2023
Христийн сургаалд найдах нь
2023 оны 5-р сар


10:30

Христийн сургаалд итгэх нь

Бид Христтэй тогтоосон гэрээт харилцааны суурин дээр байшингаа барихдаа Христийн сургаалд итгэж байна гэсэн үг юм.

Би нас дээр гарсан бошиглогч Нифайг ширээн дээрээ алтан ялтаснуудаа дэлгээд, сийлбэрийн үзгээ барьснаар нь бодолдоо төсөөлөн хардаг.

Нифай цэдгийнхээ сүүлийн сийлбэрийг дуусгах шатандаа орсон байв. Тэрээр “Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, би өөрийн хэлэхийг төгсгөл болгоё1 хэмээн бичиглэсэн. Гэвч удалгүй Сүнс Нифайд цэдгүүдээ дахин нээж, сүүлчийн захиасаа бичихэд уриалжээ. Ариун Сүнсний хүчирхэг нөлөөн доор тэрхүү агуу бошиглогч сийлбэрийн үзгээ дахин авч, “Иймийн тул Христийн сургаалын талаар миний ярих ёстой цөөн үгсээс гадна бол миний бичсэн зүйлүүд надад хангалттай”2 гэж бичсэн юм.

Тэрхүү “цөөн үгс”3-ийг бичихэд Нифайг албадсан Сүнсэнд бид үүрд талархдаг. Христийн сургаалын талаарх Нифайн шастир нь үүнийг шимтэн судалдаг хүмүүсийн хувьд нэгэн эрдэнэс юм. Энэ нь Аврагчийн баптисмын4 талаарх үзэгдэл болон Хүүгийн дуу хоолой хүн бүрийг Түүнийг дагаж5, “[бидэнд] [Түүний] хийхийг харсан тэр зүйлүүдээ хий хэмээсэн”6 уриалгыг агуулдаг. Энэ нь Христэд итгэж, чин сэтгэлээсээ нүглүүдээ наманчлан, баптисмын ус руу Аврагчийг даган орогсод “Ариун Сүнсийг хүлээн авах болно; тийм ээ, тэгээд галын мөн Ариун Сүнсний баптисм ирэх бөлгөө”7 хэмээх Нифайн гэрчийг агуулдаг. Бид бас Эцэгийг Өөрийн дуу хоолойгоор: “Тийм ээ, миний Хайртай нэгний үгс үнэн мөн итгэмжлэгдсэн бөлгөө. Эцсийг хүртэл тэвчсэн тэр нь, мөнхүү тэр нь аврагдах болно”8 хэмээн гэрчилснийг сонсдог.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон шинээр дуудагдсан номлолын удирдагчдад хандан хэлэхдээ, Христийн сургаалын онцгой ач холбогдлыг “Бид юу юунаас ч илүүтэйгээр … номлогчдодоо Христийн сургаалыг зүрх сэтгэлдээ сийлж, яс махандаа шингэтэл … үндэслүүлэхийг хүсдэг”9 гэж онцолсон.

Миний сайн мэдээг номло-д Христийн сургаалын таван чухал хэсгийг тоймлодог. “[Бид] Есүс Христэд итгэх итгэл, Түүний Цагаатгал болон наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих замаар сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бусдад туслан, Христэд ирэхэд урьдаг.”10

Гэхдээ Христийн сургаалын ач холбогдол нь зөвхөн номлогчдод хамаатай биш! Мөн энэ нь уг таван түлхүүр хэсгийг тоймлон давтахаас хамаагүй илүү гүн гүнзгий утгатай. Энэ нь сайн мэдээний хуулийг хамардаг ба мөнх амьдралын агуу төлөвлөгөө юм.

Ах эгч нар аа, хэрэв бид Христийн сургаалыг яс махандаа шингэтэл үндэслүүл гэсэн ерөнхийлөгч Нэлсоны урилгыг хүлээж авъя гэвэл үүнийг судалж, үүний төлөө залбирч, итгэлтэйгээр амьдарч, үргэлж наманчлах замаар Их Эзэн дэх хөрвөлтөө гүнзгийрүүлэх ёстой. Нифай алтан ялтаснуудыг сийлсэн шиг бид Христийн сургаалыг “[бидний] махбодын зүрхэн самбар дээр”11 гүн гүнзгий, үүрд мөнхөд сийлэхийн тулд Ариун Сүнсийг урих ёстой.

Өнгөрсөн 10-р сард ерөнхийлөгч Нэлсон “Ертөнцийг ялна гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэж асуусан. Тэрээр: “Энэ нь хүмүүсийн гүн ухаанаас илүү Христийн сургаалд итгэхийг хэлнэ”12 гэх зэрэг олон зүйлийг хэлсэн.

Итгэл гэдэг үгийг “хэн нэгний эсвэл ямар нэг зүйлийн зан чанар, чадвар, хүч чадал, үнэнд эргэлзээгүй найдалт”13 хэмээн тодорхойлдог. Тэрхүү хэн нэгэн нь Есүс Христ мөн ямар нэгэн зүйл нь Түүний сургаал юм.

Тэгвэл Христийн сургаалд чин сэтгэлээсээ итгэх нь бидний амьдралын хэв маягийг хэрхэн өөрчлөх вэ?

Хэрэв бид Христийн сургаалд найдвал Түүний үг бүрээр амьдрахаар Христэд хангалттай их итгэх болно.14 Бид Есүс Христийн талаар, Түүний тохинуулал, сургаал, хязгааргүй Цагаатгал, алдар суут амилалтын тухай насан туршдаа суралцах болно. 15 Бид Түүний амлалтуудыг төдийгүй амлалтууддаа өгсөн нөхцөлүүдийг нь судална.16 Бид суралцсанаар Их Эзэнийг гэсэн агуу их хайраар дүүргэгдэх болно.

Хэрэв бид Христийн сургаалд итгэвэл Түүний Хүүгийн бэлэгт болон бүх адислалдаа талархдагаа илэрхийлэхээр Тэнгэрлэг Эцэгтээ өдөр бүр даруухан, хувийн залбирлаар ойртох болно.17 Бид Ариун Сүнсний илчлэгч нөхөрлөлийн төлөө,18 өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлэн,19 гэрээнүүдээ эргэн харж, тэдгээрийг сахих амлалтаа шинэчлэхийн төлөө залбирч болно.20 Бид бошиглогч, үзмэрч, илчлэгчдээ дэмжиж, хайраа илэрхийлэхийн төлөө,21 уучлалын ариусгах хүч22 хийгээд уруу таталтыг эсэргүүцэх хүч чадлын23 төлөө залбирч болно. Би та бүхнийг Бурхантай харилцах харилцаагаа өдөр бүр сайжруулахын тулд залбирлыг амьдралынхаа эн тэргүүний зүйл болгохыг урьж байна.

Хэрэв бид Христийн сургаалд итгэвэл дэлхийн Гэтэлгэгчид анхаарлаа төвлөрүүлж болохын тулд дэлхийн анхаарал татсан зүйлсийг хойш тавих болно.24 Бид сошиал медиа; цахим тоглоом; дэмий цаг үрсэн, хэт их, зохисгүй үзвэр үйлчилгээ; энэ дэлхийн эрдэнэс болон хоосон зүйлсийн урхидалт; хүмүүсийн хуурамч зан уламжлал; буруу философийг бий болгодог бусад үйл ажиллагаа зэрэгт зарцуулах цагаа хязгаарлах юм уу багасгах болно. Зөвхөн Христ дотор л бид үнэн, үүрдийн биелэлтийг олж авдаг.

Гэм нүглээсээ уучлагдахаар, Христийн дүр төрхөд27 өөрчлөгдөхөөр чин сэтгэлийн наманчлалыг25 амьдралынхаа тасралтгүй бөгөөд баяр баясгалантай26 хэсэг болгох болно. Христэд итгэн наманчлах нь бидэнд Түүний цагаатгалаас хүртэх боломж олгодог. Аврагч уучлахдаа, “[биднийг] нүглээс цэвэршүүлэхээс илүү, бидэнд шинэ эрч хүчийг мөн адил өгдөг”28 гэж ерөнхийлөгч Даллин Х.Өүкс заасан. Бидний хүн нэг бүрд Бурханы зарлигуудыг сахиж, амьдралынхаа мөнхийн зорилгыг биелүүлэхэд энэ хүч хэрэгтэй.

Есүст болон Түүний сургаалд бид хүч чадлыг олдог. Тэрээр “Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ нь миний сургаал, мөн үүний дээр барьж босгодог хэн боловч миний хадан дээр барьж босгоно, мөн тамын үүд тэднийг дийлэх нь үгүй”29 гэж хэлсэн.

Энэ амлалт итгэлтэй хүмүүсийн амьдралд биеллээ олсныг бид хардаг. Жил гаруйхны өмнө надад Травис, Кэйси хоёртой танилцах завшаан олдсон юм. Тэд 2007 онд гэр бүлээ батлуулсан байв. Тэр үед Травис Сүмийн гишүүн байгаагүй. Кэйси идэвхтэй хожмын үеийн гэгээнтэн гэр бүлд өссөн ч өсвөр насандаа итгэлээсээ хөндийрч, заалгасныхаа дагуу амьдрахаа больсон байв.

Травис 2018 онд номлогчидтой уулзаж, 2019 онд сард баптисм хүртэв. Травис Кэйсигийн номлогч болсноор Кэйси амьдралыг нь өөрчилсөн хөрвөлтийг мэдэрсэн байна. Тэд 2020 оны 9-р сард ариун сүмд лацдан холбуулсан. Травис баптисм хүртсэнээсээ хоёр жилийн дараа бишопын зөвлөлд үйлчлэхээр дуудагдсан юм.

Травис дотор эрхтнүүдэд нь байнга хавдрын бөөгнөрөл үүсгэдэг ховор өвчинтэй аж. Тэрээр дахисан хавдруудыг авхуулах олон удаагийн хагалгаанд орж байсан ч энэ нь эдгэшгүй өвчин юм. Хэдэн жилийн өмнө Трависыг 10 хүрэхгүй жилийн настай гэж оношилжээ.

Кэйси ретинит пигментоз буюу бүрэн хараагүй болгох хүртэл харааны талбарыг нь эргэлт буцалтгүй нарийсгадаг удамшлын ховор өвчинтэй.

Кэйси ирээдүйнхээ талаар надад ярьсан юм. Тэр бэлэвсэрч, хараагүй болж, санхүүгийн дэмжлэггүй болж, ганцаараа дөрвөн хүүхдээ өсгөх цаг холгүй байгаа гэж төсөөлж байв. Би Кэйсигээс тийм бүрхэг ирээдүйг хэрхэн даван туулж буйг нь асуусан. Тэр тайван инээмсэглээд, “Би амьдралдаа хэзээ ч ийм аз жаргалтай, илүү их итгэл найдвартай байж үзээгүй. Бид ариун сүмд хүлээн авсан амлалтууддаа итгэдэг” гэж хэлсэн юм.

Травис одоо бишоп болсон. Хоёр сарын өмнө тэр бас нэгэн том хагалгаанд орсон. Гэсэн ч тэрээр өөдрөг бөгөөд тайван байгаа. Кэйсигийн хараа улам мууджээ. Тэр одоо хөтөч нохойтой болсон бас жолоо барьж чадахаа больсон. Гэсэн ч тэрээр хүүхдүүдээ сэтгэл хангалуун өсгөж, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр үйлчилдэг.

Травис, Кэйси хоёр байшингаа хадан дээр босгож байгаа. Тэд Христийн сургаалд мөн Бурхан “[тэдний] зовлонгуудыг [тэдний] өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно”30 гэдэг амлалтад итгэдэг. Бурханы төгс төлөвлөгөөнд, Христэд итгэлтэйгээр зовж шаналах нь Христ дотор төгс болохтой салшгүй холбоотой байдаг.31 Сургаалт зүйрлэл дээр гардаг, хадан дээр байшингаа барьдаг мэргэн хүн35тэй адил; бороо асгаж, үер буун, салхи салхилж, Травис, Кэйси хоёрын барьж буй байшинг нүдсэн ч байшин нурахгүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байх болно.33

Есүс бидний амьдралд тохиолдох бороо, үер, салхины магадлалын тухай яриагүй юм. Харин Тэрээр шуурга шуурах нь гарцаагүй тухай ярьсан. Энэ сургаалт зүйрлэлийн сургамж нь шуурга болох эсэх явдал биш, харин бид Түүний бидэнд заасан зүйлсийг сонсож, үйлдэх хайрын урилгад нь хэрхэн хандах явдал юм.34 Эсэн мэнд үлдэх өөр арга зам гэж үгүй.

Бид Христтэй тогтоосон гэрээт харилцааны суурин дээр байшингаа барихдаа Христийн сургаалд итгэж, Түүнд ирснээр Түүний мөнх амьдралын амлалтыг олж авдаг гэсэн үг юм. Христийн сургаалд итгэдэг хүмүүс Түүнд тууштайгаар урагшилж, эцсээ хүртэл тэвчдэг. Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр арга зам гэж үгүй.35

Амилсан Их Эзэн Есүс Христ бодит бөгөөд амьд гэсэн өөрийн гэрчлэлийг үлдээе. Бидний Бурхан Эцэг ертөнцийг үнэхээр хайрласандаа биднийг нүглээс гэтэлгэж,36 уй гашуугаас эдгээхийн тулд Хүүгээ илгээсэн37 гэдгийг би гэрчилж байна. Тэрээр бидний эрин үед бошиглогчийг дуудсан бөгөөд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноор дамжуулан бидэнтэй ярьж, биднийг удирддаг гэдгийг би гэрчилж байна.

Би та бүхнийг Христийн сургаалд найдаж, Гэтэлгэгчийн хадан дээр амьдралаа босгохыг бүх зүрх сэтгэлээсээ урьж байна. Тэр хэзээ ч таныг орхихгүй. Есүс Христийн нэрээр, амен.