Донтолт
1-р алхам: Бид өөрсдийн хүчээр донтолтоосоо салах боломжгүй, амьдралаа авч явж чадахгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөр


“1-р алхам: Бид өөрсдийн хүчээр донтолтоосоо салах боломжгүй, амьдралаа авч явж чадахгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөр,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)

“1-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж

Хүмүүс уулзалдаж байгаа нь

1-р алхам: Бид өөрсдийн хүчээр донтолтоосоо салах боломжгүй, амьдралаа авч явж чадахгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөр.

5:32

Үндсэн зарчим: Үнэнч шударга байх

Бидний олон нь сониуч зандаа хөтлөгдөн донтолтод автаж эхэлсэн байдаг. Зарим нь жороор олгох эм зэрэг тодорхой хэрэгцээ шаардлагын улмаас эсвээс эсэргүүцлээ зориуд илэрхийлэх байдлаар донтолтод орсон байлаа. Харин зарим нь өвдөлтөө намдаах үүднээс донтож эхэлсэн байв. Бидний ихэнх нь дөнгөж өсөж том болов уу үгүй юу энэ замаар алхаж эхэлсэн. Бидний донтолтод автаж эхэлсэн сэдэл, нөхцөл байдал ямар ч байсан хамаагүй донтолт нь бие махбодын өвдөлтөөс дээр, биеийг хөнгөрүүлж сэргээдэг зүйл гэдгийг бид удалгүй олж мэдсэн юм. Донтох нь бидний стресс бухимдлыг тайлж, сэтгэл санааг амрааж байлаа. Энэ нь бидэнд асуудлаасаа зайлсхийхэд тусалж байгаа мэт санагдаж байв. Хэсэг хугацаанд бид өөрсдийн айдас, түгшүүр, ганцаардал, гутрал, харуусал, уйтгараас чөлөөлөгдсөн мэт мэдэрч байлаа. Гэвч ийм мэдрэмж төрүүлдэг олон тохиолдол амьдралд тохиодог учир бид донтолтод улам гүн автсаар байв. Донтолт нь бидний хэрэгцээ, сэтгэл хөдлөлөө даван туулахыг хичээдэг гол арга замуудын нэг болсон юм. Аврагч Есүс Христ энэ тэмцлийг ойлгодог. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Есүс нүглийг буруутгадаг ч нүгэл нь нүгэл үйлдэгчийн сэтгэлийн гүн дэх хангагдаагүй хэрэгцээнээс үүдэлтэй гэдгийг ойлгодог байсан” гэж хэлжээ (“Jesus: The Perfect Leader,” Ensign, 1979 оны 8-р сар, 5).

Одоог хүртэл бидний ихэнх нь донтолтыг дангаараа эсэргүүцэх болон үүнээс татгалзах чадвараа нэгэнт алдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Туйлдаа хүрсэн хүмүүсийн ихэнхэд нь сонголт үлдээгүй мэт санагддаг байв. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Донтолт нь сонгох эрх чөлөөг хожим нь булаан авдаг. Хүн химийн бодисуудын улмаас чухамдаа хүсэл бодлоосоо тасарч холддог” гэж ажиглажээ (“Addiction or Freedom,” Ensign, 1988 оны 11-р сар, 7).

Бид цэглэхийг хүссэн ч бүх найдвараа алдсан байлаа. Бидний зарим нь айдас цөхрөлөөр дүүрч, амиа егүүтгэхийг цорын ганц арга зам гэж үзэж байв. Гэвч энэ нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хүссэн тэр зам биш гэдгийг бид ойлгосон юм.

Донтсон зан авираа хүлээн зөвшөөрөхөд бидэнд хэцүү байлаа. Бид ноцтой нөхцөл байдалд орсноо үгүйсгэж, сонголтуудынхаа үр дагавар, үйлийн үрээс зайлсхийхийн тулд зан авираа хаацайлж, нуухыг хичээдэг байв. Бид бусдыг болон өөрсдийгөө хууран мэхэлснээр донтолтдоо улам гүнзгий автаж буйгаа ойлгож ухамсарлаагүй юм. Донтолтыг даван туулах хүч мөхөстөх тусам ихэнх нь гэр бүл, найз нөхөд, Сүмийн удирдагчид, тэр ч байтугай Бурханыг буруутгаж байв. Бид өөрсдийгөө бусдаас тэр дундаа Бурханаас тусгаарлаж, улам бүр зожгирч байв.

Бид өөрсдийгөө зөвтгөж, бусдыг буруутгахын тулд худал хэлж, хуурч мэхлэх үедээ сүнслэг байдлаараа сулран доройтож байв. Донтолтынхоо талаар худал хэлж, нуух бүрд бид өөрсдийгөө “маалинган оосроор” хүлж, удалгүй энэ нь гинж мэт бөх бат болсон байв (2 Нифай 26:22). Дараа нь аргагүйн эрхэнд бид бодит байдалтай нүүр тулсан. Цаашид бид худал ярьж, “Энэ тийм ч муу юм биш!” гэж хэлэн, донтсоноо нуух боломжгүй болсон юм.

Донтолт бидний амьдралыг сүйрүүлж байгааг үгүйсгэж чадахгүй гэх үнэнийг хайртай нэгэн маань, эмч, шүүгч, шашны удирдагч маань бидэнд хэлсэн. Өнгөрсөн үе рүүгээ шударгаар эргэж харахдаа бид өөрсдийн зүгээс авсан ямар ч арга хэмжээ үр дүнд хүргэхгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Бид донтолтод гүн автсан гэдгээ ойлгосон. Донтолт харилцааг маань хэчнээн их сүйрүүлж, үнэ цэнтэй бүхнийг маань дээрэмдсэнийг бид ухаарсан юм. Энэ нь асуудал, муу зуршлаас ч дор зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх урам зоригийг бид олж авч, донтолтоос ангижрах мөн эрх чөлөөтэй болох анхны алхмаа энэ үед эхлүүлсэн билээ.

Эцэст нь бид амьдралаа авч явж чадахгүй болсноо мөн донтолтоо даван туулахад тусламж бидэнд хэрэгтэй гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрсөн юм. Бид өөрөө өөрсдийгөө эдгээж чадахгүй гэдгийг мөн аливаа хэлбэрийн ямар ч донтолтод орсон үед эрүүл саруул байж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өөртөө үнэнч байхын тулд бидэнд Бурханы болон бусдын тусламж хэрэгтэй гэдгийг бид ухаарсан. Ялагдлаа үнэнчээр ухаарч, дараа нь бууж өгсөн тэр гайхалтай зүйл эцэстээ донтолтоос ангижрах үйл явцыг эхлүүлсэн.

Шударга байх нь бусад бүх алхмын үндэс суурь бөгөөд энэ нь бидэнд Аврагч хэрэгтэй гэдгийг мэдэхэд тусалдаг. Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф: “Гэвч сүнслэгээр хөгжиж, мөн сайн сайхан амьдрахын тулд өөрсдийгөө байгаа байдлаар нь тодорхой харах нь нэн чухал юм. Хэрвээ бид сул тал, дутагдлуудаа сүүдэрт нуун далдлаад байвал Аврагчийн гэтэлгэх хүч тэдгээрийг эдгээж, хүчирхэг болгож чадахгүй [Ифер 12:27-г үзнэ үү]” гэж заасан (“Би биш биз дээ, Эзэн минь?,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69).

Бид донтолтоо өөгшүүлэх үедээ, өөртөө болон өрөөл бусдад худал хэлсээр байсан ч өөрсдийгөө үнэндээ хуурч чадаагүй юм. Бид дажгүй байгаа мэт дүр эсгэн, бахдал дүүрэн шалтаг тоочиж байлаа. Гэвч донтолт нь биднийг улам их харуусалд хөтөлнө гэдгийг бид сэтгэлийнхээ мухарт мэдэж байв. Христийн Гэрэл бидэнд үргэлж сануулсаар байсан. Энэхүү үнэнийг үгүйсгэх нь халширмаар байсан ба бидэнд асуудал тулгарсан гэдгийг эцэстээ хүлээн зөвшөөрснөөр сэтгэл амарсан юм. Эцэст нь бидний зүрх сэтгэлд найдварын багахан оч гийснээр эхлэлийг маань тавьсан билээ. Бид асуудалд орсноо төдийгүй тусламж эрэлхийлэх хүсэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрөхийг сонгосноор итгэл найдвар тээн өсөж хөгжих боломжтой болсон.

Хэрэгжүүлэх алхмууд

Энэ бол үйлдэлд хөтөлдөг хөтөлбөр. Бидний өсөлт хөгжил эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.

Бардамнахаа больж, даруу байхыг эрэлхийл

Бардамнал, үнэнч шударга байдал хоёр зэрэгцэн оршиж чадахгүй. Бардамнал бол хоосон зүйл бөгөөд бүх төрлийн донтолтын гол суурь мөн. Бардамнал нь юмсын байгаа байдал, байсан болон байх ёстой үнэн мөнийг мушгин гуйвуулдаг. Бардамнал нь бидэнд донтолтоос ангижрахад том саад учруулдаг. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон:

“Бардамнал нь үндсэндээ өрсөлдөөний мөн чанартай байдаг. Бид өөрсдийн хүслийг Бурханы хүслийн эсрэг тавьдаг. Бид бардамналаа Бурханы эсрэг чиглүүлснээр, ‘Таны хүсэл биш харин миний хүсэл биелэг’ гэсэн бодлыг тээдэг …

Бид өөрсдийн хүслийг Бурханы хүсэлтэй тэрсэлдүүлснээр, энэ нь бидний хүсэл эрмэлзэл, дур хүсэл, сонирхлыг хазаарлашгүй болгодог.

Бардам хүмүүс амьдралыг нь удирдан хөтлөх Бурханы эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үнэний тухай ойлголтоо Бурханы агуу мэдлэгийн эсрэг, авьяас чадвараа Бурханы санваарын хүчний эсрэг, амжилт ололтоо Бурханы агуу ажлын эсрэг хандуулдаг” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 232).

Хэзээ нэгэн цагт бид бардамнахаа больж, донтсон гэдгээ үнэнчээр хүлээн зөвшөөрөхийг сонгох хэрэгтэй болсон юм. Даруу байж, олон жилийн турш өөрийгөө хууран мэхэлж байсан дээрээ ажиллаж, эцэст нь шударга байхыг сонгох нь амаргүй ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь агуу адислал болдог.

Эцэст нь бид бардамнахаа больж, дарууссан нь бидний хувьд том эргэлт болсон юм. Бидний ихэнх нь өөрсдөө даруу болоогүй, харин “даруу байхад албадуулагдсан” (Алма 32:13). Аль нь ч байлаа гэсэн, бид донтолтынхоо үр дагаврыг амсаж; гэр орон, ажил төрөл, гэр бүл, тэр дундаа эрх чөлөө гэх зэрэг эрхэм нандин зүйлсээ алдсан. Бид гэр бүл, найз нөхдийнхөө итгэлийг алдсан. Бид өөрсдийгөө хүндлэх хүндлэлээ мөн амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван туулах итгэлээ алдсан. Бид туйлдаа хүрч, үүнээс үүдэлтэй номхон даруу байдал маань биднийг шаналгаж байсан ч энэ нь бидний донтолтоос ангижрах эхлэл болсон юм.

Донтолтоос ангижрах амаргүй; энэ нь нөр их хөдөлмөр шаарддаг. Гэвч донтсон хэвээр үлдэхэд төлөх төлөөс маань донтолтоос ангижрахад төлөх төлөөснөөс хавьгүй үнэтэй гэдгийг бид эцэст нь ойлгосон. Бид бардамнахаа больж, донтолтоос чөлөөлөгдөх зам дээр гарч эхлэхэд бэлэн болсон байлаа.

Шударга байж, хэн нэгэнтэй ярилцах

Донтолтоо шударгаар илэрхийлэхэд туслах чухал арга бол энэ талаар хэн нэгэнтэй ярилцах явдал юм. Донтолт маань биднийг бусдад төдийгүй өөрсдөдөө өөрсдийгөө өмөөрч, зөвтгөж, худал хэлэхэд хүргэсэн учраас бидний ихэнх нь хууран мэхлэхдээ чадамгай болсон байдаг. Энэ хууран мэхлэлт бидэнд донтолтоо үргэлжлүүлэх боломжийг олгож, аливаа зүйлийг үнэн шударгаар харахад хэцүү болгодог. Бид өөрсдийн зан авирыг дарж, зөвтгөхдөө өөрсдийгөө одоо ч хянаж байгаа гэж буруугаар боддог. Гэсэн хэдий ч биднийг өөр хүнтэй илэн далангүй, нүүр тулан уулзах үед тэр хүн бидэнд үнэнийг олж харан, хууран мэхлэлтийг даван туулахад тусалдаг.

Бидний хамгийн эхэлж ярилцахыг хүсэж буй хүн нь Тэнгэрлэг Эцэг байж болох юм. Бид үнэнч шударга байж, аливаа зүйлийг илүү тодоор харж, үнэнийг хүлээн авах зоригтой болоход туслахыг Түүнээс залбирч гуйж болно. Дараа нь бид Есүс Христийн сайн мэдээг болоод донтолтоос ангижрах замыг ойлгодог ямар хүнтэй ярилцах вэ гэдгээ залбирч байгаад бодож олж болно. Итгэдэг хүнээ сонго. Энэ нь эхнэр, нөхөр, эцэг эх, гэр бүлийн гишүүн, Сүмийн удирдагч, найз, хамт ажилладаг хүн, эмч, дэмжигч хүн, номлогч эсвэл донтолтоос ангижрах цуглааны зохицуулагч байж болно. Хэн нэгнийг сонгосны дараах алхам бол тэмцэж буй арга замаа тэдэнтэй хуваалцах явдал юм. Бид донтолтынхоо талаар аль болох шударгаар илэрхийлэх зориг гаргахын төлөө залбирах хэрэгтэй. (“Донтолтоос ангижрахад үзүүлэх дэмжлэг” баримт бичгийг үзнэ үү.)

Цуглаанд оролцох

Донтолтоос ангижрах цуглаан нь итгэл найдвар, дэмжлэг авах гайхалтай эх сурвалж юм. Бид хаана ч байсан бай, цуглаанд биечлэн эсвэл онлайнаар оролцож болно. Эдгээр цуглаан нь донтолтоос ангижрахыг эрэлхийлж буй бусад хүн болон энэ замыг аль хэдийн сонгож үр ашгийг нь мэдэрсэн хүмүүсийн цуглардаг газар юм. Донтолтоос ангижрах цуглаанд бид тухайн алхмуудыг амьдралдаа хэрэгжүүлэн; донтолтоос ангижирсан, туршлагатай мөн аялалд маань туслах хүсэлтэй бусад хүнтэй танилцдаг. Донтолтоос ангижрах цуглаан нь ойлголт, итгэл найдвар, дэмжлэгийн газар.

Бид эдгээр цуглаан дээр зан авирыг өөрчлөхөд туслах сайн мэдээний тодорхой зарчмуудыг судалдаг. Ерөнхийлөгч Боид К.Пакэр: “Сайн мэдээний сургаалыг судлах нь зан авирын талаарх судалгаанаас илүү зан авирыг хурдан төлөвшүүлдэг. Зохисгүй зан авирыг өмгөөлөн хаацайлах нь зохисгүй зан авирт хөтөлдөг. Ийм учраас бид сайн мэдээний сургаалыг судлахад онцгой анхаарал хандуулдаг юм” гэж заажээ (“Little Children,” Ensign, 1986 оны 11-р сар, 17). Цуглаан нь үнэ төлбөргүй бөгөөд нууцлалтай байдаг. Өөрт ойрхон цуглааныг олох бол AddictionRecovery.ChurchofJesusChrist.org вэбсайтад хандана уу.

Судлах ба ойлгох

Судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийг судлах нь донтолтоос ангижрахад бидэнд тусална. Ингэж судлах нь бидний ойлголтыг нэмэгдүүлж, суралцахад тусалдаг. Бид залбиралтайгаар хувиараа судалж, бичиж мөн бүлгээр ярилцахдаа дараах судар, мэдэгдэл, асуултуудыг ашигладаг.

Бичих тухай бодох үед энэ нь танд хүнд санагдаж болох ч тэмдэглэл бичих нь донтолтоос ангижрах хүчирхэг хэрэгсэл юм. Бичих нь бидэнд эргэцүүлэн бодох цаг өгч, бодол санаагаа төвлөрүүлэхэд тусалдаг бөгөөд донтолттой холбоотой асуудал, бодол санаа, зан авирыг ухамсарлаж, ойлгоход тусалдаг. Мөн бид бичсэнээр өөрсдийн бодол санааны тэмдэглэлтэй болдог. Бид энэ алхмуудаар дамжуулан ахиц гаргах тусам өсөж хөгжиж буйгаа харж чадна. Одооноос та бодол санаа, мэдрэмж, сэтгэгдлээ бичихдээ гагцхүү шударга байж, чин сэтгэлээсээ ханд.

Та донтолтоо даван туулах хүчгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?

“Донтолт нь хүний хүсэл эрмэлзлийг мохоож, ёс суртахууны сонгох эрхийг нь үгүй болгох хүчтэй байдаг. Донтолт нь хүнээс шийдвэр гаргах хүчийг нь дээрэмдэж чадна” (Боид К.Пакэр, “Revelation in a Changing World,” Ensign, 1989 оны 11-р сар, 14).

  • Донтсон зан авираасаа салж чадахгүй байгаа ямар шинж тэмдэг надад байна вэ?

  • Донтолт надад хэрхэн нөлөөлж байна вэ?

  • Би ямар нууцаа бусдаас нуудаг вэ?

  • Би буруу замаар хэр хол явсан болохоороо донтсон зан авираа өөгшүүлсэн бэ?

  • Би ямар ёс суртахуун, хэм хэмжээг зөрчсөн бэ?

  • Би эдгээр сонголтыг хэрхэн зөвтгөсөн бэ?

Өлсгөлөн ба цангаа

“Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд цатгагдах болно” (Матай 5:6).

“Мөн бодгаль минь эгээрэн хүсэж байв; мөн Бий Болгогчийнхоо өмнө сөхөрч, мөн бодгалийнхаа төлөө хүчит залбирлаар мөн гуйлтаар түүнээс гуйсан; мөн бүх өдрийн турш би түүнээс гуйв; тийм ээ, мөн шөнө болоход би дуугаа өндөрсгөн үргэлжлүүлсээр байсан учир энэ нь тэнгэрт хүрсэн бөлгөө” (Инос 1:4).

  • Бидний бодгаль өлсөж болдгийг бид энэ хоёр судраас ойлголоо. Би өлсөөгүй байхдаа ч хоосон мэдрэмжийг дотроо мэдэрч байсан уу? Ямар зүйл ийм хоосролд хүргэдэг вэ?

  • Хэрхэн сүнслэг зүйлсийн төлөөх өлсгөлөн маань илүү шударга байхад минь тусалж болох вэ?

Үнэнч шударга байх

“Зарим хүн шударга ёс хэмээн нэрлэгддэг зан төлөвийн шинж чанарыг хамгийн энгийн сэдэв гэж үздэг. Харин энэ нь сайн мэдээний амин чухал үндэс мөн гэдэгт би итгэдэг. Шударга ёсгүйгээр бидний амьдрал … муу муухай, зовлонтой болж уруудан доройтох болно” (Гордон Б.Хинкли, “We Believe in Being Honest,” Ensign, 1990 оны 10-р сар, 2).

  • Би ямархуу байдлаар худал хэлж, донтолтоо өөрөөсөө болон өрөөл бусдаас нуухыг оролдсон бэ? Ийм зан авир нь хэрхэн “муу муухай болон зовлонт байдалд хүргэсэн бэ”?

Даруу байх

“Та нар даруу байхад албадуулагдсан учир адислагдсан болой; учир нь хүн заримдаа, хэрэв тэрээр даруу байхад албадуулагдсан аваас, наманчлалыг эрэлхийлдэг; мөн эдүгээ наманчилсан хэн боловч нигүүлслийг олох нь гарцаагүй; мөн нигүүлслийг олдог бас эцсийг хүртэл тэвчдэг мөнхүү тэр нь аврагдах болно” (Алма 32:13).

  • Ямар нөхцөл байдал намайг даруу байж, наманчлахад хүргэсэн бэ?

  • Алма надад юунд найдахыг санал болгов? Тэрхүү найдварыг би хэрхэн олж, хүлээн авч болох вэ?

Уруу таталтуудаар хүрээлэгдсэн

“Би, намайг туйлын амархнаар түгшээх тэр уруу таталтууд болон нүглүүдэд хүрээлэгдсэн нэгэн болой.

Мөн намайг баясахыг хүсэх үед, миний нүглүүдийн учир зүрх минь ёолно; гэсэн хэдий ч, би хэнд найдсан болохоо мэдэж байна.

Миний Бурхан миний тулгуур байсан; тэрээр аглаг буйд дахь зүдгүүрүүдийн минь дундуур намайг удирдсан; мөн тэрээр гүн далай дээр намайг хамгаалсан билээ.

Тэрээр намайг хайраараа дүүргэсэн, бүр бүх бие минь төөнөгдтөл буюу” (2 Нифай 4:18–21).

  • Нифай аргаа баран цөхрөхдөө хэнд итгэж найдсан бэ?

  • Их Эзэнд илүү их итгэж найдахын тулд би юу хийж чадах вэ?

“Хүмүүн юу ч биш гэдгийг би мэднэ”

“Мөнхүү улиран тохиох дор Мосе хүмүүний адил өөрийн ердийн хүчин чадлыг хүлээн автал олон цагийн хугацаа өнгөрөв; мөн тэрээр өөртөө хэлжээ: Эдүгээ, энэ шалтгааны учир хүмүүн юу ч биш гэдгийг би мэднэ, би ийм зүйлийг хэзээ ч төсөөлж байсангүй” (Мосе 1:10).

  • Ямар арга замаар би Бурханы тусламжгүй бол хэн ч биш болдог вэ?

  • Ямар талаараа би хэмжээлшгүй үнэ цэнтэй вэ?

  • Бурханд найдах хэрэгтэйгээ ойлгох нь “юу ч биш” гэдгээ хүлээн зөвшөөрч, бяцхан хүүхэд шиг болоход маань хэрхэн нөлөөлөх вэ? (Мозая 4:5; мөн Мозая 3:19-ийг үзнэ үү).