2023
Сүмийн удирдагчид олон оронд тохинуулав
2023 оны 5-р сар


Төлөөлөгчид дэлхий даяар үргэлжлүүлэн тохинуулсаар байна

2022 онд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Швейцар, Австри, Албани, Унгар зэрэг улсад айлчлав. Швейцарт тэрээр хүмүүнлэгийн төслүүд дээр Сүмтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөлөгчид, НҮБ-ын дээд түвшний дипломатчидтай уулзав. Бусад оронд тэрээр эх нутагтаа итгэлийн анхдагчид нь болсон гишүүдийн олонтой нь уулзжээ.

Ахлагч Бэднар: “Бид олон үеийн турш оршин тогтнох Сүмийн суурийг байгуулалцаж буй гэгээнтнүүдтэй уулзаж, ярилцдаг” гэж хэлэв.

2022 оны 11-р сарын 10-нд ахлагч Роналд А.Расбанд Сан Пауло ариун сүмийн зочдыг хүлээж авах төвөөс Фэйсбүүкийн шууд дамжуулалтаар оролцож, Аврагч Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцав.

Тэрээр: “Есүс Христ бол хаадын Хаан гэдгийг үргэлж сана. Тэр бол эздийн Эзэн, Энхийн Жонон билээ” хэмээн гэрчилсэн.

Мөн 11-р сард ахлагч Гари И.Стивэнсон Индонезийн Бали арал дээр болсон Их 20 бүлгийн шашин хоорондын хэлэлцүүлэг уулзалт (G20 Religion Forum ) дээр үг хэлэв. Тэрээр: “Тэнгэрийн нэмэлт гэрэл, мэдлэгээр залуулж, гол чухал зарчмаасаа зууран барих” үед шашин нь дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд туслах хамгийн үр дүнтэй дэмжлэг болж чадна гэж хэлсэн.

2022 оны 12-р сард Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ахлагч М.Рассэлл Баллард Мехико хотын Номлогчийг Бэлтгэх Төвд байсан номлогчдод хандан “Есүс Христийг Аврагч мөн бүх хүн төрөлхтний Гэтэлгэгч гэдгийг дэлхий дахинд тунхаглах онцгой боломж”-ийн талаар ярьж, гэрчилсэн.

2022 оны 12-р сард ахлагч Жэффри Р.Холланд АНУ-ын Калифорниа муж дахь нэгэн семинарын ангид зочилсон бөгөөд мөн Калифорниа мужын Вэнтура хотын найман гадасны испани хэлээр ярьдаг гишүүдэд хандан үг хэлэв. Тэр испани, англи хэл дээр үг хэлэв. Тэрээр гишүүдээс өсвөр үеийнхэнд анхаарлаа хандуулахыг хичээнгүйлэн хүсэж, цугласан олны дунд байх өсвөр үеийнхэн, удирдагчдаас “Бурхан амьд, ах, эгч нар аа, Бурхан амьд. Сүм бол үнэн” учраас яг одоо номлогч байгаарай хэмээн хүссэн.

2023 оны 2-р сарын 11-нд Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс АНУ-ын Висконсин, Индиана, Иллиной мужуудын Сүмийн гишүүд, найз нөхдөдөө хандан үг хэлэв. Тэр Иллиной мужийн Вилмэтт тосгоны гадасны төвөөс 14 гадас руу хийсэн шууд дамжуулалтаар үг хэлсэн юм. Дараагийн үдэш нь тэрээр Иллиной мужийн Рокфорд гадасны төвд цугласан 900 орчим өсвөр үеийн хүүхэд, залууд хандан үг хэлэв. Энэхүү уулзалтыг Висконсин, Индиана, Иллиной гэсэн бусад байршил руу дамжуулан үзүүлжээ.

2 дугаар сарын 6-7-ны хооронд ахлагч Дийтр Ф.Угдорфыг Нюү Дэли, Хидэрабад, Бэнгалуру хотод айлчлах үеэр Энэтхэг дэх Сүмийн гишүүд, сайн дурын үйлчлэлийн ажилтнууд угтан авлаа. Ахлагч Угдорф: “Бид Энэтхэг улсад болон энэтхэгийн ард түмэнд хайртай. Бидний сэтгэл их хөдөлж, олон зүйл мэдэрлээ” хэмээн баярлан хэлэв.

2 дугаар сард хийсэн айлчлалынхаа үеэр ахлагч Квинтин Л.Күк Мозамбик, Замби, Мадагаскарын гэгээнтнүүдэд заав. Төлөөлөгчийн үгийг сонсохоор Сүмийн гишүүн бус 500 гаруй хүн Мозамбик улсын Мапуто хотод болсон нэгдсэн гадасны чуулганд оролцсон аж. Ахлагч Күк: “Ням гаргийн хуралдаанд манай шашны гишүүн бус маш олон хүн ирсэн байсан учир бид захиасаа сургаалын зарчмуудыг тайлбарлах, сайн мэдээг том зургаар нь харах, бошиглогчдын ач холбогдлыг тайлбарлах, Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийг төлөвшүүлэхэд хандуулсан юм” гэж хэлэв.

2 дугаар сард ахлагч Д.Тодд Кристоффэрсон Африкийн баруун бүсэд 12 өдрийн айлчлал хийх үеэрээ Гана, Нигери, Зааны Ясан эрэг, Либери улсуудын гишүүд дээр зочилжээ. Энэ аяллын хүрээнд Гана улсын ерөнхийлөгчтэй уулзах уулзалт багтсан байв. Тэд боловсролын тал дээр харилцан санал бодлоо солилцон, BYU–Pathway Worldwide, Gathering Place хөтөлбөрийг дүгнэн хэлэлцэв.

2 дугаар сард Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Ж.Рэнланд Гватемал, Никарагуа, Панам, Белиз, Хондурас гэсэн газруудад айлчлав. Ахлагч Рэнландыг эхнэр Рүт дагалдан айлчилсан. Айлчлалынхаа үеэр тэрээр Никарагуагийн нэгэн эмнэлэгт очсон бол харин Рэнланд эгч Хондурасын цагаачдад зориулсан Сүмийн хандивын ариун цэврийн хэрэгслийн багц, хувцаснуудыг бэлтгэхэд туслав.

3 дугаар сард ахлагч Нийл Л.Андэрсэн Бразилд айлчилж, иргэний нийгмийн олны танил удирдагчидтай уулзан, удахгүй онцгойлон адислагдах гэж буй Бразилын Бразилиа ариун сүмээр зочлон, орон даяарх гишүүд, номлогч, удирдагчдад зааж, тэдэнд гэрчлэлээ хуваалцав. Айлчлалын үеэр Кэти Андэрсэн эгч Бразилын тэргүүн хатагтайтай уулзав.

3 дугаар сард Мексикт хийсэн айлчлалынхаа үеэр ахлагч Гэррит В.Гонг Мексикийн Дотоод хэргийн сайд Адан Аугусто Лопэзтэй уулзав. Лопэз нь Мексикийн засгийн газрын хоёр дахь том албан тушаалтан аж. Дотоод хэргийн яамны төв байранд болсон уулзалтаар ахлагч Гэррит В.Гонг мексик гэр бүлүүдийг төлөвшүүлэхээр гаргаж буй Сүмийн хичээл зүтгэлийн талаар ярив. Тэрээр: “Үүнийг хийснээр бид нийгмийг хүчирхэгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм” гэж хэлсэн.

Ахлагч Үлиссэс Соарэс Номхон далайн бүсэд амьдардаг гишүүдийг Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд урамшуулав. 3 дугаар сард Шинэ Зеланд, Тонга, Фижид зочлох үеэрээ тэрээр: “Бид Аврагч Есүс Христэд амьдралаа төвлөрүүлж, Түүний сэргээгдсэн сайн мэдээгээр амьдрахыг мэрийх үедээ аялалдаа үргэлж амар амгалан, амралт, баяр хөөрийг олж чадна” гэж хэлсэн.