“Удиртгал,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)
“Удиртгал,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж
Удиртгал
Та мөн таны мэддэг хэн нэгэн донтолттой тэмцэхэд хэцүү байгаа бол энэ удирдамж та бүгдийн амьдралд адислал болж чадна. Alcoholics Anonymous-ын зөвшөөрөлтэйгөөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал, зарчим мөн итгэл үнэмшлийн хүрээнд 12 алхамд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ удирдамжид тус алхмуудыг сайн мэдээний зарчимтай холбон танилцуулах болно. Энэ удирдамж нь эдгээр алхмыг хэрхэн хэрэгжүүлэхийг сурахад тань туслах болно. Эдгээр алхам нь таны нөхцөл байдлаас үл хамааран Христэд ирж, донтолтоос ангижрах, эдгэрэх адислалуудыг хүлээн авахад тань тусалж чадна.
Донтолт нь архи, тамхи, кофе, цай зэрэг бодис, жороор олгодог болон хууль бус эмийн хэрэглээ байж болно. Донтолт нь мөн мөрийтэй тоглоом тоглох, порнограф үзэх, шунал, бэлгийн харьцааны зохисгүй үйлдлүүд, видео тоглоом тоглох, техник хэрэгслийг зохисгүй ашиглах, эрүүл бус хооллолт зэрэг зан авир байж болно. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд донтолтыг бие махбодын өвчин гэж үздэг бол бие махбод нь өөрөө асуудлын зөвхөн нэг хэсэг юм. Донтолт нь оюун ухаан, бие махбод, сүнслэг байдалд нөлөөлдөг учраас уг өвчний бүх асуудлыг хөндөх ёстой.
Энэхүү удирдамжийг тодорхой нэгэн донтолтод тусгайлан зориулаагүй. Хэдийгээр хүмүүс төрөл бүрийн донтолттой тэмцэж байгаа ч олон хүн энэ удирдамжид тодорхойлсон арга замаас нийтлэг шийдлийг олжээ. Энэ бол ямар ч төрлийн донтолтоос ангижрахыг хүссэн хэн бүхэнд зориулсан дасгал ажлын ном юм. Энэ удирдамж нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ивээн тэтгэсэн, донтолтоос ангижрахад дэмжлэг үзүүлэх цуглаануудын үндсэн унших материал юм.
Олон төрлийн донтолтын хор уршигтай үр дагаврын улмаас зовж шаналж, удаан хугацааны туршид эдгэрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэхүү удирдамжийг хөгжүүлэхэд тусалсан бөгөөд 12 алхмыг хэрэгжүүлсэн туршлагыг нь хуваалцуулахаар урьсан. Донтолтоос үүссэн зовлон шаналал, үүнээс ангижрахын баяр баясгаланг ойлгуулахын тулд тэдний үзэл бодлыг (энэ удирдамжид “бид”) ашиглав. Та эдгээр хүнээс тайтгарал, дэмжлэгийг олж чадна. Сүмийн удирдагчид, зөвлөх мэргэжилтнүүд энэ удирдамжийг бичиж, боловсруулахад мөн тусалсан. Мэргэн ухаан, туршлагыг хослуулсан эдгээр зохиогч нь Есүс Христийн Цагаатгалын бодит байдал, донтолтоос ангижрах боломжийн бас нэгэн гэрчлэл болж байна.
Бид та бүхнийг донтолтоос ангижрах цуглаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. (“Бид” гэдэг нь олон төрлийн донтолтын хор уршигтай үр дагаврын улмаас зовж шаналж, удаан хугацааны туршид эдгэрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс юм.) Биечлэн ирэх, видео, утсаар эсвэл бичлэг хийсэн цуглаануудыг (зөвшөөрөлтэйгөөр) олох удирдамжуудыг Донтолтоос ангижрах хөтөлбөрийн (AddictionRecovery.ChurchofJesusChrist.org) вэбсайтаас авах боломжтой. Донтолтоос ангижрах цуглаанд хамрагдсанаар ирэх адислалуудаас холдуулах боломжийг айдастаа бүү олго. Эдгээр цуглаан нь ганцаараа биш гэдгээ олж харах мөн донтолтоос ангижрах боломжтой гэдгийг ойлгох харилцан ойлголцол, итгэл найдвар, дэмжлэгийн газар юм. Бид алхмууд дээр дэмжигч хүн болон бишоптойгоо хамтран ажилласан үед энэхүү удирдамж хамгийн үр дүнтэй байх болно гэж үзсэн. Бидний зарим нь донтолтоос ангижрах аянд мэргэжлийн зөвлөхийг хамруулсан байв.
Бид шударга байж, донтолттой тэмцэж байгаагаа хүлээн зөвшөөрөх үедээ донтолтоос ангижирч эхэлдэг. Зарим хүний хувьд донтолтоос ангижрах цуглаануудад оролцохдоо өөрсдийгөө донтсон гэж тодорхойлох нь шударга байж, донтолт хэчнээн хүчтэйг санахад тэдэнд тусалдаг. Гэхдээ энэ нь Бурханд найдах итгэл найдварыг маань хязгаарлахгүй байхад бид анхаарах ёстой. Хэрэв бид өөрсдийгөө донтсон гэж тодорхойлох юм бол Есүс Христ биднийг эдгээж, бидний мөн чанарыг өөрчилж чадна гэсэн үнэнийг мэдэлгүйгээр үгүйсгэж болно. Бид бүгд донтолтоос ангижрахдаа донтолтын хэр хэмжээг шударгаар хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Есүс Христ бидний сүнслэг байдлын эрүүл мэндийг сэргээж чадна гэх итгэл хоорондын тэнцвэрийг баримтлах ёстой.
Хэрэв та өөрийгөө донтсон гэж үзэж, донтолтоо даван туулах бага ч гэсэн хүсэлтэй бол эсвэл ийм хүсэл эрмэлзэлтэй болоход бэлэн байгаа бол энэ удирдамжид тодорхойлсны дагуу Есүс Христийн сайн мэдээний зарчмуудыг судалж, амьдралдаа хэрэгжүүлэхэд бид таныг урьж байна. Та чин сэтгэлээсээ энэ замыг дагах юм бол, донтолтоос ангижрах хүчийг Есүс Христээс олох болно.
Ахлагч Робэрт Д.Хэйлс: “Донтолт бол сэтгэл нь хэзээ ч ханадаггүй эгэл хүний хүслэн. Энэ бол сувдаг шунахай сэтгэл” гэж тайлбарлажээ (“Материаллаг болон сүнсний зүйлст ухаалгаар арвилан хэмнэгч байх нь,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10).
Дараа нь тэрээр донтолтын урхинд удаан хугацаагаар орсон маш олон хүний арга замыг дараах байдлаар дүрсэлжээ. Бурханы хүүхдүүдийн хувьд бидний сэтгэлийн гүндээ эрэлхийлэх ёстой зүйлүүд бол зөвхөн Бурханы өгч чадах тэрхүү хайр, өөрийн үнэ цэнийг ухамсарлах, аюулгүй байдал, өөртөө итгэлтэй байх, ирээдүйдээ итгэлтэй байх болон бидэнд мөнхийн баяр хөөр, баясал авчирдаг Түүний хайраас ирэх зүйлүүд юм (“Материаллаг болон сүнсний зүйлст ухаалгаар арвилан хэмнэгч байх нь,” 10).
Бидний байгаа газар, бидний байхыг хүсэж байгаа газар хоёрын хоорондох ялгаа давшгүй мэт санагдаж болох ч Донтолтоос ангижрах хөтөлбөр болон энэхүү удирдамж нь донтолтоос ангижрах зам дээр гарахад олон хүнд тусалсан бөгөөд танд ч бас тусалж чадна.