Баяр баясгалангийн дуу хоолой!
Ариун сүм барих нь бошиглогч Иосеф Смитийн дараагийн бүх бошиглогчийн нэн тэргүүний зорилтуудын нэг байсаар ирсэн.
“Эдүгээ, бид өөрсдийн хүлээн авсан сайн мэдээнд юуг сонсдог вэ? Баяр баясгалангийн дуу хоолойг! Тэнгэрээс нигүүлслийн дуу хоолойг; мөн газраас үнэний дуу хоолойг; …амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолойг; агуу их баяслын баярт мэдээг буюу.”1
Ах эгч нар аа, бошиглогч Иосеф Смитийг эдгээр үгийг хэлэхийг сонсоод, нүүр дүүрэн инээмсэглэхгүй байхын аргагүй билээ!
Тэнгэрлэг Эцэг Бурханыхаа аз жаргалын агуу төлөвлөгөөн дэх бүрэн дүүрэн, сүр жавхлант баяслыг бид Иосефын баяр хөөрөөс үнэхээр олж хардаг. Тэрээр бидэнд “мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө”2 гэсэн амлалтын баталгааг өгдөг.
Бид бүгд мөнх бус байдлын өмнөх амьдралдаа Бурханы аз жаргалын төлөвлөгөөг сонсоод баярлалдан уухайлсан3 ба энэ дэлхийд ч Түүний төлөвлөгөөний дагуу амьдрахдаа баярлан уухайлсаар байна. Гэхдээ бошиглогчийн энэхүү аз жаргалын тунхаг чухамдаа юуны тухай байсан бэ? Эдгээр гүн гүнзгий, чин зүрхний сэтгэл хөдлөлийг юу өдөөсөн бэ?
Бошиглогч Иосеф нас барагсдын төлөөх баптисмын тухай зааж байсан. Энэ нь үнэхээр их баяр хөөртэй хүлээн авсан гайхамшигт илчлэлт байсан юм. Сүмийн гишүүд нас барсан хайртай хүмүүсийнхээ төлөө баптисм хүртэх боломжтой гэдгээ анх мэдээд баяртай байв. Вилфорд Вүдрафф: “Үүнийг сонссон даруйдаа бодгаль минь баярлан догдлов”4 гэж хэлжээ.
Бидний хайртай нас барсан хүмүүсийн төлөөх баптисм нь Их Эзэний илчилж, сэргээх цорын ганц үнэн байгаагүй юм. Бурхан охид, хөвгүүддээ өгөхийг хүсэн хүлээж байсан тоо томшгүй өөр олон бэлэг, хишгүүд байсан.
Бусад бэлэгт санваарын эрх мэдэл, гэрээ, ёслолууд болон мөнхөд үргэлжилж болох гэрлэлт, Бурханы гэр бүлийн хүрээнд хүүхдийг эцэг эхтэй нь лацдах, эцэст нь бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн дэргэд гэртээ буцаж ирэх адислал багтсан байдаг. Эдгээр бүх адислал Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон.
Бурхан эдгээрийг Өөрийн хамгийн дээд, ариун адислалуудын нэг гэж үзсэн учраас5 хүүхдүүддээ эдгээр эрхэм бэлгийг өгөх ариун нандин барилгуудыг барихыг зааварласан юм.6 Эдгээр барилга Түүний дэлхий дээрх гэр байх болно. Эдгээр барилга Түүний нэрээр, Түүний үгээр мөн Түүний эрх мэдлээр дэлхийд лацдагдаж, холбогдсон зүйл тэнгэрт холбогдох ариун сүм байх болно.7
Одоогийн Сүмийн гишүүд эдгээр алдар суугийн мөнхийн үнэнийг хайхрахгүй орхих нь түгээмэл болжээ. Ариун сүмийн ажил бидний хувьд ердийн байнга хийдэг зүйл болж. Заримдаа бидэнд тэдгээрийг анхлан суралцагчийн нүдээр харах нь ач тустай байдгийг би өөрт тохиолдсон жишээнээс саяхан сурлаа.
Өнгөрсөн жил Японы Токио ариун сүмийг дахин онцгойлон адислахын өмнө, өөр итгэл үнэмшилтэй олон зочин ариун сүмийг үзэж сонирхсон юм. Өөр шашны нэгэн хянамгай удирдагч бас үзэж сонирхож байв. Бид зочдодоо Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, тэрхүү төлөвлөгөөн дэх Есүс Христийн гэтэлгэх үүрэг мөн лацдан холбох ёслолоор дамжуулан гэр бүлүүд мөнхөд нэгдэж чадна гэсэн сургаалын талаар заасан.
Ариун сүмийг үзэж дуусаад би найзаасаа сэтгэгдлийг нь асуусан юм. Өнгөрсөн, одоо, ирээдүйд гэр бүлийг холбон нэгтгэх талаар энэ сайн хүн чин сэтгэлээсээ: “Танай Сүмийн гишүүд энэ сургаал ямар гүн гүнзгий болохыг үнэхээр ойлгож байгаа юу?” гэж асуугаад, “Энэ нь хэт их хуваагдаж талцсан энэ ертөнцийг нэгтгэж чадах цорын ганц сургаалуудын нэг байж болох юм” гэлээ.
Ямар хүчтэй хэлээ вэ. Энэ хүний сэтгэлийг зүгээр л ариун сүмийн тансаг ур хийц биш, харин гэр бүлүүд нэгдэж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой үүрд лацдагддаг гэсэн гайхалтай, гүн гүнзгий сургаал хөдөлгөжээ.8
Сүмийн гишүүн биш хүн хүртэл ариун сүмд болдог үйл явдлын сүр жавхланг онцолж ярьдагт бид огтхон ч гайхах хэрэггүй. Заримдаа бидний хувьд энгийн, жирийн мэт болж хувирсан зүйлсийн сүр жавхлан, гоо үзэсгэлэнг тэдгээрийг анх удаа сонсож, мэдэрч байгаа хүмүүс олж харах нь бий.
Ариун сүм эрт цагт байсанчлан, Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэнээр ариун сүм барих нь бошиглогч Иосеф Смитийн дараагийн бүх бошиглогчийн нэн тэргүүний зорилтуудын нэг байсаар ирсэн. Түүнчлэн үүнийг ойлгоход хялбархан юм.
Бошиглогч Иосеф нас барагсдын төлөөх баптисмын талаар заах үедээ өөр нэг агуу үнэнийг илчилсэн байдаг. Тэрээр “Эдгээр нь бидний авралд хамааралтайн хувьд, нас барагсад хийгээд амьд байгаа хүмүүстэй холбогдсон зарчмуудад хөнгөмсгөөр хандах ёсгүйг би баттайгаар хэлж байна. Учир нь тэдний аврал шаардлагатай бөгөөд бидний авралд зайлшгүй чухал бөлгөө. … бидэнгүйгээр тэд төгс болгогдож чадах нь үгүй—мөн өөрсдийн нас барагсадгүйгээр бид төгс болгогдож чадах нь үгүй болой”9 хэмээн заасан.
Бидний харж байгаачлан, амьд байгаа болон нас барсан хүмүүсийн аль алиных нь төлөө хийх ариун сүмийн ажил болон ариун сүмүүдийн хэрэгцээ маш тодорхой болдог.
Дайсан бэлэн байдалд орсон байгаа. Ариун сүмд гүйцэтгэдэг ёслол, гэрээнүүд дайсны хүч чадлыг сулруулдаг. Тэр энэ ажлыг зогсоохын тулд чадах бүхнээ хийдэг. Яагаад? Учир нь дайсан энэ ариун ажлаас ирдэг хүчийг мэддэг. Шинэ ариун сүм бүр онцгойлон адислагдахад биднийг Есүс Христэд ирснээр биднийг гэтэлгэж, дайсны хүчин чармайлтыг эсэргүүцэх Түүний аврагч хүч тэлдэг. Ариун сүмийн болон гэрээгээ сахидаг хүмүүсийн тоо өсөх тусам дайсан улам сульддаг.
Сүмийн эхэн үед зарим хүн шинэ ариун сүмийг зарлах үед санаа зовдог байлаа. Учир нь тэд “Бид хэзээ ч тамын хонх хангинахгүйгээр ариун сүм барьж эхлээгүй юм”8 гэлцдэг байжээ. Харин Бригам Янг “Би тэдний хонхыг дахин сонсмоор байна”10 гэж зоригтой хариулсан байдаг.
Энэ мөнх бус амьдралд бид дайнаас хэзээ ч зугтаж чадахгүй ч, дайсныг ялж чадна. Бид ариун сүмийн гэрээг байгуулж, сахих үедээ Есүс Христээс тэрхүү хүч, чадлыг хүлээн авдаг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Их Эзэнд дуулгавартай хүмүүсийг дуулгаваргүй хүмүүсээс ялгаж салгах цаг ирж байна. Бидний аюулгүй байдал Түүний ариун өргөөнд орохуйц зохистой байхад оршиж байдаг”11 хэмээн заасан.
Бурханы бошиглогчоор дамжуулан бидэнд амласан зарим нэмэлт адислалыг хэлж өгье.
Танд гайхамшиг хэрэгтэй юу? Бидний бошиглогч “Таныг Их Эзэний ариун сүмд үйлчилж, шүтэн бишрэхийн тулд золиослол гаргахад Тэрээр танд хэрэгтэй гэдгийг мэддэг тэрхүү гайхамшгуудыг авчрах болно хэмээн би танд амлаж байна”12 гэж хэлсэн.
Танд Аврагч Есүс Христийн эдгээх, хүчирхэгжүүлэх хүч хэрэгтэй юу? Ерөнхийлөгч Нэлсон “… ариун сүмд заагддаг бүх зүйл Есүс Христийн талаарх бидний ойлголтыг нэмэгдүүлдэг. … Улмаар биднийг гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг бидэнд хүртээдэг. Ай, ирэх өдрүүдэд Түүний хүч бидэнд ямар их хэрэгтэй гээч”13 хэмээн батлан хэлсэн.
Анхны далдуу модны ням гарагт Есүс Христийг Иерусалимд ялгуусан байдалтай орж ирэхэд Есүс Христийн олон шавь баярлаж, чанга дуугаар Бурханыг магтан, “Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ!”14 гэцгээжээ.
1836 оны далдуу модны ням гарагт Көртландын ариун сүм онцгойлон адислагдсан нь ямар сайхан тохирсон хэрэг вэ. Тэр үед ч гэсэн Есүс Христийн шавь нар баясаж байжээ. Бошиглогч Иосеф Смит онцгойлон адислах залбиралд дараах магтаалын үгсийг хэлжээ:
“Ай Бүхнийг Чадагч Бурхан Их Эзэн минь, биднийг сонсооч, мөн тэнгэрээс, … хаан сэнтийдээ залран суудаг тэндээс алдар суу, хүндэтгэл, хүч, сүр жавхлан, [мөн] хүч чадалд бидэнд хариулаач. …
“… Бурханд болон Хурганд магтаалын мэндчилгээ хүргэн Хосаннаг дуулагч таны хаан сэнтийний эргэн тойрон дахь тэдгээр гэрэлтэгч гялалзсан серафуудтай бид дуу хоолойгоо нийлүүлж болохын тулд Сүнснийхээ хүчээр бидэнд туслаач!
Мөн таны эдгээр бишрэлтнүүд баяр хөөр болон чангаар хашхираг.15
Ах эгч нар аа, өнөөдөр Далдуу модны энэ ням гарагт бид ч бас Есүс Христийн шавь нарын хувьд ариун Бурханаа магтан дуулж, Түүний бидэнд өгсөн сайн сайхны төлөө баясан баярлацгаая. “Бид өөрсдийн хүлээн авсан сайн мэдээнд юуг сонсдог вэ? Үнэхээр “баяр баясгалангийн дуу хоолойг!”16
Та нар Их Эзэний ариун сүмд орохдоо баяр баясгаланг улам бүр мэдрэх болно гэдгийг би гэрчилж байна. Мөн хариуд нь Түүний та нарт өгөх баяр баясгаланг та нар мэдрэх болно гэдгийг би гэрчилж байна, амен.