Донтолт
4-р алхам: Өөрийгөө үнэлж, айж эмээлгүйгээр ёс суртахууны эрэл хайгуул хийж, дүгнэ


“4-р алхам: Өөрийгөө үнэлж, айж эмээлгүйгээр ёс суртахууны эрэл хайгуул хийж, дүгнэ,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)

“4-р алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж

Бүлэгт хандан ярьж буй эмэгтэй

4-р алхам: Өөрийгөө үнэлж, айж эмээлгүйгээр ёс суртахууны эрэл хайгуул хийж, дүгнэ

4:31

Үндсэн зарчим: Үнэн

4-р алхмын зорилго нь өнгөрсөн үеэ эргэн харж, сул талаа илүү сайн ойлгож, Аврагчтай адил болж, бусдад үйлчлэхэд бидэнд юу саад болж байгааг таньж мэдэх явдал юм. Жишээлбэл: Айх, зөвтгөх, үгүйсгэх байдал нь аливаа зүйлийг тодорхой харах чадварыг маань сааруулдаг. Гэхдээ бид бүрэн дүүрэн мэдэхгүй зүйлээ өөрчилж чадахгүй шүү дээ. Бидний үнэлэлт дүгнэлт бидний донтолтоос ангижрах үйл явцад саад болж байгаа бүх зүйлийг ойлгоход тусална. Үнэлэлт дүгнэлтээ бичихдээ өөрсдийнхөө хэн болох, хаана байсан талаараа үнэнч шударгаар бичих шаардлагатай. Ингэснээр бид Бурханаас өөрчлөгдөж, сайжирч, эдгээх тусламжийг гуйж чадна.

Бид бүгдээрээ маш хүнд бэрхийг туулсан. Бидний зүрх эмтэрч, сэтгэл санааны хүнд шархтай болсон. Бид өвчин зовуурийг намдаадаг донтуулагч бодис, зан авирт өөрсдийгөө хандуулсан бөгөөд дараа нь энэхүү түр зуурын тайвшралыг үргэлжлүүлэн эрэлхийлэх сонголтуудыг хийсэн. Эдгээр зан авир нь бүр ч их зовлон шаналлыг үүсгэж, улмаар үүнийгээ даван туулахын тулд илүү ихээр донтох болсон юм. Амьдралын зовлон шаналал, донтсон зан авир маань эцэстээ асар их ичгүүр болон хувирч, бид үүнийгээ нуух, мартах, үгүйсгэхийг оролдсон.

Амьдралынхаа талаар шударгаар эргэцүүлэн бодох бидний чадварыг донтолт, айдас, үгүйсгэл маань өрөөл татуу болгосон байлаа. Бидний бусадтай харилцах харилцаанд донтолт ямар хор хохирол, сүйрэл учруулсныг бид үгүйсгэж, үүнийг ойлгохгүй байлаа. Тиймээс бид зовлон шаналлаа даван туулахын тулд мартаж, зөвтгөж, эсвэл өөрсдөдөө худал хэлэхийн төлөө чадах бүхнээ хийсэн. Иймээс бид өөрсдийнхөө гаргасан олон алдааг ухамсарлахгүйгээр, тэдгээрийг мартахыг хичээдэг байлаа. Бид өөрсдийгөө итгэл үнэмшилтэйгээр хууран мэхэлсний улмаас өнгөрсөн үеэ тодорхой харж чадахааргүй болсон байв. Биднийг дэмждэг хүмүүс болон донтолтоос ангижрах бүлгүүд дэх бусад хүн биднээс шаргуу хөдөлмөрлөж юуг мартсан эсвэл юуг харахыг хүсээгүй болохоо хүлээн зөвшөөрөхийг хүссэн юм. Гагцхүү тэр үед л биднийг эдгээхэд Аврагч хэрэгтэй гэдгийг бид ойлгож чадсан.

Өнгөрсөн үеэ дахин эргэж хараад, бичиж тэмдэглэх нь дааж давшгүй, заримдаа бүр боломжгүй мэт санагдаж байлаа. Үүнийг хийхэд маш их хүчин чармайлт, хөдөлмөр шаардагдсан. Бид өнгөрсөн үеийн туршлагуудаа санахын тулд зүрх сэтгэл, оюун ухаанаа дэнслэх хэрэгтэй болсон бөгөөд тэдгээрийг бичих нь бидэнд хэцүү байсан юм. Хамгийн чухал нь суугаад бичиж эхлэх явдал байлаа. Энэ нь биднийг Бурханд итгэх шинээр хүчирхэгжүүлсэн итгэлээ ашиглахад хүргэсэн. Биднийг эдгээж, уучилж, боолчлолоос чөлөөлж чадна гэсэн итгэл найдвар бидэнд оролдох, хичээх зориг өгсөн. Бид айдсаа ялан дийлэхэд туслахыг Бурханаас гуйсан. Бид Түүнээс алдаа, зовлонгоо санаж, зоригтойгоор даван туулахад бидэнд туслахыг гуйсан. Тэр биднийг сонсож, бидэнд туслахад бэлэн байв.

Дэмждэг хүмүүсийн маань тусламж энэ алхмыг зоригтойгоор урагшлуулахад бидэнд нэн чухал байлаа. Тэд өөрсдөө энэ алхмыг хэрэгжүүлсэн учраас биднийг зоригжуулж, өнгөрснөө тодорхой гэгч харахад тусалж чадсан юм. Бид үүнийг төгс гүйцэтгэж чадаагүй ч чадах бүхнээ хийсэн. Эцэст нь энэ нь хангалттай байлаа. Өөрсдийн амьдрал дахь хор хөнөөлтэй хүчин зүйлийг олж илрүүлснээр бид тэдгээрийг залруулахад шаардлагатай алхмыг хийсэн юм. Түүнчлэн бид өнгөрсөн үеийнхээ сайн зүйлсийг таньж мэдэн, хийсэн эерэг зүйлс болон хөгжүүлсэн хүч чадлаа үнэлэлт дүгнэлтдээ багтаах нь ашиг тустай байлаа. 4-р алхам нь бидэнд сул, давуу талуудаа оролцуулан, хэн бэ гэдгийг маань Бурханд илэн далангүй хэлэхэд тусалсан.

Бидний дургүйцэл, айдас, хор хөнөөл, давуу талуудын тухай бичсэн эдгээр жагсаалт донтолтоос ангижрах аянд маань чухал хувь нэмэр болдог. Эцэст нь бид 6, 7-р алхам руу ахихын хэрээр биднийг хөнөөлт мөчлөгт байнга гацаадаг сул талуудыг эргэн харахын тулд үүнийг үнэлэлт дүгнэлтдээ ашиглах болно. Жишээ нь: Бардамнал, айдас биднийг алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс хойш татсан бөгөөд бидний харилцаа, итгэлцлийг сүйтгэх шалтгаан болсон. Дараа нь бид 8, 9-р алхам руу ойртох тусам үнэлэлт дүгнэлт дээрээ бичсэн хүмүүсээс уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулах боломжтой болох болно.

Хэрэгжүүлэх алхмууд

Энэ бол үйлдэлд хөтөлдөг хөтөлбөр. Бидний өсөлт хөгжил нь эдгээр алхмыг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжүүлэхээс шалтгаалдаг. Үүнийг “алхмууд дээр ажиллах” гэж нэрлэдэг. Дараах үйлдлүүд нь биднийг Христэд ирж, донтолтоос ангижрах дараагийн алхмыг хийхэд шаардлагатай удирдамж, хүч чадлыг хүлээн авахад тусална.

Дэмжигч хүний тусламжтайгаар үнэлэлт дүгнэлт бичих

Энэ алхам нь бид үйлсээрээ дамжуулан итгэлээ хөгжүүлж эхлэх алхам юм (Иаков 2:17–18-ыг үзнэ үү). Ихэнх хүний хувьд энэ алхам хамгийн хэцүү. Энэ нь сорилт бэрхшээлтэй, зовлонтой, дааж давшгүй мэт санагдаж болох бөгөөд бид өнгөрсөн бүх зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх хэрэгтэй гэж бодож болох юм. Гэхдээ үнэлэлт дүгнэлтээ бичих нь дааж давшгүй ажил биш билээ. Бид зөвхөн нэг асуулт эсвэл үйл явдлын талаар нэг бүрчлэн бичсэн ч гэсэн суугаад, залбирч, бичиж эхэлж болно.

Хавсралт дахь жишээ, зарчмуудыг (жишээ нь, ажлын хүснэгт) үзнэ үү. Бид эдгээр жишээний нэгийг бидэнд эхлэхэд туслах загвар болгон ашиглаж болно. Хэрэв бид энэ үйл явцыг хэт төвөгтэй болговол үүнийг эхлүүлэхэд эсвэл ахиц гаргахад улам л хэцүү болно. Тиймээс анхны үнэлэлт дүгнэлтээ бичихдээ юмсыг энгийн байлгах нь зүйтэй. Бид алхмууд дээр үргэлжлүүлэн ажиллах үедээ үргэлж үүн дээр буцаж ирж болно. Та үнэлэлт дүгнэлтээ бичихдээ дэмжигч хүнтэйгээ хамтран ажиллана уу. Энэ ажлыг хийхэд Бурхан биднийг адисалдаг бөгөөд үүндээ бид хэзээ ч харамсахгүй.

Судлах ба ойлгох

Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс бидний донтолтоос ангижрах замд тусална. Бид тэдгээрийг тунгаан бодох, судлах, тэмдэглэл хөтлөхөд ашиглаж болно. Бид үүнээс хамгийн их ашиг тус хүртэхийн тулд бичиж буй зүйлээ үнэн зөв, оновчтой, тодорхой бичих ёстойг санавал зохино.

Донтолт бол шинж тэмдэг

“Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм” (Сургаалт үгс 23:7).

Бидний олонх нь донтолтыг бие махбодын асуудал гэж боддог байв. Бидний бодол санаа, мэдрэмж, итгэл үнэмшил донтсон зан авирын маань үндэс гэдгийг мэдээд бид их гайхсан. Бидний тархи, бие болон хандлагын төвөгтэй хэлхээ биднийг гацахад хүргэдэг мэт санагддаг. Бидний донтсон зан авир гол асуудал маань биш, харин бидний жинхэнэ асуудлуудын хор хөнөөлтэй шийдэл юм байна гэдгийг бид ойлгож эхэлсэн.

  • Донтолтын маань талаарх энэхүү ойлголт намайг үнэлэлт дүгнэлтээ бичихээр урагш тэмүүлэхэд хэрхэн туслах вэ?

Үнэлэлт дүгнэлт гаргах

Судруудаас бид өөрсдийгөө үнэнч шударгаар, сайтар ажиглах олон урилгыг олж хардаг. Алма 5:14 дээр нэгэн гайхамшигтай жишээ байдаг. Бошиглогч Алма дараах үнэлэлт дүгнэлт өгөх асуултуудыг тавьсан. “Та нар сүнслэг байдлаараа Бурханаас төрсөн үү? Та нар түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авсан уу? Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн үү?” Бид өөрсдөдөө тавьж болох үнэлэлт дүгнэлт өгөх асуултуудын илүү олон жишээг Алма 5-р бүлгийн үлдсэн хэсгээс судлахыг санал болгож байна.

Одоо байгаа байдлынхаа үнэлэлт дүгнэлтийг гаргах нь их тустай. Жишээ нь: Өөрийн эд хөрөнгө, өр төлбөрийн жагсаалтыг тогтмол гаргадаггүй бизнес ихэнхдээ цэцэглэн хөгждөггүй. Жагсаалт гаргах нь бизнес эрхлэгчдийн хувьд үнэ цэнтэй, хадгалбал зохих, хор хөнөөлтэй, хаяж орхих ёстой зүйлийг бодитойгоор тодорхойлох боломж юм. Хэрэв бизнес эрхлэгчид худал хуурмагийн урхинд орж, жагсаалтын жинхэнэ мөн чанарын тухайд өөрсдийгөө хуурах юм бол бараа бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийн талаар зөв шийдвэр гаргаж чадахгүй.

Үүнтэй адил бид өөрсдийн амьдрал, зан чанарыг шударгаар харах нь чухал юм.

  • Үнэнч шударга байхад туслахыг Бурханаас гуйж залбирах үед Ариун Сүнс надад нөхцөл байдлынхаа бодит байдлыг үгүйсгэх хандлагын талаар юу заадаг вэ?

  • Би өөрийнхөө сул талуудын талаар өөрийгөө хэрхэн хуурсан бэ?

  • Би өөрийнхөө жинхэнэ үнэ цэн, хүч чадлыг хэрхэн олж харж чадаагүй вэ?

Өнгөрсөн үетэйгээ нүүр тулах

“Мөн намайг баясахыг хүсэх үед, миний нүглүүдийн учир зүрх минь ёолно; гэсэн хэдий ч, би хэнд найдсан болохоо мэдэж байна” (2 Нифай 4:19).

Биднийг үнэлэлт дүгнэлтээ гаргаж байхад нүгэл, өвчин шаналлынхаа улмаас зүрх маань шимшрэх үе байсан.

  • Бурханд найдах нь намайг үнэлэлт дүгнэлтээ дуусгаж, гэм нүгэл, өвчин шаналлаа даван туулахад хэрхэн туслах вэ?

Түүнийг биднийг эдгээнэ гэдэгт найдах

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана” (Сургаалт үгс 3:5–6).

Үнэлэлт дүгнэлт нь дүр зургийг бүхэлд нь харахад бидэнд тусалдаг. Энэ нь бидэнд бодол санаа, мэдрэмж, үйлдэл болон бидний сонголт хэнд нөлөөлснийг мэдэхэд тусалдаг. Бидний үнэлэлт дүгнэлтийн хоёр нийтлэг утас нь айдас болон өөртөө хэт найдах явдал байв. Бид 3-р алхам дээр Бурханд болон энэхүү донтолтоос ангижрах үйл явцад итгэхээр амласан билээ. Бидний үнэлэлт дүгнэлт бол донтолтоос ангижрах үйл явцын дараагийн алхам бөгөөд цаашид хэрхэн ажиллах талаар тодорхой санаануудыг бидэнд өгөх болно.

  • Хэрэв би бардамнахаа больж, оронд нь Бурханд итгэж, найдахыг сонгосон бол амьдрал, сонголтууд маань хэр өөр байх байсан бол?

  • Амьдрал, хүсэл бодлоо Бурханы анхаарал халамжид бүрэн даатгах амлалтаа биелүүлэхээр урагш тэмүүлэхэд надад ямар халширмаар мэдрэмж төрж байна вэ?

  • Донтолтоос ангижрах алхам бүрдээ Бурхан надад санаа тавих болов уу гэж асуухад Ариун Сүнсээр дамжуулан зүрх сэтгэл, оюун ухаандаа би ямар хариултыг хүлээж авдаг вэ? Бурханы биднийг халамжлах арга барил бидний өөрсдийнхөө төлөө сонгох байсан сонголтуудаас өөр байж болохыг бүү мартаарай.

Сүнслэг өвдөлт

“Сүнслэг өвчин эмгэг заримдаа нүглээс эсвэл сэтгэл санааны зовлонгоос үүдэлтэй байдаг. Сүнслэг хямрал заримдаа тун аажим явагддаг тул бид болж буй зүйлийг анзаардаггүй. Сүнслэг өвчин шаналал тунамал чулуулгийн давхаргуудтай адил цаг хугацааны явцад нэмэгдэж, даагдахгүй болох хүртлээ сүнсийг маань дарсаар байдаг. …

Сүнслэг бэрхшээлүүд бодит боловч эдгэшгүй гэсэн үг биш юм.

Бид сүнслэг байдлын хувьд эдгэрч чадна.

Хамгийн гүн, эдгэшгүй мэт харагддаг сүнслэг шархнууд хүртэл эдгэдэг” (Дийтр Ф.Угдорф, “Тэнгэрлэг гэрэл түгээгчид,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

Амьдралдаа үйлдсэн хамгийн муу гурван зүйлээ бодож үзээрэй. Та ийн үйлдэж байхдаа Аврагч болон Түүний Сүнстэй ойр байсан уу? Хэрэв та нар бидэнтэй адил байсан бол Түүний Сүнсийг хүлээн авахааргүй байсан. Донтолтоос ангижирсан олон хүн энэ тусгаарлалтыг “сүнслэг өвдөлт” гэж нэрлэдэг.

  • Би донтуулагч, буруу зан авирт автах үед сүнслэг байдлын хувьд өвдсөн гэсэн үг үү? Яагаад вэ эсвэл яагаад үгүй гэж?

Дургүйцэл

Бидний үнэлэлт дүгнэлтийн ихэнх хэсэг нь дургүйцлээ бичих явдал юм. Үүнд бидэнд гэм хор учруулсан эсвэл шударга бус хандаж байсан хүмүүс, байгууллагууд болон бусад зүйлд тээж явсан хорсол ордог. Дургүйцлээ тээж явах нь бидний донтолтод хамгийн хортой, хор хөнөөлтэй хүч болж байв. Энэ нь биднийг бусадтай сөргөлдүүлж, өөрсдийн хор хөнөөлтэй эсвэл хайхрамжгүй сонгосон сонголтуудаа зөвтгөхөд хүргэсэн юм.

Бид бусдыг шинэ, энэрлийн гэрэлд харахын тулд тэнгэрлэг тусламжийг олж авч, тэдний төлөө залбирч, өөрсдөдөө эрэлхийлж болох адислал бүрээр адислахыг Бурханаас гуйхаар шийдсэн. “Уучлах нь асар их зориг, даруу байдлыг шаардаж болно. Бас цаг хугацаа ч орно. Бид зүрх сэтгэлийнхээ нөхцөл байдалд хариуцлагатай байх явдлыг авч үзэхдээ Их Эзэнд итгэж найдах шаардлагатай. Энд л бидний сонгох эрхийн ач холбогдол, хүч оршино” (Эйми А.Врайт, “Христ гэмтсэнийг эдгээдэг,” 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

  • Би дургүйцдэг хүмүүсийнхээ талаар шинэ ойлголттой болохыг сонгож чадах уу? Тэд надтай адил сүнслэгээр өвдөж, намайг гомдоох үедээ Бурханаас холдсон байсан байж болох уу?

  • Хэрэв үүнтэй тэмцэхэд хэцүү байгаа бол эдгээр хүний төлөө залбирах арга барилаа би хэрхэн өөрчилж болох вэ?