Донтолт
5-р алхам: Алдаа дутагдлаа өөрсдийнхөө өмнө, Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө мөн холбогдох санваарын эрх мэдэлтний өмнө, түүнчлэн өөр бусад хүний өмнө хүлээн зөвшөөр


“5-р алхам: Алдаа дутагдлаа өөрсдийнхөө өмнө, Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө хүлээн зөвшөөр, Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)

“5-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж

Тойрог доторх хүмүүст хандан ярьж буй эрэгтэй

5-р алхам: Алдаа дутагдлаа өөрийнхөө өмнө, Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө мөн холбогдох санваарын эрх мэдэлтний өмнө, түүнчлэн өөр бусад хүний өмнө хүлээн зөвшөөр.

7:23

Үндсэн зарчим: Буруугаа хүлээх

Донтолтод автсан үед бидний олонход тусгаарлагдсан эсвэл ганцаардсан мэт санагддаг байв. Зарим тохиолдолд бусад хүн бие биетэйгээ ойртон дотносож байсан бол бидэнд тэгж санагдаагүй. Бидний олонх нь сэтгэл эмтэрсэн, ялангуяа бидэнд донтолтын маань талаар мэдэх юм бол хэн ч байгаагаар минь хүлээн зөвшөөрч, хайрлахгүй мэт санагдсан. Бид донтолтоос ангижрах цуглаануудад ирснээр донтолтод гүн автсан тусгаарлагдмал байдлаасаа гарч эхэлсэн юм. Эхний үед бидний олонх нь зүгээр суугаад сонсдог байсан ч сүүлдээ санаа бодлоо хуваалцдаг болж билээ. Гэсэн ч ичгүүртэй гай зовлонг авчирч, сэтгэл санааг маань эмзэглүүлдэг зүйлсээ бид дотроо хав дарсаар байв.

4-р алхам дээр ажилласнаар эдгээр ичгүүртэй, сэтгэл зовоосон мэдрэмжийг дахин мэдэрч магадгүй. Тиймээс бид 4-р алхмыг гүйцэтгэж дууссаныхаа дараа 5-р алхмыг гүйцэтгэхийг зөвлөж байна. Үүнийг хойшлуулах нь шархыг цэвэрлээгүйгээс болж халдвар авахтай адил байх болно. Буруугаа хүлээн зөвшөөрөх нь дааж давшгүй мэт санагдаж байсан ч биднийг Есүс Христээс тусламж хүсэх үед Тэр бидэнд зориг, хүч чадлыг өгсөн юм.

Дэмжих хүнтэйгээ үнэлэлт дүгнэлтээ хуваалцаж, бишоптоо буруугаа хүлээх нь бидний хийж байсан хамгийн хэцүү зүйл мэт санагдаж билээ. Гэвч биднээс өмнө ийн үйлдсэн хүмүүс энэ алхмын чухлыг ойлгоход бидэнд тусалсан. Үнэлэлт дүгнэлтээ бичих нь бидэнд алдаа, сул тал, гэм нүглээ бүрэн ойлгоход тусалсан. Гэхдээ тэдгээрийг дан ганц ухамсарлах нь хангалтгүй байлаа. Донтолт нууцлагдмал байдалд цэцэглэдэг. Бид 5-р алхам дээр ажилласнаар тэрхүү нууцлагдмал байдлыг эвдсэн. Кэрол М.Стэфэнс эгч: “Итгэл найдвар, эдгэрэл нь нууцлаг зүйлийн ёроолгүй гүн ангалд биш, харин бидний Аврагч Есүс Христийн гэрэл, хайранд байдаг” (“Эдгээгч Эзэн,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11) хэмээн заасан. Чин шударга байх нь биднийг дараагийн алхмуудад бэлтгэж, илүү бүрэн эдгээх боломжийг Есүс Христэд олгодог.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Хүн сэтгэл санаагаа цэвэршүүлж мөн аливаа шалтаг шалтгаан гаргаж ирж гэмээ зөвтгөхгүйгээр үйлдлүүдээ хүлээн зөвшөөрөхөөс нааш наманчлал хэзээ ч ирдэггүй. … Асуудлыг шийдэж, амьдралаа өөрчлөхөөр сонгосон хүмүүст эхэндээ наманчлал нь илүү хэцүү арга зам байж болох ч тэд наманчлалын үр жимсийг амталсан үед энэ нь хязгааргүй хүсүүштэй болохыг мэддэг” гэж заасан (“The Gospel of Repentance,” Ensign, 1982 оны 10-р сар, 4).

Бид Бурханд найдаж, 5-р алхам дээр зориг гарган ажиллахаар шийдсэн. Бид ичгүүрт байдалд орох болон гологдохоос айх үлэмж айдсаа даван туулж чадна гэдэгтээ итгэлгүй байсан. Бидний зарим нь буруугаа хүлээж эсвэл хуваалцаж эхэлсэн ч айдаст автаж, дахин хичээх хэрэг гарсан. Бид залбирч, бидэнд хэрэгтэй хүчийг олж авахад туслахыг Бурханаас гуйдаг байлаа. Алдаа оноогоо хуваалцаж, хүлээн зөвшөөрөх нь том туршлага болсон юм. Ингэснээр бид Есүс Христийн биднийг хайрлах хайрыг мэдэрсэн бөгөөд энэ нь зүгээр болох болно гэсэн найдварыг бидэнд төрүүлсэн юм.

Дэмжих хүмүүс маань бидэнд үнэлэлт дүгнэлтээ бичихэд тусалсан ч бид үнэлэлт дүгнэлтээ тэдэнтэй мөн өөр итгэж найддаг хүнтэйгээ хуваалцах хэрэгтэй байлаа. Тэд аливаа зүйлийг өөр өнцгөөс харж, бидний чадахааргүй арга замыг харахад бидэнд тусалсан. Тэд сөрөг бодол санаа, сэтгэл хөдлөлд (аминч үзэл, айдас, бардамнал, өөрийгөө чамлах, атаа жөтөө, өөрийгөө зөвтгөх, уур уцаар, дургүйцэл, шунал тачаал гэх мэт) хүргэдэг харьцаа хандлагаа илүү сайн ойлгоход бидэнд тусалсан. Эдгээр бодол санаа, сэтгэл хөдлөл нь алдаа дутагдлын маань мөн чанар, үйлийн үрийг тусгаж байсан юм. Гэвч дэмжих хүмүүс маань бидний сайн талыг олж харж, өөрсдийн сайн талыг өөрсдөө олж харахад бидэнд тусалсан юм.

Бид хууль бус хийгээд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахад саад болох аливаа зүйлийг бишоп, салбарын ерөнхийлөгчийнхөө өмнө хүлээсэн. Бид ямар буруугаа хүлээх тухайд тээнэгэлзсэн үедээ санваарын удирдагчдаасаа асуудаг байв. Бидний гэм буруугаа хүлээх үйл явц залбирал болон санваарын зохих эрх мэдлээр дамжуулан Есүс Христээс уучлал гуйх явдал байсан. Энэ үйл явц бидний ихэнхэд эрх чөлөөг өгсөн юм. Бид хүнд ачаагаа буулгаж, Аврагчийн хөлд тавив. Бид амар амгалан, баяр баясгалан, хайрыг мэдэрсэн. Энэ явдал ариун нандин бөгөөд сайхан байлаа.

Хэрэгжүүлэх алхмууд

Энэ бол үйлдэлд хөтөлдөг хөтөлбөр. Бидний өсөж хөгжих нь эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.

4-р алхамд хийсэн үнэлэлт дүгнэлтээ дэмжих хүнтэйгээ хуваалцаж, шаардлагатай бол Бурханд болон зохих санваарын эрх мэдэлтнүүдэд нүглээ хүлээх

Алма өөрийн хүү Кориантонд “[өөрийн] алдаанууд болон [өөрийн үйлдсэн] [бурууг] хүлээхийг” (Алма 39:13) зөвлөсөн. Энэхүү зөвлөгөө нь 5-р алхам дээр ажиллах удирдамж, урам зоригийг өгөх болно. Энэ алхам нь 4-р алхамд хийсэн үнэлэлт дүгнэлтээ өөр хүнтэй буюу ерөнхийдөө энэ үйл явцыг даван туулсан бөгөөд бидэнд үнэнч шударга, нягт нямбай арга замаар хуваалцахад тусалж чадах дэмжих хүнтэйгээ хуваалцахыг багтаадаг. Хэрэв дэмжих хүн байхгүй бол итгэл хүлээсэн хэн нэгнийг, магадгүй донтолтоос ангижирсан сайн бэлтгэлтэй хүнийг залбирч сонго. Буруу удирдамж үзүүлэх, ташаа мэдээлэл өгөх эсвэл итгэхэд хэцүү байж магадгүй гэж бодож байгаа хэн нэгнээс зайлсхий. Бас гэр бүлийнхээ ойр дотны хүмүүстэй үнэлэлт дүгнэлтээ хуваалцахдаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Эхнэр, нөхөртөө зан авираа хэзээ илчлэхээ шийдэхдээ тэднийг цаашид гэмтээхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бишоп эсвэл эмч нартай зөвлөлдөх нь чухал юм.

Наманчлалын үйл явцын нэн чухал хэсэг нь гэм буруугаа хүлээх гэдгийг Есүс Христ заасан: “Хүн нүглүүдээ наманчилсан эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг тоочиж мөн орхих болно” (Сургаал ба Гэрээ 58:43). Тиймээс бид Тэнгэрлэг Эцэгтээ Есүс Христийн нэрээр нүглээ хүлээж, Түүний өршөөлийг эрэлхийлдэг. Түүнээс гадна, бид бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчид илүү ноцтой зөрчлүүдээ хүлээх ёстой. Хэрэв та ямар гэм бурууг хүлээхээ мэдэхгүй байвал далд ухамсраа сонсож, бэлгийн нүгэл эсвэл бусад ёс суртахуунгүй зан үйлийн талаар санаарай. Эргэлзэж байвал “хүрээд ир, тэгээд хэлэлцье” (Исаиа 1:18) гэсэн урилгыг санаж, асуултуудаа санваарын удирдагчтайгаа ярилцаарай.

“Зөвхөн Их Эзэн нүглийг тань өршөөж чадах хэдий ч эдгээр санваарын удирдагч наманчлалын явцад чухал үүрэг гүйцэтгэж чадна. Тэд таны өчиж мэдүүлсэн зүйлсийн нууцыг хадгалж, наманчлалын үйл явцын бүхий л зүйлд тань тусалдаг. Тэдэнтэй чин шударга бай. Хэрэв та нүглийнхээ зарим хэсгийг л хүлээж, хөнгөн алдаагаа л дурдвал илүү ноцтой, хэлээгүй гэмээ шийдвэрлэж чадахгүй. Энэ үйл явцыг та аль болох түргэн эхлүүлэх юм бол, уучлалын гайхамшгаар ирдэг амар амгалан, баяр баясгаланг төдий чинээ түргэн олох болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл [2004], 134).

Бидний амьдралд амар амгалан оршиг

Наманчилж, гэм буруугаа хүлээх нь бидний амьдралд амар амгаланг авчирдаг. Ахлагч Квинтин Л.Күк энэхүү амар амгаланг ийнхүү дүрсэлжээ. “Томоохон нүгэл үйлдсэн үед амар амгаланг мэдрэхийн тулд нүглээ хүлээх шаардлагатай. Нүглийнхээ хүндэд зовон шаналж байгаа хүн, ачаа дарамтаа Их Эзэнд үүрүүлж, Цагаатгалын адислалуудыг хүртэх боломжтой болдгоос ирдэг амар амгаланг юутай ч харьцуулах аргагүй юм” (“Хувь хүний амар амгалан бол зөв шударга байдлын шагнал мөн,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32).

Заримдаа хүмүүс донтолтоос ангижрах цуглаан эсвэл бусад нөхцөл байдалд өөрсдийн гэм нүгэл, алдаа дутагдлыг байнга давтаж байдаг. Тэд алдаагаа байнга хүлээн зөвшөөрдөг ч хэзээ ч амар тайвныг олдоггүй. 5-р алхмыг сөрөг зүйлс дээр төвлөрөхөд чиглэсэн улигт хүсэл гэж бүү эндүүр. 5-р алхмын зорилго нь үүний эсрэг юм. Бид хүлээсэн нүглийнхээ зүйлсийг хэвээр нь үлдээхийн төлөө биш, харин тэднийг орхихын тулд 5-р алхам дээр ажилладаг.

5-р алхмыг бид шударгаар, бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн болохоор бидэнд нууж хаах юм юу ч байсангүй. Бид Бурханы хайрын тухай илүү ихийг мэдэж авч, эргэн тойрондоо байсан олон сайн хүний хайр, дэмжлэгийг хүртэхийн тулд “бүх нүглээ орхих” (Алма 22:18) хүслээ гадна төрх байдлаараа харуулж байлаа.

Судлах ба ойлгох

Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс бидний донтолтоос ангижрах замд тусална. Бид тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашиглаж болно. Бид үүнээс хамгийн их ашиг тус хүртэхийн тулд бичиж буй зүйлээ үнэн зөв, оновчтой, тодорхой бичих ёстойг санавал зохино.

Бурханы өмнө буруугаа хүлээх

“Нүглүүдээ миний өмнө тоочиж мөн өршөөлийг хүсдэг, үхэлд хүргэх нүгэл үйлдээгүй тэдэнд Их Эзэн бибээр нүглүүдийг нь өршөөдөг билээ” (Сургаал ба Гэрээ 64:7).

  • Бурханы өмнө нүглээ хүлээх нь амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг гаргахад хэрхэн тусалдаг вэ? Энэ нь надад өөр хүнд нүглээ хүлээх эр зориг, хүч чадлыг хэрхэн өгдөг вэ?

Бурхан биднийг хэрхэн хардагт төвлөрөх

“Хэн ч өөрийн зөв шударгыг бүү сурталчлаг; … тэрээр нүглээ аль болох түргэн хүлээг, тэгвэл тэр уучлагдах болно, тэгвэл тэр илүү их үр жимсийг авчрах болно” (Joseph Smith, in History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume C-1 Addenda, 46, josephsmithpapers.org).

  • Донтолттой тэмцэж байгаа хүмүүсийн толгойноос гардаггүй нэг бодол бол бусдад сайнаар харагдах гэсэн томоохон хүсэл юм. Ийм хүсэл нь сайжрахад мөн “илүү их үр жимсийг” (эсвэл сайн үйлсийг) авчрахад минь хэрхэн саад болох вэ?

  • Хэрэв би Бурхан намайг хэрхэн ойлгодог талаар илүү их санаа зовж байсан бол зан авир маань хэрхэн өөрчлөгдөх байсан бэ?

Чин сэтгэлээсээ хандах

“Мөн миний эсрэг зөрчил үйлдэх хэнийг боловч, түүнийг үйлдсэн тэр нүглүүдийнх нь дагуу чи түүнийг шүүх болно; мөн хэрэв тэр чиний мөн миний өмнө нүглүүдээ тоочиж, мөн чин зүрхнийхээ угаас наманчлах аваас, түүнийг чи уучлах болно, мөн түүнчлэн би түүнийг өршөөх болно” (Мозая 26:29).

Бид гэм нүглээ хүлээхдээ чин сэтгэлээсээ хандах ёстой.

  • Гэм нүглээ хүлээхийг хойш тавих нь чин сэтгэлийн хүчин чармайлтыг маань хэрхэн хөсөрдүүлэх тухай бодож үз. Миний ямар зан төлөв муу үйлийг нуухад намайг уруу татдаг вэ?

  • Зан төлөвийнхөө энэ хэсгийг нууснаар би юу хожих вэ? Би юуг алдахад хүрэх вэ?

  • Хэрэв би хамгийн хүнд хэцүү зүйлсийг эхлээд хүлээж, тэдгээрийг Есүс Христэд даатгавал миний амьдралыг Тэр хэрхэн адислах вэ?

Гэм нүглээ ухамсарламагц тэр даруй хүлээх

“Мөнхүү онд тэд өөрсдийнхөө алдааны мэдлэгт авчрагдаж мөн буруугаа хүлээцгээв” (3 Нифай 1:25).

  • Энэ шүлэг нь алдаа дутагдлаа ухамсарласан үедээ буруугаа хүлээхийг хойшлуулаагүй хүмүүсийн тод жишээг харуулдаг. Гэм нүглээ ухамсарласан даруйд хүлээх нь ямар ашиг тустай вэ?

  • Хэрэв би гэм нүглээ хүлээхийг хойшлуулбал ямар сөрөг үр дагавар гарах вэ?

Бухимдлаас ангижирч, амар амгаланг олох

“Хэрэв чиний тусын тулд байгаагүй сэн бол, би гэмт үйлүүдийг чинь нуршин, бодгалийг чинь шаналгахгүй сэн” (Алма 39:7).

4, 5-р алхам нь сөрөг зүйлд хэт их төвлөрсөн бөгөөд донтолтоос ангижрах үйл явцад зөвхөн бухимдуулах нэрмээс болдог гэж зарим хүн үздэг. Дутагдлаа ухамсарлаж, алдаатайгаа нүүр тулах нь донтолтоос ангижрахад тусална гэдгийг бид энэ шүлгээс сурна.

  • 4, 5-р алхам нь ямар замаар бухимдлыг тайлж, илүү их амар амгаланг авчрах вэ?

Нүглийг орхих

“Хүн нүглүүдээ наманчилсан эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг тоочиж мөн орхих болно” (Сургаал ба Гэрээ 58:43).

  • Аливаа зүйлийг орхих гэдэг нь хаях буюу бүрмөсөн салахыг хэлдэг. Нүглүүдээ хүлээх нь хуучин замаа орхих хүсэлтэй байгааг минь хэрхэн харуулдаг вэ?