2023
2022 оны тайлан: Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь
2023 оны 5-р сар


2022 оны тайлан: Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь

Сүмийн 2022 оны жил тутмын тайлангаас үзэхэд тусламж хэрэгтэй хүмүүст зориулан 190 улс орон, бүс нутагт 3,692 төсөлт ажил хэрэгжүүлж, 6.3 сая цагийн сайн дурын үйлчлэл үзүүлэн, 1 тэрбум гаруй ам.долларын зардал гаргасан байна.

Тэдгээр мөнгө нь мацгийн болон хүмүүнлэгийн тусламж, бишопын агуулахын болон Дэзэрэт Индастрийс дэлгүүрийн бараа материал мөн фермийн аж ахуй, хүнс боловсруулах байгууламж, Гэр бүлийн үйлчилгээний зөвлөгөө өгөх үйлчилгээ, ажил эрхлэлтийн төвүүд зэрэг үйл ажиллагаанд зарцуулагджээ.

2022 онд Сүмийн үзүүлсэн хамгийн том мөнгөн тусламжид Дэлхийн хүнсний хөтөлбөрт (WFP) 32 сая ам.доллар, хүнс тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдэд туслах НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэлхий даяарх хүнс тэжээлийн хөтөлбөрт 5 сая ам.доллар өгсөн зэрэг нь тус тус багтаж байна.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон: “Есүс хүүхдүүдэд өр нимгэн сэтгэлээр ханддаг. Тэр тэднийг өлссөн байхыг хараад нулимс нь дусалдаг. Мөн Тэрээр тэдэнд туслах гэсэн хамгийн өчүүхэн хүчин чармайлтад ч баясдаг” хэмээн Дэлхийн хүнсний хөтөлбөрт хандив өргөх шийдвэрийг танилцуулах үеэр хэлсэн юм.

Бусад чухал хандивт Америкийн Улаан загалмайн нийгэмлэгт 5.1 сая ам.доллар (мөн үүний хамтаар Хожмын үеийн гэгээнтнүүдээс хандивласан 1 сая гаруй нэгж цус), Ротари Интернэшнл олон улсын сайн үйлсийн байгууллагад халдварт саа, эх нярайн татран өвчний вакцинжуулалтад 5 сая ам.долларын тусламж үзүүлсэн зэрэг орж байна.

Түүнчлэн Сүм байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөний улмаас тоо нь улам нэмэгдэж буй гачигдагсдад тусламж үзүүлэхэд санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлсэн. Үүнд Украины дүрвэгсдэд, Тонга улсад болсон цунамигаас амьд үлдэгсдэд, Кэнтаки, Флорида муж, Өмнөд Африкт тохиолдсон хар шуурганы болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад болсон иргэдийн хооронд үүссэн зөрчил мөргөлдөөний хохирогчдод үзүүлсэн тусламжууд орно.

Зүүн Европын хэд хэдэн оронд дүрвэгсдэд тусалж байсан Австри дахь манай Сүмийн гишүүн Жүлиа: “Бусдад туслах хайр, хүсэл эрмэлзлийг харна гэдэг үнэхээр сайхан. Хүмүүсийн зүрх сэтгэл нэг нэгэндээ илүү ойртдог” гэж хэлжээ.

Мөн Сүм Юта мужийн Навахо хүмүүст цахилгаан эрчим хүчтэй болоход нь тусалж, Сүмийн гишүүд Сик шашны итгэгчидтэй Арабын Нэгдсэн Эмират улсад үйлчлэлийн нэгэн төсөл дээр хамтран ажиллав. Хожмын үеийн гэгээнтнүүд АНУ-ын Тэннэсси мужийн Мэмфис хотод болсон ээжүүдэд зориулсан олон нийтийн үйлчлэлийн төсөл, Калифорниа мужийн Сан Франциско хотод эрүүл хооллолт шаардлагатай ээжүүдэд зориулсан хөтөлбөр дээр ӨАХХҮХ-той хамтран ажиллаа. Дэлхийг гэрэлтүүлцгээе хандивын машин нь дэлхий даяар тусламж хэрэгтэй 28 байршилд зориулан хоол хүнс, бусад бараа материал худалдан авах мөнгөн хандив цуглуулсан байна.

2022 онд фермийн аж ахуй, жимсний цэцэрлэг, лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэр, Дэзэрэт Индастрийс дэлгүүр, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах ажил, байгалийн гамшгийн дараах цэвэрлэгээ зэрэгт 6.3 сая цаг сайн дурын үйлчлэл үзүүлэв.

Хүмүүнлэгийн үйлчлэлийн 3,692 төсөлт ажлын зэрэгцээ дэлхийн 14 улсад ашиглах боломжтой Сүмийн сайн дурын үнэ төлбөргүй онлайн чиглүүлэх вэбсайт болох JustServe.org-оор дамжуулан 16,285 шинэ үйлчлэлийн төсөлт ажлыг зохион байгуулсан байна. Энэхүү хэрэгсэл нь хүмүүсийг сонирхол, байршилд нь тохируулан үйлчлэлийн боломжуудтай холбож өгдөг.

Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй JustServe-ыг “Гэрээнийхээ дагуу амьдрах бидний арга зам, хөдөлгөөн” гэж нэрлээд, “[манай] гишүүдийг адисалж, хүчирхэгжүүлдэг” хэмээн хэлсэн (in “The Blessings Will Follow: Benefits of Implementing JustServe” [video], ChurchofJesusChrist.org).

Түүнчлэн Сүм байгаль орчноо хайрлан хамгаалах санаачилгат ажлуудаа үргэлжлүүлэв. 2018 оноос хойш Сүмийн удирдах газар жил бүрийн усны хэрэглээгээ 144 сая литрээр (38 сая галлон) багасгасаар ирсэн. Одоо дэлхий даяар 500 гаруй цуглааны байр нарны зай хураагууртай. Дэзэрэт Индастрийс 73 сая дахин боловсруулах материал боловсруулсан. Мөн Сүмийн Хэвлэл, хангамжийн төв ойролцоогоор 4,000 тонн бичгийн цаас, төмөр, картон цаас дахин боловсруулсан байна.