2023
Миний оюун Есүс Христийн талаарх энэхүү бодол дээр тогтон тунгаасан
2023 оны 5-р сар


13:26

Миний оюун Есүс Христийн талаарх энэхүү бодол дээр тогтон тунгаасан

Та бүхэн Есүс Христийн талаарх бодол дээр үргэлжлүүлэн анхааралтай тогтож тунгааснаар тэнгэрлэг удирдамжаас гадна тэнгэрлэг хүчийг авна гэдгийг би амлаж байна.

Энэхүү гайхалтай Христийн амилсны баярын үеэр “Guide Us, O Thou Great Jehovah” дууллын хүчит залбирлыг би давтан хэлж байна.1

Мормоны Ном дахь нэгэн гайхалтай түүхэд нэр хүндтэй гэр бүлээс гаралтай залуу эр Алмагийн тухай өгүүлдэг. Сударт түүнийг хиймлийг шүтэгч2 гэж дүрсэлсэн байдаг. Тэрээр үг хэлэнд сайн, ятган үнэмшүүлэхдээ гарамгай нэгэн байсан бөгөөд зусардан ярьж өөрийг нь дагахыг бусдад ухуулан ятгадаг байв. Гайхалтай нь, Алмад болон түүний найзуудад тэнгэр элч үзэгдэхэд Алма газарт унан, сульдан доройтож, эцгийнхээ гэр лүү арчаагүй байдалтай хүргэгджээ. Тэрээр гурав хоногийн турш ухаангүй хэвтэв.3 Хожим нь тэр өөрийгөө эргэн тойрныхондоо ухаангүй байгаа мэт харагдаж байсан ч бодгаль маань гашуудан байх зуур оюун ухаан минь Бурханы зарлигуудыг дагаагүй амьдралаа бодон, тун сэргэг байсан гэж тайлбарлан ярьсан юм. Тэр оюун бодлоо “өөрийн олон нүглийн дурсамжиндаа тарчлагдан,”4 “мөнхийн зовлонд тамлагдаж байлаа”5 гэж дүрсэлжээ.

Алма тийнхүү цөхөрч байхдаа “дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн”6 талаар залуудаа заалгаж байснаа санав. Дараа нь тэр “Миний оюун энэ бодол дээр тогтож тунгаах зуур, би зүрх сэтгэлдээ хашгирч: Ай Есүс, Бурханы Хүү та, намайг нигүүлсээч”7 гэж нэгийг бодогдуулам үгийг хэлжээ. Түүнийг Аврагчийн бурханлаг хүчийг эрэлхийлэн дуудахад, гайхамшигт зүйл тохиолдсон юм. Тэрээр: “Би үүнийг бодмогц, өвчнөө цаашид санаж чадсангүй”8 гэж хэлсэн. Алма тэр даруй амар амгалан болон гэрлийг мэдэрч, “Миний баясал шиг ийм хурц бас амтлаг юм юу ч байж чадахгүй биз ээ”9 хэмээн тунхаглажээ.

Алма Есүс Христийн үнэн дээр “тогтож тунгаав”. Хэрэв бид “тогтож тунгаах” гэдэг үгийг бодитой ашиглавал “Тэр унаж байхдаа хашлаганаас барьж тогтсон” буюу бат бөх сууринд цементээр бэхлэгдсэн зүйлээс даруйхан зууран барьж, баттай тогтсон гэж хэлж болох юм.

Алмагийн хувьд түүний ухаан санаа нь Есүс Христийн цагаатгагч золиослолын хүчирхэг үнэн рүү тэмүүлж, үүнийг олж авсан байна. Тэрээр энэ үнэн дээр итгэлээр үйлдэж, Бурханы хүчээр болон ач ивээлээр аврагдаж, найдвараар дүүрчээ.

Бидэнд тохиолддог зүйлс Алмагийнхтай адил сэтгэл хөдөлгөм биш байж болох ч мөнхийн ач холбогдолтой. Бидний оюун ч мөн адил Есүс Христийн болон Түүний ач ивээлийн золиослолын талаарх “энэ бодол дээр тогтож тунгааж” байсан ба бодгаль маань үүнээс ирэх гэрэл, баяр баяслыг мэдэрч байсан.

Есүс Христийн талаарх бодлыг тээх нь

Энэ Христийн амилсны баярын үеэр бид Есүс Христийн талаарх энэхүү хамгийн чухал бодлыг бодгалийнхаа орон зайд зориуд төлөвшүүлж, хүчирхэгжүүлж, суулгаж;10 үүнийг өөрсдийн маань оюунд хүчтэй урсан орж ирж, бодол болон үйлдлийг маань удирдан чиглүүлэх, Аврагчийн хайрын баяр баяслыг үргэлжлүүлэн авчрах боломжийг олгоосой11 хэмээн би залбирч байна.

Оюун бодлоо Есүс Христийн хүчээр дүүргэнэ гэдэг нь Түүнээс өөр юу ч бодохгүй байна гэсэн үг биш. Харин энэ нь бидний бүх бодол Түүний хайр, Түүний амьдрал, сургаал мөн Түүний цагаатгагч золиослол болон алдар суут Амилалтаар зааглагдана гэсэн үг юм. Түүний талаарх бодол үргэлж ойрхон байдаг бөгөөд бид “[өөрсдөдөө байгаа] алив бүхнээрээ бишрэн шүтдэг”12 учраас Есүс хэзээ ч санааны мухарт байдаггүй. Бид залбирч, биднийг Түүн рүү ойртуулсан үй явдлыг оюундаа давтан боддог. Бид өдөр тутмын завгүй амьдралын урсан өнгөрөх тоо томшгүй олон бодлуудыг хөнгөлөхийн тулд бурханлаг дүр зураг, ариун судрууд, сүнслэг нөлөө бүхий дууллуудыг оюундаа уриалгахан хүлээн авдаг. Түүнийг гэсэн бидний хайр энэ мөнх бус амьдралын уйтгар, гунигаас хамгаалдаггүй, харин энэ нь саад бэрхшээлийг өөрсдийнхөөсөө хавьгүй илүү хүч чадлаар даван туулах боломжийг олгодог.

Есүс таныг бодохуй дор

Ер бус хайранд автана.

Харин дүрийг Тань харахаар би

Хэлшгүй жаргалд оршино.13

Та Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхэд гэдгээ санаарай. Төлөөлөгч Паулын тайлбарласанчлан, бид “Бурханы үр удам”14 билээ. Та дэлхий дээр ирэхээсээ өмнө ч өөрийн гэсэн хувь хүний онцлог мөн чанартай амьдарч байсан. Бидний Эцэг бидэнд энэ дэлхий дээр ирж, суралцаж, Түүн рүү эргэж очих төгс төлөвлөгөөг бүтээсэн. Тэрээр Өөрийн Хайрт Хүүг илгээснээр Түүний төгсгөлгүй Цагаатгал, Амилалтын хүчээр бид үхлийн дараа амьдарна. Мөн бид Түүнд итгэх итгэлээ ашиглах, нүглүүдээ наманчлах хүсэлтэй байснаар15 өршөөгдөж, мөнхийн амьдралын найдварыг хүлээн авдаг.16

Оюун санаа, сүнсэндээ дээд зэргийн анхаарал хандуулах нь

Энэ мөнх бус амьдралд бидний оюун ба сүнсэнд дээд зэргийн анхаарал шаардлагатай.17 Оюун санаа маань бидэнд амьдрах, сонгох, сайн, мууг ялган таних боломжийг олгодог.18 Бидний сүнс Бурхан бол бидний Эцэг, Есүс Христ бол Бурханы Хүү, Тэдний сургаал бидэнд энд болон булшнаас цааших мөнхийн амьдралд аз жаргалын хөтөч болдог гэсэн бататгах гэрчлэлийг хүлээн авдаг.

Алмагийн оюун Есүс Христийн талаарх энэхүү бодол дээр тогтон тунгаасан. Энэ нь түүний амьдралыг өөрчилсөн юм. Ерөнхий чуулган бол Их Эзэний таныг хийгээсэй гэж хүссэн зүйлсийг хийж, болоосой гэж хүссэн хүн болох гайхалтай боломж юм. Энэ нь мөн өөрсдийн өсөлт хөгжлийг дүгнэн бодох цаг. Үүрэгт ажлынхаа хүрээнд дэлхий даяар явахдаа би Сүмийн зөв шударга, хичээнгүй гишүүдийн өсөн нэмэгдэж буй сүнслэг хүч чадлыг харсан юм.

Таван жилийн өмнө биднээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн жинхэнэ нэрийг ашигласнаар хийж буй бүхий л зүйлдээ Аврагчийг илүү чухалчлахыг хүссэн билээ.19 Бид Түүний нэрийг дуудахдаа илүү хариуцлагатай ханддаг болсон.

Дөрвөн жилийн өмнө ариун ёслолын цагийг багасгаснаар бид Их Эзэний ариун ёслолоос хүртэхэд илүү онцгой ач холбогдол өгдөг болсон. Бид Есүс Христийн талаар илүү их бодож, Түүнийг үргэлж санах амлалтандаа илүү хариуцлагатай ханддаг болсон.20

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас мөн Ирээд, Намайг дага гарын авлагын тусламжтайгаар бид Аврагчийн сургаалыг гэр орондоо илүү чухалчлан үзэх болсон бөгөөд долоо хоногийн туршид Аврагчийг илүү сайн шүтэн биширдэг болсон.

“Түүнийг сонс”21 хэмээх Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зөвлөгөөг дагаснаар бид Ариун Сүнсний шивнээг таньж, Их Эзэнийг мутрыг амьдралдаа харах чадвараа илүү цэвэршүүлж чаддаг.

Олон ариун сүм зарлаж, барьж дуусахтай зэрэгцэн, бид Их Эзэний өргөөнд илүү олон удаа орж, Түүний амласан адислалуудыг хүртэж байна. Бид Аврагч, Гэтэлгэгчийнхээ зүйрлэшгүй сайн сайхныг илүү хүчтэй мэдэрч байна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Хүчирхэг шавь байх нь амар хялбар, аяндаа болдог зүйл биш. Бидний анхаарал Аврагчид болон Түүний сайн мэдээнд бат бэхлэгдсэн байх ёстой. Санаа бодол бүрдээ Түүн рүү харахын тулд оюун санаагаараа нэлээн хичээл зүтгэл гаргах ёстой байдаг”22 хэмээжээ.

Бид анхаарлаа Есүс Христэд төвлөрүүлснээр эргэн тойрны бүх зүйлийг одоо байгаа байдлаар нь, Түүнийг хайрлах хайраар хардаг. Чухал бус анхаарал сарниулах зүйлс аяндаа үгүй болж, Түүний гэрэл, шинж чанартай нийцэхгүй зүйлсийг бид авч хаядаг. Та бүхэн Есүс Христийн талаарх энэ бодол дээр анхааралтай тогтон тунгааж, Түүнд итгэж, зарлигуудыг нь дагахаа үргэлжлүүлснээр би та нарт зөвхөн тэнгэрлэг удирдамжийг төдийгүй гэрээг тань хүчирхэгжүүлэх, бэрхшээл зовлонд тань амар амгаланг, адислалд тань баяр баяслыг авчрах тэнгэрлэг хүчийг амлаж байна.

Есүс Христийг санах нь

Хэдэн долоо хоногийн өмнө Кайти бид хоёр Матт, Сара Жонсон хоёрын гэрт зочилсон юм. Тэднийх ханандаа эрхэм нандин гэр бүлийн зураг, Аврагчийн гайхалтай сайхан зураг болон ариун сүмийн уран зургийг тогтоосон байлаа.

Тэдний Майди, Рүби, Клэйр, Жүүн нэртэй дөрвөн охин нь ээждээ ямар их хайртай талаараа баяртайгаар ярьж байлаа.

Жил гаруйн хугацаанд Сара охид нь өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэж болохын тулд гэр бүлээрээ хамтдаа ариун сүмд орохоор бямба гараг бүр тогтмол цаг авдаг байжээ.

Өнгөрсөн жилийн 11-р сард Сара 12-р сарын сүүлийн бямба гаргийн оронд пүрэв гарагт ариун сүмд орохоор цаг авсан байна. Тэрээр Маттад “Пүрэв гарагт цаг авахад чамд зүгээр гэж найдаж байна” гэж хэлжээ.

Сара хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд эмч нар түүнийг хоёр, гурван жил амьдрах байх гэж хэлсэн байв. Ариун ёслол дээр Сара хэр удаан амьдрах байлаа ч Аврагчид бүх зүрх сэтгэлээрээ хайртай, Тэр “тулаанд аль хэдийн ялсан” хэмээх хүчирхэг гэрчлэлээ хуваалцав. 12-р сар үргэлжлэх явцад Сарагийн бие гэнэт огцом муудаж, эмнэлэгт хэвтэв. Тэр 12-р сарын 29-ний пүрэв гаргийн үүрээр мөнх бус амьдралаа чимээгүйхэн орхин одсон юм. Матт шөнөжин Сарагийн дэргэд байсан.

Тэр зүрх сэтгэлдээ шаналж, бие махбод, сэтгэл санаагаараа туйлдан ядарсан байдалтай гэртээ ирээд, охидтойгоо харуусан гашууджээ. Маттыг утсаа хальт харахад, Сарагийн товлосон жирийн биш пүрэв гаргийн ариун сүмд орох цаг тэр өдрийн орой болох гэж байгааг сануулсан зурвас харагдав. Матт “Би үүнийг анх хараад, өнөөдөр яагаад ч амжихгүй гэж бодсон” гэжээ.

Харин түүний оюун “Аврагч амьд. Түүний ариун өргөөнөөс өөр, гэр бүлээрээ хамт байхыг хүсэж байгаа өөр ямар ч газар байхгүй” гэсэн бодол дээр тогтон тунгаажээ.

Жонсоныхны гэр бүл

Матт, Майди, Рүби, Клэйр, Жүүн нар Сарагийн тэдэнд зориулан товлосон цагт ариун сүмд орохоор ирсэн юм. Хацрыг нь даган нулимс урсаж байсан ч Матт охидтойгоо баптисмын ёслолуудыг үйлдэв. Тэд Сарад ямар их хайртай гэдгээ болон түүнтэй мөнхөд холбоотой гэдгээ гүн гүнзгий мэдэрснээс гадна Аврагчийн хэмжээлшгүй хайр, тайтгаруулагч амар амгаланг мөн мэдэрчээ. Матт “Би гүн харуусал, гуниг, гашуудлыг мэдрэхийн зэрэгцээ Эцэгийнхээ гайхалтай авралын төлөвлөгөөг мэдэж байгаадаа бахдан баярлаж байна” гэж хэлсэн юм.

Христийн амилсны баярын энэ үеэр би Аврагчийн харьцуулшгүй цагаатгагч золиослол болон Түүний сүр жавхлант Амилалтын бүрэн дүүрэн, туйлын үнэнийг гэрчилж байна. Таны оюун Есүс Христийн тухай энэ бодол дээр бат бөх, үүрд мөнхөд тогтон, та амьдралаа Аврагч дээр илүү бүрэн дүүрэн төвлөрүүлэхээ үргэлжлүүлбээс Түүний найдвар, амар амгалан, хайрыг мэдрэх болно гэдгийг би амлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. “Guide Us, O Thou Great Jehovah,” Hymns, no. 83.

  2. Мозая 27:8-ыг үзнэ үү.

  3. Алма 36:10-ыг үзнэ үү.

  4. Алма 36:17

  5. Алма 36:12

  6. Алма 36:17

  7. Алма 36:18 Мормоны Номд “тогтон тунгаах” (зууран барих) гэсэн утгатай үгийг ашигласан өөр нэг тохиолдол нь “төмөр бариулын үзүүрт хүрэн барьсан” (1 Нифай 8:24, 30) хүмүүсийн талаар ярьж буй хэсэг юм

  8. Алма 36:19

  9. Алма 36:21

  10. “The greatest battle of life is fought within the silent chambers of your own soul” (David O. McKay, in Conference Report, Apr. 1967, 84).

  11. “[Бодол] нь бүх үйлдлийг дэмждэг. Бидний бодол үйлдлүүдийг маань захирч байдаг удирдлага буюу унтраалга юм” (Boyd K. Packer, That All May Be Edified [1982], 33).

    Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Бид хилэнцэт хүслийг дарж, зөв шударга хүслээр орлуулж чадна. Энэ нь боловсрол, дадлыг хамруулдаг. Ерөнхийлөгч Жозэф Ф.Смит ‘бидний хүслийн … боловсрол бол бүх хүрээг хамрах чухал зүйлсийн нэг юм’ гэж заасан” гэжээ (Pure in Heart [1988], 149).

  12. Бүхнийг чадагч, Их Эзэнийг магтъя” (Дуулал, ду. 35)

  13. “Есүс Таныг бодохуй дор,” Дуулал, 69.

  14. Үйлс 17:29

  15. Сургаал ба Гэрээ 58:42–43-ыг үзнэ үү.

  16. Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү.

  17. “Бурханаас өөр чиний санаа бодол хийгээд зүрх сэтгэлийн тань хүсэл эрмэлзлийг мэдэх хэн ч үгүй” (Сургаал ба Гэрээ 6:16).

  18. “Сайн хүн зүрхнийхээ сайн баялгаас сайныг гаргана. Муу хүн нь муу баялгаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг” (Лук 6:45).

  19. Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84–87-г үзнэ үү.

  20. Долоо хоног бүрийн ариун ёслолын залбирал дахь бидний гэрээнд бид “үргэлж түүнийг сана[на]” (Моронай 4:3; Сургаал ба Гэрээ 20:77) гэж гардаг. Мормоны Номд нэг үгийг дараалан хоёр удаа ашигласнаар биднийг уриалж дэмждэг. Жишээ нь: “санагтун, санагтун” (Мозая 2:41; Алма 37:13; Хиламан 5:9). Сүнслэгээр санах нь Ариун Сүнсний хүчээр ирдэг. “[Тэр] та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно” (Иохан 14:26).

  21. Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90.

  22. Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25. Ерөнхийлөгч Нэлсон “[Хожмын үеийн гэгээнтнүүд] бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой” гэж хэлсэн байдаг (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган).