“2-р алхам: Бурханы хүч бидний сүнслэг байдлын эрүүл мэндийг бүрэн төгс сэргээж чадна гэдэгт итгэ,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)
“2-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж
2-р алхам: Бурханы хүч бидний сүнслэг байдлын эрүүл мэндийг бүрэн төгс сэргээж чадна гэдэгт итгэ.
Үндсэн зарчим: Найдвар
Бидний ихэнх нь донтолтоосоо салах боломжгүй гэж ухаарсан үедээ найдвар тасарсан байсан. Бид болих гэж маш олон удаа оролдсон. Бидний зарим нь Бурханд тоо томшгүй олон удаа залбирч байсан. Бид гаргасан зан авирынхаа төлөө уучлал гуйж, өөрчлөгдөхөө амласан юм. Гэвч бид ахин дахин бүтэлгүйтсэнийхээ дараа Бурхан бидэнд урам хугарсан, бидэнд туслахгүй нь гэж бодож эхлэв. Бурхан байдаг тухай ямар ч ойлголтгүй орчинд өссөн зарим маань аливаа тусламж авч болох бүхий л арга замыг оролдож үзсэн гэдэгтээ итгэлтэй байв. Аль нь ч байлаа гэсэн, 2-р алхам нь бидний өмнө нь авч үзэж байгаагүй, эсвэл огт хайхардаггүй байсан хариулт болох Есүс Христэд болон Түүний Цагаатгалын хүчинд найдах найдварыг олох тухай бидэнд танилцуулсан юм.
Ийнхүү даруусгагдсан бид тусламж авах хүсэлтэй болсон билээ. Бид найдварын өчүүхэн гэрэл лугаа адил мэдрэгдсэн тэр зүйлийг даган, донтолтоос ангижрах цуглаануудад оролцож, дэмжих хүнтэйгээ хамтран ажиллаж эхэлсэн юм. Цуглаанд анх ирэхэд бид эргэлзээ, айдсаар дүүрэн байлаа. Бид эвгүйцэн жийрхсэн, залхсан, айдсаар дүүрэн байсан ч цуглаанд ирсэн юм.
Донтолтоос ангижрах цуглаан дээр хүмүүс амьдрал нь ямархуу байсан, тэднийг юу өөрчилсөн, тэдэнд юу тохиолдсоныг, бас донтолтоос ангижирч буй амьдрал нь ямар байгааг үнэнч шударгаар дүрслэн өгүүлдэг. Тэдгээрийн олонх нь бидний адил итгэл найдвараа алдсан байсан. Гэвч биднийг үргэлжлүүлэн очих бүрд олон хүн чин сэтгэлээсээ хөхрөн инээж, ярилцаж, инээмсэглэн, ирээдүйгээ өөдрөгөөр харж байхыг бид үзсэн юм. Бидний хүсэж байсан тэрхүү хүчит өөрчлөлтийг амьдралдаа бий болгосон олон хүнийг бид харсан.
Тэдний хуваалцаж, хэрэгжүүлж байсан зарчмууд алгуураар бидэнд нөлөөлж, ашиг тусаа өгч эхэлсэн билээ. Цуглаанд эргэж очих бүрдээ, олон жил мэдрээгүй тэр л найдварыг бид мэдэрч эхлэв. Сүйрлийн ирмэг дээр тулж ирээд байсан тэр хүмүүст найдвар байсан юм бол, энэ найдвар бидэнд ч бас байж болно шүү дээ. Хэрэв Их Эзэнд хандах юм бол “төгс өршөөлийн амлалтаас ангид ямар ч муу зуршил, донтолт, эсэргүүцэл, зөрчил, доромжлол үгүй” гэдэгт бид итгэж эхлэв (Боид К.Пакэр, “The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, 1995 оны 11-р сар, 19).
Энэ итгэл, гэрчлэлийн уур амьсгал дундаас бид Бурханы нигүүлсэл, хүчийг ойлгоход туслах найдварыг олж авсан. Тэр биднийг донтолтын боолчлолоос чөлөөлж чадна гэдэгт бид итгэдэг болов. Бид донтолтоос ангижирч буй найзуудынхаа үлгэр жишээг дагалаа. Бид алхмуудын дагуу ажиллаж; бусад хүнээс, тухайлбал дэмжигч хүнээсээ тусламж авч; донтолтоос ангижрах цуглаануудад оролцож эхлэв. Бид залбирч, тунгаан бодож, судруудыг амьдралдаа хэрэгжүүлснээр цаг хугацаа өнгөрөх тусам Сүм дэх үйл ажиллагаагаа шинэчилдэг болов. Бидэнд гайхамшгууд тохиолдож эхэлсэн бөгөөд өдөр өдрөөр муу зуршлаасаа татгалзахад бидэнд туслах Есүс Христийн ач ивээлээр адислагдсан юм.
2-р алхмыг хэрэгжүүлснээр бид өөртөө итгэх итгэл болон донтолтоо Есүс Христийн хайр, хүчинд итгэх итгэлээр солих хүсэлтэй болсон. Бид энэ алхмыг бусдын дэмжлэгтэйгээр оюун ухаан, зүрх сэтгэлдээ хэрэгжүүлсэн бөгөөд донтолтоос ангижрах үндэс суурь нь сүнслэг байдал гэдгийг ойлгосон. Дараа нь бид урагш тэмүүлж, энэ удирдамжид зөвлөсөн алхам бүрийг хэрэгжүүлж байх үедээ донтолтоос ангижрахын сүнслэг мөн чанарыг дахин дахин бататгаж харсан юм.
Энэ бол сүнслэг бөгөөд үйлдэлд хөтөлдөг хөтөлбөр. Бидний хувьд, бусад тоолж баршгүй олон хүний хувьд донтолтоос ангижрах ажилд зориулан гаргасан бүхий л хичээл зүтгэл үнэ цэнээ өгсөн юм. Бид эдгээр зарчмыг баримталж, амьдралдаа хэрэгжүүлэх боломжийг олгосноор эрүүл саруул ухааныг олж, сүнслэг байдлын эрүүл мэндээр төгс сэргээгдсэн. Бид өөртэйгөө болон бусадтай, Аврагч Есүс Христтэй чин сэтгэлийн харилцаатай болсон.
Бидний заримд донтолтоос ангижрах гайхамшиг маш хурдан тохиолдсон мэт санагдаж байсан. Харин бусдынх нь хувьд донтолтоос ангижрах үйл явц алгуурхан өрнөж байлаа. Аль нь ч байлаа гэсэн, хамгийн чухал нь бид өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй зүйлийг Бурхан бидний төлөө хийнэ гэдэгт итгэж, үргэлжлүүлэн дадлагажиж байсан юм. Цаг хугацаа өнгөрөх тусам бид “Христэд тууштайгаар итгэснээр” донтолтоос аврагдаж, “найдварын төгс гэрэлд” (2 Нифай 31:20) хүрсэн хэмээн хэлэх боломжтой болсон билээ.
Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр алхам тутамд бидэнтэй цуг байдаг. Тэд Христэд найдах найдвараа өсгөн нэмэгдүүлэхэд тусалдаг. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.
“Түүнчлэн ямар нэг донтолтод урхидуулсан хүмүүст гарах гарц, найдвар бий шүү. Бурхан бүх хүүхдээ хайрладаг учраас, Есүс Христийн Цагаатгал болон хайр бүх зүйлийг боломжтой болгодог учраас ийм найдвар байгаа юм.
Донтсон нэгнийг донтолтын гинжнээс чөлөөлөх эдгэрэлтийн гайхамшигт адислалыг би харсан. Их Эзэн бол бидний хоньчин бөгөөд хэрэв [Түүний] Цагаатгалын хүчинд итгэх юм бол бидэнд дутагдах юм нэг ч үгүй билээ. Их Эзэн донтогсдыг боолчлолоос чөлөөлж чадна, чөлөөлөх ч болно гэдгийг би мэднэ. Учир нь төлөөлөгч Паул ‘Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна’ (Филиппой 4:13) гэж тунхагласан” (“Ай тэр хилэнцэт нэгний зальт төлөвлөгөө,” Ерөнхий чуулган, 2010 оны 10-р сар, 117).
Хэрэв бид хуучин зуршилдаа эргээд орох юм бол Бурханд хандах болон дэмжигч хүнтэйгээ ярилцах нь агуу ач холбогдолтой болохыг бид олж мэдсэн. Бид итгэл найдвараа алдахад уруу татагдаж магад. Гэхдээ хуучин зуршилдаа эргээд орох нь бидний гаргасан ахиц дэвшлийг сүйрүүлж, найдварыг маань үгүй хийх ёсгүй. Хуучин зуршилдаа эргээд орох нь донтолтоос ангижрах цуглаандаа үргэлжлүүлэн явж, дэмжигч хүн болон бусад хүний дэмжлэгийг олж авч, Бурханд бууж өгөн, эдгээр алхмыг хэрэгжүүлэх хэрэгтэйг бидэнд сануулдаг. Бид урагш тэмүүлэх үедээ амьдралдаа Есүс Христийн хүчийг мэдэрч эхэлдэг. Бидний татгалзах чадвар илүү сайжирч, итгэл найдвар маань ч нэмэгддэг.
Ахлагч Дэвид А.Бэднар: “Ийм адислалууд буюу бэлгүүд нь илүү шударга хүмүүст эсвэл Сүмийн нэн чухал дуудлагуудад үйлчилдэг хүмүүст зориулагдсан гэж бодох нь өрөөсгөл юм. Их Эзэний өгөөмөр нигүүлсэл бид бүгдэд боломжтой бөгөөд Израилын Гэтэлгэгч ийм бэлгүүдийг бидэнд өгөх хүсэлтэй байдгийг би гэрчилж байна” гэж заажээ (“The Tender Mercies of the Lord,” Лиахона, 2005 оны 5-р сар, 101). Есүс Христ донтолтоос ангижрах аян замд маань өгөөмөр нигүүлслээ олонтоо харуулах болно. Хамгийн чухал нь сүнслэг байдлын эрүүл мэндийг бидэнд Бурханы хүч бүрэн төгс сэргээж чадна гэсэн найдварыг тээх явдал юм.
Хэрэгжүүлэх алхмууд
Энэ бол үйлддэг хөтөлбөр. Бидний өсөлт хөгжил эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.
Бурханы зан чанарын талаар зөв ойлголтыг хөгжүүлэх
Бидний ичингүйрсэн байдал ихэнхдээ Бурханы зан чанар, Түүний биднийг гэх хайрыг ойлгоход саад болдог. Бид ихэвчлэн өвдөлт, донтолтынхоо улмаас харалган болж, Түүнийг ихэнхдээ өшөө авагч, бидэнд урам нь хугарч, уурлаж бухимдсан хүн гэдгээр хардаг. Энэ хэрэгжүүлэх алхмын зорилго нь Бурханы талаарх өрөөсгөл санаа бодлоо хойш тавьж, Түүний хайр, нигүүлсэл, биднийг адислах хүсэл, эрмэлзлийн талаар илүү сайн ойлголттой болоход оршино.
Нэгдүгээрт, Бид Бурханы оршихуйг мэдрэхгүй байсан ч Бурхан байдгийг ойлгох нь чухал. Бурханыг таньж мэдэх нь шаргуу хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Сэтгэл ханамжийг агшин зуур мэдрээд дасчихсан үед энэ нь хэцүү байж болох ч цаг хугацаа өнгөрөх тусам бид Түүний бурханлаг зан чанаруудыг харж, мэдэрч эхэлдэг. Бид Бурханыг илүү сайн таньж мэддэг болдог.
Бид Тэнгэрлэг Эцэгээс Түүний мөн чанарыг илүү сайн ойлгоход туслаач гэж гуйж болно. Бид амьдралдаа Бурханы мутрыг болон Тэр бидний төлөө хэчнээн их зүйл хийж байгааг харж чадна. Бид Аврагчийн нигүүлсэл, ач ивээлийн талаарх судруудыг судалж, дараа нь эдгээр судрыг дэмжих хүмүүс болон биднийг дэмждэг бусад хүнтэй ярилцаж болно.
Бид Бурханы хайр, нигүүлслийн талаар илүү сайн ойлголттой болсноор биднийг аврах Бурханы хүч чадалд итгэх илүү их итгэл, найдварыг мэдэрч эхэлдэг. Ерөнхийлөгч Бага Ж.Рүбэн Кларк Тэнгэрлэг Эцэгийн нигүүлслийн талаар ийн гэрчилсэн. “Бидний Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ аврахыг хүсдэг гэдэгт би итгэдэг. … Тэр шударга ёс, нигүүлслээрээ бидний ажил үйлсийн төлөө хамгийн дээд шагналыг бидэнд өгсөн мөн өгч чадна, харин үүний эсрэгээр хэрэв бидэнд шийтгэл оногдуулах бол хамгийн бага шийтгэл оногдуулах болно гэдэгт би итгэдэг” (Conference Report, 1953 оны 10-р сар, 84).
Залбирч, судруудыг судлах
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Хэрэв донтсон хүнд донтолтоо даван туулах хүсэл байвал сүнсний хувьд чөлөөлөгдөх арга зам боолчлолоос чөлөөлөгдөх боломж байдаг. Энэ арга зам амьдралд нотлогдсон юм. Энэ арга зам бидний сүнс болоод биеийг бүтээгч, Тэнгэрлэг Эцэгт хандсан чин сэтгэлийн, эрч хүчтэй, байнгын залбирлаар эхэлдэг (“Ай тэр хилэнцэт нэгний зальт төлөвлөгөө,” Ерөнхий чуулган, 2010 оны 10-р сар, 119).
Бид бардамнахаа больж, өдөр бүр чадах бүхнээ хийхийг хичээснээр хайрт Тэнгэрлэг Эцэгээсээ удирдамж, чиглэл хүсэн залбирахыг хүсдэг болсон. Бидний зарим нь хэзээ ч залбирч, судруудыг тунгаан бодож байгаагүй. Харин зарим нь залбирахаа зогсоож эсвэл судруудыг судлахаа болиход уруу татагдсан. Бид Бурхантай ойр байгаа гэж мэдрээгүй юм уу донтолттойгоо тэмцэлдсээр байсан учраас ингэж хичээж чармайгаад үр дүн гарахгүй гэж буруу бодож байв.
Эдгээр сүнслэг багаж хэрэгслийг байнга ашиглах нь амжилтад хүрэх нэг арга болохыг бид олж мэдэв. Өдрийн турш энгийнээр талархаж, чанга залбирч мөн бусдын төлөө залбирах нь олон хүний хувьд хүчирхэг шинэ дадал нь болсон. Залбирлын хүчийг нэмэгдүүлэх нэг арга зам бол Бурханд өөрсдийн тэмцлийг илүү шударгаар илэрхийлэх явдал юм. Бид өөрчлөгдөх хүсэлгүй байгаагаа Тэнгэрлэг Эцэгтэй хуваалцсан ч илүү эрчимтэй хүсэх болсон. Бид мөн Ариун Сүнсний бяцхан өдөөлтүүдийг илүү ойр ойрхон, нам гүмхэн мэдэрдэг байлаа. Бид сорилт бэрхшээл, донтолтоо тэр даруй арилгахыг Түүнээс гуйхын оронд өдөр бүр ямар жижиг алхмуудыг гүйцэтгэж болох талаар Бурханаас асууж эхлэв.
Эцэст нь Бурхантай харилцах хүсэл маань өнөө үеийн болон эртний бошиглогчдын үгсийг судлахад хөтөлсөн билээ. Судруудыг залбиран байж судлах, асуултууддаа хариулт авахаар эрэлхийлэх, Сүнсний өдөөлтүүдийг бичих зэрэг нь Бурхан бидэнд тусалж чадна, туслах болно гэдэгт итгэхэд тусалж байлаа.
Энэ удирдамжийн бүлэг бүрийн төгсгөл дэх эшлэлүүд болон судрууд нь Бурханы үгийг судалж эхлэх боломжийг олгодог. Эшлэл, судар бүрийг донтолтоос ангижрахад анхаарч сайтар бодож сонгосон ба эдгээр эшлэл болон судрыг амьдралдаа хэрэгжүүлэхэд тустай байх үүднээс асуулт бүрийг найдвар тээн асуусан байв. Бурханы бидэнд хэлэхийг хүссэн зүйлийг эрэлхийлэхэд өдөр бүр хэдхэн минут зарцуулах нь агуу шагналуудыг авчирдаг гэдгийг бид олж мэдсэн. “Тийм ээ, Бурханы үгнээс зууран барихыг хүсэх хэн боловч барьж болно гэдгийг бид хардаг; тэрхүү үг нь амьд болоод хүчирхэг, чөтгөрийн бүх башир аргыг мөн урхи мөн арга залийг нь тасчин хуваах тэр үг” (Хиламан 3:29) гэсэн үнэнийг бид гэрчилж байна.
Судлах ба ойлгох
Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс бидний донтолтоос ангижрах замд тусална. Бид тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашиглаж болно. Бид үүнээс хамгийн их ашиг тус хүртэхийн тулд бичиж буй зүйлээ үнэн зөв, оновчтой, тодорхой бичих ёстойг санавал зохино.
Бурханд итгэ
“Бурханд итгэ; тэр байдаг гэдэгт мөн тэр, тэнгэрт болон газарт аль алин дээрх бүх зүйлийг бүтээсэнд итгэ; тэр бол тэнгэрт мөн газарт аль алинд нь бүх мэргэн ухааныг, мөн бүх хүч чадлыг эзэмшдэг гэдэгт итгэ; Их Эзэний ухаарч чадах тэр бүх зүйлийг хүмүүн ухаардаггүйд итгэ” (Мозая 4:9).
-
Тэнгэр, газар дээрх олон гэрч Бурхан байдгийг гэрчилдэг. Би Бурхан болон Түүний хайрын тухай ямар нотолгоонуудыг мэдэрсэн бэ?
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Өнөөдрөөс эхлэн итгэлээ өсгө. Итгэлээр тань дамжуулан Есүс Христ амьдрал дахь уулсаа нүүлгэх чадварыг тань хүчирхэгжүүлнэ” гэж заажээ (“Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” Лиахона, 2021 оны 5-р сар, 101).
Бидний олонх нь зөвхөн өөрсдийн сэтгэлийн тэнхээгээр эсвэл аль нэг найз юм уу эмчид хандсанаар донтолтоосоо ангижрахыг оролддог байв. Бид удалгүй өөрсдөдөө эсвэл өрөөл бусдад итгэх итгэл нь донтолтыг бүрэн даван туулах боломжийг олгохгүй гэдгийг ойлгосон юм. Есүс Христэд итгэх итгэл, Түүний биднийг эдгээх чадвар бидний донтолтоосоо ангижрах үндэс суурь юм.
-
Би донтолтоосоо ангижрахын тулд хичээл зүтгэл гаргахдаа Аврагчид хандах тухайд өнөөдөр ямар бодолтой байна вэ?
-
Есүс Христэд итгэхэд надад юу тусалсан бэ?
-
Дэмжигч хүн маань болон Сүмийн удирдагчид маань мөн бусад хүн намайг итгэлээ өсгөхийн тулд юу хий гэж зөвлөж байна вэ?
Найдварын хүч ба чадал
Бидний зүрх сэтгэл, оюун санаанд итгэл найдвар төрөх үед ирээдүйд гаргах үйлдлүүддээ бид онцгой анхаарал төвлөрүүлэх болно. Найдвар нь түр зуурын өөдрөг үзлийг бус харин тогтвортой хүч чадал, итгэлийг авчирдаг. Донтолтоос ангижрах явцдаа бид ахиц дэвшил гаргаснаар найдвар нь амар амгалан, тайван байдал, сэтгэл санааны тогтвортой байдлын эх сурвалж болж чадна.
Энэ зарчмын талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Найдвар нь санааширсан хүслээс илүү их хүчтэй юм. Итгэл, энэрлээр хүчирхэгжсэн найдвар нь ган мэт бат бөх хүчийг бий болгодог. Найдвар нь бодгалийн зангуу болдог билээ. … Хэрэв бид найдварын зангуунаас зууран барих юм бол энэ нь үүрд бидний хамгаалалт болох болно” гэж тодорхойлжээ (“A More Excellent Hope” [Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 1995 оны 1-р сарын 8], 3, speeches.byu.edu).
-
Хэзээ би Христэд найдах найдварын ачаар хүч чадал, өөртөө итгэх итгэлийг мэдэрч байсан бэ?
-
Тэр үед надад өдөр тутмын ямар сүнслэг дадал хэвшил, үйлдлүүд байдаг байсан бэ?
-
Итгэж найддаг байх нь миний оюун ухаан, сэтгэл санаа, сүнсэнд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ нь миний ирээдүйн зорилго, төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Энэ нь намайг хайрлаж, халамжилдаг хүмүүстэй харилцахад надад хэрхэн нөлөөлсөн бэ?
Талархлын жагсаалт
Амьдралдаа Бурханыг харах нэг арга зам бол адислалуудынхаа талаар байнга тунгаан бодож, бичиж тэмдэглэх явдал юм. Бид Тэнгэрлэг Эцэгийн хайр, хүч чадлын нотолгоог амьдралаасаа хайх замаар Түүний биднийг гэх хайрыг илүү сайн ойлгож чадна.
-
Би юунд талархаж байна вэ?
-
Миний амьдралд ямар сайн сайхан зүйл тохиолдсон бэ?
-
Би Бурханы мутрыг амьдралдаа хэрхэн харсан бэ?
Хуучин зуршилдаа буцаж орох үедээ найдвараа алдаж болохгүй
Ахлагч Дэйл Г.Рэнланд: “‘Гэгээнтэн бол хичээж оролдсоор байгаа нүгэлтэн юм.’ … Бурхан биднийг хэзээ нэгэн цагт ямар хүн байснаас маань илүүтэй, одоо ямар хүн байгаа мөн ямар хүн болж байгааг анхаардаг. Тэрээр бидний хичээл зүтгэлд анхаардаг” гэж заасан (“Хожмын үеийн гэгээнтнүүд хичээл зүтгэл гаргасаар байдаг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 56). Бид бүгд донтолтоос ангижрахын төлөө хичээх үедээ үе үе ямар ч найдваргүй болсон мэт мэдрэмжийг мэдэрдэг байсан. Ялангуяа энэ нь хуучин зуршилдаа эргээд орох эсвэл орсон үед илүү их мэдрэгддэг. Гэвч бидний найдвар, донтолтоос ангижрах ахиц дэвшил төгс төгөлдөр байдлаас илүү чухал юм. Хуучин зуршилдаа эргээд орох нь Есүс Христэд хандах бидний өмнөх хичээл зүтгэл, инерцийг цалгардуулахгүй. Бид хуучин зуршилдаа эргээд орсон үедээ ч Христэд итгэх итгэл найдвараа хадгалж үлдэхийг сурч чадна.
-
Би ямар арга замаар өөрчлөгдөж, сайжирч, өсөж хөгжихийг хичээж байна вэ?
-
Би амьдралдаа саяхан ямар ямар ололт, амжилт гаргасан бэ?
-
Дэмжигч хүн маань, Сүмийн удирдагчид, гэр бүлийн гишүүд, найз нөхөд маань миний хичээл зүтгэл, ахиц дэвшлийн талаар юу гэж хэлж байна вэ?
Тэр биднийг боолчлолоос чөлөөлж чадна
“Гэвч хэрэв та нар зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдалтайгаар Их Эзэнд эргээд хандвал, мөн найдвараа түүнд тавивал, мөн оюуныхаа бүх чармайлтаар түүнд үйлчилбэл, хэрэв та нар үүнийг хийвэл, тэрээр хүсэл мөн тааллынхаа дагуу, та нарыг боолчлолоос гарган чөлөөлөх болно” (Мозая 7:33).
-
Есүс Христ намайг аварна гэсэн амлалтад илүү итгэлтэй байхад надад юу тусалдаг вэ?
-
Би хэрхэн илүү сайнаар Есүс Христ рүү эргэж, Түүнд итгэж найдаж, оюунаа бүхэлд нь дайчлан Түүнд үйлчлэх вэ? Би ямар тодорхой зүйлийг сайжруулж болох вэ?
-
Есүс Христ “таалал мөн хүслийнхээ дагуу” намайг чөлөөлнө гэдгийг хүлээх нь миний хувьд ямар утгатай вэ?