“Оршил,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)
“Оршил,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж
Оршил
Юуны өмнө бид та бүхнийг донтолтоос ангижрах найдвар бий гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. (“Бид” гэдэг нь олон төрлийн донтолтын хор уршигтай үр дагаврын улмаас зовон шаналж, удаан хугацааны туршид эдгэрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс юм.) Бид асар их уй гашууг амссан ч бидний хамгийн аймшигт ялагдлыг сүр жавхлантай ялалт болгон хувиргасан Аврагчийн хүчийг мэдэрсэн. Бид нэгэн цагт өдөр бүрийг сэтгэл гутрал, айдас, түгшүүр, уур бухимдалд өнгөрүүлдэг байсан. Харин одоо баяр хөөртэй, амар амгалан аж төрж байна. Бид өөрсдийн болоод донтолтод урхидуулсан бусад олон хүний амьдралд тохиолдсон гайхамшгуудыг нүдээрээ үзсэн.
Бид өөрсдийн муу зуршил, донтолтоос болж зовж шаналж явлаа. Гэвч “алхам” бүрийн дараа бид донтолтоос ангижирч байгаагаа мэдэрч байсан ба Бурхан биднийг адисалж байв. Бид өөрсдийгөө Бурханы хайртай хүүхдүүд хэмээн үзэх болсон. Бид сүнслэг байдлаараа сэрсэн учраас Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёртой болон өөрсөдтэйгөө мөн бусадтай тогтоосон харилцаагаа сайжруулахыг өдөр бүр хичээдэг байлаа. Товчоор хэлбэл, бидний өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй байсан зүйлийг Аврагч бидний төлөө хийсэн юм.
Зарим хүн донтолтыг зөвхөн хүсэл зоригоороо даван туулж болох муу зуршил гэж үздэг бол харин бид тухайн муу зуршлаасаа илүү их хамааралтай болж, үүнээс ангижрах юм уу татгалзах ямар ч чадваргүй болсон байв. Бид амьдралынхаа алсын хараа, нэн тэргүүнд тавих зүйлүүдээ алдсан. Аргаа барсан хэрэгцээгээ хангахаас өөр илүү чухал зүйл гэж бидэнд үгүй байлаа. Бид муу зуршлаасаа салахыг хичээсэн ч тухайн донтуулагчийг хэрэглэх бие махбод, сэтгэц, сэтгэл хөдлөлийн хүчтэй хүсэлд автсан. Биднийг дур хүсэл, донтолтдоо бууж өгөх үед сонгох эрх чөлөөгөө ашиглах чадвар маань багасаж, хязгаарлагдмал болсон юм. Ерөнхийлөгч Боид К.Пакэр: “Донтолт нь хүний хүсэл эрмэлзлийг унтрааж, ёс суртахууны сонгох эрхийг нь үгүй болгох хүчтэй байдаг” хэмээн заасан (“Revelation in a Changing World,” Ensign, 1989 оны 11-р сар, 14).
Бид даруу, шударга байж, Бурханаас болон бусад хүнээс тусламж гуйснаар мөн энэ удирдамжид тодорхойлсончлон үйлдсэнээр донтолтоосоо ангижрах үйл явцыг эхлүүлсэн. Донтолтоос ангижрах 12 алхам нь Есүс Христийн сайн мэдээг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг бидэнд заасан юм. Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд: “Та тамхи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом эсвэл … порнографт донтох нүгэл хилэнцтэй тэмцэж байна уу? … Эдгээр асуудлыг шийдэхийн тулд өөр бусад алхмыг хэрэгжүүлэх шаардлагатай байлаа ч, эхлээд Есүс Христийн сайн мэдээнд ир” (“Broken Things to Mend,” Liahona, 2006 оны 5-р сар, 70).
1–3-р алхам нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хэрхэн хэрэгжүүлэхийг заадаг. 4–9-р алхам нь биднийг чин сэтгэлээсээ наманчлах үйл явц руу нэг бүрчлэн чиглүүлдэг. 10–12-р алхам нь биднийг хариуцлагатай байж, гэрээний зам дээр үлдэх бурханлаг удирдамж, хүчийг эрэлхийлж, бидний амьдралд ирсэн гайхамшгийг бусадтай хуваалцан, эцсээ хүртэл тэвчихэд урамшуулан дэмждэг.
Донтолтоосоо ангижирч буй бидний ихэнх нь Донтолтоос ангижрах хөтөлбөрт хамрагдсан хэвээр байгаа. Бид донтолтоос ангид байх хүсэл эрмэлзэлдээ маш их дэмжлэг авдаг. Мөн бид донтолтын боолчлолд орсон хүмүүст туслахыг эрэлхийлснээр адислагддаг. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдсөн гэдэгтээ бат итгэдэг. Мормоны Ном дахь Антай-нифай-лихайчуудтай адил (Алма 24:17–19-ийг үзнэ үү) бид Есүс Христийн ач ивээл, хүчээр дамжуулан өөрсдийн мөн чанарт яг адил эдгэрэлт, өөрчлөлтийг мэдэрсэн. Бид тэрхүү бэлгийг алдахыг хүсдэггүй учраас өдөр бүр Түүнд бүрэн найддагаа санахыг сонгодог. Донтолтоос ангижрах хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдахад, донтолт хүчтэй бөгөөд хэрэв бид эдгээр үнэнийг мартвал Бурханд бус харин донтолтод эргэн орж магадгүй гэдгийг бидэнд сануулдаг. Бид Бурханы өгсөн нигүүлслийг хадгалж үлдэхийг хүсдэг.
Хэрэв та өөрийгөө донтсон гэж үзэж, донтолтоо даван туулах өчүүхэн боловч хүслийг тээсэн бол мөн Бурханы үгийг “туршихад” (Алма 32:27) бэлэн байвал энэ удирдамжид заасны дагуу Есүс Христийн сайн мэдээний зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд таныг бидэнтэй нэгдэхэд урьж байна. Та чин сэтгэлээсээ энэ замыг дагаж мөрдөх юм бол, донтолтоос ангижрахад хэрэгтэй тэр хүчийг олох болно гэдгийг бидний туршлага харуулсан. Энэ хүчийг ач ивээл гэж нэрлэдэг. “Бурханы ач ивээл бидэнд өдөр бүр тусалдаг. Энэ нь биднийг өөрсдөө хийж чадахгүй байсан сайн үйлийг хийхэд хүчирхэгжүүлдэг” (Сэдэв ба асуулт, “Ач ивээл,” Gospel Library). Эдгээр 12 алхмыг та нэг бүрчлэн итгэлтэйгээр хэрэгжүүлэх юм бол Аврагч таныг хүчирхэгжүүлж, улмаар та “үнэнийг ойлгож, үнэн таныг чөлөөлнө” (Иохан 8:32).
Та донтолтын гинжнээс салах боломжтой гэдгийг бид туршлагаараа олж авсан. Та хэчнээн төөрөлдөж, найдвар тасарсан ч хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд билээ. Та энэ мөчийг хүртэл энэ үнэнийг мэдээгүй байсан бол, удирдамж дахь зарчмууд нь энэхүү үнэнийг шинээр нээж, зүрх сэтгэлийнхээ гүнд төлөвшүүлэхэд тань туслах болно. Христэд ирж, өөрийгөө өөрчлөх боломжийг Түүнд олгоход эдгээр зарчим танд тусална. Та эдгээр алхмыг хэрэгжүүлснээр, Аврагчийн хүч таныг эзэмдэн, Тэрээр таныг боолчлолоос чөлөөлөх болно.
Донтолтоос ангижирч буй бид бүхэн таныг Гэтэлгэгч Есүс Христийн мутарт тэврүүлэн, итгэл найдвартай, эрх чөлөөтэй, баяр хөөртэй, гайхамшигт сайхан амьдралд бидэнтэй нэгдэхийг чин сэтгэлээсээ урьж байна. Бид эдгэрсэнтэй адилаар, та ч бас эдгэрч, Есүс Христийн сайн мэдээний бүх адислалыг авч чадна.
Хэрэгжүүлэх алхмууд
Энэ бол үйлдэх хөтөлбөр. Бидний өсөлт хөгжил эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхамд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална. Дэмжигч хүнтэйгээ хамтран ажиллахаа санаарай.
Мөнхийн мөн чанар дээрээ төвлөрөх
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноос донтолтоос болж зовж шаналж байгаа хүмүүст хэрхэн туслахыг асуухад тэрээр “Тэдний мөн чанар, зорилгыг тэдэнд зааж өг” хэмээн хариулжээ (Tad R. Callister, “Our Identity and Our Destiny,” Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 2012 оны 8-р сарын 14], speeches.byu.edu). Бидний хүн нэг бүр хайраар дүүрэн Бурханы хүүхэд билээ. Тэр биднийг хайрладаг бөгөөд биднийг үргэлж халамжилдаг гэдгийг бид мэддэг.
Гэхдээ бид үргэлж ингэж боддоггүй байсан. Бидний зарим нь Түүнийг байхгүй гэдэгт итгэсэн. Бидний зарим нь аль алиныг нь тоосонгүй. Бидний зарим нь Түүнийг байгаа гэдэгт итгэж байсан ч Тэрээр бидэнд туслахад хэт их уцаарласан эсвэл урам хугарсан хэмээн бодож байсан. Бараг бүх хүний хувьд Бурхантай харилцах харилцаагаа буруугаар ойлгосон нь Түүнд хандаж, тусламж хүсэхэд маань саад болж байсан. Оронд нь бид амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахад туслах донтуулагч бодис, зан авирт татагдсан. Бид ихэвчлэн сөрөг мөчлөгт ордог байлаа. Бид болчимгүй үйлдэл гаргаж, үүнээсээ болоод гэм буруутай, ичгүүртэй мэдрэмжийг мэдэрч, эдгээр сэтгэл хөдлөлийн зовлонг нуухын тулд илүү их болчимгүй үйлдэл хийхэд хүрсэн юм. Бурханы хүүхдүүдийн хувьд өөрсдийн мөн чанар, зорилгыг ойлгох нь эдгээр мөчлөгийг эвдэх хүчийг бидэнд өгсөн.
Бид мөн гэмшил, ичгүүр хоёрын ялгааг мэдэж авсан. Гэмшил нь бидний хийсэн зүйл таагүй санагдахыг, харин ичгүүр нь бидний хэн болох нь таагүй санагдахыг хэлнэ. Ахлагч Дэвид А.Бэднар гэмшлийн үнэ цэнийг дараах байдлаар тайлбарлажээ. “Сүнсэнд ирэх гэмшил нь бидний биед ирэх өвдөлт гэсэн үг ба өвдөлт нь аюул болон нэмэлт хохирлоос биднийг урьдчилан сэргийлдэг” (“Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 44). Донтолтоос ангижрахын өмнө бидний олонход ичгүүртэй санагдаж, өөрсдийгөө үүрд хэмхэрсэн, Бурханы эсвэл хэн нэгний хайрыг хүртэх эрхгүй гэж дүгнэж байв.
Гэсэн хэдий ч бид бурханлаг мөн чанараа олж харан, донтолтоос ангижрахад тэнгэрийн тусламж хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө Түүний хайрыг хүртэх хангалттай сайн хүн болохыг хичээж буй муу эрэгтэй, эмэгтэй хүмүүс бус харин Түүний ач ивээлээр дамжуулан эдгэрэхийг хичээж буй сүнслэг байдлын хувьд өвдсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэмээх Есүс Христийн нүдээр харж эхэлсэн.
Та Бурханы хүүхэд бөгөөд юу ч хийсэн байсан Тэр таныг хайрладаг гэдэгт итгэх дадлага хийхэд бид таныг урьж байна. Хор хөнөөлтэй сонголт нь бидний боломжийг хязгаарладаг нь үнэн хэдий ч Бурханы өмнө бидний үнэ цэн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэрээр бидний сонголтуудаас болж биш, харин бид Түүний хүүхдүүд учраас биднийг хайрладаг. “Хэдийгээр бид бүрэн бус ч гэсэн Бурхан биднийг бүрэн хайрладаг. Бид төгс биш ч Тэрээр биднийг төгс хайрладаг. Бид өөрсдийгөө зүг чиг заагчгүй, хаягдсан хүмүүс гэж бодож болох ч Бурханы хайр биднийг бүрэн дүүрэн тэвэрсэн байдаг” (Дийтр Ф.Угдорф, “Бурханы хайр,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).
Татгалзах хүсэлтэй болох
Эцэст нь асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй болсон үед бид донтолтоосоо татгалзах хүсэлтэй болсон. Та ийм байдалд орж байсан уу? Хэрэв та ийм байдалд ороогүй ч цаашид үргэлжлүүлэн донтсоор байх юм бол, донтолт улам даамжирч дорддог тул та зайлшгүй ийм байдалд хүрэх болно. Энэ нь улам бүр хүндэрдэг өвчин лугаа адил агаад таны хэвийн ажиллах чадварыг үлэмж сулруулдаг.
Эхэндээ бүрэн эрүүл саруул байх нь бидэнд үнэхээр хэцүү санагдаж билээ. Гэвч бид хайж байсан амар тайван, эрүүл саруул байдлыг олсон хүмүүсээс үргэлжлүүлэн сонсохдоо бид ч бас донтолтоос ангижирч чадна гэдэгт итгэж эхэлсэн юм.
Донтолтоос ангижрах үйл явцыг эхлүүлэхээс өмнө эхлээд үүнээс ангижрахыг хүсэх хүсэл бидэнд хэрэгтэй байсан (Алма 32:27-г үзнэ үү). Өчүүхэн төдий хүсэл байхад л донтолтоос ангид болох эхлэл тавигддаг. Хэрэв танд өчүүхэн хүсэл байгаад энэ нь өнөөдөр баттай биш байлаа ч гэсэн санаа бүү зов. Таныг үйлдэх үед энэ хүсэл улам өсөн нэмэгдэх болно! Бидний хийж чадах хамгийн хүчирхэг үйлдлүүдийн нэг бол залбирч, Бурханаас татгалзах хүслээ нэмэгдүүлэхийг гуйх явдал гэдгийг бид мэдэж авсан.
Хэрэв танд донтолтоос ангижрах хүсэл хараахан төрөөгүй байгаа бол, хүсэлгүй байгаагаа болон донтолтынхоо төлөөсийг ухаарч хүлээн зөвшөөрснөөр эхлүүлж болно. Өөрт чухал зүйлийг жагсаан бич. Өөрийн гэр бүл, найз нөхөд, Бурхантай харилцах харилцаа, сүнслэг хүч чадал болон бусдад тусалж, тэднийг адислах чадвар, эрүүл мэнд зэргээ эргэн нэг сайн хар. Тэгээд өөрийн итгэл үнэмшил, найдвар, зуршлын хоорондох эсрэг тэсрэг зөрчилдөөнийг эрж ол. Таны үйлдэл эрхэмлэн дээдэлдэг зүйлсийг тань хэрхэн дордуулж байгааг анзаар. Та бүх бурханлаг чадавхаараа өөрийгөө болон амьдралаа Түүний хардагтай адил харж, донтолтоо үргэлжлүүлсээр байх тохиолдолд танд ямар эрсдэл учирч болохыг ойлгохын төлөө Түүнээс тусламж хүсэн залбир.
Донтолтдоо автсан хэвээр байвал юуг алдаж болохоо ухамсарласнаар, энэ нь танд донтолтоос салах хүсэлтэй болоход тусалж чадна. Хэрэв та өчүүхэн ч болов хүслийг тээж чадвал эхлүүлэх боломжтой байх болно. Энэ хөтөлбөр дээрх алхмуудаар дамжуулан та өсөж дэвжих тусам, амьдралдаа тохиож буй өөрчлөлтүүдийг харснаар, донтолтоос ангижрах хүсэл тань улам өсөн нэмэгдэх болно.
Тайлбар: Донтолтын төлөвөөсөө хамаараад та донтолтоос ангижирч эхлэхээсээ өмнө эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байж болох юм. Та эмнэлгийн мэргэжилтэнтэй зөвлөлдөнө үү.
Дэмжлэг авах
Донтолтоос ангижрах, эдгэрэх үйл явцад хөтлөх аялал урт бөгөөд хэцүү ч бид үүнийг ганцаараа хийх албагүй. Донтолтоос ангижрахаар хичээж буй хүн туйлын үнэнч шударга байх шаардлагатай. Өөрийгөө үгүйсгэх, хуурах, ганцаардмал байдалтай байх нь донтолтоос ангижрах урт хугацааны, тогтвортой өсөлт хөгжилтөд хүрэхэд саад болдог. Бид аль болох бусдын дэмжлэгийг тэр даруйд авах нь чухал юм. Олон хүн бидэнтэй хамт алхаж, бидэнд туслахад бэлэн байдаг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Бурхан биднийг ажиглаж, харж хандаж байдаг. Ингэхдээ ихэвчлэн бидний хэрэгцээг өөр хэн нэгнээр дамжуулан хангадаг” гэж хэлсэн (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2011], 82).
Бурханаас болон бусдаас тусламж эрэх нь аяллаа үргэлжлүүлэхэд хэрэгтэй урам зоригийг өгөхөөс гадна тусламж хүртэх эрхтэй гэдгийг маань санахад бидэнд туслах болно. Таныг тусламж хүсэх үед тэдний таныг хайрлах хайр, хүлээн зөвшөөрч буй байдалд нь та гайхширч магадгүй. Бусадтай илүү их холбогдох тусам жинхэнэ эдгэрэл, ангижралыг олж илрүүлэхийн тулд хайр, дэмжлэг авах боломж танд улам бүр нэмэгдэх болно.
Таны авах боломжтой дэмжлэгийн өөр өөр эх сурвалжийг болон хэрхэн тусламж хүсэх талаар бодож үзээрэй. Бид танд 12 алхмыг амжилттай хэрэгжүүлсэн дэмжигч хүнийг олж, хамтран ажиллахыг зөвлөж байна. Дэмжигч хүнийг хэзээ ч томилдоггүй. дэмжигч хүнээр хэнийг сонгохоо залбирч байгаад тунгаан бодохыг бид танд уриалж байна. Дэмжигч хүнээ олох хамгийн зөв газар бол донтолтоос ангижрах цуглаан юм. Донтолтоос ангижрах цуглаан бол бидний хувьд ангижрах үйл явцынхаа талаар хуваалцаж, суралцах аюулгүй газар юм.
Дэмжих бусад чухал эх сурвалжид гэр бүлийн гишүүд, найз нөхөд, Сүмийн удирдагчид, эмч нар ордог. Хамгийн сайн дэмжих эх сурвалж бол Тэнгэрлэг Эцэг билээ. Хэнээс асуух, хэзээ тусламж хүсэхээ шийдэх нь хувь хүний шийдвэр юм. Зарим тохиолдолд гэр бүлийн зарим гишүүн, найз нөхдөөсөө тусламж хүсэх эсвэл тэдэнд итгэл хүлээлгэх нь аюултай бөгөөд тус болохгүй байж мэднэ. Гэхдээ аль болох олон эх сурвалжаас дэмжлэг авах нь чухал. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэхүү удирдамжийн хавсралтад буй “Донтолтоос ангижрахад үзүүлэх дэмжлэг” хэсгийг үзнэ үү.
Бид бусдаас дэмжлэг хүсэхдээ сандрах юм уу ичиж зовдог байж магадгүй. Бид тулгарсан асуудал, гаргасан алдаа дутагдлаа өөр хэнд ч мэдүүлэхийг хүсэхгүй байж болох юм. Бид бусдад дарамт болохыг хүсэхгүй юм уу өөрийгөө тусламж хүртэх эрхгүй гэж бодож болох юм. Гэхдээ бид хүмүүсээс тусламж хүсэх үед тэд адислагддаг гэдгийг олж мэдсэн. 12-р алхам нь бусдад үйлчлэх, туслах явдал юм. Донтолтоос ангижирч буй хүмүүс бусдад үйлчилбэл өөрсдөө донтолтоосоо ангижирч хүчирхэгждэг.
Судлах ба ойлгох
Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс донтолтоос ангижрах алхмыг эхлүүлэхэд тань туслах болно. Тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашигла. Тэмдэглэл хөтлөхдөө үнэн зөв, оновчтой, тодорхой байлгахыг санагтун.
Миний тэнгэрлэг мөн чанар
“Энэ амьдралын өмнөх амьдралдаа та зохистой байснаа нотолсон гэдгээ санаад, эргэн хар. Та бол Бурханы зоригтой хүүхэд бөгөөд Түүний тусламжтайгаар та энэхүү унасан дэлхийн тулалдаанд ялан дийлж чадна. Та үүнийг урьд өмнө нь хийсэн. Одоо дахин хийж чадна.
“Урагшаа хар. Танд учирсан бэрхшээл, уй гашуу үнэхээр бодитой боловч мөнхөд үргэлжлэхгүй” (Нийл Л.Андэрсэн, “Шархадсан тэд,” Лиахона, 2018 оны 11-р сар, 81; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
-
Эргээд харахад би аль хэдийн ямар тулалдаанд оролцож, ялсан байна вэ?
-
Би амьдралдаа хэзээ Их Эзэнээс тусламж хүлээн авсан бэ?
“Сүм даяар олон хүн ‘Би хангалттай сайн биш,’ ‘Би үнэхээр төгс биш юм даа,’ ‘Би хэзээ ч хангалттай зохистой байж чадахгүй’ гэж ярихыг би сонсдог. …
… Гэхдээ Бурханы хүүхдүүдийн хувьд бид өөрсдөдөө хатуурхаж, өөрсдийгөө гутаах ёсгүй, учир нь бид мөнх бус байдалд өөрсдийгөө ингэж шийтгэлээ гээд Бурханы хүсэж байгаа шиг хүмүүс болчихгүй. Үгүй ээ!” (Жэффри Р.Холланд, “Тиймээс та нар эцэст нь төгс бай,” Ерөнхий чуулган, 2017 оны 10-р сар, 28).
-
Би Бурханы хүүхэд байх үнэ цэнтэй гэдгээ санаснаар алдаанаасаа хэрхэн суралцаж болох вэ?
-
Ерөнхийлөгч Холланд илтгэлийнхээ гарчигт эцэст нь гэсэн үгийг ашигласан талаар би ямар бодолтой байна вэ?
Есүс Христтэй харилцах миний харилцаа
“Мөн тэд өөрсдийгөө зуурдын байдалд буйгаа, бүр газрын тоосноос ч өчүүхнээ цэгнэн бодсон ажгуу. Мөн тэд бүгд нэгэн дуугаар чанга хашхирч, хэлсэн нь: Ай нигүүлсэж хайрла, мөн бид нүглүүдийнхээ өршөөлийг хүлээж авч болохын тулд мөн зүрх сэтгэл маань ариуссан байж болохын тулд Христийн цагаатгагч цусыг бидэнд хамааруулаач; учир нь бид Есүс Христэд, тэнгэр ба газар, мөн бүх зүйлийг бүтээсэн Бурханы Хүүд, хүмүүсийн үрсийн дунд доош ирэх түүнд итгэдэг” (Мозая 4:2).
Бид асуудлаас илүү шийдэл дээр төвлөрснөөр донтолтоос ангижрах үйл явц тохиодог. Биднийг Есүс Христтэй харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэх үед Тэрээр бидэнд ангижрахын тулд амьдрахад шаардлагатай хүч болон амар амгаланг өгөх болно.
-
Би Есүс Христтэй ямар харилцаатай вэ? Би Түүнийг надад тусална гэдэгт итгэдэг үү?
-
Би сул талуудаа таних үедээ Аврагчийн гэтэлгэх хүчинд хандах зоригтой байна уу? Яагаад вэ эсвэл яагаад үгүй гэж? Хэрэв үгүй бол би хэрхэн эхлэх вэ?
“Судрууд дээр Христийн сургаалыг Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хэрэгжүүлэх, наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих хэмээн тодорхойлдог [2 Нифай 31-ийг үзнэ үү].
Христийн Цагаатгал бидэнд ‘Ариун Мессиагийн гавьяат үйлс мөн нигүүлсэл, мөн ач ивээл[д]’ найдаж [2 Нифай 2:8], ‘Христээр төгс’ болж [Моронай 10:32], сайн болох бүх зүйлийг авч, мөнх амьдралыг хүртэх нөхцөлийг бий болгодог.
Христийн сургаал нь Есүсийн Цагаатгалаар дамжин хүртэх боломжтой бүх адислалыг авах цор ганц арга зам юм” (Брайн К.Аштон, “Христийн сургаал,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106).
-
Донтолтоос ангижрах 12 алхмыг заримдаа “бяцхан алхам” гэж нэрлэдэг. Учир нь эдгээр нь Есүс Христийн сургаалыг донтолттой холбоотой асуудалд хэрэгжүүлэх явцын шат дамжлага юм. Эдгээр “бяцхан алхмыг” хэрэгжүүлэх нь Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад надад хэрхэн туслах вэ?
Донтолтоос салах миний хүсэл
“Та дэлхийн сатааруулах зүйлсэд анхаарахаа болих үед одоо танд чухал мэт байгаа зарим зүйлийн ач холбогдол багасаж, гэм хоргүй мэт санагдах дэмий зүйлсийг хийхээ болино. Их Эзэнд амьдралаа зориулах энэхүү насан туршийн үйл явцыг эхлүүлж, цааш үргэлжлүүлснээр таны үзэл бодол, мэдрэмж, сүнслэг хүч чадалд гарах өөрчлөлтүүд таныг гайхшируулна!” (Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83.)
Бурханы бошиглогчийн өгсөн энэхүү амлалт анхаарлаа Их Эзэнд хандуулах үед ирэх гайхалтай өөрчлөлтүүдийг тодорхойлсон байдаг.
-
Би Есүс Христэд төвлөрөхийн тулд өдөр бүр ямар үйлдлүүдийг хийх вэ?
-
Би “эн тэргүүний зүйлсийг бууруулах” дэлхийн ямар сатааруулах зүйлсэд үгүй гэж хэлэх вэ?
“Мөн Их Эзэн [Алмад] хэлэв: Бүх хүн төрөлхтөн, тийм ээ, эрчүүд мөн эмэгтэйчүүд, бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмэн дахин төрөх ёстойд бүү гайх; тийм ээ, Бурханаас төрж, зуурдын бөгөөд унасан байдлаасаа зөв шударга байдалд орж өөрчлөгдөн, Бурханаар гэтэлгэгдэн, түүний хөвгүүд мөн охид болдог;” (Мозая 27:25).
-
Миний өөрчлөгдөхөд бэлэн байгаа нь “унасан байдлаасаа” гэтэлгэгдэх түлхүүр юм. Надад донтолтоос татгалзах хүсэл бий юү? Би хүсэхгүй байна уу? Тийм бол яагаад?
-
Миний донтолт надад болон бусдад ямар хохирол учруулж байгааг бодоход үүнээс ангижрах хүсэл төрж эхэлдэг. Донтолт надад ямар хор хохирол учруулж байна вэ?
-
Миний эрүүл мэндэд ямар хохирол учруулж байна вэ?
-
Манай гэр бүлд, миний харилцаа холбоо, миний бусдад туслах чадварт ямар төлөөс ноогдуулж байна вэ?
-
Донтолт Бурхантай харилцах харилцаанд маань хэрхэн нөлөөлдөг вэ?
Тусламж эрэлхийлэх
“Бид Христийн дагалдагчдын хувьд амьдралдаа бэрхшээл, сорилтоос ангид байна гэж үгүй билээ. Бид ихэвчлэн ганцаараа зүтгээд давшгүй, магадгүй боломжгүй мэт санагдах хэцүү зүйлсийг хийх шаардлагатай тулгардаг. Аврагчийн ‘Над руу ир’ [Матай 11:28] гэсэн урилгыг хүлээн авах үед Тэрээр бидэнд хэрэгцээтэй дэмжлэг, тайтгарал, амар амгаланг өгдөг” (Жон А.Маккюн, “Христэд ирж, хожмын үеийн гэгээнтний ёсоор амьдрах нь,” Ерөнхий чуулган, 2020 оны 4-р сар, 41).
-
Аврагч давшгүй эсвэл боломжгүй зүйлсийг хийхэд шаардлагатай дэмжлэг, тайтгарал, амар амгаланг өгдөг. Би Түүний амласан дэмжлэг, тайтгарлыг хэрхэн олж авч болох вэ?
-
Хэрэв би ганцаараа оролдож үзвэл донтолтоос ангижрах нь давшгүй мэт эсвэл боломжгүй мэт санагдах уу?
-
Хэн ч амьдралд нь тохиолддог бэрхшээл, сорилтоос ангид байна гэж үгүй бөгөөд бид бүгдэд дэмжлэг хэрэгтэй гэдгийг мэдэх нь бусдаас тусламж эрэх дургүй байдлаа орхиход минь хэрхэн туслах вэ?
-
Би миний дэмжигч хүн болохыг хэнээс хүсэх талаар залбирсан уу? Миний санаанд ямар нэг нэр орж ирсэн үү?
“Хувь хүмүүс Их Эзэний ач ивээлээр болон Есүс Христийн Цагаатгалд итгэж, нүглээ наманчилснаар хүч чадалтай болж, сайныг үйлдэхэд тусламж авах, эс бөгөөс зөвхөн өөрийнхөө хүч чадал, боломжид найдахаас өөр замгүй байдаг гэж хэлж болно. Энэхүү ач ивээл нь чадах бүхнээ хийсний эцэст мөнх амьдрал, өргөмжлөлийн зам дээр итгэлтэй зогсох боломжийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд олгодог хүч юм” (Bible Dictionary, “Grace (Ач ивээл)”).
-
Надад донтолтоосоо түр салж байсан үе бий. Би бухимдаж стрессдсэн эсвэл урам хугарсан үедээ ч донтолтоос хэрхэн байнга ангид байж чадах вэ?