Донтолт
Хавсралт: Дэмжигч хүнийг сонгох


“Хавсралт: Дэмжигч хүнийг сонгох,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)

“Дэмжигч хүнийг сонгох,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж

Дэмжигч хүнийг сонгох

Дэмжигч хүнтэй ажилласнаар эдгэрэх боломжоо түргэсгэж болно. Дэмжигч хүн нь тулгамдаж буй асуудал, хамааралтай байдал эсвэл донтолтыг даван туулахын тулд өсөж хөгжих, шийдвэр гаргах зэрэгт таныг дэмжинэ. Та эдгэрэх аян замдаа ганцаараа биш бөгөөд дэмжигч хүн нь “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн … Бурханы гэрчлэгч болж … зогсоход бэлэн” (Мозая 18:9) хүн юм. Та дэмжигч хүнтэй аль болох хурдан ажиллахыг бодоорой.

Дэмжигч хүн гэж хэн бэ?

Дэмжигч хүн гэдэг нь 12 алхам дээр ажиллаж донтолтоос ангижирч чадсан хүн юм. Та эдгэрэлтэй холбоотой нарийн ширийн асуудлыг мэдэхгүй байсан ч тэд ойлгож магад. Дэмжигч хүн нь таны хамгийн сайн найз эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжлийн хүн байх албагүй. Чухамдаа дэмжигч хүн нь эдгэрэх алхмууд дээр ажиллахад тань туслах үүрэгтэй.

Дэмжигч хүнийг олох

Сүмийн Донтолтоос ангижрах хөтөлбөр танд дэмжигч хүн оноож өгөхгүй. Та өөрийн туршлага, хэрэгцээ, хувийн онцлогт тохирох байдлаар дэмжигч хүнээ сонгож болно. Дэмжигч хүн, Их Эзэн, та гурвын хамтын шийдвэр дэмжлэг болдог.

Дэмжигч хүнээ олоход хэцүү санагдаж болох ч бусад хүн танд тусалж чадна. Дэмжигч хүнээ олох хамгийн сайн арга бол донтолтоос ангижрах цуглаануудад хамрагдах явдал юм. Ижил төстэй асуудалтай хүмүүс таны асуудлыг ойлгож мэдрэх илүү чадвартай байдаг. Дараах санаанууд нь өөрт тохирох дэмжигч хүнийг сонгоход тань тус болж болох юм. Үүнд:

  1. Хэнийг дэмжигч хүнээ болгох талаар залбирч, мацаг барин Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг удирдамж эрэлхийл.

  2. Донтолтоос ангижрахад ихээхэн цаг хугацаа зарцуулсан, 12 алхам дээр ажиллаж дуусгасан хүнийг сонгохыг бодоорой.

  3. Хүмүүсийг эдгэрсэн туршлагаа хуваалцах үед тэднийг сонсоод, хэнтэй холбогдохоо бодож үз.

  4. Бүлгийн удирдагч, зохицуулагчид танд тохирох, хамтран ажиллах хүсэлтэй дэмжигч хүнийг танилцуулж болно.

  5. Тохирно гэж бодож байгаа хүнээсээ асуу.

  6. Та өөртэйгөө ижил хүйстэй дэмжих хүн сонгох хэрэгтэй (дэмжих хүн нь хамаатан биш байна).

  7. Өөрчлөгдөх үйл явцыг эхлүүлснээр таны бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдал эмзэг мэдрэмтгий болж болно. Дэмжигч хүнтэйгээ хараат харилцааг үүсгэхгүй байхад анхаар.

  8. Та хэн нэгнээс өөрийг тань түр хугацаанд дэмжихийг хэзээ ч хүсэж болно. Та дэмжигч хүнээ хүссэн үедээ сольж болно.

Үр дүнтэй дэмжигч хүн байх нь

Аврагч Есүс Христээр дамжуулан донтолтоос ангижрах, эдгэрэх 12 алхмыг даван туулсан туршлага, итгэл, найдвараа хуваалцдаг дэмжигч хүн болох нь агуу үйлчлэл юм. Дэмжигч хүн нь нухацтайгаар асууж, эх сурвалжийг зааж өгч, эдгээр алхмын дагуу хэрхэн ажиллах талаар бодит дэмжлэг туслалцаа үзүүлж, донтолтоос ангижрах цуглаануудад хамрагдахад нь урамшуулдаг. Дэмжигч хүн нь бусад хүнийг ч гэсэн тухайн хүнийг эдгэрэхэд нөлөө үзүүлж болно гэдгийг мөн дэмждэг хүмүүс нь өөр бусдаас дэмжлэг эрэлхийлэх эсвэл дэмжигч хүнээ солих шийдвэр гаргах үед тэдэнд тунирхахгүй гэдгээ ойлгодог. Үр дүнтэй дэмжигч хүн байхад шаардлагатай зарим зарчим:

  1. Бурханыг бүхнээс дээгүүрт тавь. Бурханыг үргэлж санаж, өөрийн дэмждэг хүмүүсийг Түүнд найддаг болоход нь тусал. Дэмжиж буй хүн тань танаас хэт хамааралтай болохгүй байхад анхаар. Дэмжигч хүний хувьд та бусдыг удирдамж, хүч хүлээн авахын төлөө Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид хандахад урамшуулах үүрэг хүлээдэг. Та дэмжиж буй хүндээ Бурхан тэднийг хайрлаж, дэмждэг гэдгийг мэдрэхэд нь туслах, Түүнд итгэж, найдсан туршлагаа хуваалцах үүрэгтэй.

  2. Донтолтоос ангижрах үйл явцад идэвхтэй оролцогч бай. Дэмжигч хүн нь хэн нэгнийг дэмжин ажиллахаас өмнө (ерөнхийдөө 12 сар ба түүнээс дээш хугацаанд) донтолтоос ангижраад нэлээд хугацааг өнгөрүүлсэн, ангижрах зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцдог байх шаардлагатай. Та өөр хэн нэгнийг дэмжиж эхлэх үедээ өөрийнхөө донтолтоос ангижрах үйл явцад нэмэлт ачаалал мэдэрч болзошгүй. Бусдыг дэмжихдээ өөрийн донтолтоос ангижрах үйл явцыг эрсдэлд оруулахгүй байхад анхаар. Дэмжигч хүн нь өөртөө анхаарал тавьж, шаардлагатай үед тусламж, дэмжлэг хүсэж болно.

  3. Даруу бай. Дэмжигч хүний хувьд та өөрийн хүчээр дэмжлэг, удирдамж өгөх үүрэг хүлээдэг.

  4. Бусдын сонгох эрхийг хүндэлж, тэвчээртэй ханд. Үр дүнтэй дэмжлэг нь “ятгалгаар, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн бөгөөд номхон даруу байдлаар, чин сэтгэлийн хайраар, … нинжин сэтгэлээр, … цэвэр мэдлэгээр” (Сургаал ба Гэрээнүүд 121:41–42) ирдэг буюу. Ямар нэг байдлаар бусдыг засах гэж оролдохоос зайлсхий. Бусад хүнд зарчим, хэрэгжүүлсэн туршлагаа эргэцүүлэн бодоход нь тусалж, тэднийг шийдвэр гаргахад нь дэмж. Тэдний сонгох эрхийг хүндэтгэж, тэд Их Эзэнд ирснээр Тэр тэдэнд туслах болно гэдэгт итгэ. Таны тусалж буй хүн урагшлахад хараахан бэлэн биш байж болно. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай эрүүл бус зан авираа дахин гаргах эсвэл чин сэтгэлээсээ өөрчлөгдөх зарчим, туршлагуудыг хэвшүүлэхэд хойрго хандаж магадгүй. Дэмжигч хүн нь эдгэрлийн замаар алхаж буй бусад хүнтэй тэвчээртэй хандах хэрэгтэй.

  5. Сэтгэл харамгүй үйлчил. Сэтгэл харамгүй үйлчлэх нь ямар ч зүйлийг хариу нэхэлгүйгээр өгөхийг шаарддаг. Дэмжигч хүн нь дэмжиж буй хүмүүсээ ойлгох чадвартайгаас гадна цаг зав, хичээл зүтгэлээ зориулах хүсэлтэй байх ёстой. Дэмжиж буй хүмүүсээсээ магтаал, хүндлэл, үнэнч байдал, бусад сэтгэл хөдлөлийн шан харамж нэхэхээс зайлсхий.

  6. Хувьдаа хүлээсэн үүргээ хүндэтгэ. Дэмжигч хүн болно гэдэг нь таны дэмжиж буй хүмүүс таны цаг зав, нөөц бололцоог хязгааргүй ашиглана гэсэн үг биш. Та өөрийн гэр бүл, Сүм, ажил мэргэжил, хувийн цаг гэх мэт бусад үүрэгтээ хүндэтгэлтэй хандсанаар эрүүл харилцааны хил хязгаарын ач холбогдлыг үлгэрлэн харуулж чадна. Мозая 4:27-д Бенжамин хааны өгсөн зөвлөгөөг санагтун. “Мөн эдгээр бүх зүйл мэргэн ухаанд мөн эмх журамтай хийгддэг байхыг мэдэгтүн; учир нь хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй.”

  7. Залбирдаг бай. Та хэн нэгнийг дэмжихээр сонгох бүрдээ тухайн хүний одоогийн хэрэгцээнд ямар зарчим, туршлага хамгийн их хэрэгтэй болохыг мэдэхийн тулд Их Эзэний удирдамжийг эрэлхийлээрэй. Үйлчлэх арга замуудын талаар бодож үзэхдээ залбирч, үргэлж Сүнсээр удирдуулахыг хичээ.

  8. Үнэнийг гэрчил. Та бусадтай адил гэдгээ ойлгуулахын тулд туршлагаа хуваалцахаар сүнсээр өдөөгдөж болох юм. Та мөн Аврагчийн тухай, Түүний эдгээгч хүчний талаар гэрчлэлээ хуваалцаж болно. Бурхан бол гайхамшгуудын Бурхан гэдэг нь хамгийн чухал үнэн юм (Моронай 7:29-ийг үзнэ үү). Түүний нигүүлсэл, ач ивээлийн тухай гэрчлэлээ хуваалцах нь таны санал болгож чадах хамгийн чухал үйлчлэлүүдийн нэг байж ч мэднэ.

  9. Нууцыг хадгал. Та дэмжигч хүний хувьд бусдын нууцыг хамгаалах үүрэгтэй. Нэр нууцлах, нууц хадгалах зэрэг нь бусдыг дэмжих, бусдад туслах чадварыг тань хөгжүүлэх хамгийн чухал зарчим юм.