2023
Гэрээнүүдээр дамжуулан Бурханы хүчийг авах нь
2023 оны 5-р сар


13:9

Гэрээнүүдээр дамжуулан Бурханы хүчийг авах нь

Таныг баптисмаас ариун сүм рүү, амьдралынхаа турш гэрээний замаар алхах үед, дэлхийн урсгалын эсрэг явах хүч чадлыг би танд амлаж байна.

Өнгөрсөн 11-р сард надад Бразилын Белем ариун сүмийг онцгойлон адислах боломж тохиосон. Бразилын хойд хэсгийн Сүмийн адислагдсан гишүүдтэй хамт байхад сайхан байсан төдийгүй миний хувьд нэр төрийн хэрэг байсан юм. Белем хот бол дэлхийн хамгийн хүчит мөрөн Амазоныг багтаасан бүс нутагт хүргэх үүд хаалга гэдгийг би тэр үед мэдэж авсан.

Энэ мөрөн хүчирхэг хэдий ч байгалийн хуулийн эсрэг гэмээр үзэгдэл жилд хоёр ч удаа тохиодог ажээ. Нар, сар, дэлхий гурав нэг шугамд зэрэгцэхэд далайн түрлэгийн хүчит давлагаа ирж, мөрний урсгалын эсрэг түрдэг. 6 метр хүртэл өндөр давлагаа1 урсгал сөрөн 50 километр2 хүртэл зайд түрсэн байдаг нь бүртгэгджээ. Энэхүү гайхамшигт үзэгдлийг далайн нарийн түрлэг гэж нэрлэдэг бөгөөд маш чанга дуу чимээ гаргадаг учир нутгийн иргэд поророка буюу “агуу нүргээн” гэж нэрлэдэг аж. Хүчит Амазон мөрөн хүртэл тэнгэрлэг хүчинд захирагддагийг бид эндээс ойлгож болно.

Амазон мөрөнтэй адил бидний амьдралд ч ердийн урсгал гэж байдаг бөгөөд бид урсгалаараа явах гээд байдаг. Мөн Амазон мөрөнтэй адил, бид тэнгэрлэг хүчний тусламжтайгаар байгалийн хуулийн эсрэг мэт зүйлсийг хийж чадна. Эцсийн эцэст бидний даруу, дөлгөөн байх нь эсвэл өөрсдийн хүслийг Бурханд захируулдаг байх нь байгалиас заяадаг зан биш юм. Гэвч гагцхүү ийн үйлдсэнээр л бид хувирч, Бурханы оршихуйд амьдрахаар эргэн очиж, мөнхийн хувь заяандаа хүрч чадна.

Амазоноос ялгаатай нь, бид тэнгэрлэг хүчинд захирагдах уу эсвэл “урсгалаараа явах”3 уу гэдгээ сонгож чаддаг. Урсгал сөрж явахад хэцүү байж мэднэ. Гэвч бид “Ариун Сүнсний таталтад автагдан, эгэл” хүмүүний хувиа хичээсэн байдлаа орхивол,4 хэцүү зүйлсийг хийх хүч буюу Аврагчийн хувиргагч хүчийг амьдралдаа хүлээн авах болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүнийг хэрхэн хийхийг заасан. Тэрээр “Баптисмын усан санд болон ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүн бүр Есүс Христийн [биднийг энэ унасан ертөнцийн таталтаас дээш өргөдөг] хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой болдог юм”5 хэмээн амлажээ. Өөрөөр хэлбэл, бид Бурхантай ариун гэрээнүүдээр дамжуулан холбогдсоноор л Түүний хүчнээс хүртэх боломжтой.

Дэлхий бүтээгдэхээс өмнө Бурхан бидэнд буюу хүүхдүүддээ Өөр дээр нь ирж нэгдэх аргачлал болгон гэрээнүүдийг тогтоож өгсөн. Мөнхийн, өөрчлөгдөшгүй хуулийн дагуу Тэрээр үл хэлэлцэх нөхцөлүүдийг тогтоосон бөгөөд үүний дагуу бид хувирч, аврагдаж, өргөмжлөгдөх болно. Энэ амьдралд бид санваарын ёслолд оролцон, Бурханы биднээс хийхийг хүссэн зүйлсийг хийхээ амласнаар эдгээр гэрээнд ордог ба хариуд нь Бурхан тодорхой адислалуудыг амладаг.6

Гэрээ нь бидний хувьд сайтар бэлдэж, тодорхой сайн ойлгож, дээдлэн сахих ёстой амлалт юм.7 Бурхантай гэрээ байгуулах нь зүгээр нэг амлалт өгөхөөс өөр. Нэгдүгээрт, үүнд санваарын эрх мэдэл хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт, сул амлалтад биднийг байгалийн ердийн урсгалаас татан гаргах хүч байдаггүй. Бид өөрсдөөсөө хамаарах зүйлсийг биелүүлнэ гэсэн бат шийдвэрээр л гэрээнд нэгдэн ордог.8 Бид энэхүү гэрээгээр өөрсдийгөө бүрэн тодорхойлох үед Бурханы гэрээт хүүхдүүд, Түүний хаант улсыг өвлөгчид болцгоодог.

Гэрээний зам хэмээх нэршил нь Христэд ирж, Түүнтэй холбогдохын тулд бидний ээлж дараалан байгуулдаг гэрээнүүдийг хэлдэг. Энэхүү гэрээт барилдлагаар дамжуулан бид Түүний мөнхийн хүч чадлаас хүртэх боломжтой болдог. Уг зам Есүс Христэд итгэх итгэл болон наманчлалаар эхэлж, цааш баптисм болоод Ариун Сүнсийг хүлээн авахаар үргэлжилдэг.9 Энэ замд хэрхэн орохыг Есүс Христ баптисм хүртэж харуулсан.10 Шинэ Гэрээний Марк болон Лукийн сайн мэдээн дээр Есүс Христийг баптисм хүртэх үед Тэнгэрлэг Эцэг Түүнд “Хайрт Хүү минь чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв” хэмээн тэмдэглэжээ. Биднийг баптисмаар дамжин гэрээний замд орох үед Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрд үүнтэй адилаар “Хайрт хүүхэд минь, би чамд баяртай байна. Үргэлжлүүлэн хичээ”11 хэмээн хэлдэг болов уу гэж би төсөөлдөг.

Бид баптисм хүртэхдээ мөн ариун ёслолоос хүртэхдээ12 өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг хүлээн авахад бэлэн байгаагаа гэрчилдэг.13 Энэ агуулгын хүрээнд, “Чи өөрийн Бурхан Эзэний нэрийг хуурмаг хоосонд бүү дурд [буюу ав]”14 хэмээх Хуучин Гэрээний зарлигийг санацгаая. Орчин цагийн бидний чихэнд энэ нь Их Эзэний нэрийг хүндэтгэлгүйгээр бүү дурд гэж сонсогдож болох юм. Зарлигт энэ утга нь ордог боловч үүнээс ч илүү гүнзгий утга байдаг. Еврей хэл дээр авах гэдэг үг нь дээш өргөх эсвэл тээх гэсэн утгатай бөгөөд бүлэг эсвэл хувь хүнийг төлөөлсөн туг дарцгийг дээш өргөх, авч явах гэсэн утгатай.15 “хуурмаг хоосон” гэж орчуулагдсан үг нь “дэмий” эсвэл “хуурамч” гэсэн утгатай.16 Үүнээс үзэхэд, Их Эзэний нэрийг хуурмаг хоосонд бүү дурд хэмээх зарлиг нь “Чи Есүс Христийг зохих ёсоор төлөөлөх гээгүй юм бол өөрийгөө Түүний шавь гэж бүү нэрлэ” гэж ойлгогдохоор байна.

Бид гэрээнүүдээр дамжуулан зорилготойгоор, алхам алхмаар өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авснаар Түүний шавь болж, Түүнийг сайнаар төлөөлдөг. Гэрээнүүд маань бидний Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой харьцах харилцааг өөрчилдөг учраас бидэнд гэрээний зам дээр явах хүч чадлыг өгдөг. Бид Тэдэнтэй гэрээт барилдлагаар холбогддог.

Гэрээний зам нь ариун сүмийн хишиг зэрэг ариун сүмийн ёслолууд руу хөтөлдөг.17 Хишиг бол Бурханаас өгөгддөг ариун гэрээнүүдийн нандин бэлэг бөгөөд биднийг Түүнтэй бүрэн дүүрэн холбодог. Хишиг хүртэхдээ бид эхлээд Бурханы зарлигуудыг хичээнгүйлэн дагаж; хоёрт, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр наманчилж; гуравт, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах гэрээ байгуулдаг. Бид ингэхдээ Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авахдаа Бурхантай гэрээ байгуулж, амьдралынхаа турш тэдгээр гэрээгээ сахиж, Бурханаа болон хөршөө хайрлах хоёр агуу тушаалыг дагаж амьдрахыг хичээдэг. Дөрөвт, бид ариун явдлын хуулийг сахиж, тавд, өөрсдийгөө болон Их Эзэний бидэнд өгсөн бүхнийг Түүний Сүмийг байгуулахад зориулдаг. 18

Ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж, сахиснаар бид Их Эзэний зорилгын талаар илүү ихийг сурч мэдэн, Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авдаг.19 Бид амьдралдаа удирдамж авдаг. Бид үл мэдэгч хүүхэд хэвээр үлдэхгүйн тулд шавийн замналдаа боловсордог.20 Бид мөнхийн зүйлсэд ач холбогдол өгч, Бурханд төдийгүй бусдад үйлчлэх хүсэлтэй амьдардаг. Бид мөнх бус амьдралд ирсэн зорилгоо биелүүлэх нэмэлт чадварыг хүлээн авдаг. Бид хилэнцээс хамгаалагдаж,21 уруу таталтыг эсэргүүцэх, алдсан үедээ наманчлах нэмэлт хүчийг хүлээн авдаг.22 Замаасаа гажсан үедээ Бурхантай байгуулсан гэрээгээ санах нь бидэнд буцаж зам дээрээ гарахад тусалдаг. Бурханы хүчтэй холбогдсоноор бид өөрсдөө поророка болж, дэлхийн урсгалын эсрэг амьдралынхаа туршид, бас мөнхөд явах чадвартай болдог. Гэрээний зам нь өргөмжлөл болон мөнх амьдрал өөд биднийг хөтөлдөг учраас эцэст нь хувь заяа маань өөрчлөгддөг.23

Баптисмын усан санд болон ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахих нь мөнх бус амьдралын сорилт бэрхшээл, зовлон шаналлыг давах хүчийг бас өгдөг юм.24 Эдгээр гэрээтэй холбоотой сургаал нь туулах замыг зөөллөж, найдвар, тайтгарал, амар амгаланг өгдөг.

Миний эмээ Лэна Софиа, өвөө Маттс Лэандэр Рэнланд нар 1912 онд Сүмд нэгдэн, баптисмын гэрээгээр дамжуулан Бурханы хүч чадлыг хүлээн авсан юм. Тэд Финландын анхны салбарт харьяалагдахдаа баяртай байв.

Таван жилийн дараа, Лэандэрыг сүрьеэгээр нас барахад Лэна арав дахь хүүхдээ хэвлийдээ тээж байв. Хэвлийд байсан хүүхэд нь миний аав байсан бөгөөд Лэандэрыг нас барснаас хойш хоёр сарын дараа төрсөн юм. Лэна эцэст нь нөхрөөсөө гадна арван хүүхдийнхээ долоог алдсан юм. Бэлэвсэрч, ядуурсан түүнд амьдрал хэцүү байлаа. Хорин жилийн турш тэр бүтэн нойртой хоноогүй. Өдөр нь тэрээр гэр бүлдээ хоол унд залгуулахаар хичээж, шөнөдөө биеийн байдал нь хүндэрч буй гэр бүлийн гишүүдээ асардаг байлаа. Түүнийг энэ бүхнийг хэрхэн туулж байсныг төсөөлөхөд ч бэрх.

Лэна нас барсан нөхөр, хүүхдүүдээ үүрд мөнхөд өөрийнх нь байх болно гэдгийг мэдэж байсан. Лацдан холболтын хүч чадалд найдаж байсан болохоор ариун сүмийн адислал, тэр дундаа мөнхийн гэр бүлийн сургаал түүнд амар амгаланг авчирсан юм. Амьд сэрүүн байхдаа тэр хишиг хүртээгүй бас Лэандэртэй лацдан холбогдож чадаагүй ч, Лэандэр түүний амьдралд чухал нөлөө үзүүлсээр байж, ирээдүйн агуу итгэл найдварынх нь нэг хэсэг болсон билээ.

1938 онд Лэна нас барсан гэр бүлийнхээ гишүүдэд зориулан ёслолуудыг гүйцэтгүүлэхийн тулд бүртгэлийг нь ариун сүмд илгээсэн нь Финландаас илгээсэн анхны хэдэн бүртгэлийн нэг байжээ. Түүнийг нас барсны дараа Лэандэрын өмнөөс мөн нас барсан хүүхдүүдийнх нь болон түүний өмнөөс бусад хүн ариун сүмийн ёслолуудыг үйлдсэн юм. Тэрээр төлөөлөн гүйцэтгэх ёслолоор дамжуулан хишиг хүртсэн бөгөөд Лэна, Лэандэр хоёр лацдан холбогдож, миний аав болон нас барсан бусад хүүхэд нь тэдэнтэй лацдан холбогдсон билээ. Лэна бусдын адил “амлалтуудыг хүлээн авч чадалгүй, харин алсаас тэдгээрийг харж, тэдгээрт итгэл үнэмшилтэй байж, дотроо итгэл тээн нас барсан.”25

Лэна эдгээр гэрээг амьдралдаа хүлээн авсан мэт амьдарсан юм. Баптисмын болон ариун ёслолын гэрээнүүд нь Аврагчтай холбодог гэдгийг Лена мэдэж байсан. “[Гэтэлгэгчийн] Ариун газарт орших гэгээн хүсэл нь [түүнд] Агуу найдвар ав[чирсан].”26 Лэна өөрийнх нь амьдралд уй гашуу тохиолдохоос өмнө гэр бүлүүд мөнхийн гэдгийг мэдсэнээ Бурханы үзүүлсэн агуу нигүүлслүүдийн нэг гэж үздэг байв. Амьдралд нь ирсэн сорилт бэрхшээл сэтгэлээр унагам байсан ч тэдгээрийг давах Бурханы хүчийг гэрээгээр дамжуулан тэр хүлээн авчээ.

Таныг баптисмаас ариун сүм рүү, амьдралынхаа турш гэрээний замаар алхах үед сурч боловсрох хүч, наманчилж ариусгагдах хүч, амьдралын бэрхшээл дунд найдвар, тайтгарал бүр баяр хөөрийг олох хүч буюу дэлхийн урсгалын эсрэг явах хүч чадлыг би танд амлаж байна. Би танд болон таны гэр бүлд, ялангуяа ариун сүм дээр онцгойлон төвлөрөх үед дайсны нөлөөний эсрэг явах хүчийг амлаж байна.

Та гэрээгээр дамжуулан Христэд ирж мөн гэрээгээр дамжуулан Түүнтэй төдийгүй Тэнгэрлэг Эцэгтэй холбогдвол байгалийн хуулийн эсрэг зүйлс тохиох болно. Та Есүс Христээр хувирч, төгс болгогдох болно.27 Та бүхэн Бурханы гэрээт хүүхдүүд бөгөөд Түүний хаант улсыг өвлөгчид болно.28 “Хайрт хүүхэд минь, би чамд баяртай байна. Гэртээ тавтай морил” гэж Түүний танд хэлэхийг би төсөөлж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Ойролцоогоор 20 фут.

  2. Ойролцоогоор 30 бээр.

  3. Бурхан бидэнд өөрсдийнхөө төлөө сонгож, үйлдэх хүчийг өгсөн учир бидэнд сонголт байдаг. Судруудын удирдамж дахь “Сонгох эрх” scriptures.ChurchofJesusChrist.org мөн 2 Нифай 2:27; Мосе 7:32-ыг үзнэ үү.

  4. Moзая 3:19-ийг үзнэ үү.

  5. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 9697 .

  6. Судруудын удирдамж дахь “Эв нэгдэл”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

  7. Бүх хүн алдаа гаргадаг ч Бурхан бидний алдаануудад тэвчээртэй хандаж, гэрээгээ зөрчсөн ч гэсэн бидэнд наманчлалын бэлгийг өгсөн. Ахлагч Ричард Г.Скотт “Их Эзэн сул дорой байдлыг эсэргүүцлээс өөрөөр авч үздэг … [учир нь] Их Эзэн … сул дорой байдлын тухайд үргэлж нигүүлсэнгүйгээр ярьдаг билээ” гэж заасан. (“Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүчирхэгжих нь,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 94). Тиймээс бидний сул талуудад туслах Аврагчийн чадварт бид эргэлзэх хэрэггүй. Харин, дараа наманчилна гэсэн төлөвлөгөөтэйгөөр гэрээг зөрчих нь, өөрөөр хэлбэл урьдчилан төлөвлөсөн нүглийг болон наманчлалыг Их Эзэн таашаадаггүй (Еврей 6:4–6-г үзнэ үү).

  8. Robert Bolt, A Man for All Seasons: A Play in Two Acts (1990), xiii-xiv, 140-ийг үзнэ үү.

  9. 2 Нифай 31:17–18-ыг үзнэ үү.

  10. 2 Нифай 31:4–15-ыг үзнэ үү.

  11. “Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт биет хэлбэрээр буун иртэл, тэнгэрээс дуун гарч —Хайрт Хүү минь чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв” (Лук 3:22) гэж Лук бичсэн. “Тэнгэрээс дуун гарч —Хайрт Хүү минь Чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв” (Марк 1:11) гэж Марк бичсэн. Уильям Тиндэйлийн орчуулга нь Хаан Жэймсийн хувилбараас ч илүү тодорхой бөгөөд ойр дөт байдаг. Түүний орчуулгад, Тэнгэрлэг Эцэгийн дуу хоолой “Чи намайг баясгадаг, миний хайрт Хүү минь билээ” гэж гардаг (Brian Moynahan, God’s Bestseller: William Tyndale, Thomas More, and the Writing of the English Bible—A Story of Martyrdom and Betrayal [2002], 58). Зөвхөн Матай “тэнгэрээс -Хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа” (Maтай 3:17) хэмээн тухайн дуу хоолойг олон нийтэд хандсан хэлбэрээр бичжээ. Иоханы сайн мэдээн дээр Баптисч Иохан баптисм хүртээснийг л зөвхөн бичсэн байдаг. “Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв” (Иохан 1:34).

  12. 2 Нифай 31:13; Сургаал ба Гэрээ 20:77-г үзнэ үү.

  13. Ариун ёслолоор дамжуулан баптисмын гэрээгээ шинэчлэхдээ “бэлэн” гэдэг үгийн чухлыг ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн тайлбарлажээ. “Бид ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдгээ биш, харин үүнийг хийхэд бэлэн гэдгээ гэрчилдэг. (Сургаал ба Гэрээ 20:77-г үзнэ үү.) Бид ийнхүү зөвхөн бэлэн байгаагаа гэрчилдэг нь тэрхүү ариун нандин нэрийг өөрсөд дээрээ бүрэн утгаар нь хүлээн авахаасаа өмнө, ямар нэгэн өөр зүйл болох ёстойг харуулж байгаа юм” (“Taking upon Us the Name of Jesus Christ,” Ensign, May 1985). “Ямар нэг өөр зүйл” гэдэг нь ариун сүмийн адислалууд болон ирээдүйн өргөмжлөлийг хэлж байна.

  14. Гэтлэл 20:7

  15. James Strong, The New Strong’s Expanded Exhaustive Concordance of the Bible (2010), Hebrew dictionary section, 192-р хуудас, 5375 дугаарыг үзнэ үү.

  16. James Strong, The New Strong’s Expanded Exhaustive Concordance of the Bible, Hebrew dictionary section, 274-р хуудас, 7723 дугаарыг үзнэ үү.

  17. Ахлагч Дэвид А.Бэднар заахдаа: “Баптисмын гэрээ нь ирээдүйд болох үйл явдлыг эсвэл үйл явдлуудыг төлөвлөсөн байдаг, мөн ариун сүмийг харуулдаж байдаг нь илэрхий билээ. … Баптисмын усанд орсноор эхэлдэг Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах үйл явц Их Эзэний өргөөнд үргэлжилж, өргөжин тэлдэг. Бид баптисмын усанд зогсохдоо ариун сүмд очих аянаа эхэлдэг. Бид ариун ёслолоос хүртэхдээ ариун сүмд очих аянаа эхэлдэг. Их Эзэн Есүс Христийн эрх мэдэл болон нэрээр дамжуулан авч болох хамгийн эрхэм дээд адислалуудыг хүлээн авч, ариун сүмийн нандин ёслолуудад оролцоход бэлтгэхийн тулд бид үргэлж Аврагчийг санаж, мөн Түүний зарлигуудыг дагана гэдгээ тангарагладаг. Тийн ариун сүмийн ёслолуудаар бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ бүрэн дүүрнээр хүлээн авдаг билээ (“Honorably Hold a Name and Standing,” Лиахона, 2009 оны 5-р сар). Энэ үйл явц “бид түүнтэй адил” (Моронай 7:48) болж, бүрэн хувиртал үргэлжлэх байх.

  18. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 27.2-т тайлбарласны дагуу, гэрээнүүд нь дуулгавартай байдлын хуулийн дагуу амьдрах, золиослолын хуулийг дагах, Есүс Христийн сайн мэдээний хуулийг дагах, ариун явдлын хуулийг сахих, мөн өргөлийн хуулийг сахих юм. Мөн Дэвид А.Бэднар, “Энэ Өргөө Миний нэрэнд баригдаг,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган-ыг үзнэ үү.

  19. Сургаал ба Гэрээ 109:14–15-ыг үзнэ үү. “‘Ариун Сүнсний бүрэн байдалд’ Есүсийн тайлбарласан дараах зүйл ордог. Энэ нь ‘та нарт миний өгч буй мөнх амьдралын, бүр селестиел хаант улсын алдар суугийн амлалт юм; Энэхүү алдар суу бол Ууган Хүүгийн сүмийнх, бүр түүний Хүү Есүс Христээр дамжсан, бүхнээс хамгийн ариун Бурханы тэрхүү алдар суу юм’ ((С&Г 88:4–5)” хэмээн ахлагч Д.Тодд Кристоффэрсон заасан (“The Power of Covenants,” Liahona, May 2009, note 5).

  20. Сургаал ба Гэрээ 109:15-ыг үзнэ үү.

  21. Сургаал ба Гэрээ 109:22, 25–26-г үзнэ үү.

  22. Сургаал ба Гэрээ 109:21-ийг үзнэ үү.

  23. Сургаал ба Гэрээ 109:15, 22; Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг инерцийн хүч,” 2022 оны 5-р сарын Лиахона сэтгүүлийг үзнэ үү.

  24. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” 96; Сургаал ба Гэрээ 84:20-ийг үзнэ үү. Та Сүнсний өдөөлтийг эрэлхийлж, дагах бүрдээ “эгэл хүн[ий]” хийхгүй зүйлийг буюу ямар нэгэн сайн зүйлийг хийх бүрдээ ертөнцийг ялдаг (“Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” 97).

  25. Еврей 11:13

  26. Израилын Гэтэлгэгч,” Дууллууд, д. 5, 5-р бадаг. Энэ нь Лэна Софиа Рэнландын дуртай дуулал байсан.

  27. Moронай 10:30–33-ыг үзнэ үү.

  28. Сургаал ба Гэрээ 132:19–20-ийг үзнэ үү.