийнхэн FSY чуулганаас гэртээ авч ирэх сүнслэг инерцийг нэмэгдүүлэхийг урьж байна.

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхдүүд, өсвөр үеийнхэнд багш, зөвлөгч, удирдагчид байдаг. Ихэвчлэн та нар залуу хүний итгэл, гэрчлэлийг хөгжүүлж, дэмжихээр хамгийн шийдвэрлэх мөчид амьдралд нь орж ирдэг. Та нарын зарим нь ганц бие залуучууд байгаа. Зарим нь хэзээ ч хүүхэдтэй болж байгаагүй. Бурханы хүүхдүүдэд үзүүлж буй таны баяр баясгалант үйлчлэл Бурханы мэлмийд ариун нандин юм.23

Гайхамшигт найдах найдвараа хэзээ ч бүү алд

Хүндэт найз нараа, хүүхдийн итгэлийг хөгжүүлэх нь цэцэг ургуулахтай нэг талаараа адил юм. Та үүнийг өндөр том болгохын тулд ишнээс нь татаж болохгүй. Та үүнийг хурдан цэцэглүүлэхийн тулд нахиаг нь дэлгэж болохгүй. Мөн та цэцгийг хайхрахгүй орхиж үүнийг аяндаа ургаж, цэцэглэхийг хүлээж болохгүй.

Таны өсөж буй үеийнхэнд хийж болох мөн хийх ёстой зүйл бол тэнгэрлэг усны урсгалд гарцтай баялаг, шимт хөрсөөр хангах явдал юм. Тэнгэрлэг нарны гэрлийг халхалж буй аливаа зүйл болон хогийн ургамлыг зулгааж хая. Ургах хамгийн сайн нөхцөлийг бүрдүүл. Өсөж буй үеийнхэнд сүнслэг сонголт хийх боломжийг тэвчээртэйгээр олго. Бурханд Өөрийнхөө ажлыг хийх боломжийг олгоорой. Үр дүн нь та ганцаараа хүрч чадахаас илүү үзэсгэлэнтэй, илүү гайхамшигтай, илүү баяр баясгалантай байх болно.

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гэр бүлийн харилцаа үүрд мөнх байх учиртай. Ийм ч учраас эцэг эхийн хувьд та нар өнгөрсөнд тохиосон зүйлсэд сэтгэл хангалуун бус байдаг ч хэзээ ч бууж өгдөггүй.

Агуу Эдгээгч болох Есүс Христээр дамжуулан үргэлж шинэ эхлэл, найдвар байдаг.

Есүс Христ бол гэр бүлийг бат бөх байлгах хүч юм.

Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч билээ.

Есүс Христ бол эцэг эхчүүдийн хүч чадал юм.

Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. “Бараг бүх эцэг эхэд үр хүүхдүүддээ ёс суртахууны үнэт чанарыг зааж сургах гэсэн төрөлхийн хүсэл сууж өгсөн байдаг. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний гайхамшгийн нэг хэсэг юм. Тэрээр хүүхдүүдээ тэнгэрт орших мөнхийн гэр бүлийн загварын дагуу дэлхий дээр ирээсэй хэмээн хүсдэг. Гэр бүл нь мөнхийн хаанчлалын үндсэн нэгж учраас Тэрээр үүнийг дэлхий дээр ч мөн адил үндсэн нэгж болгохыг зорьсон. Дэлхий дээрх гэр бүлүүд төгс биш ч энэ нь тэнгэрт мэдэрч байсан хайртай нь хамгийн ойр дөхөж очих эцэг эхийн хайраар Бурханы хүүхдүүдийг дэлхийд утган авах хамгийн сайхан боломжийг өгдөг. Түүнээс гадна гэр бүл нь Бурханы оршихуйд эргэн очиход хөтлөх ёс суртахууны үнэт зүйлс, үнэн зарчмуудыг хадгалж, уламжлуулан үлдээх хамгийн сайн арга зам юм” (Хэнри Б.Айринг, “Бурханы гэр бүлийг цуглуулах нь”, 2017 оны 4 дүгээр сарын Ерөнхий чуулган, 4).

  2. Мэдээж Бурханы таалал “тэнгэрт шигээ газарт” үргэлж биелдэггүйг бид мэддэг (Матай 6:10). Мөнх бус эцэг эх байх нь Бурханы таалалтай харьцуулахад бүдэг бадаг байх нь гарцаагүй. Тэрээр үүнийг хардаг нь гарцаагүй. Тэр гэр бүлийн харилцаан дахь бүх уй гашуу, сэтгэлийн шарханд цөхрөн уйлдаг. Гэсэн ч Тэрээр гэр бүлийг орхиогүй. Орхих ч үгүй. Учир нь хүүхдүүдийнхээ мөнх хувь тавиланд зориулсан алдар суут төлөвлөгөө Бурханд байгаа. Мөн тэрхүү төлөвлөгөөний төвд нь гэр бүл байдаг юм.

  3. Матай 18:1–5; Мозая 3:19-ийг үзнэ үү.

  4. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үзнэ үү; мөн Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг үзнэ үү.

  5. Гэр орондоо суралцах нь харилцаан дээр суурилдаг,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүм ба гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022), 30–31-ийг үзнэ үү; мөн Сургаал ба Гэрээ 109:8-ыг үзнэ үү.

  6. Moронай 7:48

  7. 1 Нифай 16:29; мөн Алма 37:6–7-г үзнэ үү.

  8. Гэр оронд суралцах нь жижиг, энгийн, тууштай хичээл зүтгэлээс бүрддэг,” Аврагчийн арга барилаар заах нь, 31. Ерөнхийлөгч Дэвид O.Mаккэй “Зарим зүйлийг өчүүхэн, жижиг санагдлаа гээд чухал биш гэж бодохоо больцгооё. Эцсийн эцэст амьдрал жижиг зүйлсээс тогтдог. Бидний амь, мөн бодгаль бие махбодын хувьд жижигхэн зүрхний цохилтоос бий болдог. Тэрхүү жижигхэн зүрхний цохилтыг зогсоовол энэ дэлхий дээрх амьдрал орших нь үгүй. Агуу нар нь орчлон ертөнцийн хүчит нэгэн хүч боловч туяа нь бидэнд бяцхан цацрагууд болон ирж, цацрагууд нийлээд бүхэл дэлхийг нарны гэрлээр дүүргэдэг. Шөнийн харанхуйг бяцхан оддын гялбаа тааламжтай болгодог шиг Христийн шашинтны жинхэнэ амьдрал гэрт тань энэ цаг, минутад үзүүлж буй Христийнхтэй адил бяцхан үйлдлүүдээр бий болдог” (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 219).

  9. Хиламан 5:30-ийг үзнэ үү.

  10. 2 Хаад 5:9–14-ийг үзнэ үү.

  11. Гэтлэл 16-г үзнэ үү.

  12. Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023, хавсралт (зөвхөн цахимаар)-ыг үзнэ үү.

  13. Гэртээ суралцах үйл явцыг төлөвлөж болох ч аясаар нь явуулж бас болно,” Аврагчийн арга барилаар заах нь, 31; 1 Петр 3:15-ыг үзнэ үү.

  14. Сургаал ба Гэрээ 64:32–33

  15. Матай 2:13-ыг үзнэ үү.

  16. Алма 40:1; 41:1; 42:1-ийг үзнэ үү.

  17. 1 Самуел 16:7-г үзнэ үү.

  18. 1 Нифай 15:8-ыг үзнэ үү.

  19. Алма 5:13

  20. “Бие биенээ хайрлаач,” Дууллууд, ду. 99.

  21. Ифер 12:27-г үзнэ үү.

  22. “Хүүхдүүдийн хувьд мөнх бус чанартай удирдамж өгөх нь эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага юм. Тэд хүүхэд бүрийнхээ зан чанар, ойлголт, оюун ухааныг мэддэг. Эцэг эхчүүд хүүхэд нэг бүртэйгээ сайн харилцааг бий болгож, тордохыг амьдралынхаа турш эрэлхийлдэг. Тэд үр удмынхаа сайн сайхны төлөө мөнх бус эцсийн шийдвэрт чухал байр суурийг эзэлдэг” (James E. Faust, “The Weightier Matters of the Law: Judgment, Mercy, and Faith,” Ensign, Nov. 1997, 54).

  23. Нэмж дурдах ёстой бусад хоёр эх сурвалж бол Ирээд, Намайг дага-ын энэ оны цахим хувилбар дахь “Хүүхдүүдийг Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх” нэртэй шинэ хэсэг юм. Энэ нь хүүхдүүдэд баптисм, мөн бусад гэрээ, ёслолуудад бэлтгэхэд нь туслах энгийн бөгөөд гэр оронд төвлөрсөн санаануудыг агуулдаг. Шинээр засварласан Аврагчийн арга барилаар заах нь Христийн адил заах зарчмыг гэртээ хэрхэн хэрэгжүүлж болох талаар тайлбарласан “Гэр орон ба гэр бүл” гэсэн хэсэгтэй (30–31-р хуудсыг үзнэ үү).